Sunday, February 2, 2020

ШҮНШИГТЭЙ ШҮТЭЭН ДЭЛ УУЛ МИНЬ


/Дундговийн эерэг энергийн төв нь Дэл Хөнжил уул болох тухай/
Дундговь аймгийн Өлзийт сумын баруун өмнөд хэсэгт байдаг Дэл, Хөнжил гэж хоорондоо ойрхон зэрэгцээ орших хоёр уул бий. Гаднаас нь харахад байдаг л нэг бэсрэгхэн уул. Нутгийнхан нь Хөнжилийн хяр, Дэлийн хяр л гэдэг. Гэхдээ энэ хоёр хярд ялангуяа Дэлд гайхамшиг их бий. Дэл, Хөнжилийн аль алиных нь багахан хэсэг Өмнөговь аймгийн нутагт ордог юм. 
Дэл уул нь хадны зураг, булш, хиригсүүр, гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгал элбэгтэй, байгалийн сонин тогтоц олонтой, аргал, янгир, хар сүүлт зэрэг ан амьтантай, эмийн төрөл бүрийн ургамалтай эко системийн хувьд Монголд нэлээн ховорт тооцогдох өвөрмөц нутаг. 
Дэл, Хөнжил нутгийнхан өөрсдийгөө Улзын буриадууд, Хөвсгөлийн дархдууд, Алтайнхан гэдэг шиг “Дэл Хөнжилийнхөн” гэдэг. Энэ нутагт төрөгсөд аль ч үедээ ухаалаг, оюунлаг, ажилсаг, онцгой авьяас чадвартан элбэгтэй байсан тухай ард олны дунд үе дамжин яригдаж ирсэн домог, хууч яриа элбэг байдаг. Зөвхөн бидний мэдэх сүүлийн 100 жилд энэ нутгийнхнаас төрж гарсан алдартнууд гэхэд тухайн үедээ МУ-ын тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан МУ-ын баатар эмэгтэй Т.Бор, говь нутгаас улсын наадамд олон жил дараалан сайн барилдаж улсад түрүүлж байсан Улсын арслан Г.Дэмүүл, Монгол төрийн алтан жолоон дээр сууж байсан Ерөнхий сайд Ж.Наранцацралт, Ардын жүжигчин Н.Дагийранз, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа болон урлаг, утга зохиол, эрүүлийг хамгаалах, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбараас төрсөн МУ-ын Гавьяат цолтон арав гаруй хүн байна. Мөн Дэл уулынхнаас түүх, эдийн засаг, боловсрол, анагаах, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, сайд, орлогч сайд зэрэг төрийн зүтгэлтнүүд төрсөн байдаг. Дэл Хөнжилд байсан Далайн болон Баруун билүүний хийдүүдэд тухайн үеийн шашны зүтгэлтэн, мяндагтнууд, хутагт хувилгаад, эрдэм номтой лам нар олон байсан тухай түүхийн баримт бий. 
Энэ нутагт Говийн ноён хутагт, Цогт хун тайж гээд түүхэнд нэр нь үлдсэн хүмүүсийн нэр, үйл хэрэгтэй холбоотой түүхийн дурсгалууд бий. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн анх дугаар дүр буюу нэгдүгээр ноён хутагт Агваангончиг гэгч Өмнөговийн Манлай сумын нутагт төрсөн ба Хөнжил уулын зүүн үзүүр орчимд байдаг Жавхлант хонгор гэдэг газар 1666 онд хийд байгуулж байжээ. Дэл Хөнжилийн дунд Буянтын их овооны ард Чулуун сүм хэмээх маш өвөрмөц нарийн хийцтэй нэгэн томоохон байшингийн үлдэгдэл бий. Үүнийг Цогт хун тайж урагш явахдаа замын буудал маягаар байгуулж хэсэг хугацаанд амьдарч байсан хэмээн зарим түүхчид үздэг юм билээ. 
