МОНГОЛ УЛСАД ДУНДГОВИОС ЕРӨНХИЙ САЙД
ТӨРҮҮЛЖ ӨГСӨН ЖАНЛАВ ГУАЙНХАН
Хүүхнүүдээрээ баян, малаараа баян Дэл Хөнжилийн “Хүүхэнүүд” овгийнхонд Монгол Улсын Ерөнхий сайд төрүүлж өгсөн айл бол Жанлав гуайнх. Энэ айлын өрхийн тэргүүн болон бусад хүмүүсийн тухай товчхон өгүүлье.
Жанлав гуай өөрөө баялаг намтартай хүн. Жанлав гуай Дундговийн Өлзийт сумын нутагт Шийрэв гэдэг айлын тавдугаар хүү болон Хөнжил уулын баруун суганд төрсөн хүн. Эцэг Шийрэв нь “Шийрэв зурхайч” хэмээн олон түмэнд хүндлэгдсэн говь нутгийн нэртэй зурхайч хүн байжээ. Энэ хүний тухай үлгэр домог шиг сонирхолтой хууч яриа хөөрөө манай нутагт элбэг байдаг. Эдгээрээс зарим нь ном хэвлэлд ч гарсан. Шийрэв зурхайч хүүдээ Жанлав хэмээх бурхны нэр хайрласан нь тун утга учиртай байсан байх. Ямар ч байсан энэ айлаас Монгол Улсын Ерөнхий сайд, монгол төрийн түшээ тодорсон нь үнэн.
Жанлав гуай Дэл Хөнжилд төрж өсөн эрийн цээнд хүртлээ Далайн хийдийн нэгэн эрдэмтэй том ламд шавь орж түвд бичиг сурсан бөгөөд сүм хийд тарсны дараа сургуульд суух нас өнгөрсөн тул шинэ үсгийг бүлгэмд сууж монгол бичигт тайлагдаж Өлзийт сумандаа худалдааны агент хийж байгаад цэрэгт явсан юм билээ. Цэрэгт байхдаа ЗХУ-д хүн эмнэлгийн техникумд дараа МУИС-д тус тус суралцан их эмчийн мэргэжил эзэмшжээ.
Жанлав гуай Дундговь, Өмнөговь аймгуудад төрийн алба хашиж, Дорноговь, Хэнтий, Тамсагбулагт цэргийн алба хааж, Түркместаны Ашхабад болон Улаанбаатар хотод суралцаж, хятадын Жанчхүүгийн даваа, Сөнөд Цагаан овоо зэрэг газарт дайнд явж байсан хүн.
1945 оны чөлөөлөх дайнд биеэр оролцон цэргийн эмчээр ажиллаж дайны талбарт шархадсан цэрэг дайчдыг эмчилж, япон эмч нартай хамтран олзны япон цэргүүдийг аюулт тахлаас аварч, дайны талбараас өөрөө “Бид ялав” хэмээх медаль хүртэж, хамт явсан дайчдаа Улсын баатар цолоор шагнагдахад нь мөр зэрэгцэн зогсож байсан ахмад дайчин, цэргийн дарга хүн байв. Тэрбээр Монгол Улсын баатар хурандаа Д.Нянтайсүрэнгийн командад ажиллаж, Улсын баатар С.Дампилыг өөрөө гардан эмчилж байжээ. Энэ хүнд хэцүү цаг үеийн тухай, энэ дайнд хэрхэн оролцож явсан тухайгаа Жанлав гуай дурдатгалын ном гаргасан. Цэргийн улс төрийн газрын дарга дэслэгч генерал Ю.Цэдэнбалыг Жанчхүүгийн даваанд нэг удаа ирэхэд нь орос маягийн хоол хийж өгөхөөр болж орост гурван жил суралцсан Жанлав гуайд үүрэг өгч хоол хийлгүүлжээ. Гэтэл хоолны дараа Цэдэнбал дарга тогоочийг дуудуулсанд генералд дуудагдсан Жанлав гуай айж балмагдсаар очжээ. Тэгтэл харин сайхан хоол хийсэн гэж магтаад үзэг бэлгэлсэнд ангийн дарга нар болон мань хүн ихэд баярласан тухай надад хэрэг болгон хуучилж байсан. Жанлав гуай намайг цэргийн хүн болсонд зориуд баяр хүргэж цэрэгт байх үеийнхээ сонирхолтой дурдатгалаас олныг ярьсны нэг нь энэ юм.
