Thursday, September 14, 2017

ДЭЛ ХӨНЖИЛД ЯАГААД ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН МАШ САЙХАН ЗУН БОЛЖ БАЙГАА ВЭ?
Дундговь аймгийн Өлзийт сумынхан болоод тэр нутагт төрж өссөн уугуул иргэд түүх соёлын үнэт өв агуулсан Дэл Хөнжилын уулс, байгалийн хосгүй үзэсгэлэнт Цагаан суварга хэмээх залгаа орших хоёр нутгийг олон түмэнд таниулах, алдаршуулахаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Түрүүчээсээ үр дүн нь гарч шинжлэх ухааны салбарт Дэлийн хадны зурагт гадаад, дотоодын судлаачид анхаарлаа хандуулж эхэлсэн, аялал жуулчлалын салбарт Цагаан суваргын үзэсгэлэнт газрыг монголд ирсэн жуулчдын ихэнх нь очиж үздэг болсон, урлагийн салбарт Дэл уулын хадны зургаар хийсэн цуврал бүжгэн жүжиг монголын бүжгийн урлагт цоо шинэ урсгал болон нэвтэрч эхэлсэн зэрэг болно.
Мөн Дэл уулын хадны зургаар нийслэлд томоохон үзэсгэлэн гарсан бөгөөд теле нэвтрүүлэг, баримтат кино, ном товхимол гарахаар бэлтгэгдэж байна. Цаашид энэ нутгийг төрийн тусгай хамгаалалтад авч ЮНЕСКО-д бүртгүүлэх талаар холбогдох төрийн байгууллагууд анхаарал хандуулж байна.
Хүн байгальдаа, уул овоондоо хүндэтгэлтэй хандвал дэлхий хишгээ харамгүй хайрладгийн бодит жишээний тухай сонирхуулах гэж би энэ постыг оруулж байгаа юм.
Энэ нутагт сүүлийн гурван жил дараалан маш сайхан /маш сайхан шүү/ зун болж өвөл нь өнтэй байсан. Сүүлийн гурван жилийнх шиг сайхан зун энэ нутагт 10 жилд нэг удаа тохиодог, ихэнхдээ гандуу байдаг болсон тухай нутгийн иргэд ярьдаг. Харин сүүлийн жилүүдэд өөр болжээ.
Энэ жил гэхэд л Дундговьд хамгийн сайхан зунтай газрын тоонд Өлзийт сум, тэндээс хамгийн сайн зуншлагатай нь Дэл Хөнжил болж байгаа гэсэн.
Уул овоо тахихаар их бага ямар нэг хэмжээгээр заавал бороо ордгийг хүн болгон мэддэг болсон. Цаг сайхан болох нь эсэх нь янз бүр. Гэхдээ овоо болгоныг тахихаар бороо орохгүй, мөн овоог ламын номоор, бөөгийн дуудлагаар, төрийн зарлигаар тахидаг гэх мэт олон юм бий.
Ганц нэг айл уламжлал ёсоор уул овоондоо хүндэтгэл үзүүлснийг эс тооцвол Дэл Хөнжилд сүүлийн гурван жилд тахилга болоогүй. Гэхдээ энд хамгийн сайхан зун болсоор л байгаа.
Энэ бол нутгийн уугуул зон олон төрөлх нутагтаа гүн хүндэтгэлтэй хандаж байгаагийн хариу юмдаа.

Дэл Хөнжилийн минь хишиг буян таныг ч гэсэн ивээх болтугай.
Бичээчийн Батмөнх.
2017-07-01

No comments:

Post a Comment