Sunday, February 2, 2020

ШҮНШИГТЭЙ ШҮТЭЭН ДЭЛ УУЛ МИНЬ


/Дундговийн эерэг энергийн төв нь Дэл Хөнжил уул болох тухай/
Дундговь аймгийн Өлзийт сумын баруун өмнөд хэсэгт байдаг Дэл, Хөнжил гэж хоорондоо ойрхон зэрэгцээ орших хоёр уул бий. Гаднаас нь харахад байдаг л нэг бэсрэгхэн уул. Нутгийнхан нь Хөнжилийн хяр, Дэлийн хяр л гэдэг. Гэхдээ энэ хоёр хярд ялангуяа Дэлд гайхамшиг их бий. Дэл, Хөнжилийн аль алиных нь багахан хэсэг Өмнөговь аймгийн нутагт ордог юм. 
Дэл уул нь хадны зураг, булш, хиригсүүр, гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгал элбэгтэй, байгалийн сонин тогтоц олонтой, аргал, янгир, хар сүүлт зэрэг ан амьтантай, эмийн төрөл бүрийн ургамалтай эко системийн хувьд Монголд нэлээн ховорт тооцогдох өвөрмөц нутаг. 
Дэл, Хөнжил нутгийнхан өөрсдийгөө Улзын буриадууд, Хөвсгөлийн дархдууд, Алтайнхан гэдэг шиг “Дэл Хөнжилийнхөн” гэдэг. Энэ нутагт төрөгсөд аль ч үедээ ухаалаг, оюунлаг, ажилсаг, онцгой авьяас чадвартан элбэгтэй байсан тухай ард олны дунд үе дамжин яригдаж ирсэн домог, хууч яриа элбэг байдаг. Зөвхөн бидний мэдэх сүүлийн 100 жилд энэ нутгийнхнаас төрж гарсан алдартнууд гэхэд тухайн үедээ МУ-ын тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан МУ-ын баатар эмэгтэй Т.Бор, говь нутгаас улсын наадамд олон жил дараалан сайн барилдаж улсад түрүүлж байсан Улсын арслан Г.Дэмүүл, Монгол төрийн алтан жолоон дээр сууж байсан Ерөнхий сайд Ж.Наранцацралт, Ардын жүжигчин Н.Дагийранз, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа болон урлаг, утга зохиол, эрүүлийг хамгаалах, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбараас төрсөн МУ-ын Гавьяат цолтон арав гаруй хүн байна. Мөн Дэл уулынхнаас түүх, эдийн засаг, боловсрол, анагаах, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, сайд, орлогч сайд зэрэг төрийн зүтгэлтнүүд төрсөн байдаг. Дэл Хөнжилд байсан Далайн болон Баруун билүүний хийдүүдэд тухайн үеийн шашны зүтгэлтэн, мяндагтнууд, хутагт хувилгаад, эрдэм номтой лам нар олон байсан тухай түүхийн баримт бий. 
Энэ нутагт Говийн ноён хутагт, Цогт хун тайж гээд түүхэнд нэр нь үлдсэн хүмүүсийн нэр, үйл хэрэгтэй холбоотой түүхийн дурсгалууд бий. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн анх дугаар дүр буюу нэгдүгээр ноён хутагт Агваангончиг гэгч Өмнөговийн Манлай сумын нутагт төрсөн ба Хөнжил уулын зүүн үзүүр орчимд байдаг Жавхлант хонгор гэдэг газар 1666 онд хийд байгуулж байжээ. Дэл Хөнжилийн дунд Буянтын их овооны ард Чулуун сүм хэмээх маш өвөрмөц нарийн хийцтэй нэгэн томоохон байшингийн үлдэгдэл бий. Үүнийг Цогт хун тайж урагш явахдаа замын буудал маягаар байгуулж хэсэг хугацаанд амьдарч байсан хэмээн зарим түүхчид үздэг юм билээ. 