Дэл Хөнжил уул нь хажуудаа төрж өссөн байтугай зорьж очсон хүмүүст хишиг буянаа харамгүй хүртээдэг нутаг. Сүүлийн жилүүдэд энэ нутгийн тухай эерэг сайхан мэдээлэл ихээр цацагдах болсонтой холбогдуулан Дэл Хөнжилийг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэн. Миний бие зарим хүмүүсийг урьж, зарим хүмүүст газарчилж, зарим хүмүүсээс нарийн нандин юмыг нь сонсох гэж олон удаа олон хүмүүстэй хамт очсон. Манай нутаг очсон хүн бүрт хишиг буянаа харамгүй хүртээдэг. Энэ талаар цөөн хэдэн жишээг хэрэг болгож дурдъя. 
Монголын археологийн толгой эрдэмтдийн нэг ШУ-ны гавьяат ажилтан, доктор профессор Д.Цэвээндоржийг “Сэмүүн”-ий хэмээх Б.Баяр хэрэг болгож дагуулж очсон. Дараахан нь Цэвээндорж гуай олон жил хүлээсэн академич цолоо хүртсэн. Залуу яруу найрагч Н.Гантулга, П.Нямлхагва хоёр очоод дараахан нь “Алтан гадас” хүртсэн. Кино найруулагч Банзрагчийн Баяр хадны зургаар нь баримтат кино хийхээр сэтгэл, зүтгэл гарган хэд хэдэн удаа очсон. Б.Баяр дэлхийн киноны ноён оргилууд цуглардаг алдарт Каннын кино наадам болоод Италд хадны зургийн аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармагт урилгаар оролцсон. Мөн “Дэл Хөнжилийн эрдэнэс” зэрэг хэд хэдэн баримтат кино бэлэн болгосон. Дэл уулын хадны зургаар бүжгэн жүжиг тавихад цомнолыг нь бичсэн доктор С.Дулам Ардын багш цол, бүжгэн жүжгийг дэглэсэн Я.Энхгэрэл Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн, зураач, хувцасны дизайнерууд нь төрийн одон хүртэцгээсэн. Дэл уулаар аялсан профессор Г.Гонгоржав гуайн чулууны хоёр удаагийн үзэсгэлэнгийн, орчуулагч СГЗ Г.Аким гуайн хэд хэдэн ном хэвлүүлэх санхүүжилт нь амархан бүтсэн, зохиолч СГЗ генерал Л.Пүрэвдорж гуай Дэл уулын нэгэн ховор дурсгал бүхий чулууг Дундговийн музейд залсан, бүжиг дэглээч МУГЗ Д.Баярбаатар Дэл уулын хадны зургаас сэдэвлэн нэгэн өвөрмөц уран бүтээл тавих гэж байгаа зэрэг жишээ олныг дурдаж болно. 
Дэл уулын баруун Билүүнд очиж хоноглоод өглөө босоход гадуур нь аргаль, янгир бэлчиж байхыг хараад ихэд бэлэгшээж байсан эмээ маань удалгүй гавьяат хүртсэн гэж МУ-ын гавьяат багш Дашдаваагийн Жуужаа багшийн зээ хүү МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал доктор, профессор Ж.Эрдэнэбулган ярьж байв. Жуужаа багш бол Дэл Хөнжилийхнөөс төрсөн найм дахь гавьяат цолтон нь юм. 
Ингэж сайн санаж, хэрэг болгож очсон хэн болгонд манай нутаг “сайн санааны үзүүрт шар тос” хүртээдэг нь үнэн. Энэ нутгийн тухай олон түмэн шагшин магтаж, хадны зураг нь бүжиг, зураг, үзэсгэлэн, үзмэр, кино болон амилж эхэлсэн энэ цаг үед Дэл Хөнжил нутагт сүүлийн гурван жил дараалан бороо ногоо элбэгтэй маш сайхан зун болж, өвөл нь ойр хавийн аймаг, сумын олон айл, мал ирж өвөлжсөн нь зүгээр нэг тохиолдол биш ч байж магадгүй. 
