ДУНДГОВЬ АЙМАГ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
/Аялал жуулчлалын үзэсгэлэнгээс төрсөн сэтгэгдэл/
"Ай Ти Эм Монголиа-2017" Монголын аялал жуулчлалын үзэсгэлэн болж өнгөрлөө. Үзэсгэлэнд улсын хэмжээний ихэнх тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 200 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцсон нүсэр том үзэсгэлэн байлаа.
Энэ үзэсгэлэнд манай Дундговь аймгаас найман жуулчны бааз, нэг гест хаус, Аймгийн музейтэйгээ хамт ирж оролцов.
Би Дэл уулын хадны зураг, Дэл Хөнжил хэмээх нутгийн хүн зон болон соёлын тухай сонирхдог, тэдгээрийг аялал жуулчлалын эргэлтэд оруулах юмсан гэж мөрөөдөж явдгийн хувьд энэ үзэсгэлэн дээгүүр жил бүр эргэлддэг юм. Энэ жил бас л жаахан эргэлдэж Дундговийн “хэд” дээгүүрээ очиж жаахан “буу халав”.Аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн нь байгалийн үзэсгэлэнт газраас ард түмний дунд байдаг биет ба биет бус өв, түүх соёлын дурсгалт газар байдаг тул соёлын аялал жуулчлал гэсэн шинэ чиглэл манай аймагт хөгжих бүрэн боломжтой. Дуу хуурын өлгий гэдгээ бренд болгосон манай нутгаар дүүрэн соёлын биет ба биет бус өв, өв тээгчид, элдэв сонирхолтой ардын уламжлалт ёс заншил, соёл ахуйн зан үйл байгааг ашиглаж менежмент хийвэл аялал жуулчлал хөгжих боломж их байх шиг харагддаг. Тухайлбал Монголд байтугай дэлхийд байхгүй хүрэл зэвсгийн цуглуулга ганцхан Дундговьд байдаг хэмээн зарим судлаачид үздэг юм билээ. Соёлын аялал жуулчлал хүчтэй яригдах болсон үед үүнийг боломж болгон ашиглаж болох юм.
/Үргэлжлэл бий/
Бичээчийн Батмөнх
2017-04-03
Дундговьд аялал жуулчлал бусдын жишгээр л хөгжиж байгаа юм байна. Нүсэр бүрэлдэхүүнтэй өндөр зохион байгуулалттай ирсэн зарим аймгуудын хажууд манай аймаг боломжоороо л орждээ гэж бодогдсон. Аймгийн хэмжээний 10 гаруй жуулчны баазын 80 хувь нь орсон гэдэг боломжийн үзүүлэлт байх. Тэд их зүйл үзэж, олон компанитай гэрээ хийж, олон хүнтэй уулзаж байна билээ.
Энэ үзэсгэлэнгийн энэ жилийн түнш аймаг болох Ховдынхон олон талаараа "Ай Ти Эм Монголиа-2017"-г доргиож чадаж байнлээ. Дараа жил Дундговь аймаг түнш байгууллагаар оролцох юм гэсэн. Аймгийн удирдлага болоод холбогдох байгууллагууд одооноос анхаарах хэрэгтэй юм билээдээ.
Үзэсгэлэнд Дундговиос ирсэн жуулчны баазын зарим эзэдийн ярианаас сонирхуулахад гадаад дотоодын жуулчид үзмээр юм манай аймгийн нутгаар дүүрэн байхад аялал жуулчлалын нүүр тахалж байгаа жуулчны баазын тоо огт өсөхгүй байгааг аймгийн удирдлага онцлон анхаараасай, аялал жуулчлалаа үлгэр жишээ хөгжүүлж буй бусад аймгийн туршлагыг судлаасай, жуулчны баазуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болоосой /үйл ажиллагаа нь улирлын чанартай тул зээл олдоггүй юм байна/, Хамрын хийд, Өмнөговь, Өвөрхангай гээд гадаад дотоодын жуулчдын их урсгал манай аймгийн нутгийн хажуухан талаар зарим нь яг дундуур нь дайрч өнгөрдөг, манай аймаг хотоос харьцангуй ойрхон зэрэг олон давуу талаа ашиглаж аялал жуулчлалаа үлгэр жишээ хөгжүүлээсэй гэх мэт олон санаа хэлж байв.
Миний мэдэх зөвхөн Өлзийт суманд гэхэд гадаадын биш юмаа гэхэд дотоодын жуулчид татах байгалийн болон түүхийн "үнэт үзвэр" өчнөөн боломж харагддаг. Мэргэжлийн биш миний нүд буруу ч харж байж магадгүй. Тухайлбал нэгэн цагт дэлхийг сүлжиж байсан торгоны замын торгон салаа уулзвар болох Сайр усны /Талын ус/ туурь дурсгалт газрууд, монголд хоёрхон байдаг элсний сувилал ажилладаг, монгол дахь элсний тогтоцоороо эхний тавд ордог алдарт Өөш манханы элс, маш өндөр алтан ганжир нь Шанхайн хэцэд тэр чигээрээ харагдаж тэр энергээрээ Говь Шанхын хурдан морины угшил гарсан хэмээх домогтой Хөнжил уулын Далайн хийдийн туурь, ойр орчинд нь төрж өссөн болон хийдэд нь сууж байсан хүмүүсээс олон гавьяат цолтон төрсөн гайхалтай энергитэй гэгддэг Дэл уулын Баруун билүүний хийдийн туурь болон Хонгор хайрхан уул, сүүлийн үед эрдэмтдийн анхаарал татаад байгаа Дэл уулан дахь хэдэн мянгаар тоологдох хадны зураг, Дундговь аймаг анх байгуулагдсан газар, Өлзийт Буянт-Овоо сумууд суурьшиж байсан 10 гаруй газар, хэд хэдэн кг-аараа бөөн бөөн алт олдсон газрууд, 2016 онд хэдэн зуун сая төгрөгний үнэтэй ёншгойт мөнгө олддсон жалга, нэгэн цагт гадаад, дотоодын явуулын худалдаачид бараа сайн борлогддог, мөнгө сайн олдог эерэг энергитэй газар хэмээн заавал хоноглож өнгөрдөг байсан Булаг Хөөвөр орчимын өвөрмөц хоёр хүрээ, дундуур нь хүн явах боломжгүй сонин тогтоцтой алдарт Морин толгойн цав, хуучин Буянт сумын нутаг дахь өвөрмөц тогтоцтой, түүхийн дурсгалт газрууд гээд хүний сонирхол татах газрууд өчнөөн байдаг. Би энд сумынхаа зөвхөн байгалийн болон түүхийн ганц нэг зүйлийг дурдав. Цаана нь өчнөөн юм байгаа.
No comments:
Post a Comment