Tuesday, May 30, 2017

АНУЖИН ЧАДАЖ БАЙНА
Монголын телевизид ойрын жилүүдэд гараагүй сайн нэвтрүүлгийн санаачилсан, хийсэн, хөтөлсөн хүн бол Пүрэв-Очирын Анужин. Телевизийн мэргэжлийн биш, сэтгүүлч биш, урьд нь телевизд ажиллаж байгаагүй гэхэд Анужин чадсан, гайхалтай чадсан. Түүний эхлүүлсэн өөрийнх нь зохиогчийн эрхтэй "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг яг түүний анх тавьсан загвараар цаашид үргэлжилж байгаа юм билээ.
Тэр Монголын кино урлагт, монголын сэтгүүл зүйд онгорхой байсан баримтат кино хэмээх нэгэн том орон зайг нөхөхөөр эхэлжээ. Ялангуяа хөрөг чиглэлээр нь.
Бичээчийн Батмөнх.
2017-04-28

Анужин "Монгол тулгатны 100 эрхэм"-ээс дутахааргүй жин дарах нэгэн шинэ уран бүтээл санаачлан хийж эхэлжээ. 
Баримтат кино бол түүхийн маш чухал бүтээл. Монголд 1935 оноос эхэлж хөгжөөд 1990-ээд онд бараг зогссон. Энэ 60-аад жилийн хугацаанд 700 гаруй бүрэн хэмжээний баримтат кино хийгдсэн гэнэ. Одоо телевизүүдээр зарим нь гарч байгаа харагддаг.
Баримтат кино гадаад орнуудад өндөр хэмжээнд хөгжсөн байдаг. Youtube-руу Documentary films гээд ороход тэнд хэдэн зуугаар бий. Олон улсын баримтат киноны фестивалиуд олон газар болдог. "Заавал үзэх шилдэг 10 кино" гэх мэт төрөл бүрийн ангилал, загварууд улс төрчид, бизнесийнхэн, зарим онцгой мэргэжлийнхний дунд яригддаг. Манай томоохон бизнесменүүд зарим кинонуудыг хэрэг болгон монгол хэлэнд хөрвүүлж тодорхой хүрээнд үзүүлдэг юм билээ. Эдгээрээс зарим нь Youtube-д тавигдаж CD-гээр тараагдсан гэсэн.
"Нохойн орон"-ны хэмээх сэтгүүлч Доржхандын Төрмөнх Dorjkhand Turmunkh маань Женко Баттулга, З.Энхболд, Дорлигжав зэрэг хүмүүсийн тухай зузаан зузаан сайхан сайхан ном бичсэнийг бид мэднэ. Энэ их сайн хэрэг, ялангуяа улс төрчдөөс өөр чиглэлийн мундаг мундаг хүмүүсийг ингэж бичвэл бүүр ч сайн. Тэгвэл Анужингийн энэ бүтээл түүнээс дутахгүй том бүтээл. Монголын кино урлагийн түүхэнд төдийгүй монголын түүхэнд үлдэх дорвитой бүтээл. Баримтат кино бол түүхэнд үлддэг чухал материал. Ялангуяа тухайн хүний хөрөг кинонууд. Манайд "Сэмүүн"-ний Баяр Bayar Banzragch зэрэг ганц нэг уран бүтээлчдийг эс тооцвол баримтат киноны бүтээл гарахгүй шахуу байгаа. Сайн хөгжвөл манайд агуу хүмүүс ч их бий, дэлхийн чихийг дэлдийлгэхээр агуу сайхан сэдэв ч их бий.
1990-ээд он хүртэл Монголын баримтат киног Ц.Зандраа, Я.Хишигт, О.Уртнасан, Б.Сумхүү, Ц.Наваан гээд монголын кино урлагийн агуу том уран бүтээлчид авч явсныг бид мэднэ. Тэдний хийсэн бүтээл цагтаа Олон улсын олон уралдаан тэмцээнд дээгүүр байр эзэлж, зарим нь түрүүлж байсан.
Тэгвэл тэдгээр агуу уран бүтээлчдийн хийж бүтээж байсныг Анужин хэмээх шавилхан бүсгүй үргэлжлүүлэхээр зориг шулуудан "МонГал Товчоон" портрэментари төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Одоо түүнд хуримтлуулсан туршлага байна, олж авсан мэдлэг байна, зааж зөвлөх ахмадууд байна, тусалж дэмжих мэргэжлийн баг байна, урам хайрлаж дэм өгөх Монголчууд байна тэр чаднаа.Бүүр мундаг чадна, харж байгаарай. 
2017-05-25
ТӨРИЙН ШАГНАЛТ ДОЛГОРЫН НЯМААГИЙН
 НОМ ДАХИН ХЭВЛЭГДЛЭЭ
Дундговийн Өлзийт сумын харьяат Төрийн шагналт, СГЗ зохиолч яруу найрагч Д.Нямаагийн дурдатгалын "Тэнгэрийн хаяа" хэмээх гайхалтай номыг "Зохист дорно" хэвлэлийн газраас санаачлан дахин шинээр хэвлүүлжээ. 
Богино шүлгийн мастер хэмээн хүндлэгдэх болсон яруу найрагч Д.Нямаа өөрийн туурвисан бүтээлээрээ эмхэтгэн гаргасан 10 гаруй номны дотроос хамгийн их дуулиан шуугиан тарьсан нь энэ ном.
Бажуудайн Ганбат асан, зохиолч Г.Аким, Т.Баасансүрэн нарын хэд хэдэн зохиолч, судлаач нар хүмүүс энэ номыг жинхэнэ нүүдэлчин монгол хүний тэмдэглэл мөн гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Энэ номын талаар олон шүүмж, судалгааны материал гарсан.
20-р зууны нүүдэлчин монголчуудын бодит амьдрал ямар байсан, хэрхэн аж төрж байсан, хөдөөнийхөн ялангуяа аль ч улирал нь илүү хахир яхир байдаг говийнхон жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрнө гэдэг ямар сүрхий хүнд амьдрал болохыг маш тодорхой гаргасан гэж үздэг юм билээ.
Хөдөө байсан хэн ч танихгүй хүний бага эмч жижигхэн хүү Төрийн шагналтан, Соёлын гавьяат болтлоо алдар хүндийн оргилд хүсэн замналаа маш сонирхолтой хэлбэрээр бичсэн ном.
"Тэнгэрийн хаяа"-ны эхний хэвлэл нь зарагдаж дуусаад эрэл сурал ихтэй байсан тул Дарьганга нутгийн бүсгүй Төгсжаргал Zuuzuu Bek хэвлэх санаачлаг гаргаж уншигчдад болон өвгөн зохиолчид буян болсонд гүн талархал илэрхийлье.
Тэр зүгээрч нэг урьдах номыг нь хуулаад гаргасангүй зохиогчийн хамгийн шилдэг 100 гаруй шүлгийг уг номонд багтаасан нь улам уншууртай сонирхолтой болгожээ.
Монголын нэрт зураач Содномын Төгс-Оюун Tugsoyun Sodnom говь, тэмээ хоёрын тухай хамгийн сонирхолтой зургаараа энэ номыг чимэглэж өгсөн байна.
Нутгийн эрхэм хүүдээ гүн хүндэтгэлтэй ханддаг Дундговийн Өлзийт сумынханы айл бүрийн хойморт заларч байсан энэ ном одоо улам шинэчлэгдэн зураг, шүлэг, шинэлэг дизайн зэргээр өнгө, донж нэмэн гайхалтай сайхан хэвлэгджээ.
Ном дор мөргөмүү, Долгорын Нямаа найрагчийг хүндэтгэмүй.
