Thursday, November 23, 2017

ГАДНАХ УТАА ЯАХАВЭЭ, ХҮН ДОТОРХ УТАА ХЭЦҮҮДЛЭЭ
Агаарын утаа яахавээ тэгж байгаад гайгүй болно биз, дэлхий шийдээд байхад бид шийдэж л таарна. 
Хамгийн санаа зовоож байгаа нөгөө утаа нь хүний доторх утаа байна. Монгол хүний хүн чанар, нигүүлсэхүйн утаа үнэхээр аймшигтай болжээ. Элдэв дээдээр хэлдэг нөгөө муу өнгөрсөн нийгмийн үед агаар ч утаагүй, хүний дотоод ертөнц ч утаагүй шахуу байсан юм бишүү.

Сая болсон Отгонтэнгэр хайрханы том ослын үед Цахим ертөнц дахь хүмүүсийн яриа хөөрөө нь хүний дотор ямар аймшигтай харын хар утаа орсныг тод харууллаа. Балчир хүүхэдтэйгээ авахуулсан зургаа профайлдаа тавьчихсан эмэгтэй хүн "золбин юмнууд тэнэж яваад халтирч үхсэний төлөө татвар төлөгчдийн мөнгийг үрдэг мангуу засаг" гээд хараагаад сууж байсан гээд боддоо. 
Өнөөдөр /07-нд/ сэтгүүлч Эмүжин байж ядахдаа “ ...Хүн хэмээгч хэрхэн хувирсныг сая харав. Адлав. Ам асуув. Баалав. Муулав. Бархирав. Бах таваа хангав...яах гэж ингэнэ вэ? Цасан бударсан энэ үдэш Цаст Отгонтэнгэр бүгдийг дүнхийн харж байгаа шүү...” хэмээн “УЙЛАХГҮЙ” хэмээх нийтлэлдээ дуу алдан бичсэн байна лээ. 
Ганц Эмүжин ч биш олон хүн ингэж дуу алдаж байна. Хэний манайгүй хэлэх үг олдохгүй л байна. Арван долоон хүний ард шаналан үлдсэн ар гэр ахан дүүс, найз нөхдөд монгол хүний дотроос бургилах энэ хав хар утаа хэрхэн туссаныг төсөөлөхөд бэрх бурхан минь. 
Тэнгэрийн утаа яахав арилна,монгол хүний доторх утаа яах болоо...
Б.Батмөнх

No comments:

Post a Comment