Дэл Хөнжил уул нь хажуудаа төрж өссөн байтугай зорьж очсон хүмүүст хишиг буянаа харамгүй хүртээдэг нутаг. Сүүлийн жилүүдэд энэ нутгийн тухай эерэг сайхан мэдээлэл ихээр цацагдах болсонтой холбогдуулан Дэл Хөнжилийг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэн. Миний бие зарим хүмүүсийг урьж, зарим хүмүүст газарчилж, зарим хүмүүсээс нарийн нандин юмыг нь сонсох гэж олон удаа олон хүмүүстэй хамт очсон. Манай нутаг очсон хүн бүрт хишиг буянаа харамгүй хүртээдэг. Энэ талаар цөөн хэдэн жишээг хэрэг болгож дурдъя. 
Монголын археологийн толгой эрдэмтдийн нэг ШУ-ны гавьяат ажилтан, доктор профессор Д.Цэвээндоржийг “Сэмүүн”-ий хэмээх Б.Баяр хэрэг болгож дагуулж очсон. Дараахан нь Цэвээндорж гуай олон жил хүлээсэн академич цолоо хүртсэн. Залуу яруу найрагч Н.Гантулга, П.Нямлхагва хоёр очоод дараахан нь “Алтан гадас” хүртсэн. Кино найруулагч Банзрагчийн Баяр хадны зургаар нь баримтат кино хийхээр сэтгэл, зүтгэл гарган хэд хэдэн удаа очсон. Б.Баяр дэлхийн киноны ноён оргилууд цуглардаг алдарт Каннын кино наадам болоод Италд хадны зургийн аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармагт урилгаар оролцсон. Мөн “Дэл Хөнжилийн эрдэнэс” зэрэг хэд хэдэн баримтат кино бэлэн болгосон. Дэл уулын хадны зургаар бүжгэн жүжиг тавихад цомнолыг нь бичсэн доктор С.Дулам Ардын багш цол, бүжгэн жүжгийг дэглэсэн Я.Энхгэрэл Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн, зураач, хувцасны дизайнерууд нь төрийн одон хүртэцгээсэн. Дэл уулаар аялсан профессор Г.Гонгоржав гуайн чулууны хоёр удаагийн үзэсгэлэнгийн, орчуулагч СГЗ Г.Аким гуайн хэд хэдэн ном хэвлүүлэх санхүүжилт нь амархан бүтсэн, зохиолч СГЗ генерал Л.Пүрэвдорж гуай Дэл уулын нэгэн ховор дурсгал бүхий чулууг Дундговийн музейд залсан, бүжиг дэглээч МУГЗ Д.Баярбаатар Дэл уулын хадны зургаас сэдэвлэн нэгэн өвөрмөц уран бүтээл тавих гэж байгаа зэрэг жишээ олныг дурдаж болно. 
Дэл уулын баруун Билүүнд очиж хоноглоод өглөө босоход гадуур нь аргаль, янгир бэлчиж байхыг хараад ихэд бэлэгшээж байсан эмээ маань удалгүй гавьяат хүртсэн гэж МУ-ын гавьяат багш Дашдаваагийн Жуужаа багшийн зээ хүү МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал доктор, профессор Ж.Эрдэнэбулган ярьж байв. Жуужаа багш бол Дэл Хөнжилийхнөөс төрсөн найм дахь гавьяат цолтон нь юм. 
Ингэж сайн санаж, хэрэг болгож очсон хэн болгонд манай нутаг “сайн санааны үзүүрт шар тос” хүртээдэг нь үнэн. Энэ нутгийн тухай олон түмэн шагшин магтаж, хадны зураг нь бүжиг, зураг, үзэсгэлэн, үзмэр, кино болон амилж эхэлсэн энэ цаг үед Дэл Хөнжил нутагт сүүлийн гурван жил дараалан бороо ногоо элбэгтэй маш сайхан зун болж, өвөл нь ойр хавийн аймаг, сумын олон айл, мал ирж өвөлжсөн нь зүгээр нэг тохиолдол биш ч байж магадгүй. 