Б.Батмөнх
20-р зууны нүүдэлчин монголчуудын бодит амьдрал ямар байсан, хэрхэн аж төрж байсан, хөдөөнийхөн ялангуяа аль ч улирал нь илүү хахир яхир байдаг говийнхон жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрнө гэдэг ямар сүрхий хүнд амьдрал болохыг маш тодорхой гаргасан гэж үздэг юм билээ.Хөдөө байсан хэн ч танихгүй хүний бага эмч жижигхэн хүү Төрийн шагналтан, Соёлын гавьяат болтлоо алдар хүндийн оргилд хүсэн замналаа маш сонирхолтой хэлбэрээр бичсэн ном."Тэнгэрийн хаяа"-ны эхний хэвлэл нь зарагдаж дуусаад эрэл сурал ихтэй байсан тул Дарьганга нутгийн бүсгүй Төгсжаргал Zuuzuu Bek хэвлэх санаачлаг гаргаж уншигчдад болон өвгөн зохиолчид буян болсонд гүн талархал илэрхийлье. Тэр зүгээрч нэг урьдах номыг нь хуулаад гаргасангүй зохиогчийн хамгийн шилдэг 100 гаруй шүлгийг уг номонд багтаасан нь улам уншууртай сонирхолтой болгожээ. Монголын нэрт зураач Содномын Төгс-Оюун Tugsoyun Sodnom говь, тэмээ хоёрын тухай хамгийн сонирхолтой зургаараа энэ номыг чимэглэж өгсөн байна. Нутгийн эрхэм хүүдээ гүн хүндэтгэлтэй ханддаг Дундговийн Өлзийт сумынханы айл бүрийн хойморт заларч байсан энэ ном одоо улам шинэчлэгдэн зураг, шүлэг, шинэлэг дизайн зэргээр өнгө, донж нэмэн гайхалтай сайхан хэвлэгджээ.Ном дор мөргөмүү, Долгорын Нямаа найрагчийг хүндэтгэмүй. Б.Батмөнх

ГОТОВЫН АКИМ: ДЭЛХИЙД ҮЛЭМЖ БИЕТ, ЭВЭРТ ХҮМҮҮС АМЬДАРЧ, ХАРЬ ГАРИГИЙНХАН ИРЖ БАЙСНЫГ ХАДНЫ ЗУРАГ ГЭРЧИЛНЭ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Хатагин Готовын Акимтай уулзаж хөөрөлдлөө.

-Таны “Тэнгэрээс залрагсдын “мөр”-ийг “Тэн-гэрийн хүүхдийн наадгай”-гаар мөшгөхүй” номын баяр сайхан болов оо?
-Монголын Үндэсний номын санд миний ийм нэртэй номын баяр боллоо. Өөр гарагийнхан Оор Монголд бууж байсан онцын зоригтой таамналууд багтсан монгол, англи хэлнээ гарч буй ном юм л даа.
-Таны эл номыг харж байхад хадны сүг зургийг нэлээд судалсны тань үр дүн, бодомж сэтгэлгээний бүтээл гэж хэлж болохоор болж. Хадны сүг зураг эртний хүмүүсийн бодол сэтгэлгээг хадгалсан код гэж зарим эрдэмтэд үздэг юм билээ?
-Би эрдэмтэн С.Дулам шиг айхтар онол, код энэ тэрийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хадны зураг гэдэг хуучин чулуун зэвсгийн үеэс эхтэй. Бид харин сүг зураг гэж буруу нэрлээд байгаа юм. Бид өвөг дээдсээ сүг сүүдэр гэдэггүйтэй адил хадны зургийг сүг гэж нэрлэх нь зохимжгүй юм. Хомосапиенс буюу ухаант хүн үүссэн цагаас хадан дээр зураг зурсан байна.
Дэлхийн эрдэмтэд хоёр зуун тавин мянгаас зуун мянган жилийн хавьд ухаант хүн төлөвшсөн гэж үздэг. Хүн мичнээс үүссэн гэдэг Ч.Дарвины хувьслын онолыг өнөөгийн эрдэмтэд догма буюу үхширмэл үзэл болсон гэж шүүмжлэх хэсэг хүмүүс байна. АНУ-ын Техасаас гурван хумст үлэг гүрвэлийн мөрийн дэргэдээс тэр үеийн хүний нүцгэн тавхайн мөр, Канадын Арктикт зуун сая жилийн өмнөх хүний гарын дардас олдсон нь үнэн бол Homo Sapiense гэдэг ухаант хүмүүн дөнгөж 250 мянган жилийн өмнө Homo Erectus-ээс үүссэн нь худал болж таарах гээд байна уу гэмээр. Миний энэ номонд тэнгэрээс, од гаригаас оюун ухаант хүн юм уу, ямар нэгэн амьтад ирж байжээ, тэрийг нь манай дэлхийнхэн ч юм уу, бидний өвөг дээдэс зураад үлдээчихжээ гэдэг таамаглалыг дэвшүүлсэн хэрэг.
-Та ямар их зоригтой таамаглал дэвшүүлж байх юм бэ?
-Дөрвөөс зургаан сая жилийн өмнө Зүүн Африкийн модон дотор бичнээс үүссэн Ustralopitihecines гэдэг хүн төрхтөн нь яван явсаар ухаант хүн болж улмаар 40 мянган жилийн тэртээ Сибирийн өмнө талд буюу өнөөгийн Төв Азийн өндөрлөгт ирсэн гэсэн онол нь шал худлаа болж таарах гээд байгаа нь 250 мянган жилийн өмнөх Cinan¬thropus буюу Бээжин хүний яс Бээжингийн ойролцоогоос олдсон, Ява арлаас 800 мянган жилийн тэртээх хүний гавлын яс олдсон зэргээр нотлогдох мэт. “Австралиас гадна Мексикт Homo sapiens 250 жилийн өмнө чулуун багаж зэвсгээ бариад ан хийж, аж ахуй эрхэлж байсан гэдгийн нотолгоо байж байх юм” гэж Стевен Стронг нар бичсэн. Мөн “1979 онд Зүүн Африкт Танзани улсын Латоли гэдэг газарт судлаачид галт уулын царцмаг дээр гарсан хүний хөлийн мөр олжээ. Мари Ликэу болон бусад хүмүүс өгүүлэхдээ, энэ мөр нь орчин үеийн хүний мөрөөс ялгагдахааргүй байлаа гэжээ. Тэдгээр эрдэмтдийнхээр бол энэ нь 3.6 сая жилийн өмнөх хүний өвөг дээдэс өнөөгийн хүнийхтэй яг адил хөлтэй байжээ гэсэн үг юм” гэж Мишэл Кремо бичжээ.
-Таны хийсэн хадны зургийн судалгаа ухаант хүн үүссэн цаг хугацаа, орон зайтай чухам ямар учир холбогдолтой болоод явчихав?
-Би дэлхийн мэргэдийн бичиж нийтлүүлсэн зүйлсийг өөрийн судалсан хадны зурагтай харьцуулж энэ номыг гаргасан юм. Сиэтл хотын сансрын “Блю Марбл” дээд сургуулийн одон орны бодис зүйч Димитр Атри газрын гүнд 2.8 км-т байсан савханцар нянг судлаад уг нян гэрэл, нүүрс төрөгч, хүчилтөрөгчийн аль алинаас тэжээл авдаггүй, харин цацраг идэвхт уран, торий, кали зэрэг элементээс гардаг эрчим хүчээр амьдардгийг тогтоосон байгаа юм. Энэ нь маш эрт балрын наана хэлэхэд 2.7 тэрбум жилийн настай байж магадгүй гэнэ. Уг нянг сансраас эх дэлхийд ирсэн, ионжуулсан цацраг туяаны хүчээр тэсэж үлдсэн “гийчин” гэж үзэж байгаа юм байна. Эрдэмтэд сансарт ийм нян амьдрах боломжтой эсэхийг судалсны эцэст сансрын туяа нь ионжуулсан цацраг туяаны эх ундарга байж болзошгүй гэж үзсэн байна. Ийм туяа нь том хэмжээний оддын дэлбэрэлтийн дараа үүсдэг байна. Уг нянг 2002 онд ӨАБНУ-ын алт олборлодог уурхайн гүнээс олж илрүүлсэн аж. Димитр Атригийн үзэж байгаагаар цацраг туяагаар хооллодог “харь гариг”-ийнхан дэлхийн гадаргууд хүрэх боломжтой тийм туяаны хүчээр тодорхой орон зайд амьдарч чадах гэнэ. Энэ мэдээлэл миний таамагласанчлан өөр гаригийнхан алт олборлохоор дэлхийд ирсэн, Улаан нүдэн гариг дэлбэрсэн, Хөхдэй мэргэний одны ордод том сүйрэл болсон зэрэгтэй холбогдоод байна уу даа гэж бодож байгаа.
-Монгол нутагт ухаант хүн хэдий үеэс амьдарч байсан бол?
-Хэнтий аймгийн Норовлин сумын Салхит гэдэг газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг бий. Түүнийг судлаачид одоогоос 600 мянган жилийн өмнө амьдарч байсан хомо эректусынх гэж тодорхойлсон. Хожим нь Францын анторополог, хүний гарал үүслээр мэргэшсэн судлаачид судалж үзээд эртний хомо сапиенсынх байна гэж тогтоосон гэж палеонтлогич Д.Түмэн үзсэн байдаг. 200-100 мянган жилийн өмнө Төв Азид, тэр тусмаа Монгол оронд хүн аж төрж байсан бол Дарвины онол одоогийн залуучуудын хэлээр “будаа болж” байгаа нь тэр. Хүн гэдэг амьтан Африкт үүсээд дэлхийгээр тарсан биш, Азид үүсээд дөрвөн зүгт дэлгэрсэн ч биш, Африкт үүсэх нь үүсээд, Европт үүсэх нь үүсэж, Азид үүсэх нь үүссэн гэдэг таамгийг би дэвшүүлж байгаа юм. Мичнээс хүн үүссэн гэдэг нь худал болох нь мичний хросом 48 байхад хүний хромсом 42 байдгаас харагдана. Монгол дахь археологийн дурсгалууд 300 мянган жилийн өмнөх юм бол хуучин чулууны үе гэдэг хамаагүй урагшлах учиртай. Гэтэл манайхан дөчхөн мянган жилд хамааруулдаг нь утга учиргүй.