Цэргийн газар эмчээр ажлын гараагаа эхэлсэн Жанлав гуай сумын эмч, Өмнөговь, Дундговь аймгуудын Халдвар судлалын станцын ерөнхий эмч, дарга зэрэг эмчийн ажлыг 50 гаруй жил хийжээ. Тэрбээр эмийн ургамалын чиглэлээр судалгаа хийж, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдад байнга туслалацаа үзүүлж ирсэн юм.
Жанлав гуайн гэргий нь "Хүүхэнүүд" овогт Дашдаваагийн Орго эгч буюу Огоо. Огоо, Жанлав гуай хоёр хоёулаа Дэл Хөнжил нутагт төрж өссөн бага залуу насаа энэ нутагт өнгөрөөсөн хүмүүс. Огоо маань хүний бага эмчийн мэргэжилтэй, эмч, хүүхдийн яслийн эрхлэгчийн ажлыг олон жил хийсэн хүн. Өмнөговь, Дундговийн хоёр ч яслийг Улсын тэргүүний ясли болгож байсан, ажлаараа шалгаран гадаадын хоёр ч орноор аялж байсан, улсын чанартай хэд хэдэн хурал, зөвлөгөөнд оролцож байсан. Огоо зургаан дүүгээ эрдэм номтой, ажил мэргэжилтэй болоход зааж чиглүүлэн тусалж дэмжиж байсны хүчинд дүү нар нь бүгд дээд боловсролтой болж өдий болтол ажил амьдрал нь тэгш дүүрэн сайн сайхан явцгааж байгаа. Энэ ах дүү долоо болон тэдгээрийн хүүхдүүдээс Дашдаваагийн Хүүхэнбаатар, Дашдаваагийн Отгонбаатар, Жанлавын Наранцацралт, Жуужаагийн Эрдэнэбулган нар эзэмшсэн мэргэжлээрээ эрдэм шинжилгээний ажил хийж доктор, профессор цолтой эрдэмтэд болцгоосон.
Жанлав гуайнх гурван хүү хоёр охинтой айл. Том охин Сайнхүү нь Санхүүгийн техникум, ХААИС дүүргэсэн, сум нэгдлийн нягтлангаас ажлын гараагаа эхэлж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, УНДЕГ-ын тамгын газрын орлогч дарга хүртэл төрийн албанд олон жил ажилласан намбалаг сайхан эмэгтэй бий. Гэр бүл Х.Цэрэндорж нь “Зарцын нүүдэл” гэдэг уран зургаараа урчуудын дунд “Зарцын нүүдлийн Цэрэндорж” хэмээн алдаршсан, Дундговиос төрсөн цөөхөн сайн зураачдын нэг юм. Х.Цэрэндорж Москвад зураачийн мэргэжил эзэмшсэн бөгөөд түүний зарим уран бүтээлүүд Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галарей, Үндэсний түүхийн музей зэрэг газруудад залагдаж байдаг.
Том хүү Ж.Наранцацралт нь сургуульд байхдаа онц сурдаг жирийн л нэг даруухан хүүхэд байсан. Наранцацралт бид хоёрт тухайн үед манайд төдийлөн элбэг биш байсан газар зохион байгуулагч гэдэг мэргэжил эзэмшиж хоёулаа Улсын газар зохион байгуулалт, хайгуул зураг төслийн институтээс ажлын гараагаа эхэлж байсан түүх байдаг юм. Наранцацралт бол хүнийхээ хувьд даруухан, говийнхны нийтлэг төрх болох уужуу тайван, аливаад хүлээцтэй ханддаг, бусдад туслах чин хүсэлтэй, бусадтай нийтэч найрсаг харьцаатай эгэл нэгэн байсан. Дундговь аймгийн баруун өмнө талын Дэл, Дэлгэрхангай гэж хоорондоо холоо зайтай боловч бие биендээ харагддаг говийн хоёр их уулсаас шинэ Монголын түүхэнд хоёр Ерөнхий сайд төрсний нэг нь Жанлавын Наранцацралт нөгөө нь Гадинбалын Чагдаржав юм. Дундговьчууд энэ хоёр эрхэм хүндээ хүндэтгэл үзүүлж аймгийн төвдөө нэрэмжит цэцэрлэг байгуулан хөшөөг нь залсан байдаг.