Энэ нутгийн гайхамшигт эрчис хүч, ид шид нь тодорхой цаг хугацаанд олон түмэнд ил гарч мэдрэгдэх тухай эртний ном судар, Богдуудын бошги, хутагт хувилгаадын мэргэ төлөг, нутгийн олон түмний өгүүлдэг домог, яриа үнэн байж болзошгүй нь зарим талаар батлагдаж мэдрэгдэж эхлээд байх шиг санагддаг. 
Хөнжил уулын энгэрт байдаг хоёр аймгийн зааг нутаг болох “Хармагтай” хэмээх газарт алт, зэсний томоохон хэмжээний уурхай ашиглалтанд орох гэж байгаа тухай ид шуугиж байна. Дээр үеэс бидний сонсож ирсэн Хөнжилийн баялаг хөрсөн доороо бий, Дэлийн гайхамшиг газар дээрээ байдаг хэмээх нэгэн домог яриа үнэн болох нь одоо батлагдаж байна. 2016 оны наймдугаар сард Дэл, Хөнжилийн дунд байдаг Их хөх цавын нэгэн жалганаас урд хөршид үйлдвэрлэгдсэн Ёншгойт гэдэг мөнгөн зоос хэдэн мянган ширхэгээрээ гарч ирж нутгийн зон олон хэдэн зуун сая төгрөгийн гэнэтийн хишиг “хүртсэн” удаа бий. 
Дэл уулын баруун зүүн Билүүний хэсэгхэн газарт байгаа хэдэн мянгаар тоологдох хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдсэн гэж судлаачид тогтоосон байдаг. Монголын анхны бичиг үсэг болох дүрс болон рунни бичиг, Тан улсын үеийн хятад бичгийн дурсгал, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас, туурайндаа дугуйтай адуу, үлэмж том биетэй хүн зэрэг судлаачдын анхаарал татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгал энд бий. Хадны зурагнаас гадна энд булш, хиригсүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдүүдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх өв олон бий.
Дэл уулын багахан хэсэг газарт хадны зургийг хоорондоо хэдэн мянган жилийн зайтайгаар дахин дахин зураад байсан нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг юм билээ. Яг энэ хэсэгт хүн оршин суух байгалийн зохицолдоо сайтай, ан амьтан элбэгтэй, шүтлэгийн аливаа үйл хийх нөхцөл бүрдсэн зэрэг давуу талтайгаас гадна олон тооны хадны зурагтай энэ орчин бол эерэг энерги хуримтлагдсан газар хэмээн зарим судлаачид үздэг юм билээ. Энэ таамнал үнэний ортой байж болзошгүй талаарх зарим жишээг цухас дурдахад ийм байна. 
Дэл уултай залгаа говийн алдарт Цагаан суварга оршдог. Цагаан суварга бол хэдэн зуун метр үргэлжлэх, 70-80 метрийн өндөр эгц цавчим босоо өнгө алагласан шавар ханан эрэг бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар юм. 
Энэ орчим нь эртний үлэг гүрвэлийн орон, аварга амьтдын өлгий нутаг болох нь батлагддаг юм гэсэн. Цагаан суварга монголын аялал жуулчлалын бүсэд хамрагдан жил бүр гадаад дотоодын олон мянган жуулчин очиж үздэг газар болоод байгаа юм. Цагаан суварга хайрхан нь өөрийн гоо үзэсгэлэнгээрээ монголчуудыг байтугай гадаадынхныг татаад байгаа бол зэрэгцэн орших алдарт Дэл уул маань одоохондоо нууцаа төдийлөн дэлгээгүй байгаа болно.
Дэл уулын Бичээчийн Батмөнх.

Friday, August 31, 2018

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГА ХАЙРХАНД 5 ДАХЬ УДААГАА ОЧСОН НАЙРУУЛАГЧ "СЭМҮҮН"-ИЙ Б.БАЯР ГУРАВ ДАХЬ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦООД ИРЭВ.