-Таны номонд хадан дээрх нисдэг хүний зургуудыг харьцуулж. Энэ нь дэлхийд нисдэг хүмүүс ирж байж гэдгийн баталгаа болно гэж үү?
-2014 оны намар би хадан дээрх дальтай хүний зураг үзэхээр Архангай аймгийн Өлзийт сумын нутагт байх Янгирт гэдэг газарт зорьж очиж зургийг нь дарсан. Жигүүрт хүнийг эртний ацтекууд хадан дээр зосоор зурчихсан байхыг интернетээс би олж харсан. Үүнээс улбаалж хүн төрхтэй жигүүрт амьтад дэлхийд айлчилсан юм биш үү, өөрсдийн үзээгүй амьтныг харахдаа манай өвөг дээдэс хадан дээр тэдний дүрсийг зураглан үлдээсэн юм биш байгаа гэж бодож байгаа юм.
-Та бүр харь гаригийнхан дэлхийд ирснийг эртний хүмүүс хаднаа сийлсэн байна гэж барим тавим өгүүлээд байгаа нь сонирхолтой ёо?
-Өөр гаригийнхны тухайд манай түүхэн сурвалж бичгүүдэд ч дурдсан нь бий. “Монголын нууц товчоо”-нд гэхэд “Монголчуудын дээд өвгө Бөртэ чоно ч Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэж тов тодхон өгүүлсэн байгаа. “Их шар тууж”-д “Эндээс дөрвөн түмэн бээрийн дээр огторгуйд асар бат гэгээн хий дүгрэг зөвшөөрөг (нар зөв) эргэн буюу. Түүнд наран, саран одод шүтэж аюу. Тэдний дээр огторгуйд явагчийн тэнгэр нэр сууж...” гэсэн байдаг. Огторгуйд явагч тэнгэр нар гэж өөр гаригийнхныг барин тавин хэлжээ гэхэд төөрөлдсөн хэрэг болохгүй болов уу. Ханбогдын Зүүн хатавч хэмээх цохионд 2013 оны өвөл алдарт Оюу толгойн ордыг нээсэн зартай геологич Гарамжав бид хоёр очлоо. Цохионы урд талд сансрын хуяг скафандртай юм уу гэмээр хүний зураг байх юм. Тэр хүн дуулгатай юм шиг мөртлөө өдгөө АНУ зэрэг оронд өөр гаригийнхныг дүрсэлж байгаатай ижлэвтэр толгойтой өөр нэг амьтантай уяагаар холбогдсон мэт байх юм. Мөн манай Цэвээндорж, Баттулга нарын мэргэдийн “багтай хүн” гэж таамагладаг хүн ч байж байна. Тэр хүнийг орой дээрээ долгион баригчтайгаар данхар толгой, чамархайгаа хүрсэн хөмсөгтэй, том нүдтэй, загзгар биетэйгээр дүрсэлж. Биеийн байдлыг харахад мөн л сансрын хуягтай байж магадгүй. Түүний хажууд дуулганы шил хийгээд хүний нүд гэмээр дөрвөн нүдтэй хүний толгой байх аж. Энэ хоёр хүний дээхэнтэй дээр дороосоо гэрэл цацарсан байдалтай дээрээ тавцан маягийн юмтай нисдэг таваг зурчихсан байх юм. Энэ хаанахын хэн гэгч вэ. Энэ бүхэн л намайг “Дэлхийд эрт дээр үед нисдэг хүмүүс ирж байж” гэж таамаглал дэвшүүлэхэд хүргээд байгаа юм.
-Тэнгэрээс ирэгсэд тэгээд эртний хүмүүсийн уран бүтээлд амилан хаднаа үлдэж гэх гээд байна аа даа?
-Манай их зохиолч Д.Нацагдорж “Од” шүлэгтээ “Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном” гэж зөнтэйгөөр бичсэн байдаг. Оросын “РЕН” телевизээр Америкийн Ерөнхийлөгч Эйзенхаур Америкийн цэргийн N баазад тэнгэрээс ирэгсэдтэй хэлэлцээр хийжээ гэсэн мэдээг цацав. Энэ бол тун ноцтой мэдээ байсан. Худлаа бол америкчууд “Ийм тийм юм болоогүй” гээд уг мэдээг няцааж байх учиртай. Гэтэл тэгээгүй. Тэгэхээр цаанаа учиртай л зүйл байсан байх.
-Эвэртэй хүний гавлын яс хүртэл олдсон тохиолдол байдаг гэв үү?
-Эвэртэй хүний зураг хадан дээр элбэг үлдэж. Ханбогдын Жавхлант, Шийр, Далайн дуулгын Хөх үзүүр, Зүүн хатавч зэрэг газрын хаданд тийм зургууд нэлээд хэд таарсан. 1835 онд дэлхийн археологийн түүхнээ хүний нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн нэгэн нээлт гарсан. Манай говьд малтлага хийсэн Бельгийн эрдэмтэн Фридрих Мейснер хүний эвэртэй хохимой толгой олж. Археологич эхлээд хүний гавлын ясанд эвэр суулгасан байх гэж бодож л дээ. Тэгэх нь ээ, эвэр гавлаас нь ургасан байж.
Мөн 1880-аад онд Английн Бредфорд гүнлэг дэх нэгэн хиргэсүүрээс хүний эвэртэй гавлын яс хэд хэд гарсан байна. Хөмсөгний нь төвгөр яснаас дээш хоёр ямхын орчимд ургасан эврээс өөр гажиг эдгээр хүмүүсийн араг ясанд байсангүй. Эдгээр нь хэдий үеийн хүмүүсийн яс вэ гэсэн асуултад “Эртний” гэсэн ганц үгээр бөөрөнхийлж орхисон байдаг.
-Энэ тухай гадны эрдэмтэд юу гэж үздэг юм бол?
-Австралид харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай эрдэмтдийн бичсэнийг би уншиж байсан. Тэрэн шиг манай говьд тийм нэг хөлөг сүйрээд түүнд явсан одны хүний яс олдсон нь тэр эвэртэй хүний гавлын яс юм болов уу гэж бодох үе бий. Алдарт жанжин Македоны Александрыг монголчууд андахгүй байх. Түүнийг эртний монголчууд Сулхарнай буюу хоёр эвэрт гэдэг байлаа. Яагаад хоёр эвэрт гэв ээ. Александр толгойдоо төрөлхийн эвэртэй байжээ. Чингээд үсчнээр үсээ засуулаад, эврийг нь үзсэн тэр үсчнийг цаазаар авч байсан гэнэ. 2016 оны хавар Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг Өвгөн Хонгоржийн дүгнэгэр ууланд Боловсролын их сургуулийн захирал, профессор Мөнхжаргал, археологич Эрдэнэбаатар бид гурав үйлтэй хадны зургаа авч явтал эвэрт хүний зураг үзээд хөл газар хүрэхгүй баярласан.
Нөгөө манай говиос олдсон эвэрт хүний толгой л шууд санаанд бууж байгаа юм. Дундговь аймгийн Дэл уулын Баруун билүүний хойт үзүүрт гурван эвэрт хүн байна гээч. Оросын археологич Э.А.Новогородова “Шивирийн Лена мөрөн, Байгаль далайн хадны зургуудад “хоёр эвэртэй” хүн төрхтний дүрс элбэг байдаг, Ангарт гараа өргөсөн, “гурван эвэрт”-ийн дүрс дайралддаг” гээд эдгээрийг “сансрын утга бүхий” гэж нэрлэсэн нь учиртай. Америкт Ацтек нар эвэрт хүнийг зосоор зуран үлдээсэн байх юм. Зургаан метр өндөр үлэмж биетний араг яс олдсоныг эрдэмтэд хараахан нууцыг нь тайлж чадаагүй л байна. Гайхалтай яа. Энэ мэт олон сонирхолтой зүйл хадны зургийг тайлан уншиж олж харах боломжтой байгаа юм.
-Мөн ч сонирхолтой ном болжээ?