Энэ нутгийн гайхамшигт эрчис хүч, ид шид нь тодорхой цаг хугацаанд олон түмэнд ил гарч мэдрэгдэх тухай эртний ном судар, Богдуудын бошги, хутагт хувилгаадын мэргэ төлөг, нутгийн олон түмний өгүүлдэг домог, яриа үнэн байж болзошгүй нь зарим талаар батлагдаж мэдрэгдэж эхлээд байх шиг санагддаг. 
Хөнжил уулын энгэрт байдаг хоёр аймгийн зааг нутаг болох “Хармагтай” хэмээх газарт алт, зэсний томоохон хэмжээний уурхай ашиглалтанд орох гэж байгаа тухай ид шуугиж байна. Дээр үеэс бидний сонсож ирсэн Хөнжилийн баялаг хөрсөн доороо бий, Дэлийн гайхамшиг газар дээрээ байдаг хэмээх нэгэн домог яриа үнэн болох нь одоо батлагдаж байна. 2016 оны наймдугаар сард Дэл, Хөнжилийн дунд байдаг Их хөх цавын нэгэн жалганаас урд хөршид үйлдвэрлэгдсэн Ёншгойт гэдэг мөнгөн зоос хэдэн мянган ширхэгээрээ гарч ирж нутгийн зон олон хэдэн зуун сая төгрөгийн гэнэтийн хишиг “хүртсэн” удаа бий. 
Дэл уулын баруун зүүн Билүүний хэсэгхэн газарт байгаа хэдэн мянгаар тоологдох хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдсэн гэж судлаачид тогтоосон байдаг. Монголын анхны бичиг үсэг болох дүрс болон рунни бичиг, Тан улсын үеийн хятад бичгийн дурсгал, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас, туурайндаа дугуйтай адуу, үлэмж том биетэй хүн зэрэг судлаачдын анхаарал татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгал энд бий. Хадны зурагнаас гадна энд булш, хиригсүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдүүдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх өв олон бий.
Дэл уулын багахан хэсэг газарт хадны зургийг хоорондоо хэдэн мянган жилийн зайтайгаар дахин дахин зураад байсан нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг юм билээ. Яг энэ хэсэгт хүн оршин суух байгалийн зохицолдоо сайтай, ан амьтан элбэгтэй, шүтлэгийн аливаа үйл хийх нөхцөл бүрдсэн зэрэг давуу талтайгаас гадна олон тооны хадны зурагтай энэ орчин бол эерэг энерги хуримтлагдсан газар хэмээн зарим судлаачид үздэг юм билээ. Энэ таамнал үнэний ортой байж болзошгүй талаарх зарим жишээг цухас дурдахад ийм байна. 
Дэл уултай залгаа говийн алдарт Цагаан суварга оршдог. Цагаан суварга бол хэдэн зуун метр үргэлжлэх, 70-80 метрийн өндөр эгц цавчим босоо өнгө алагласан шавар ханан эрэг бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар юм. 
Энэ орчим нь эртний үлэг гүрвэлийн орон, аварга амьтдын өлгий нутаг болох нь батлагддаг юм гэсэн. Цагаан суварга монголын аялал жуулчлалын бүсэд хамрагдан жил бүр гадаад дотоодын олон мянган жуулчин очиж үздэг газар болоод байгаа юм. Цагаан суварга хайрхан нь өөрийн гоо үзэсгэлэнгээрээ монголчуудыг байтугай гадаадынхныг татаад байгаа бол зэрэгцэн орших алдарт Дэл уул маань одоохондоо нууцаа төдийлөн дэлгээгүй байгаа болно.
Дэл уулын Бичээчийн Батмөнх.

No comments:

Post a Comment