Б.Баяр Bayar Banzragch энэ удаа Болгарын Софи хотноо болсон Азийн фестивальд Дэл уулын хадны зураг орсон "Хаданд мөнхөрсөн урлаг- Монголын сая өдөр" үзэсгэлэнгийн бүтээлээрээ оролцжээ.
Энэ наадамд манайхаас 10 гаруй уран бүтээлч оролцсны дотор Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн захирал Цогтбаатарын Хадхүүгийн хүү хөөмийч, морин хуурч Хадхүүгийн Дамдин уран бүтээлээ толилуулав.
Энэ фестиваль нь Болгарт уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын томоохон арга хэмжээ юм.
Болгар улсын ерөнхийлөгч Румен Радев энэ наадмын үеэр Монголын асарт зочилж манай уран бүтээлчдийн тоглолт, үзэсгэлэнг үзжээ.
Болгарын Ерөнхийлөгч манай үзмэрээс хадны зургийг онцлон сонирхож Баяраас олон зүйлийг лавлан асуужээ.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018. Зуны эхэн сарын шинийн гурван

Friday, August 3, 2018


ДУНДГОВИЙН ӨЛЗИЙТ СУМААС ТӨРСӨН ТӨРИЙН ТҮШЭЭД, САЙД, ЭРДЭМТЭД, БААТАРУУД, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТНУУД 
/Өлзийт сумын уугуул 46 алдартныг овог нэрээр нь гаргав/
Нэг. ТӨРИЙН ТҮШЭЭД
/1951-2016 онд төрийн түшээгээр 10 хүн 16 удаа сонгогдсон/
БНМАУ-ЫН АИХ-ЫН ДЕПУТАТ /7хүн 11 удаа/
1. Дүнжмаагийн Цэнд (1920-1997) -2 удаа АИХ-ын депутат.
2. Лувсанжамцын Дашням- 1984 онд АИХ-ын депутат.
3. Бат-Очирын Жамбалдорж (1908-1998)-1951 оноос 4 удаа АИХ-ын депутат.
4. Будын Сумъяа- АИХ-ын депутат.
5. Мишигийн Дагвадорж (1914-1991)-1963 онд АИХ-ын депутат.
6. Бат-Очирын Батмөнх-1990 онд АИХ-ын депутат
7. Содномын Батмөнх-1990 онд АИХ-ын депутат
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД /4 хүн 6 удаа/
1. Жанлавын Наранцацралт (1957-2007) -2000, 2004 онд УИХ-ын гишүүн.
2. Содномын Батмөнх -1992 онд УИХ-ын гишүүн.
3. Батсүхийн Наранхүү- 2012, 2016 оны УИХ-ын гишүүн
4. Батсүхийн Саранчимэг 2013 оны УИХ-ын гишүүн
Хоёр.САЙД НАР /6 хүн/
1. Жанлавын Наранцацралт (1957-2007) -Монгол улсын Ерөнхий сайд
2. Будын Сумъяа -1984- Соёлын Яамны сайд
3. Бат-Очирын Жамбалдорж (1908-1998)- ДЯЯ-ны сайд, Шүүх Яамны сайд
4. Даржаагийн Зундуй (1930-2001)- Хууль зүйн яамны 1-р орлогч сайд
5. Чүлхрэмийн Цэнд-Сангийн яамны дэд сайд
6. Бандихүүгийн Ургамалцэцэг- Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд
Гурав. БААТАР ЦОЛТОН /3 хүн/
1. Түвдэнгийн Бор (1913-1932) Улсын баатар-1961 онд авсан
2. Дүнжмаагийн Цэнд (1920-1997) Хөдөлмөрийн баатар, тэмээчин-1965 онд авсан
3. Лувсанжамцын Дашням-БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, оёдолчин -1985 онд авсан
Дөрөв. ТӨРИЙН ШАГНАЛТАН /нэг хүн/
1. Долгорын Нямаа /1939-2017/ зохиолч, яруу найрагч-1993 онд Төрийн шагнал хүртсэн.