-Энэ номыг маань академич Д.Цэрэнсодном ариутган шүүж, өмнөтгөл бичсэн. Англи хэлнээ орчуулагч Г.Дэлгэрмаа орчууллаа. Номоо “Одот тэнгэр оорцог хадан дээр”, “Огторгуй дахь хуйлрал оршуулгын хөшөөн дээр”, “Хариас ирэгсдийн хөлөг ханан хадан дээр”, “Тэнгэрээс ирэгсэд тэрэм хадан дээр”, “Жигүүрт хүн цохио чулуун дээр”, “Эвэрт хүн элгэн хадан дээр”, “Сүүлт хүн чулуун дээр”, “Үлэмж биет үхэр чулуун дээр” гэх мэт нэлээд хэдэн бүлэгт хувааж орууллаа. Ном зүй л гэхэд монгол, англи, орос хэлээр гарсан дөчөөд номыг жагсаалтаар орууллаа. Сая номын баяраа хийхдээ зарим номоор нь үзэсгэлэн гаргасан. Юм баримттай байх нь дээр биз дээ
.
ДУНДГОВЬ АЙМАГ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
/Аялал жуулчлалын үзэсгэлэнгээс төрсөн сэтгэгдэл/
"Ай Ти Эм Монголиа-2017" Монголын аялал жуулчлалын үзэсгэлэн болж өнгөрлөө. Үзэсгэлэнд улсын хэмжээний ихэнх тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 200 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцсон нүсэр том үзэсгэлэн байлаа.
Энэ үзэсгэлэнд манай Дундговь аймгаас найман жуулчны бааз, нэг гест хаус, Аймгийн музейтэйгээ хамт ирж оролцов. 
Би Дэл уулын хадны зураг, Дэл Хөнжил хэмээх нутгийн хүн зон болон соёлын тухай сонирхдог, тэдгээрийг аялал жуулчлалын эргэлтэд оруулах юмсан гэж мөрөөдөж явдгийн хувьд энэ үзэсгэлэн дээгүүр жил бүр эргэлддэг юм. Энэ жил бас л жаахан эргэлдэж Дундговийн “хэд” дээгүүрээ очиж жаахан “буу халав”.
Аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн нь байгалийн үзэсгэлэнт газраас ард түмний дунд байдаг биет ба биет бус өв, түүх соёлын дурсгалт газар байдаг тул соёлын аялал жуулчлал гэсэн шинэ чиглэл манай аймагт хөгжих бүрэн боломжтой. Дуу хуурын өлгий гэдгээ бренд болгосон манай нутгаар дүүрэн соёлын биет ба биет бус өв, өв тээгчид, элдэв сонирхолтой ардын уламжлалт ёс заншил, соёл ахуйн зан үйл байгааг ашиглаж менежмент хийвэл аялал жуулчлал хөгжих боломж их байх шиг харагддаг. Тухайлбал Монголд байтугай дэлхийд байхгүй хүрэл зэвсгийн цуглуулга ганцхан Дундговьд байдаг хэмээн зарим судлаачид үздэг юм билээ. Соёлын аялал жуулчлал хүчтэй яригдах болсон үед үүнийг боломж болгон ашиглаж болох юм.
/Үргэлжлэл бий/
Бичээчийн Батмөнх
2017-04-03

Дундговьд аялал жуулчлал бусдын жишгээр л хөгжиж байгаа юм байна. Нүсэр бүрэлдэхүүнтэй өндөр зохион байгуулалттай ирсэн зарим аймгуудын хажууд манай аймаг боломжоороо л орждээ гэж бодогдсон. Аймгийн хэмжээний 10 гаруй жуулчны баазын 80 хувь нь орсон гэдэг боломжийн үзүүлэлт байх. Тэд их зүйл үзэж, олон компанитай гэрээ хийж, олон хүнтэй уулзаж байна билээ.
Энэ үзэсгэлэнгийн энэ жилийн түнш аймаг болох Ховдынхон олон талаараа "Ай Ти Эм Монголиа-2017"-г доргиож чадаж байнлээ. Дараа жил Дундговь аймаг түнш байгууллагаар оролцох юм гэсэн. Аймгийн удирдлага болоод холбогдох байгууллагууд одооноос анхаарах хэрэгтэй юм билээдээ.
Үзэсгэлэнд Дундговиос ирсэн жуулчны баазын зарим эзэдийн ярианаас сонирхуулахад гадаад дотоодын жуулчид үзмээр юм манай аймгийн нутгаар дүүрэн байхад аялал жуулчлалын нүүр тахалж байгаа жуулчны баазын тоо огт өсөхгүй байгааг аймгийн удирдлага онцлон анхаараасай, аялал жуулчлалаа үлгэр жишээ хөгжүүлж буй бусад аймгийн туршлагыг судлаасай, жуулчны баазуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болоосой /үйл ажиллагаа нь улирлын чанартай тул зээл олдоггүй юм байна/, Хамрын хийд, Өмнөговь, Өвөрхангай гээд гадаад дотоодын жуулчдын их урсгал манай аймгийн нутгийн хажуухан талаар зарим нь яг дундуур нь дайрч өнгөрдөг, манай аймаг хотоос харьцангуй ойрхон зэрэг олон давуу талаа ашиглаж аялал жуулчлалаа үлгэр жишээ хөгжүүлээсэй гэх мэт олон санаа хэлж байв. 
Миний мэдэх зөвхөн Өлзийт суманд гэхэд гадаадын биш юмаа гэхэд дотоодын жуулчид татах байгалийн болон түүхийн "үнэт үзвэр" өчнөөн боломж харагддаг. Мэргэжлийн биш миний нүд буруу ч харж байж магадгүй. Тухайлбал нэгэн цагт дэлхийг сүлжиж байсан торгоны замын торгон салаа уулзвар болох Сайр усны /Талын ус/ туурь дурсгалт газрууд, монголд хоёрхон байдаг элсний сувилал ажилладаг, монгол дахь элсний тогтоцоороо эхний тавд ордог алдарт Өөш манханы элс, маш өндөр алтан ганжир нь Шанхайн хэцэд тэр чигээрээ харагдаж тэр энергээрээ Говь Шанхын хурдан морины угшил гарсан хэмээх домогтой Хөнжил уулын Далайн хийдийн туурь, ойр орчинд нь төрж өссөн болон хийдэд нь сууж байсан хүмүүсээс олон гавьяат цолтон төрсөн гайхалтай энергитэй гэгддэг Дэл уулын Баруун билүүний хийдийн туурь болон Хонгор хайрхан уул, сүүлийн үед эрдэмтдийн анхаарал татаад байгаа Дэл уулан дахь хэдэн мянгаар тоологдох хадны зураг, Дундговь аймаг анх байгуулагдсан газар, Өлзийт Буянт-Овоо сумууд суурьшиж байсан 10 гаруй газар, хэд хэдэн кг-аараа бөөн бөөн алт олдсон газрууд, 2016 онд хэдэн зуун сая төгрөгний үнэтэй ёншгойт мөнгө олддсон жалга, нэгэн цагт гадаад, дотоодын явуулын худалдаачид бараа сайн борлогддог, мөнгө сайн олдог эерэг энергитэй газар хэмээн заавал хоноглож өнгөрдөг байсан Булаг Хөөвөр орчимын өвөрмөц хоёр хүрээ, дундуур нь хүн явах боломжгүй сонин тогтоцтой алдарт Морин толгойн цав, хуучин Буянт сумын нутаг дахь өвөрмөц тогтоцтой, түүхийн дурсгалт газрууд гээд хүний сонирхол татах газрууд өчнөөн байдаг. Би энд сумынхаа зөвхөн байгалийн болон түүхийн ганц нэг зүйлийг дурдав. Цаана нь өчнөөн юм байгаа. 
ГОВИЙНХОН УУЖУУ ТАЙВАН ГЭЖ ЁСТОЙ ҮНЭН ЮМ БАЙНА
Дундговь аймгийн төв Мандалговь хотод очсон манай хүү Золбадрал Zolbadral Batmunkh ингэнээ: -Энд яарч яваа хүн ганц ч алга, машинууд нь тээр холоос зам тавьж өгөх гээд хүлээгээд зогсчих юм, тийм орчинд очихоор яарч явсан би ч гэсэн нээх тайван болоод хөдөлгөөн удаашираад тэдний темпэнд орчихсон ккк, говийн хүмүүс амгалан тайван гэж үнэн ёстой юм байна.
ШАВИЛХАН МОНГОЛ БҮСГҮЙ Б.ГАНГААМАА ДЭЛХИЙН Долоон НОЁН ОРГИЛД ГАРЧЭЭ.
Дэлхийн дээвэр Эверстийн оргил үүлнээс тээр дээш байдаг юм байна.
Монголын хамгийн өндөр оргил далайн түвшинээс дээш 4000м гаруй өндөр, харин Эверест түүнээс хоёр дахин өндөр гэнэ.
Эверест нь Богд уулыг гурав давхарлаад тавьчихсан мэт өндөр юм байна.
Хөдөлмөрийн баатар гэж нэг цол байдаг билүү?
Д.Гангаамаагийн амжилт:
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
-2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884 м)
-2016 нд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/
ЭР ХҮН БА МӨНГӨ
Хуучин цагт Монгол эр хүн бүр байнга аяга, хутга хоёртой явдаг байсан нь гангараа биш хэрэгцээ байсан. 
