Thursday, November 23, 2017

АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР АХМАД НАСТАНУУДАА ҮЕЙНХЭНТЭЙ НЬ УУЛЗУУЛДАГ ТУХАЙ
Оюутан цагаасаа эхлэн Дэл уултай холбогдсон Монголын үндэсний музейн захирал Гавьяат багш, доктор Д.Сүхбаатарын гавьяатын цайллаган дээр Арлааны Эрдэнэ-Очир хэмээх авьяас билэг, арал чац сайтай нэгэн найрагчтай хамт сууж хөөрөлдөн нэг оройг өнгөрөөв. Түүнтэй хэдхэн хоногийн өмнө Долгорын Нямаа ахыгаа нутаглуулах будаалган дээр мөн нэг ширээнд хамт сууж анх танилцсан юм. Эрдэнэ-Очир найрагч энэ жил Соёлын гавьяат зүтгэлтэн болж саяхан Монголын зохиолчдын байгууллагыг удирдах томилгоог зохиолчдоосоо ав од гүйж яваа эрхэм. Тэр 1990-ээд онд Монголын зохиолчдын эгнээнд хүч түрэн орж ирсэн бөөн найрагчдын нэг. 90-ээд оныхон гэгддэг тэднээс олон хүн УИХ гишүүнээс эхлээд том дарга нар, том зохиолчид, том боссууд зэрэг алдар хүндийн оргилд гарцгаасан. Тэдний нэг төлөөлөл нь Эрдэнэ-очир. Говьд тэмээчин айлд төрж өссөн хүн болохоор тэр говьчуудын л нэгэн адил дөлгөөн тайван, аядуу намдуу зөөлөн маягийн хүн гэж хүмүүс ярьдаг. Тийм л хүн юм билээ. Ундарсан олон авьяастаны өлгий гэгддэг Дорноговийн Улаанбадрах сумаас төрсөн 9 дахь гавьяат цолтон.
Эрдэнэ-очир Долгорын Нямаа ахад гүн хүндэтгэлтэй ханддаг цөөн хэдэн залуу зохиолчдын нэг байсан юм. Надад үр хүүхдүүдээс минь өөрцгүй тусалж дэмждэг хэмээн Эрдэнэ-Очирын тухай Нямаа ах их магтдаг, гэгээн сайхан дурсамж олныг ярьдаг байсан. Энэ хоёр хүний ааш араншин болон говийг магтан дуулах зэрэг уран бүтээлийн зарим жанр төрөл нь ч төстэй. Эцэг шиг сайхан хүнээ гэнэт алдчихаад одоо хүртэл шокноосоо гарч чадахгүй яваагаа өчигдөр орой хэлж байсан.
Түүнтэй хөөрөлдсөн олон сонирхолтой юмнаас ганц юмыг нь сошиолд намайг тоож уншдаг дүү нартаа хэрэг болгон дуулгая.
Эрдэн-очир ахмад хүмүүст ялангуяа зохиолчдод их хүндэтгэлтэй хандаж тэдэнтэй яриа хөөрөө их өрнүүлдэг гэнэ. Тэхдээ үеийнхнийгээ, эсвэл өөрийнхөө дараа үеийн залуу зохиолчдоос хэн нэгийг ЗААВАЛ дагуулж очин ахмад дунд залуу үеийнхнийг хооронд нь танилцуулдаг гэнэ. Мөн хэрэг болгон өндөр настануудыг бие биентэй нь уулзуулдаг гэнэ. Энэ их олон талын ач холбогдолтой гэж байв. Яриа хөрөө, үзэл бодол, мэдсэн дуулсан,үзсэн харсан юм нь ойролцоо байдгаас хүмүүс ялангуяа ахмадууд үе тэнгийхэнтэйгээ уулзан яриа хөөрөө өрнүүлэх нь илүү ач холбогдолтой байдаг. Иймээс та бүгд аав ээж ах эгч зэрэг азай буурлуудаа үеийнхэнтэй нь хэрэг болгож аваачиж уулзуулж байгаарай. Мөн Эрдэнэ-Очир шиг залуу, дунд, ахмад үеийнхнийг хооронд нь уулзуулдаг гүүр болж яваарай хэмээн захих гэсэн юм. Үүнийг уншсан хэн боловч цагийн эрхээр нэгэн цагт ахмадын ангилалд орно, тэр цагт хүүхэд залуустаа энэ хүсэлтийг тавьж байгаарай. Өөр юмгүй дээ.
Б.Батмөнх 
2017-10-20

No comments:

Post a Comment