Тав. АРДЫН ЦОЛТОН /3 хүн/
1. Нямын Дагийранз (1930-2014) кино жүжигчин, дуу оруулагч, ерөөлч магтаалч -2013 онд Ардын жүжигчин цол авсан.
2. Адилбишийн Нэргүй уртын дуучин - 1993 онд Ардын жүжигчин цол авсан.
3. Адилбишийн Дашпэлжээ дуурийн дуучин- 2014 онд Ардын жүжигчин цол авсан.
Зургаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛТОН /18 хүн/
1. Гогойн Дамбийжанцан (1919-1984) Гавьяат жүжигчин, хөгжимчин -1970 онд
2. Цэндийн Сандаг (1928-1976) Гавьяат жүжигчин, циркийн амьтан сургагч -1974 онд
3. Лувсандоржийн Буянхишиг Гавьяат жүжигчин, найруулагч -1979 онд
4. Лхамсүрэнгийн Чимэддорж Гавьяат жүжигчин, хүүхэлдэйн жүжигчин - 1989 онд
5. Хоомонгийн Баянжаргал Гавьяат малчин-1991 онд
6. Адилбишийн Нэргүй Гавьяат жүжигчин, дуучин -1993 онд
7. Адилбишийн Дашпэлжээ Гавьяат жүжигчин, дуучин -1993 онд
8. Нямын Дагийранз (1930-2014) Гавьяат жүжигчин-1997 онд
9. Батчулууны Сарантуяа Гавьяат жүжигчин, дуучин -2000 онд
10. Будын Сумъяа Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач -2000 онд
11. Жамъянгийн Дүнжмаа Гавьяат жүжигчин, дуучин -2001 онд
12. Даржаагийн Зундуй Гавьяат хуульч-2001 онд
13. Хандсүрэнгийн Отгон Гавьяат малчин-2002 онд
14. Цэндоогийн Чойжамц (1942-2013) Гавьяат багш -2005 онд
15. Цэрэнгийн Чулуунцэцэг Гавьяат жүжигчин, дуучин -2008 онд
16. Долгорын Нямаа Соёлын гавьяат зүтгэлтэн -2009 онд
17. Пэлжидийн Банзрагч (1924-2014) Хүний гавьяат эмч -2009 онд
18. Дамдинжавын Сэржмядаг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан- 2017 онд
19. Дашдаваагийн Жуужаа Гавьяат багш 2018 он
20. Нанзадын Энхпагма Гавьяат багш 2018 онд
Долоо. ЭРДЭМТЭД /15 хүн/
1. Дашдаваагийн Хүүхэнбаатар (1937-2013) -Түүхийн ухааны доктор /Ph.D/
2. Будын Сумьяа- Түүхийн ухааны коктор /Ph.D/
3. Гончигдоржийн Хүүхэнхүү- Физикийн ухааны доктор /Ph.D/
4. Жамьянхоролын Цэвэгмид -Техникийн ухааны доктор /Ph.D/
5. Жанлавын Наранцацралт- Газар зүйн ухааны доктор /Ph.D/
6. Содномын Батмөнх - Философийн ухааны доктор /Ph.D/
7. Сэрээгийн Чанцалмаа - Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/
8. Ланганы Отгонтуяа - Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/
9. Дашдаваагийн Отгонбаатар- Эрүүл мэндийн ухааны доктор /Ph.D/
10. Мишигийн Чимэддорж- Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/
11. Даржаагийн Зундуй- Хууль зүйн ухааны доктор /Ph.D/
12. Жуужаагийн Эрдэнэбулган- Хууль зүйн ухааны доктор /Ph.D/
13. Бадамын Басбиш- Техникийн ухааны доктор /Ph.D/
14. Батсүхийн Одончимэг- Байгалийн ухааны доктор /Ph.D/
15. Цэвэгмидийн Эрдэмбилэг- Анагаах ухааны доктор /Pd.D/
16. Цэрэнгийн Чулуунцэцэг- Урлаг судлалын ухааны доктор /Ph.D/
Найм.Тойм
Өлзийт сумаас 1951-2016 онд АИХ-ын депутат болон УИХ-ын гишүүн зэрэг төрийн түшээд 11 хүн 17 удаа сонгогдсон бол МУ-ын Ерөнхий сайд, сайд, дэд нар зургаан хүн ажиллаж байв.