Одоо цагт эрчүүд байнга мөнгөтэй /бэлэн/ явж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд ч ялгаагүй. 
Хүн ер нь ямар нэг түрийвчтэй, түрийвчиндээ заавал ойрын хэрэгцээний мөнгөтэй байх нь гангараа биш хэрэгцээ.
/Нанчид хэтрүүлснээс гэргийдээ хамаг юмаа хураалгасан эр өглөө үйлчилгээний газар орж ирснээс үүдэн бичив/ 
Бичээч Батмөнх
ДЭЛ УУЛАНД ЭРИЙН ГУРВАН НААДАМ ҮҮССЭН ГЭЖ НЭГЭН СУДЛААЧ ЯРЬСАН ГЭНЭ.
Хавар хурдан морь уралдуулах зөв буруу тухай яриа өрнөж байх зуур нэгэн сонирхолтой мэдээ сонсов.
Дундговь аймгийн Дэл уулын хадны зургийн судалгаанаас үзэхэд Эрийн гурван наадам ялангуяа Монгол бөх энэ нутагт анх бий болсон байж болох нигууртай хэмээн нэгэн эрдэмтэн юмуу судлаач хүн хэд хоногийн өмнө телевизээр их тодорхой баримттайгаар ярьсан тухай Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас нэгэн танил маань сая хэрэг болгож надруу утас цохив.
Үүнийг үзсэн харсан хүн байвал надад мэдээлэл өгч туслана уу.
 Ер нь бол Дэл уулын хадны зурган дунд бөх барилдаж буй болон хурдан морины уралдааны хэд хэдэн тодорхой дүрс байдаг. Эдгээр зургийг хэсэгчлэн авч судалгааны эргэлтэнд оруулах хэрэгтэйг хэд хэдэн эрдэмтэд хэлж байсан юм.
Хэн судлаж эхэлснийг мэдмээр байна.
Нэвтрүүлгийг үзсэн хүн хэлж туслана уу.
Бичээчийн Батмөнх
2017-03-06


ОДОНГОО ЗҮҮЦГЭЭ ЭХЧҮҮДЭЭ
Цагаан сараар "Алдарт эх"-ийн одонгоо зүүцгээ эхчүүдээ.
Хүмүүсийн энгэрт байгаа одонгуудаас хамгийн их хайр хүргэдэг одон бол "Алдарт эх"-ийн одон.
Хууучин 8, одоо 6 хүүхэд төрүүлсэн эх НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН, хуучин 5, одоо 4 хүүхэд төрүүлсэн бол ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОН зүүдэг.
Энэ хоёр одонг хоёуланг зүүсэн алдарт эх хүн бол юун Хөдөлмөрийн баатар, юун Ардын жүжигчин.
Нэгийг зүүсэн эх бол юун Гавьяат, юун Сүхбаатарын одон.
Ганц тооцоо гаргая.
8 хүүхэд төрүүлсэн эмэгтэй бүтэн 6 жил хэвлийдээ хүн тээж явдаг. /8хүүхэд*9сар=72сар буюу 6 жил/
Наймын найман хүнийг 6 жил тээж гаргаад, 3 нас хүртэл хүүхдээ хөхүүлнэ гэвэл 24 жил хүүхэд хөхүүлнэ.
6 жил дээр 24 жилийг нэмээд 30 жил 8 хүүхэд нь эхийгээ гадна болоод дотороос нь хөхдөг.
Хоёрхон жишээ тоогоор гаргахад ийм.
Найман хүүхэд өсгөхөд цаана нь өчнөөн ажил байгааг тооцоод үзвэл мундаг мундаг тоо гарна.
Иймээс алдарт эхийн одонтой эхчүүд энэ ертөнцийн агуу хүмүүс. Одонгүй байсан ч хүүхэд төрүүлсэн эх хүн болгон агуу хүмүүс.
ХҮСЭЛТ:
Цагаан сараар одонгоо зүүцгээ ээжүүдээ. Та агуу харагдана.
Цагаан сараар ээжийнхээ одонг зүүлгэцгээ хүүхдүүд нь. Ээж чинь агуу харагдана.
Одонтой эхчүүдийг харсан хүн бүр хүндэлдэг.
Одонтой эхчүүд онцгой гоё харагддаг.
Бас нэг хүсэлт: Одон зүүтлээ хүүхэд гаргацгаа залуу эхчүүдээ, эх болох бүсгүйчүүдээ.
Бичээчийн Батмөнх.
ӨНӨӨДӨР ГАВЬЯАТ АВСАН ӨВӨРМӨЦ ГАВЬЯАТАЙ ХҮН
Энэ хүн бол Намсрайн Ганхуяг. "Инээмсэглэл"-ийн Ганхуяг. Цогзолмаа гуайн хүүн, Сувдын дүү.
Намсрайнх гэдэг айлаас төрсөн 4 дахь гавъяат цолтон.
Ингэснээр эднийх 3 төрийн шагналт, 4 гавьяат, 2 ардын жүжигчин, 1 хөдөлмөрийн баатартай гэр бүл болж байна.
Ганхуягийн гавьяат цол Монголд нэг гаьяатан нэмэгдсэн төдийгүй гэр бүлдээ онцгой гавьяатан болов бололтой.
Монголын үлгэр жишээ сайхан гэр бүл.
Би энэ айлын тухай өнгөрсөн жилд ийм пост хийж байв.
Б.Батмөнх.
2017-02-24
ДЭЛ УУЛАНД ОЧСОН ЭРДЭМТЭН АКАДЕМИЧ БОЛОВ.
ШУА-аас хоёр жил тутам зохион байгуулдаг академичийн сонгуульд энэ онд 11 эрдэмтэн нэр дэвшснээс Д.Цэвээндорж, А.Бакей, Д.Сангаа нар сонгогдсон байна.
Түүх, Археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, доктор профессор Д.Цэвээндорж нь 1966-1972 онд ШУА-иас М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд археологич мэргэжлээр суралцаж, төгссөнөөс хойш ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Түүх, Археологийн хүрээлэнд тасралтгүй 45 жил мэргэжлээрээ ажиллажээ.
Д.Цэвээндорж гуай "Сэмүүн" студийн хийж буй "Дэл Хөнжилийн эрдэнэс" хэмээх Дэл уулын хадны зургийн тухай баримтат кинонд зөвлөхөөр ажиллан 2016 онд Дэл ууланд очсон юм.
Бичээчийн Батмөнх.
2017-02-24
"АЛТАНГАДАС"ТАНГУУД
Өнгөрсөн жил манай нутгийн Дэл уулаар явж хадны зургийн галарейн музей үзэн хийморио сэргээсэн "Болор цом"-ын эзэн залуу яруу найрагч Арцын Улаанхадын Норовын Гантулга, Олдохын талын Пэрэнлэйн Нямлхагва нар маань өнөөдөр АЛТАН ГАДАС одон хүртсэн байна баяр хүргэж амжилт хүсье дүү нарт.
ШАГНАЛ ХҮНЭЭ ОЛЖЭЭ
Монголын зохиолчдын сонгодог жишээ Монголын төлөө оюунаа нэрж яваа Лхагвасүрэн гуай, 
Монголд малчин хүн ямар байхын болон хөдөөний ухаалаг цөлх хөх өвөгчүүлийн сонгодог загвар болсон алдарт малчин Сампил гуай, 
Монгол хүн урлагийн төлөө зүрх сэтгэлээрээ яаж зүтгэдгийн сонгодог жишээ Монголын рок попын загалмайлсан эцэг гэгдэх Ухнаа гуай, 
Монгол хүн хувийн хэвшилд юу хийж болдгийн сонгодог жишээ Гацууртын Чинбат, 
Хэлж ирдэггүй хийсч ирдэг хордлогоос олон зуун хүний амь аварсан алдарт эмч "хордлогын" Юндэн,
Дэглэсэн бүжиг нь Монголын өнөөдрийн бүжгийн урлагт яах аргагүй сонгодог загвар нь болж чадсан, алдарт Сэвжидээс хойш төрөөгүй бүжиг дэглээч хэмээн урлагийнханд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөгдсөн бүжиг дэглээч, хөөмийч, бүжигчин Даваасүрэнгийн Баярбаатар,
Монголын телевизийн салбарт шууд ярилцлагыг хэрхэн хийдгийн сонгодог жишээ болж буй сэтгүүлч Мөнхтөр,
Идэрхэн хэдэн залуу жүжигчид дундаа оргил нь болж од мэт гялалзаж яваа жүжигчин Золбоот нар төрийн хишиг хүртлээ.
