Saturday, January 6, 2018

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТҮҮХИЙН СУДЛААЧИД ДЭЛ УУЛНААС МОНГОЛЫН ТҮҮХЭНД УРЬД ОЛДОЖ БАЙГААГҮЙ СОНИРХОЛТОЙ ХАДНЫ ЗУРАГ ОЛЖЭЭ
... Ямартай ч бид 2017 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байдаг Дэл уулнаас нэгэн өвөрмөц дүрслэл бүхий зураасан зургийг илрүүлэн олж, Монголын үед холбогдох цөөн тооны хадны зургийг дахин нэг бүлэг зургаар баяжууллаа.
Түүнчлэн Дундад зууны монголчуудын тэрэгний ялгаатай хэлбэрүүд, гэр сууцны өвөрмөц хэлбэр, хувцас зэргийг бас нэг талаас нь сэргээн харахболомжтой болж буй бөгөөд явган хүмүүсийг зурсан байдал урьд өмнө Монгол нутаг дахь хадны зурагт тохиолдож байгаагүй содон дүрслэл юм.
Түүхийн ухааны доктор /Ph.D/ Д.Сүхбаатар,
судлаач Т.Түвшинжаргал, Ч.Буяндэлгэр

АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Д.ЦЭВЭЭНДОРЖ ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГИЙН ТАЛААР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ.
2017 оны 11 дүгээр сард болсон профессор Д.Хүүхэнбаатарын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал дээр тавьсан илтгэлээс товчлон авав. Илтгэлүүдийн эмхтгэлийн 65-69-р тал.
Дэл уулын Бичээчийн Батмөнх.
2018-01-01
ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ БОЛ МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙ ЮМ
Дэл уулын хадны зургууд нь он цагийн хувьд хүрэл, түрүү төмрийн үед холбогдох ба цөөн тооны зургууд Хүннү, Түрэг, Уйгур, Монголын эзэнт гүрний үед холбогдоно.
Мөн харьцангуй бага талбайд маш олон тооны,олон хэв маягийн, түүхийн олон үед холбогдох хадны зураг төвлөрсөн, зарим тохиолдолд нэг хаданд олон янзын дүрсийг бие биен дээр нь давхарлан зурсан, мөн зарим нэг дүрсийг олон жилийн турш давхарлан сэргээн зурж байсны ором тодорхой байдаг нь хадны зургийг шүтлэг бишрэлийн зан үйлийн дагуу урлан сийлж ирснийг харуулна.
Иймээс хадны зургийн дурсгалт газар нь тухайн нутгийн үе үеийн оршин суугчдын тахил тайлгын зан үйл, мөргөл үйлддэг, овог аймгийн баяр ёсллол тэмдэглэдэг, өөрсдийн ӨВӨГ ДЭЭДСИЙН СҮНС ОРШСОН АРИУН ДАГШИН ГАЗАР ХЭМЭЭН ЭРТ ҮЕЭС ТАХИН ШҮТЭЖ ИРСЭН хэмээн үзэж болно.

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГУУД НЬ УРАН САЙХАН, УРЛАГИЙН ШИНЖ ЧАНАРААРАА ЭРС ЯЛГААТАЙ, эртний хүмүүсийн шүтлэг бишрэлтэй холбогдолтой зураг бусад нутаг дахь зургийг бодвол их тоотой олддог нь хүрлийн үед ЭНЭ БҮС НУТАГ ӨӨРИЙН ГЭСЭН ӨВӨРМӨЦ ОНЦЛОГТОЙ СОЁЛЫН НЭГЭН БҮС НУТАГ БАЙСНЫГ ХАРУУЛДАГ. Энэ нь Монголд төдийгүй Төв Азид энеолит болон хүрлийн үеийн анчид, малчдын түүх, соёлыг тодруулан судлахад үнэ цэнэтэй баримт болно.

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ НЬ ЗӨВХӨН БОДИТ БАЙДЛЫН ТУСГАЛ БИШ, харин эртний хүмүүсийн байгалийн эрхшээлийг даван гарахын тулд өөрсдөө аливааг бүтээх, зохицуулах гэсэн үйл ажиллагаа буюу хүн байгалийн хоорондын харилцаа, эрхэлж байсан аж ахуйтай холбоотой үүссэн ХҮНИЙ ОЮУНЫ СЭТГЭЛГЭЭ, ШҮТЛЭГ БИШРЭЛИЙН ГҮН АГУУЛГАТАЙ зан үйлийн салшгүй хэсэг болох нь тодорхой байна.
Дэл уулын хадны зургийн дурсгалт газрыг МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХИЙН НЭГЭЭХЭН ХЭСГИЙГ ХАРУУЛСАН НЭЭЛТТЭЙ МУЗЕЙ хэмээн үзэж болох бөгөөд олон зуун жил үргэлжилсэн түүхэн үеийг судлах чухал баримт хэрэглэгдэхүүн болох бүрэн боломжтой юм.
Одоогийн байдлаар ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГИЙН ДУРСГАЛУУД НЬ ӨӨРИЙН АНХНЫ БАЙРАН ДЭЭР ЦӨМ БҮРЭН БАЙГАА бөгөөд тэдгээрийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг нотлон харуулах бүрэлдэхүүн хэсгүүд болох байгаль орчин, булш оршуулга, бичгийн дурсгал зэргийг бүрэн дүүрэн хамран багтаажээ.