Улсын болон Хөдөлмөрийн баатар цолыг гурван хүн, Төрийн шагналтан цолын нэг хүн, Ардын жүжигчин цолыг гурван хүн, Гавьяат цолыг 18 хүн авчээ. Доктор цолтой эрдэмтэн 16 хүн хүн байна.
Мөн Дундговийн Цагаандэлгэр сумын харьяат Гавьяат эдийн засагч Нямдолгорын Сампилноров Өлзийт суманд сум нэгдлийн даргаар ажиллаж байхдаа анхны байнгын ажиллагаатай УБХ-ын гишүүн болж байсан, Дэлгэрхангай сумын харьяат Сугирын Халзанхүү Өлзийтэд сум,нэгдлийн даргаар ажиллаж байхдаа АИХ-ын депутат болж байжээ.
Дэл уулын Бичээчийн Батмөнх.
2018 оны 08 сар

Monday, April 16, 2018

МОРИН ХУУРЧ НЭРГҮЙ
Говь нутгийн 20-р зууны нэрт морин хуурч Дундговь аймгийн Өлзийт сумын ахмад настан Ёндонгийн Нэргүйн “Хуурын түрлэг” морин хуурын тоглолт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит Төв Халхын Дуулалт Жүжгийн театрт 2018 оны 04 сарын 20-нд болно.
Монголчуудын бренд болсон МОРИН ХУУР хэмээх хөгжмийг гайхалтай эзэмшээд олон арван бүтээл хөгжимдөн гадаад, дотоодод 50 гаруй жил тоглож яваа, говь нутгийн хээгүй нэгэн сайхан цөлх монгол эр хүний сонгодог жишээ болсон Нэргүй маань уран бүтээлийн ээлжит тоглолтоо хийх гэж байна.
Говь нутгийн ард түмний алдартай бүтээлүүдийн нэг "Цэцийн жонон" хэмээх морин хуурын бүтээлийг Нэргүй шиг тоглож чаддаг уран бүтээлч одоо хир төрөөгүй хэмээн судлаачид үздэг юм билээ. Тэр бол зүгээр л цэвэр ардын авъяастан. Гэхдээ тэр хуурдах ур чадвар, донж маяг, тайзан биеэ авч яваа байдал, үзэгчдийн анхаарлыг тоглож буй уран бүтээлрүүгээ хандуулах арга барилаараа бусдаас өвөрмөц нэгэн гэдгийг түүний тоглолтыг үзсэн хүн бүхэн мэднэ.
Ёндонгийн Нэргүй бол яах аргагүй манай Дэл, Хөнжил нутгийн соёлын биет бус өвийн өв тээгч нэгэн мөн билээ.
Нэргүйдээ амжилт хүсье.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-04-14
ШАНХЫН ХЭЦ БИШ ШАНХАЙН ХЭЦ ГЭНЭ ШҮҮ‪

Миний төрсөн нутаг Дэл Хөнжил уулан дээрээс Өмнөговийн Цогтцэций, Манлай сумын нутагт хуваагдан оршдог Их Шанхайн хэц хэмээн их хяр уулс харагддаг юм.