Өнөөдөр энэ сайхан хүмүүсийг будаг нь ханхалсан одон тэмдэгээ дөнгөж зүүгээд гарч ирэхэд нь заримд баяр хүргэж, заримынх нь зургийг авч, заримынх нь салхин доогуур гарах завшаан тохиов.
Хойтон жил би сайн явахнээ.
Үүнийг уншсан та ч гэсэн сайн явахнээ.
Бичээчийн Батмөнх.

2017-02-24

Monday, May 29, 2017

ТҮВДЭНГИЙН БОРЫГ НӨХДИЙНХ НЬ ХАМТ ХОРООХОД НЭГ НЬ АМЬД ҮЛДСЭН 


“Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу” нийтлэл “Өдрийн сонин”-д гарсныг уншаад Н.Банди гуай бидэнд хандсан юм. Тэр үеийн үйл явдлын гэрч болох хүмүүстэй уулзаж явсны хувьд Улсын баатар Т.Борын талаар сонсч дуулснаа Н.Банди гуай бидэнтэй хуваалцлаа. Хустайн цогцолборт газар төвийн захирал байсан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та Т.Борын тухай юу ярих гээд биднийг зориод ирэв ээ?
-Би Өмнөговийн Ханбогд гээд Цогтцэций сумын залгаа сумын хүн л дээ. Цэрэгт байхдаа Түвдэнгийн Борыг хорооход оролцсон хүнтэй уулзаж явсан юм. Тэгээд л танай сонинд Түвдэнгийн Борын тухай нийтлэл гарахаар олзуурхаад хүрээд ирлээ.
-Тэр хүмүүс нь одоо байдаг уу?
-Байхгүй болсоон. Т.Борын амь үрэгдсэн талаар барин тавим мэдэх хүмүүстэй тавь гаруй жилийн өмнө уулзаж, асууж, шалгааж явсан болохоор чиний бичсэнийг би сониноос уншаад энэ талаар хүмүүст ойлгуулах нь зөв болов уу гэж бодоод хүрээд ирлээ. Би 1960-аад оны сүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд цэргийн алба хааж байхдаа Т.Бор болон түүний нөхдийг егүүтгэхэд оролцсон нэгэнтэй уулзаж, чухам юу болсныг яриулсан юм. Тэр хүнийг Пагамын Гөлөгөө гэдэг байсан. Намайг уулзах үед тэр хүн Цогтцэций сумын Билгэх бригадад хоньчин байсан. Гөлөгөө гэдэг хүн Түвдэнгийн Борыг алахад оролцсон Лувсандорж гэдэг хүний төрсөн дүү.
-Тэр хүн энэ тухайгаа танд бүгдийг ярьсан хэрэг үү?
-Тэгсэн юм аа. 1932 оны хавар тэднийх Заарагийн уснаас баруун өмнө гурван гэрээр хаваржиж байжээ. Тэгэхэд Гөлөгөө хэдий 22 нас хүрсэн том эр ч гэрийнхнийхээ үгнээс гардаггүй, адуунаасаа унаагаа солиод уначих мэдэлгүй, бүрэг ноомой нэгэн байж. Тэр нэг өдөр Гөлөгөө хоньтойгоо хамт хээлтэй үнээгээ хариулаад гэрээсээ холгүйхэн явж байтал хургалсан хоньд нь төлдөө тэмүүлж, гэр рүүгээ явах гээд нар баруунаа ташсан ч хонио хотлуулах болоогүй болохоор хониныхоо өмнө гарч арайхийн тогтоож байтал тэднийхээс нэг бараан морьтой хүн Заарагийн усыг чиглэн хар хурдаараа давхиж, хойноос нь хоёр гурван морьтой хүн хар хурдаараа элдэж харагдсан гэдэг. Түрүүчийн хүн Заарагийн усны хонхор руу далдарч, түр азнаснаа хэдүүл болон гарч ирэн араас нь хөөж яваа улсуудыг тосч очсон гэдэг. Тэр бүхнийг харж зогссон Гөлөгөө захалсан хонинуудаа эргүүлчихээд довон дээр гарч хартал нөгөө хүмүүс бүгд мориноосоо буучихсан харагдаж. Тэднээс нэг хүн мориндоо мордон Гөлөгөө рүү ирсэн нь түүний ах Лувсандорж байсан юм билээ.
-Та тэртээ тавиад жилийн өмнө сонссон зүйлсийг яасан тод санаж байх юм.
-Өө, элдэвт дуртай хүн шүү дээ. Би ер нь бага залуудаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан юм. Сонин содон түүх, адармаатай сонирхолтой зүйлийг их сонирхож, хүн хартай уулзан, бичиж тэмдэглэж явдаг. Тэгээд ч тэр яриа миний сонирхлыг ихэд татсан болохоор санаанаас огт гардаггүй юм. Мөн Гөлөгөөгийн хувьд ч тэр хэзээ ч санаанаас нь гараагүй үйл явдал болохоор та нарын хэлдгээр надад өнгөтөөр нь ярьж өгсөн хэрэг шүү дээ.
-За хоёул түрүүчийн яриа руу оръё. Ах нь ирээд юу болсон бэ?
-Ах нь Гөлөгөөд “Чи наад хонь, үхрээ орхи. Өөрсдөө гаднаа очно биз. Чи надтай хамт яв” гэж хэлж. Өнөөх залуу яахав дээ. Ахынхаа үгнээс зөрөх биш, араас нь давхиж. Нөгөө хүмүүс ч тэр хоёртой зэрэг шахуу тэдний гэрийн гадаа ирэв. Очиход нь хэсэг хүн хүлээстэй байсны дотор цэнхэр дээлтэй, дунд зэргийн нуруутай, хорь орчим насны шавилхан бүсгүй байж. Гэрээс хоёр хүн гарч ирснийг тэд хамжин барьж хүлжээ. Гэрт ортол Гөлөгөөгийн таних, тэдний нутгийн ногооны Сандаг, бартаг Лут, их толгой Лувсандорж гурав хүлээтэй байсныг суллажээ. Ингээд нар жаргахаас өмнө тэд Лүнгийн хийд рүү явсан байгаа юм. Ах нь мөн л дүүгээ хамт яв гэж. Шөнө Лүнгийн хийд дээр очиж, хүлээтэй хүмүүс буюу Түвдэнгийн Бор тэргүүтэй хүмүүсийг нэг муу шавар тагзанд хорьж л дээ. Гөлөгөө юу болж байгааг нарийн ойлгоогүй гэсэн. Ахаасаа асуухаас айж чимээгүй л дагаад явж. Энэ хүмүүсийг яагаад хүлж байгаа юм бол гэж бодон жасын гэрт орж унтахаар хэвттэл Сэрээ тайжийн жонгиносон дуу хадаж, хэн нэгнийг зодож занчиж байгаа чимээ гарч. Өдөр нь Сэрээ тайж өнөөх цэнхэр дээлтэй бүсгүйг “Улааны муу өлөгчин чи хаачиж яваа вэ. Биднийг барих гэж яваа юу. Аз чинь дутаж дээ. Хойд насандаа бариарай гэж хорсон хэлэхэд бүсгүй “Тийм ээ, бид эсэргүү та нарыг барих гэж явсан” гэж хачин тайвнаар хэлж байсан аж. Гөлөгөө тэр үед Сэрээ тайжийг яагаад эсэргүү гэж байгаа юм бол. Энэ танихгүй хүмүүс юун хүмүүс юм бол гэж гайхширсаар нам унтчихсан гэдэг. Өглөө ах нь сэрээгээд “Морьд бариад ир” гэж. Холдоогүй хоносон чөдөртэй морьдоо бариад ирэхэд нь өнөөх хүлээстэй хүмүүсийг шавар тагзнаас гаргаж байжээ. Үдэш таван хүн байсан өглөө зургаан хүн болчихож. Бүгдийнх нь нүүр ам булуу болтол хавдаж, цус нөж наалдаад хатчихсан байв. Өнөө хэдийг зайдан моринд мордуулж, хөлийг нь доогуур нь холбон уяж, хүлээг нь тайлаад дээлийнх нь ханцуйгаар унийн мод оруулан тэлж, цааш авч яван Тугийн цохионы зүүхэн талын жалганд ирж, мориноосоо бууцгаан, нөгөө авч явсан хүмүүсээ мориноос буулган, дахин хүлж, чирч гулдран аваад явав.
-Өнөөх Т.Бор нарын хэдэн залуусыг тэр цохион дээрээс түлхэж алсан гэдэг байх аа...
-Аан тийм, тэр цохио мөн, мөн. Сэрээ тайж Гөлөгөөг “Морьд харж бай” гэж. Нэлээд удаж байтал буун дуу гарсан гэдэг.
-Нөгөө хэдийг буудчихсан хэрэг үү?
