Thursday, September 14, 2017

ДЭЛХИЙД ГАЙХАГДАХ АЛТНЫ НӨӨЦ ИЛЭРСЭН ДЭЛ ХӨНЖИЛИЙН УУЛ.
Монголын говиос Оюутолгойгоос дутахгүй нөөцтэй орд хэд хэд илэрч байгаа гэнэ гэсэн мэдээ дуулдах болсон. Өнгөрсөн жил эдгээрээс заримыг зарлаж байсан удаатай. Тэдгээрийн нэг нь Хармагтайн орд. Хэдхэн хоногийн өмнө Хармагтайн ордын тухай төвийн нэгэн хэвлэлд гарсан мэдээ нэлээн шуугиан тариад одоо ч намжаагүй байна. Шуугиан тарих болсны учир нь түүнийг нөгөө муу нэрт луу данст улс төрчид булаалдаж эхэлсэн бололтой юм. Энд би өөрийн мэдэх Хармагтай гэдэг газрын тухай цухас дурдъя.
Хармагтай бол миний хүүхэд байхдаа хурга хариулж байсан газрын нэг. Хармагтай бол ус, бэлчээр, ургац сайтай сайхан нутаг. Нутгийнхан Булаг Хармагтай гэдэг юм. Хармагтай нь Дэл Хөнжилийн уулын урд энгэрт Дундговийн Өлзийт, Өмнөговийн Манлай, Цогтцэций сумдын заагт байдаг. Хармагтайн баруухан талд нь Өвөр дэрсэн ус гэдэг худаг бий. Өвөр дэрсэн ус бол гучаад оны их үймээн, нүүдэл суудал, Дэлийн дээрэмчин хэмээх Дэлэгсамба, Улсын баатар Түвдэнгийн Бор нартай нэр холбогдон түүхэнд нэр нь үлдсэн газар. Мөн Дундговийн Өлзийт сум /тухайн үед Өмнөговь аймгийн сум байсан/ 90 гаруй жилийн өмнө энэ усан дээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Хармагтай, Өвөр дэрсэн ус хоёроос холгүй Хөнжилийн ууланд говийн томоохон хийдүүдийн нэг болох Далайн хийд гэж байсан.
Хармагтайгаас урагш говийн алдарт Говь Шанхын хэц /зарим нутагт Шанхайн хэц ч гэдэг/ үргэлжилдэг. Говь Шанх бол хурдан удмын адуугаар монголдоо алдартай нутаг.
Нутгийнхан Шанхайн ар, Хармагтай орчмоор геологи хайгуулын ажил сүүлийн 50-иад жил тасралтгүй хийгдэж байгаа гэж ярьдаг. “Нэг юмны үнэр авчдээ” гэдэг шиг тэндээс хоёр дугаар Оюутолгой аль эртнээс ханхалж байсан бололтой юм.
Дэл Хөнжилийн уулс хөрсөн дээрээ дэлхийн түүх бичээстэй, хэвлийдээ дэлхийн хэмжээний алт эрдэнэсийн орд тээсэн газар нутаг.
Дэл Хөнжилд төрсөн Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа дөнгөж өчигдөр /2017-08-17/ “Дэлхийн гарамгай яруу найрагч” цол хүртэж байхыг бодоход тэндээс дэлхийн хэмжээний хүн ч төрдөг бололтой.
Бичээчийн Батмөнх.
2017-08-18

No comments:

Post a Comment