Намайг багад манай өвөг дээдэс энэ нутгийн тухай маш сайхан юм ярьж тэхдээ дандаа Их Шанхай, Шанхайн хэц гэдэг байсан юм. Ахмадуудын ярьдаг үлгэр мэт сайхан юмнаас болоод эдүгээ цагийн зарим сонирхолтой юмнаас ФБ-т ганц нэгийг бичсэн. Тэхдээ багаас дуулж сонссоноороо Шанхайн хэц гээд бичтэл зарим хүмүүс хөөе нөхөөр наадах чинь Шанхай биш Шанх гэдэг юм гэж зэмлээд байсан. Би учрыг олоогүй тэгсхийгээд энэ тухай юм бичихээ больсон.
Гэтэл УИХ-ын гишүүн асан Мөнхчулууны Зоригт дөнгөж өчигдөр "Бидний монголчууд" төслөөрөө Манлай суманд очиж ажиллаад миний төөрөгдлийг арилгасан нэгэн өгүүлбэр бичснийг харж учрыг олов.
Зоригт гуай "ЭРТ ДЭЭРЭЭС ИХ ШАНХАЙ НЭРТЭЙ НУТАГ БАЙСНЫГ ХЯТАДТАЙ МУУДСАН ОН ЖИЛҮҮДЭД ДАРГА НАРЫН ЗАХИРАМЖААР ШАНХ БОЛГОЖ ӨӨРЧИЛЖ БАЙСАН ГЭНЭ" гэжээ. Энэ нутгийн ахмадууд түүнд энэ тухай их тодорхой ярьсан гэнэ.
Их Шанхайн хэцэд Түвдэнгийн Борыг түлхсэн Тугийн цохио, Гэсэр гэлэнгийн алдарт хул, Говь Шанхайн хурд, Шанхайн хэцийн алдар цуутай хүмүүс, торгоны зам гээд сонирхолтой олон юм бий.
Шанхай, Дэл, Хөнжил гурав бол "бараа бараагаа харсан Аргалын хоёр уул" гэдэг шиг бараа бараагаа харсан говийн гайхамшигт уулс юм.
Одоо би алдарт Шанхайн хэцийн тухай ганц нэг юм бичвэл намайг битгий загнаарай найзуудаа 😀😀😀😀😀😀😀.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-04-06
"ДЭЛ УУЛЫН ГАЙХАМШИГ" ТББ монголд анх удаа гэсэн тодотголтой хэд хэдэн шинэ зүйл хийсэн, одоо хэд хэдийг хийх гэж байна. Б.Батмөнх
НОМООР ИВЭЭН ТЭТГҮҮЛДЭГ 
НОМЫН САДАНГУУД МИНЬ

Дэл уулын хадны зураг судлаач эрдэмтэд, Дэл уулыг сонирхогчид, Дэл уулынхан, Өлзийт сумын нэр бүхий эрэхмүүд, садан төрлийнхөн, найзууд, миний амьдралд зүйрлэшгүй тус бологсод гээд нэлээн хэдэн айл болон хүмүүсийг номын садангаар бүртгээд тэдэнд "Дэл уулын гайхамшиг" ТББ-ын шугмаар болонөөрийн бичсэн, эмхтгэсэн номуудыг ихэнхийг нь үнэ төлбөргүйгээр түгээдэг юм.
1. Дэл уулын хадны зургийн цомог /үнэтэй/
2. “Дэлхийн түүх бичээстэй Дэл уул минь” ном,
3. "Бодлын бичээс” ном,
4. “Хөх судар” шиг Дэл уул “хөхөрсөн” хуудсаа дэлгэв үү” ном
5. “Профессор Д.Хүүхэнбаатар багшийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсамж хүндэтгэлийн хурал” /Дэл уулын хадны зургийн тухай эрдэм шинжилгээний 7 илтгэл байгаа/ ном
6. “Дэл уулын хадны зураг” ном
7. Дундговь аймгийн Музейд Дэл уулын танхим нээсэн тухай “Дундговийн мэдээ” сонин
8. “Дэлхийн гарамгай яруу найрагч Долгорын Нямаа” ном /энэ номыг нэрсийн жагсаалтаар тараадаг/
9. Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн баримтат кино
10. “Дэл уулын түүхийн дурсгал” баримтат кино гэх мэт.