-Гөлөгөөгийн ярьснаар эсэргүү гэгдэх өөрийнх нь ах болон хамт явсан хүмүүс буцаж ирэхэд хүлээстэй байсан хэдэн нөхдөөс хэн ч байгаагүй гэдэг. Их толгой Лувсандорж нь “Яасан адтай өлөгчин бэ” гэсээр ирэхэд нь Сэрээ тайж “Тэр сүрхий залуучуудын эвлэл гэдэг нь одоо үхсэн хүүрийг нь босгоод ирэхийг харах юмсан” гэж ярилцаж байсан гэх юм билээ. Ингээд Гөлөгөө гэртээ ирэхэд гэрт байсан эмэгтэйчүүд “Юу болов“ гэлцэн асуухад “Бүгдийг нь алчих шиг боллоо” гэж л дээ. Хүүхнүүд "Бурхан гончигсум минь" гэлцээд зул өргөн залбирцгааж.
-Танд ярьсан тэр Гөлөгөө гэдэг хүн жаахан давс хужир нэмж ярьсан юм биш биз дээ. Яг л кино шиг яриад байх чинь....
-Би чамд ярьсныг нь л дамжуулж байгаа. Тэр үед тийм л юм болж.
-За тэгээд цааш нь юу болсон юм?
-Хэд хоногийн дараа ах Лувсандорж нь давхиж ирээд “Одоо хоёулаа явахгүй бол болохгүй. Хонь малаа орхи” гээд ойрхон байсан адуунаасаа урьд нь огт унуулдаггүй хоёр сайхан морь барьж өгчээ. Хаашаа явж байгааг ч мэдэлгүй ахыгаа дагаад Гөлөгөө явж. Замд нь тэдэнтэй ногооны Сандаг, үеийнх нь залуу Гомбодорж хоёр нийлжээ. Тэд өдөр нь ууланд бүгж, шөнөөр явдаг байв. Гөлөгөө бол эхэндээ хаашаа явааг ч мэдээгүй гэдэг. Гэтэл хил давахаар явж байж л дээ. Үүнийг мэдээд нөгөө Гомбодорж хэмээх үеийн залуутайгаа ярилцан “Хоёул сэмхэн буцъя” гэлцэн зугтах гэж яваад нөгөө хэддээ буцаад баригдчихаж. Ингээд гурав дахь хоногтоо тэд хил давсан байдаг. Хоёр залууг зугтаж магадгүй гээд морийг нь цулбуурдан хөтөлж хил гарсан гэдэг.
-Тэр үед зарим айл хил давчихсан л байсан байлгүй дээ. Эсэргүү гэгдээд нутаг хошуугаа орхиж их олон өрх айл нүүсэн гэдэг биз дээ.
-Хилийн цаана ар Монголоос баян голдуу айл нүүж гарсан байсан хэрэг. Тэгээд өнөөх Гөлөгөө маань Содномынх гэдэг баян айлын тэмээ хариулж, гэдэс тэжээх болсон юм билээ. Хүн алсан хэргээр баригдана гэж л ах нь болон нөгөө хүмүүс тэгэж дайжиж явсан хэрэг л дээ. Хил давж ирсэн улсын зарим нь өдөр шөнөгүй архидаж, даалуудан, хамаг хөрөнгө мөнгөө мөрийтэй тоглоомд өгч, зарим нь буцаж хил даван хулай дээрэм хийдэг нь ч байж.
-Өнөөх хамт хил гарсан Гөлөгөөгийн ах Лувсандорж, бусад хүмүүс хаачсан юм бол?
-Хил даваад амьдрах гэж янз янз болцгоосон биз. Сүүлд ахыгаа нас барсан л гэж дуулсан юм билээ. Ингэж зүдэрч явахдаа гэр орноо их санаж, нутгийн зүг харахаар буцаад явмаар санагддаг байсан гэж Гөлөгөө хэлж байсан. Нөгөө айлд хэсэг зарагдаад унаж очсон морьд нь ч үхэж, Содном гэдэг айл ажлын хөлсөнд нэг үрээ өгсөн нь ч бас үхэж. Сүүлд нь хүнээс хавх гуйж, үхсэн малын сэг дээр зүүж, үнэг авлаж, түүгээрээ ганц дээлийн даалимба худалдаж аваад түүнийгээ бааданд бүсэлчихээд явж байхад гэр оронтой болсон юм шиг сайхан санагдаж билээ гэж Гөлөгөө надад дурсаж байсан. Тэгээд бага сага наймаа хийдэг болж, азаар баян Хорол гэдэг хүний охин Дэмбэрэлтэй дотносон, ханилсан юм билээ.
-Тантай уулзсаныг бодоход нутагтаа буцаж иржээ дээ..
-1945 онд Монгол-Зөвлөлтийн цэрэг Хятадыг чөлөөлж, элгээ бэтгэртэл санаж явсан нутаг руугаа очих боломж олдсон юм билээ. Гэхдээ төрсөн нутагтаа шууд очвол баригдаж магадгүй гээд Дорноговь аймгийн нутгаар хил даван Монголдоо ирж, Хатанбулаг суманд хэсэг амьдарсан юм билээ. 1953 оны тавдугаар сарын нэгэнд хоёр буутай хүн ирж баривчлаад аваад явж. Тэгээд өнөөх хэргийн учир хорин жил хоригдох ял сонсчээ. Гэвч таван жил хоригдож, таван жилийн ажлын хоног авч, 1958 онд суллагдсан юм билээ. Гөлөгөө хэлэхдээ “Миний дүйнгэ маанагаас тэр хүмүүсийн амь үрэгдсэн. Тэр шөнө би мордож давхиад Шанхайн цэргийн ангид хэл хүргэсэн бол тэд амь аврагдах л байсан байх. Надад тийм ухаан төрөөгүй. Тэр бүү хэл юу болж байгааг ухаарах сөхөө ч байгаагүй” гэж ярьсан.
-За их сонин түүх байна. Харин танд Т.Борын тухай өөр сонссон зүйл хэр байна. Түвдэнгийн Бор үнэхээр түүхэнд байдаг шиг алдартай, гавьяатай хүн мөн үү. Эсвэл цаг үеийн шаардлагаар ухуулга хийж яваад, золгүй үхлээр хорвоог орхисон нь түүнийг баатар болгочихов уу?
-Түвдэнгийн Бор 1932 онд 19 настай байсан юм. Би Борыг тийм гавьяатай хүн гэж хэлж мэдэхгүй. Ямар ч байсан хил давуулаад айл нүүлгэхийн эсрэг ухуулга хийж явсан хүн юм билээ. Тэр үед 19 настай эмэгтэй Эвлэлийн үүрийн дарга болно гэдэг нэлээд сэргэлэн, галтай цогтой хүн байсан байж таарна. Эндээс эргүүлээд бодоход тэр амь гуйж байгаагүй. “Залуучуудын эвлэл мандтугай” ч юм уу нэг тийм юм хэлсэн шиг байгаа юм.
-Үзэл сурталд хэт автчихсан, жаахан бүсгүй л байсан юм биш үү. Эх орныхоо төлөө ямар баатарлаг гавьяа байгуулсан юм бол. Харин ч тэр ухуулганд оролгүй хил давж чадсан хүмүүс нь амьд мэнд үлдсэн нь одоо харахад зол юм шиг. Хэрэв Т.Бор нар шиг хүмүүс ухуулж сэнхрүүлэн хил давж явахыг нь хориглоогүй бол илүү олон хүн амьд мэнд үлдэх ч байсан юм бил үү?
-Би тэрийг дүгнэж цэгнээд яахав. Т.Борын үхлийн тухай би нэлээд зүйл бас сонссон. Цогтцэций сумын Их Шанхай нэгдлийн дарга байсан Д.Норовдорж (Нутгийнхан нь Момоо гэж авгайлдаг) гуай Т.Борын алагдсан талаар надад нэлээд зүйл ярьсан. Т.Борд Улсын баатар цол нэхэн олгох үед Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооноос олон арга хэмжээ зохион байгуулахдаа Т.Бортой хамт эсэргүү нарт баригдсан ч азаар амьд гарсан Сайнбаяр гэдэг хүнийг Дундговь аймгийн Өлзийт сумаас урьж ирүүлэн, тэр аллага болсон Тугийн цохион дээр аваачиж яриулсан юм билээ. Сайнбаярын ярьсныг Норовдорж гуай надад ярьж өгсөн юм. Архангай, Хөвсгөл аймагт “Хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” ид өрнөж байх үед Өмнөговь аймагт бас үймээн самуун дэгдэж, Дэл хөнжил уулаар нутагтай Дэлэгсамба гэгч хамсаатнуудынхаа хамтаар Монголд шинээр тогтсон ардын засгийг эсэргүүцэн айлуудыг хил давуулах гэж бужигнуулж өгч дээ. Зарим айл нь ч бас нүүж суух дургүй байсан л гэсэн. Тэр үед аймаг, сумын албаны хүмүүс айл хэсч ард иргэдэд ухуулан сэнхрүүлж, нүүж болохгүй гэж явж. Т.Бор ч бас тэгж үүрэг аван ухуулга хийж явж л дээ. Тэгж явахдаа л эсэргүү нарын хамсаатан гэх үү, эсэргүү гэх үү өнөөх ногоон Сандаг, бартаг Лут, нарыг бариад Гөлөгөөгийн ах Лувсандоржийг барихаар очиход цаадах нь морьтой зугтаж. Хувьсгалт залуучуудын эвлэлийн залуусын хоёр нь барьсан улсаа харж үлдээд гурав нь Лувсандоржийн араас явж л дээ. Лувсандорж зугтаж явахдаа Заарагийн усан дээр байсан Сэрээ тайж нарын хүмүүст хэл хүргэж, тэд Гөлөгөөгийн дээр өгүүлснээр араас нь хөөж явсан гурвыг тосч очин барьж, гэртээ ирж, тэнд үлдсэн хоёрыг бас барьж, өөрийнхөө гурван хүнийг сулласан юм байна. Сайнбаярын ярьснаар тэд тавуул эсэргүү нарт баригдсан ч Лүнгийн хийд дээр хоносон шөнө сумын дарга Мөнхөөг нэмж барьж иржээ. Гөлөгөөгийн хэлснээр өглөө нэг хүн нэмэгдчихсэн байсан гэдэг нь тэр юм.
