Tuesday, May 30, 2017

АНУЖИН ЧАДАЖ БАЙНА
Монголын телевизид ойрын жилүүдэд гараагүй сайн нэвтрүүлгийн санаачилсан, хийсэн, хөтөлсөн хүн бол Пүрэв-Очирын Анужин. Телевизийн мэргэжлийн биш, сэтгүүлч биш, урьд нь телевизд ажиллаж байгаагүй гэхэд Анужин чадсан, гайхалтай чадсан. Түүний эхлүүлсэн өөрийнх нь зохиогчийн эрхтэй "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг яг түүний анх тавьсан загвараар цаашид үргэлжилж байгаа юм билээ.
Тэр Монголын кино урлагт, монголын сэтгүүл зүйд онгорхой байсан баримтат кино хэмээх нэгэн том орон зайг нөхөхөөр эхэлжээ. Ялангуяа хөрөг чиглэлээр нь.
Бичээчийн Батмөнх.
2017-04-28

Анужин "Монгол тулгатны 100 эрхэм"-ээс дутахааргүй жин дарах нэгэн шинэ уран бүтээл санаачлан хийж эхэлжээ. 
Баримтат кино бол түүхийн маш чухал бүтээл. Монголд 1935 оноос эхэлж хөгжөөд 1990-ээд онд бараг зогссон. Энэ 60-аад жилийн хугацаанд 700 гаруй бүрэн хэмжээний баримтат кино хийгдсэн гэнэ. Одоо телевизүүдээр зарим нь гарч байгаа харагддаг.
Баримтат кино гадаад орнуудад өндөр хэмжээнд хөгжсөн байдаг. Youtube-руу Documentary films гээд ороход тэнд хэдэн зуугаар бий. Олон улсын баримтат киноны фестивалиуд олон газар болдог. "Заавал үзэх шилдэг 10 кино" гэх мэт төрөл бүрийн ангилал, загварууд улс төрчид, бизнесийнхэн, зарим онцгой мэргэжлийнхний дунд яригддаг. Манай томоохон бизнесменүүд зарим кинонуудыг хэрэг болгон монгол хэлэнд хөрвүүлж тодорхой хүрээнд үзүүлдэг юм билээ. Эдгээрээс зарим нь Youtube-д тавигдаж CD-гээр тараагдсан гэсэн.
"Нохойн орон"-ны хэмээх сэтгүүлч Доржхандын Төрмөнх Dorjkhand Turmunkh маань Женко Баттулга, З.Энхболд, Дорлигжав зэрэг хүмүүсийн тухай зузаан зузаан сайхан сайхан ном бичсэнийг бид мэднэ. Энэ их сайн хэрэг, ялангуяа улс төрчдөөс өөр чиглэлийн мундаг мундаг хүмүүсийг ингэж бичвэл бүүр ч сайн. Тэгвэл Анужингийн энэ бүтээл түүнээс дутахгүй том бүтээл. Монголын кино урлагийн түүхэнд төдийгүй монголын түүхэнд үлдэх дорвитой бүтээл. Баримтат кино бол түүхэнд үлддэг чухал материал. Ялангуяа тухайн хүний хөрөг кинонууд. Манайд "Сэмүүн"-ний Баяр Bayar Banzragch зэрэг ганц нэг уран бүтээлчдийг эс тооцвол баримтат киноны бүтээл гарахгүй шахуу байгаа. Сайн хөгжвөл манайд агуу хүмүүс ч их бий, дэлхийн чихийг дэлдийлгэхээр агуу сайхан сэдэв ч их бий.
1990-ээд он хүртэл Монголын баримтат киног Ц.Зандраа, Я.Хишигт, О.Уртнасан, Б.Сумхүү, Ц.Наваан гээд монголын кино урлагийн агуу том уран бүтээлчид авч явсныг бид мэднэ. Тэдний хийсэн бүтээл цагтаа Олон улсын олон уралдаан тэмцээнд дээгүүр байр эзэлж, зарим нь түрүүлж байсан.
Тэгвэл тэдгээр агуу уран бүтээлчдийн хийж бүтээж байсныг Анужин хэмээх шавилхан бүсгүй үргэлжлүүлэхээр зориг шулуудан "МонГал Товчоон" портрэментари төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Одоо түүнд хуримтлуулсан туршлага байна, олж авсан мэдлэг байна, зааж зөвлөх ахмадууд байна, тусалж дэмжих мэргэжлийн баг байна, урам хайрлаж дэм өгөх Монголчууд байна тэр чаднаа.Бүүр мундаг чадна, харж байгаарай. 
2017-05-25

No comments:

Post a Comment