Tuesday, February 14, 2017

ХҮҮХЭНБААТАР АХ
Энэ жил /2017/ 80 насных нь ой тохиож буй Дашдаваагийн Хүүхэнбаатар ахын тухай товчхон дурсамж сөхөе.
Хүүхэнбаатар ах Дэл Хөнжилд төрсөн, сургуулийн болон бага насаа бусдын жишгээр хөдөө өнгөрөөж дунд сургуулиар дамжин МУИС-ийг 1960 онд онц төгсөөд сургуульдаа багшаар үлдэн насаараа түүх, нийгмийн ухааны хичээл заасан, түүхийн ШУ-ны доктор/ Ph.D/, МУИС-ийн хүндэт профессор, доцент хүн.
Москва, Эрхүүд томилолт болон багшаар түр хугацаагаар ажиллаж байсан.
Хөдөөгийн Пэрлээ, Гүнжийн Сүхбаатар, Ш.Нацагдорж зэрэг түүхийн сор болсон алдартай багш нараар хичээл заалгаж байсан, МУИС-ийн амь түүх болсон Чойжилсүрэн, Дашиймаа, Шаарийбуу, Жамбаажамц, Өвгөн зэрэг алдартай олон багш нарын адил төрөлх сургуульдаа 50 шахам жил багшилж, 60 гаруй жил энэ сургуульд бүртгэлтэй байсан нэгэн.
Хүүхэнбаатар ах бол манай Дэл уулын нэг айлаас төрсөн дөрвөн эрдэмтний /доктор цолтон/ нэг, Батмөнх, Билгүүн гэж хоёр сайхан хүүхдийн эцэг, Даваасүрэн гэж бурхан шиг сайхан эмэгтэйн хань байсан хүн.
Хүүхэнбаатар ахын эмээ Увш, миний эмээ Бичээч хоёр төрсөн эгч дүү хүмүүс.
Намайг бага байхад хүү Батмөнхөө дагуулаад зун бүр ижий Сугарындаа /Бүдүүн амаа/ очиж амардаг байсан. Хожим оюутануудаддаа дадлага хийлгүүлж мөн жил болгон Дэл ууландаа очдог байсан нутаг амьтай хүн байв.
Багшийгаа дагаж Дэл ууланд очиж байсан шавь нараас нь олон хүн эрдэмтэн болж, олон хүн эдүгээ төрийн албан хариуцлагатай албан тушаал хашиж байна. Тухайлбал түүхийн ШУ-ны академич доктор Ж.Болдбаатар Boldbaatar Jigjid , МУИС-ын ШУ-ны сургуулийн захирал доктор П.Дэлгэржаргал Delgerjargal Purevsuren , Түүх археологийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун, доктор А.Очир нар, Монголын үндэсний түүхийн захирал доктор Д.Сүхбаатар, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш доктор Ю.Болдбаатар, Үндэсний архивын дарга нараас доктор Д.Өлзийбаатар Ulziibaatar Demberel, доктор И.Саруул нар, МУИС-ийн багш Түүхийн шинжлэх ухаан доктор /Sh.D/ Ж.Урангуа Urangua Jamsran, Улаанбаатар их сургуулийн багш доктор Д.Эрдэнэбаатар, Тагнуулын архивын дарга асан доктор Д.Тод, шашны зүтгэлтэн хамба Чойжамц, Дамбажав нар гээд тоо томшгүй олон.
Хүүхэнбаатар ахад ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор, МУИС-ийн хүндэт доктор, доцент, тэнхимийн эрхлэгч, нам, эвлэлийн үүрийн дарга, зөвлөх профессор, эрдмийн зөвлөлийн гишүүн, Алтан гадас одон, хүндэт жуух, тэргүүний ажилтан гээд шагнал цол албан тушаал олон. Монголын түүхийн холбогдолтой хэд хэдэн ном, товхимол, эмхтгэл, олон зуун эрдэм шинжилгээний бүтээл туурвисан, МУИС-ийн түүхийн тэнхимийн загалмайлсан эцэг гэгдэж байсан хүн.
Би наяад оны эхээр Хүүхэнбаатар ахынд хоёр жил амьдарч тэднийд байхдаа сайхан ажилд орж, цэргийн офицер болж, хань ижилтэй болж байсан. Миний дараа эгчийнх нь хүү Ерөнхий сайд асан Наранцацралт мөн сургууль төгсч ирээд энэ айлд жил гаран амьдарч байсан. Хүүхэнбаатар ахынхыг алтан босготой айл гэж боддог би. Намайг эднийд байхад Хүүхэнбаатар ах дэд эрдмийн зэрэг хамгаалж эрдмийн их баяр, ёслол хүндэтгэл болж байсан. Гэр бүл Даваасүрэн гэж бурхан шиг гэж хэлэхэд багадахаар сайхан хүн байдаг. Даваасүрэн эгч бол Яармагийн хүүхдийн эмнэлэгт олон жил ажилласан хүүхдийн их эмч хүн.
