Saturday, January 6, 2018

АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Д.ЦЭВЭЭНДОРЖ ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГИЙН ТАЛААР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ.
2017 оны 11 дүгээр сард болсон профессор Д.Хүүхэнбаатарын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал дээр тавьсан илтгэлээс товчлон авав. Илтгэлүүдийн эмхтгэлийн 65-69-р тал.
Дэл уулын Бичээчийн Батмөнх.
2018-01-01
ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ БОЛ МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙ ЮМ
Дэл уулын хадны зургууд нь он цагийн хувьд хүрэл, түрүү төмрийн үед холбогдох ба цөөн тооны зургууд Хүннү, Түрэг, Уйгур, Монголын эзэнт гүрний үед холбогдоно.
Мөн харьцангуй бага талбайд маш олон тооны,олон хэв маягийн, түүхийн олон үед холбогдох хадны зураг төвлөрсөн, зарим тохиолдолд нэг хаданд олон янзын дүрсийг бие биен дээр нь давхарлан зурсан, мөн зарим нэг дүрсийг олон жилийн турш давхарлан сэргээн зурж байсны ором тодорхой байдаг нь хадны зургийг шүтлэг бишрэлийн зан үйлийн дагуу урлан сийлж ирснийг харуулна.
Иймээс хадны зургийн дурсгалт газар нь тухайн нутгийн үе үеийн оршин суугчдын тахил тайлгын зан үйл, мөргөл үйлддэг, овог аймгийн баяр ёсллол тэмдэглэдэг, өөрсдийн ӨВӨГ ДЭЭДСИЙН СҮНС ОРШСОН АРИУН ДАГШИН ГАЗАР ХЭМЭЭН ЭРТ ҮЕЭС ТАХИН ШҮТЭЖ ИРСЭН хэмээн үзэж болно.

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГУУД НЬ УРАН САЙХАН, УРЛАГИЙН ШИНЖ ЧАНАРААРАА ЭРС ЯЛГААТАЙ, эртний хүмүүсийн шүтлэг бишрэлтэй холбогдолтой зураг бусад нутаг дахь зургийг бодвол их тоотой олддог нь хүрлийн үед ЭНЭ БҮС НУТАГ ӨӨРИЙН ГЭСЭН ӨВӨРМӨЦ ОНЦЛОГТОЙ СОЁЛЫН НЭГЭН БҮС НУТАГ БАЙСНЫГ ХАРУУЛДАГ. Энэ нь Монголд төдийгүй Төв Азид энеолит болон хүрлийн үеийн анчид, малчдын түүх, соёлыг тодруулан судлахад үнэ цэнэтэй баримт болно.

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ НЬ ЗӨВХӨН БОДИТ БАЙДЛЫН ТУСГАЛ БИШ, харин эртний хүмүүсийн байгалийн эрхшээлийг даван гарахын тулд өөрсдөө аливааг бүтээх, зохицуулах гэсэн үйл ажиллагаа буюу хүн байгалийн хоорондын харилцаа, эрхэлж байсан аж ахуйтай холбоотой үүссэн ХҮНИЙ ОЮУНЫ СЭТГЭЛГЭЭ, ШҮТЛЭГ БИШРЭЛИЙН ГҮН АГУУЛГАТАЙ зан үйлийн салшгүй хэсэг болох нь тодорхой байна.
Дэл уулын хадны зургийн дурсгалт газрыг МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХИЙН НЭГЭЭХЭН ХЭСГИЙГ ХАРУУЛСАН НЭЭЛТТЭЙ МУЗЕЙ хэмээн үзэж болох бөгөөд олон зуун жил үргэлжилсэн түүхэн үеийг судлах чухал баримт хэрэглэгдэхүүн болох бүрэн боломжтой юм.
Одоогийн байдлаар ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГИЙН ДУРСГАЛУУД НЬ ӨӨРИЙН АНХНЫ БАЙРАН ДЭЭР ЦӨМ БҮРЭН БАЙГАА бөгөөд тэдгээрийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг нотлон харуулах бүрэлдэхүүн хэсгүүд болох байгаль орчин, булш оршуулга, бичгийн дурсгал зэргийг бүрэн дүүрэн хамран багтаажээ.

Дэл уулын дурсгалт газар нь Монгол орон, түүнтэй хил залгаа нутагт НТӨ IV - I мянган жилийн турш цэцэглэн хөгжиж байгаад аажмаар үгүй болсон Төв Азийн хүрлийн үеийн нүүдэлчдийн тахилга шүтлэг, урлаг соёлын их баялаг өвөрмөц тод, үнэн бодит гэрч нотолгоо болон оршиж байгаа бөгөөд Төв Ази болон Зүүн Хойд Азийн эртний түүх болон соёл иргэншлийг судлахад ЭДГЭЭР ЦОГЦОЛБОР ДУРСГАЛУУД ОЛОН УЛСЫН МАШ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ НУТАГ ЮМ.

Дэл уулын хадны зургийн дурсгалт газар нь одоо байгаа болон устаж үгүй болж байгаа соёлын уламжлал, соёл, иргэншлийн нотолгоо болж байгаа, мөн хүн төрөлхтний түүхийн чухал үеүдийг илтгэн харуулж чадах тодорхой дурсгалт газар нутгийн хосгүй гайхамшигт үлгэр жишээ болж байгаа бөгөөд үүгээрээ ДЭЛХИЙД ХОСГҮЙ ГАЙХАМШИГТ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ДУРСГАЛ ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА.
Академич Д.Цэвээндорж, доктор Н.Батболд
2017.

No comments:

Post a Comment