Жанлав гуайнд нэгэн “шилийн сайн эр” бий. Ээж нь манай таван хүүхдийн хамгийн толгой сайтай Билэгтхүү шүү гэж ярьдаг байсныг би нэг биш удаа сонсож байсан. Ээжийнх нь дүгнэснээр тэр Ерөнхий сайд ахаасаа илүү ой сайтай хүн байх. Аравдугаар анги төгссөн 400 гаруй хүүхдээс сурлагын амжилтаараа хоёрдугаарт бичигдэн тухайн үед хүн болгоны хүсэл болсон Баруун европын нэгэн улсад суралцах хуваарь авч байсан, гурван дээд сургуульд зэрэг суралцан нэг жил бүгдийг улаан дипломтой төгсөж байсан гэхээр ээжийн хэлсэн үнэн болж таарч байгаа юм. Тэр орон нутагт ч ажиллаж байсан, яам тамгын газарт ч алба хашсан, хувийн аж ахуй ч эрхэлсэн, цэргийн алба ч хаасан, аймгийн нутгийн зөвлөлийн ажлыг арваад жил хийж хэд хэдэн сонгуульд менежерээр ажилласан хүн.
Жанлав гуайн бага охин Нарантуяа Санхүүгийн коллеж, МУИС төгсч “Разноимпэкс” нэгдэлд ерөнхий нягтлан хүртэл алба хашиж байсан бол бага хүү Батбилэг нь ШУТИС-ыг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж зах зээл эхлэх үед Дундговийн хүндхэн газрын нэг болох “Эрчим”-д ажиллаж тухайн үеийн Мандалговь хотыг төвийн эрчим хүчний системд холбож байсан гавьяатай хүн. Ж.Батбилэг нь Дундговь аймгийн онгоцны буудал дээр онгоц осолдон шатаж байх үед иргэний эр зориг гарган олон хүний амь аварч “Алтан гадас” одонгоор шагнагдсан бас нэгэн гавьяа бий.
Жанлав гуайн хүүхдүүд цөмөөрөө суурь хүмүүжил сайтай, хийж буй ажил үйлсийнхээ оргилд нь хүрэх гэж зүтгэцгээдэг, бусдад тусархаг, илүү дутуу юманд шунасан элдэв долгомцог зангүй зэрэг олон сайн тал бий. Иймдээ ч эднийхээс Ерөнхий сайд, ерөнхий санхүүч, ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалтнууд төрж гарсан юм. Иймдээ ч эдний таван хүүхдийн хоёр нь гадаадын, гурав нь дотоодын дээд сургууль төгсөж байхав. 1970-аад онд аравдугаар анги төгссөн хүүхдүүдээс сурлага хүмүүжлээрээ шилдэгийн шилдэг нь гадаад, дотоодын дээд сургуульд явдаг үе байлаа. Хүү Наранцацралт нь гэхэд л МУ-ын Ерөнхий сайд, яамны сайд, Улаанбаатар хотын захирагч зэрэг төрийн хэд хэдэн хариуцлагатай алба хашиж байсныг монголчууд бүгд мэднэ. Тэрбээр төрөлх нутгаасаа УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон нутгийн зон олноо төрд төлөөлөн УИХ-д сууж байснаас гадна Дундговь аймгийг хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зорин тэмүүлж олон зүйл санаачлан хийсэн билээ.
Эцэг нь удам дамжсан алдарт зурхайчийн хүү, эх нь Дэл Хөнжил уулын “Ах дүү дөрвөн доктор”-ын эгч, хүү нь Монгол төрийн алтан жолоон дээр сууж байсан нэгэн сайхан айлын тухай дурдахад ийм ажгуу.
2017 он.