Эмэгтэй хүн, айлын эзэгтэй, хүүхдийн ээж, эрийн сайхан хань ямар байх ёстойн сонгодог үлгэр болсон дөлгөөн уужуу тайван, ухаалаг, хүлээцтэй, энэ айлыг айл шиг авч яваа сайхан хүн.
Манай Хүүхэнбаатар ах чинь найз нөхөд, шавь нар олонтой, гэрээр нь олон хүн орж гардаг, уувал уучихдаг дуулбал дуулчихдаг, ёстой л цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан билэг танхай эр хүн байсан. Найз нөхөд, шавь нар, хамт ажилладаг багш нар нь их хүндэлдэг байсан. Дуулна гэснээс ах бол гайхалтай сайхан дуулдаг хүн. Түүхч болоогүй бол ямар ч эргэлзээгүйгээр дуурийн гоцлол дуучин болох хүн гэж урлагийн найз нөхөд нь ярьж байхыг би нэг биш удаа сонсож байсан.
Орост хуульчийн болон инженерийн боловсрол эзэмшсэн, аав шигээ оюунлаг, ээж шигээ аядуу дөлгөөн, ухаалаг хоёр нандин сайхан хүүхэдтэй айл. Хүү Батмөнх нь АНУ-д мэдээлэл технологийн чиглэлээр, охин Билгүүн нь Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын хариуцлагатай албыг олон жил ажиллацгааж байна.
Нэгэн үе миний гэр болж байсан нэгэн сайхан айлынхны тухай товч дурдахад ийм ажгуу.
Б.Батмөнх.
2017 он
ДЭЛ УУЛАНД Л ЭРТНИЙ МОНГОЛЫН ХАМАГ 
АМЬДРАЛ БОЛЖ БАЙСАН ЮМ УУ ГЭМЭЭР...
/СГЗ, орчуулагч, хадны зураг судлаач Го.Акимын "Дэл уулын хадны зураг" цувралаас/
Дэл уул...Энэ ууланд л эртний Монголын хамаг амьдрал болж байсан юм уу гэмээр. Хэтрүүллээ гэж зарим нь хэлэх биз. Гэвч 30 орчим км сунаж тогтсон уул л даа. Энэ уулаар нэг хадны зураг бий. Молхи би заримынх нь тухай нийтлэл ухааны юм бичиж байсан. Тийм ээ, хадны зургийн сэдэв дуусашгүй мэт. Нэг очиход л нэг шинэ юм харагдах жишээний. Ухаа нь, Унгарын монголч эрдэмтэн, хүннү судлаач Обрушинскийн Борбала, зураач Батцэнгэл бид гурав өнгөрсөн зун очлоо л доо. Би өөрийн очиж үзээгүй Жиримийн худгийн “хуудас”-аар эхлэж орсон юм. Нутгийнхан уулынхаа хөндийг “хуудас” гэж нэрлэдэг юм. Тиймээс би тэдний хэлдгээр “хуудас” гэж бичлээ. За тэгээд, уг “хуудас”-ны хойт ухааруу өгслөө. Уг нь би тэрэгтэй хүний зураг хайж яваа юм. Тэр талаар нэг өгүүлэл бичих санаатай. Тэрэгтэй хүн, тэрэгний зургийг ч олсон л доо. Гэвч огт өөрийг энд өгүүлэх гэсэн юм. Тэр юу вэ? Янгир гаршуулах гэж байгаа хүн! Яг үүнийг бичих гээд сууж байтал манай хоёр биологч ТV-гээр ярьж байна. Манайх чинь өч төчнөөн сувагтай болохоор чухам ямар сувгаарыг санахгүй байна. Тэд юу гэж ярьсан бэ? гээч. Хонь аргалаас үүсээгүй, хромсомын тоо нь ондоо гэж. Бид чинь аргал бол хонины өвгө гээд яриад, бодоод дасчихсан улс. Би хичнээн гайхсан ч эрдэмтэддээ үнэмшилгүй яах вэ. Миний давхар эргэлзсэн нь, янгирыг гаршуулж гэрийн тэжээмэл болгосон нь үнэн үү? Ямаа, янгир хоёрын хоромсомын тоо адилгүй юу? Гэтэл яахын аргагүй, хадны зураг дээр янгиртай ноцолдож байгаа хүн байж байх юм. Гаршуулах л гэж ноцолдож байж таарна. Алж идэх гэсэн бол харваад л алчихна биз дээ. Эргэлзээгээ тайлахын тулд Wikipedia ухлаа. Тэгсэн нь янгирыг Төв Ази, Дорнод