Дэл уулын дурсгалт газар нь Монгол орон, түүнтэй хил залгаа нутагт НТӨ IV - I мянган жилийн турш цэцэглэн хөгжиж байгаад аажмаар үгүй болсон Төв Азийн хүрлийн үеийн нүүдэлчдийн тахилга шүтлэг, урлаг соёлын их баялаг өвөрмөц тод, үнэн бодит гэрч нотолгоо болон оршиж байгаа бөгөөд Төв Ази болон Зүүн Хойд Азийн эртний түүх болон соёл иргэншлийг судлахад ЭДГЭЭР ЦОГЦОЛБОР ДУРСГАЛУУД ОЛОН УЛСЫН МАШ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ НУТАГ ЮМ.

Дэл уулын хадны зургийн дурсгалт газар нь одоо байгаа болон устаж үгүй болж байгаа соёлын уламжлал, соёл, иргэншлийн нотолгоо болж байгаа, мөн хүн төрөлхтний түүхийн чухал үеүдийг илтгэн харуулж чадах тодорхой дурсгалт газар нутгийн хосгүй гайхамшигт үлгэр жишээ болж байгаа бөгөөд үүгээрээ ДЭЛХИЙД ХОСГҮЙ ГАЙХАМШИГТ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ДУРСГАЛ ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА.
Академич Д.Цэвээндорж, доктор Н.Батболд
2017.
ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГААР БҮЖГЭН ЖҮЖГИЙН ХОЁР ЦОМНОЛ БИЧИЖ НЭГИЙГ НЬ МОНГОЛЫН УРЛАГИЙН ТАЙЗАН ДЭЭР ТАВЬСАН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР, СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ ДӨНГӨЖ САЯ "АРДЫН БАГШ" ЦОЛ ХҮРТЛЭЭ.
Дунд л говийн Өлзийт сумын Дэл уулан дахь судлаачдаас өөр хэн ч мэддэггүй байсан "Бүжиглэж буй 32 хүнт" хэмээх Хадны зургийг амь оруулан урлагийн алтан тайзан дээр гаргаж ирсэн хүмүүсийн гавьяаг Янжинлхам бурхан ивээн Монголын төр үнэлэн шагнал урамшил хайрласаар байгаагийн нэг нь энэхүү шагнал байлаа.
Урьд нь уг бүжгэн жүжгийг дэглэсэн Д.Энхгэрэл Соёлын гавьяат зүтгэлтэн цол,зураачаар ажилласан СУИС-ийн багш "Алтангадас одон"-гоор, хөгжмийн зохиолч Ариунболд нь “Алтан намар” хөгжмийн наадмын тэргүүн шагнал тус тус хүртэцгээсэн. Ариунболдын оролцон тоглодог “Хөсөгтөн” хамтлаг “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож байсныг бид мэднэ. Шагнал урамшил хүртсэн өөр хүмүүс ч бий, цаашид ч үргэлжилнэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.
Дэл уулын минь буян хишиг, ивээл хайр цаашид олон олон хүмүүст нэр алдар, шагнал урамшил, аз жаргал хүртээх болтугай.
Монгол соёлыг түгээх, сургах, сурталчлах буянтай сайхан ажилд олон жил зүтгэсэн Сэндэнжавын Дулам 
Танд аз жаргалын дээдийг хүсье.
Дулам доктортой хоёр хоногийн өмнө СГЗ, профессор Г.Гонгоржав гуайн “Чулууны хээ-2” үзэсгэлэнгийн нээлт дээр тааралдахад тэр “Танай нутгийн хадны зургаас сэдэвлэсэн бүтээл надад их ээлтэй байгаа, 2018 онд заавал Дэл ууланд очиж хүндэтгэл үзүүлнэ, хамт явна шүү” гэж байв.
Бидний энэ яриаг сонсож байсан мэргэжил нэгт анд Нямын Цэнд бид хоёрын зургийг авч надруу явуулсан юм.
Баярлалаа Цэнддээ.
2017-12-29
Дэл уулын Бичээчийн Батмөнх

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ЕСӨН ГАЙХАМШИГ
Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6 тоот тогтоолоор орон нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар, үнэт зүйлсээ өргөмжлөн сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өлзийт сумын "Есөн гайхамшиг"-ийг тодорхойлон баталсан юм.
1. Дуу хуур, өв соёл
2. Цагаан суварга
3. Морин толгойн цав
4. Монтойн хайлааст ам
5. Дэл уул
6. Өөш манхан
7. Мөнгөн буйл
8. Сумын нутаг дэвсгэр
9. "Загийн ус"-ны заган ой
Эдгээрээс
Цагаан суварга,
Өөш манхан,
Дэл уул гурав нь Дундговь аймгийн "Есөн гайхамшиг"-т багтсан байдаг юм.