-Бусад үйл явдлыг та түрүүнд ярьчихсан болохоор Тугийн цохион дээр юу болсон нь сонин байна л даа.
-Өглөө нь тэднийг Тугийн цохион дээр авчраад цохионы өврийн том чулуун дээр сумын дарга Мөнхөөг хонь мэт өрлөн алж, бусдыг нь овооны орой руу чирч гулдран гарчээ. Тугийн цохио нь араасаа налуу, өвөр энгэр нь эгц цавчим, 5-6 метр өндөр цохио.
-Киноноос харахад айхтар өндөр цохио хаднаас л уначихдаг биз дээ...
-Орой дээрээс нь хүнийг түлхчихэд бэртэж гэмтэнэ үү гэхээс үхэж үрэгдэхээр өндөр халил биш. Эсэргүүнүүд ганц цахиур буутай, тэр нь ганцхан пан гээд л дуусаа. Дахиж цэнэглэх зав ч байгаагүй юм байлгүй, хүлээстэй хүмүүсийг нэг нэгээр нь цохион дээр дамжилж аваачин, толгойгоор нь хад саваад доош хаяж байжээ. Сайнбаярын хар багаасаа өвөр түрийдээ орж тоглож өссөн Ёндон гэгч тэдгээр эсэргүүнүүдийн нэг байж. Ёндон тэр үед харуул хийж ойролцоох толгой дээр сууж байж. Хүмүүсийг алсны дараа Сайнбаярыг хамгийн сүүлд үлдээн өнөөх найз нөхөр явсан Ёндонгоос “Энийг алах уу, яах уу” гэж асуухад “Ал, ал” гэж хашгирч. Тэгээд нэгнийх нь найз учраас тарчлаахгүй алах гээд дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөн цааш харуулан суулгаж байгаад цахиур буугаараа бууджээ. Сайнбаяр түрүүлгээ харан унасан ч толгой нь дээлээр тунтраастай, ухаан алдаагүй байж. Нөгөө эсэргүү гэгдэх хүмүүсийн нэг нь ирж, үхсэн эсэхийг шалгаж байгаа бололтой хөл рүү нь өшиглөж үзсэнээ “Энэнээс авах юм юу байдаг билээ” гэж асуухад нөгөө нь “Гаансыг нь ав” гэж. Гутлын түрийнээс нь гаансыг нь аваад тэд явцгаажээ. Буцаад ирж магадгүй гээд Сайнбаяр хөдөлгөөнгүй удаан хэвтэж. Босоод хартал эргэн тойронд хэн ч байхгүй болохоор нь уулнаас бууж, хөндий уруудан сажилжээ. Сум хөндий цээжээр нь нэвт гарч цус их алдсан тул тамир тасарч явж чадахаа болиод сүүлдээ мөлхжээ. Хэсэг хэвтээд өндийж хартал ойролцоо тэмээтэй хүн явах нь харагдаж. Хамаг чадлаараа хашгирч, даллатал хүрээд иржээ. Нэлээд настай хөгшин хүн байж. Сайнбаяр ч чадахаараа л тайлбарласан юм байх. Хөгшин ойртсон ч үгүй, дуугарсан ч үгүй, хэсэг харж байснаа яваад өгч гэнэ. Гэтэл төд удалгүй өнөөх хөгшин буцаж ирэхдээ нэг домботой юм, модон тагштай үлдээгээд явжээ. Хамаг чадлаа шавхан өнөөх домбонд мөлхөн хүртэл ингэний шар тос самарсан, шар будаатай цай байж. Түүнийг ууж тэнхэл ороод босч сажилсаар айлын бараа харж амь аврагдсан юм билээ. Сайнбаярын сүүлд ярьснаар Т.Бор тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой, ханилж суухаар ярилцсан байжээ. Сумын захиргаанаас үүрэг аваад хөдөө явчихаар санаа нь зовоод очиж, хамт явж байгаад баригдсан нь тэр.
-Тэдгээр хүмүүсийг алсан зарим нь хил гарч, бусад нь баригдсан уу. Тэр тухай та юм сонсч байв уу?
-Би Цогтцэцийд цэргийн алба хааж байхдаа Лүнгийн хийдэд шавилан сууж байсан бас нэг хүнтэй уулзаж байсан юм. Одоо нэрийг нь мартжээ. Тэр хүн тэгэхэд арваад насны л хүүхэд байсан гэсэн. Аллагын урьд өдөр Т.Бор өөр нэг хүний хамт Лүнгийн хийд дээр ирж, тэднийд унд цай ууж, явахдаа Заарагийн ус орно гээд явсан байдаг. Хэдийд, хаана тэр эсэргүүнүүдийг бариад Жигмэд тойны Лувсандоржийнд очсон юм бол, мэдэхгүй. Эсэргүүнүүд тэднийг Лүнгийн хийд дээр авчирч хонодгийн маргааш өглөө айгаад хөдөө гэр рүүгээ явган гүйчихсэн, дахиж хийд рүүгээ очоогүй гэж ярьж байсан. Харин намайг Цогтцэцийд байхад мөнөөх үст Ёндон сумын төвд амьдарч байсан юмдаг. Гэвч нутгийн хүмүүс түүнийг тэр үеийн тухай огт ам ангайдаггүй, маш зожиг, түгжигдмэл хүн гэцгээдэг тул би түүнтэй уулзаагүй юм.
-Та энэ бүх түүхийг сонссон хүн. Борыг баатар байх ёстой хүн гэж бодож байна уу?
-Би бодсон л доо. Баатар гэж хэнийг хэлэх вэ гэж. Хамгийн аймшигтай юм бол үхэл. Тэгээд үхлээс айдаггүй хүнийг л баатар гэдэг юм бол энэ хүн баатар хүн. Бас үхлээс айхгүйдээ хүн ардад хэрэгтэй юм хийж явсан. Тэр ухуулга хийгээд үлдээсэн хэсэг улс байж л таарна. Гэхдээ буруудсан гэх нь хаашаа юм. Хил гарсан олон хүн нь буцаж ирсэн. Төрсөн нутаг үнэ цэнэтэй шүү дээ. Энэ хэрэг 80 гаруй жилийн өмнө болсон байна. Би одоо ийм, тийм гэж хэлэх зүйл алга. Ямар ч байсан л Бор гэдэг хүн үхлээс айдаггүй хүн байж гэдгийг л хэлэх гэсэн юм.
“ТЭНЭГ”-ЭЭС САЛЦГААЯ
Үг энергитэй тул байнга сайхан үг хэлж бай гэж ахмадууд сургаж ирсэн. Амны билэг ч гэж ярьдаг. Сүүлийн үед хүмүүсийн аманд “тэнэг” гэдэг билэггүй үг уяатай байдаг болж. Өө яасан тэнэг юм бэ л гэнэ, тэнэгтээд байгаарай л гэнэ, тэнэг юмуу хаашаа юм л гэнэ. Муухай сонсогдох юмаа.
Зуд гэдэг үгийг үгсийн сангаас хасах тухай хуучин цагийн нэгэн онигоо байдаг. Одоо үгсийн сангаас хасчхаж болдог бол хасчихмаар чийртэй үг бол энэ болжээ.
Худал юмыг 1000 удаа давтвал үнэн болдог юм гэсэн үг байдаг. Тэнэг гэж хэлсэн болгон тэнэг харагдахгүй ч гэсэн ухаантай харагдахгүй л байгаамдаа.
Б.Б