Европт анх гаршуулсан, янгир бол ямааны өвгө гэж бичсэн байна аа. Хонийг бол wild mouflon, urial гэдэг хоёр амьтнаас үүссэн гэжээ. Эдгээр нь аргалын л төрлүүд байх юм. За, тэр ч яах вэ, хадныхаа зурагруу орсу. Нэгэн эр бөхийн, зүүн хөлийг ургаш жийн, солгой гаргаараа сэлмэн эвэртэй янгирыг хондлой хавиас барин хар хүчээрээ чангааж байна. Ээ дээ, тогтоож чадахгүй, алдах л болов уу. Бас өөр нэг эр том янгирын сэрвээнээс зүүгдэн, гэдийж, хоёр хөлөөр уллан татавч, зогсоож дийлэхгүй чирэгдэн яваа байдалтай. Ингэж яваад хадруу гуядуулчихвал яана. Эд маань улаан гараараа л үзэлцэж байна даа. Эдгээр зургийг харахад өөрийн эрхгүй ийм бодол зурсхийж байх юм аа. Энэ уран бүтээлчид хүч, хөдөлгөөнийг гаргасан нь дэндүү гайхалтай вэ гэж бахдах сэтгэл бас төрж байна. Өнөөгийн зураачдаас ч даан ч дутах юмгүй.
Байгальд яваа зэрлэг амьтныг гаршуулна гэдэг тун амаргүй, туйлын амь дүйсэн ажил байсан бололтой. Гэвч хүн гэдэг амьтан нэг л зүтгэвэл бууж өгдөггүй л дээ. Эр хүн зорьсондоо, эр морь харайсандаа гэдэг үг дэмий гараагүй бололтой. Тэртээ дунд чулууны үед янгирыг амиараа дэнчин тавин гаршуулж өгсөн өвгө дээдсийнхээ хүчээр өнөөгийн малчид маань ямааны ноолуур гээч юмаар амь зууж байна даа. Бидэндээ амь зуулга залгуулж өгсөн тэдэнтээ мянгантаа залбирч, түмэнтээ ерөөл дэвшүүлүүштэй.
Хатагин Го. АКИМ
2016 он.

АХАН ДҮҮСЭЭРЭЭ НИЙЛЖ ЗОЛГОЛТ ХИЙХ 
Нүүдэлчин Монгол хүний ёслол, бэлгэдэл, хүндэтгэлийн сайхан баяр бол цагаан сар.
Хамгийн сайхан хувцсаа өмсөнө, хамгийн сайхан идээ цагаагаа зооглоно, хамгийн сайхан яриа хөөрөө өрнүүлнэ, ахмадуудаа хүндэтгэдэг, ахан дүү нартайгаа уулздаг зэрэг олон сайхан зан үйлийг бүх хүн нэгэн цаг дор үйлддэг сайхан баяр.
Ингэж олон хүн нэгэн зэрэг тэмдэглэх нь өнөөгийн нөхцөлд цаг хугацаа, орон зайн хувьд зарим талаар хүндрэл учирдаг тул сүүлийн үед нэлээд дэлгэрсэн нийлж золголт хийдэг тухай товч дурдъя.
Айл болгон өглөө гэр гэртээ шинэлнэ, бүх ёслол хүндэтгэлээ хийнэ. Дараа нь урьдчилан зохион байгуулж бэлтгэсэн байранд ахан дүүсээрээ бүгд цуглаж золголт хийнэ. Энэ арга хэмжээг ахан дүүсийн дундаас гарсан комисс урьдчилан бэлтгэсэн байна. Энэ арга хэмжээг яаж зохион байгуулах, хоол унд, бууз банш, архи дарс, бэлэг сэлт болон ирж чадаагүй өндөр настанд хэрхэн хүндэтгэл үзүүлэх зэрэг бүх асуудлыг хэрхэн зохицуулахаа ахан дүүс хоорондоо урьдчилан маш сайн тохиролцож бүгд санал нэгдсэн байна.
Ингэж нийлж шинэлэх нь цаг хугацаа, мөнгө санхүүд хэмнэлттэйгээс гадна хүмүүс уужуу тайван ярьж хөөрч суудаг, зарим ажилсаг авъяаслаг хүмүүсийнхээ хийсэн бүтээсэн, авсан шагналыг албан ёсоор мэдэгдэж болно, шинээр ирсэн хүргэн, бэрүүд, нялх үрсээ танилцуулж болно, "манайхнаас энэ жил хамгийн..." гэх мэт /жишээ шүү/ сонирхолтой сюрприз барих зэрэг уламжлалаа улам баяжуулж болно. Мөн ингэж тэмдэглэхэд өндөр настнууд нэг дор цуглан ярьж хөөрч суухаараа ядрах нь бага байдаг юм билээ.
Иймээс сүүлийн үед ийм маягаар тэмдэглэх эрс нэмэгдсэн тул одооноос ресторан, зоогийн газрууд захиалга аваад эхэлчихсэн байна билээ.
Ингэж золголт хийж болно. Мөн хуучнаараа айлаа хэсч болно.
Б.Батмөнх
"ХӨСРИЙ НЭРТИЙН ТҮҮХ" НОМНЫ 
ХӨГЖИЛТЭЙ ДУРСАМЖУУДААС 
Багийн хурал.
Багын дурсамжууд дотор “Багийн хурал” гэж нэг сайхан юм болдог байсан санагддаг. Багийн хурлыг олон хоногийн өмнө зарлаж, өрх бүрээс хүн оролцуулж, боломжийн гэх айлууд дээр ээлжлэн хийдэг байв. Манайхыг Батсүхийнхтэй айл байхад манайхан дээр багийн хурал болов оо.
Багийн хуралд маш олон хүн цуглаж, хоёр гурав хоног хуралдсан юмдаг. 
Хуралд ирсэн хүмүүсийн хоолонд манайх хонь юм уу ямаа төхөөрч, гэдэс мах чанаж, хүний тоогоор хувааж шөлөнд нь будаа хийж өгнө. Өдөрт нь хорин литрийн тогоогоор дүүрэн үхрийн борц үйсэн будаатай цай чанана.
Санаанаас гардаггүй нэг сонин зүйл бол багийн хурал шөнө дөл болтол хуралдаж, элдвийн юм шаардуулсан хүмүүс ядарч залхдаг, хөшиж чилдэг болохоор шалтаг гаргадаг ч юм уу, залуухан хүүхнүүд энд тэндгүй "ээн ээн» гээд л ухаан алдан татаж унаад, хоёр гараа тэлж унь хань зууран шажигнуулж, хоёр хөлөөрөө тааралдсаныг балбаж сүртэй юм болно. Дуу дуугаа авалцан тэр ч уналаа энэ ч ойчлоо л болно. Унасан хүн бүрийг хоёр гурван чадалтай залуучууд хөл цээжнээс нь дамжилж, гадаа гарган салхийг нь тавьж өг! гэлцээд товч бүсийг нь тайлж, энгэр цээжийг нь ил гаргаад, шөнө тал тал тийшээ аваад ойрын овоо гүвээний цаагуур ороод явчихна.
Хүүхдүүд сонирхоод дагаж гүйхээр хөөгөөд хавьтуулдаггүй, тэгээд нэлээн удсаны дараа нөгөө унасан хүүхнүүд зүв зүгээр болчихсон инээж хөхрөөд хуралдаа сууж байгаа харагддаг байсан.
Ийм явдал бусад багийн хурал болон өөр сумдад ч хаа сайгүй байсан юм гэдэг. Ер нь сүүлд багийн хурал болоход "За, тэр унана шүү” гэдэг, тэд нар ч унадаг байсан. Энэ нь өвчин байсан юм уу, нэг бол бие биенээ дуурайдаг маяг байсан юм уу бүү мэд. Тэр үедээ л хүүхэд бидэнд сонин зүйл байж билээ.
Л.Хөсрий

Monday, February 6, 2017

ТҮМЭН-ӨЛЗИЙ ЭГЧ 
Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг Түмэн-Өлзий эгчдээ хүргэе.
Манай хүүхдүүд бүгд Жуужаагийн гараар дамжиж өдий зэрэгт хүрцгээсэн хүмүүс. Ялангуяа эрүүл мэндийн асуудал. Хоёр дахь ээж нь Жүүжээ гэж хэлж болно. Манай хүүхдүүдийг эрүүл саруул, өдий зэрэгтэй явахад манай Жуужаа хоёр их зүйрлэшгүй их тус болсон. Сургамжтай болоод хөгжилтэй ч юм их тохиолдож байв.
Золоог гаргасны дараа манайх 5 буудалд Чимээгийнх 5 шард байх. Анхны хүүхдээ гаргасан шинэхэн аав, ээж хоёрт асуудал их гарна. Хүүхдээ яасныг нь мэдэгдэхгүй уйлаад эхлэнгүүт Жуужаагаас асуух гээд автобусаар гараад жирийчихнэ. Бөөн юм болж болж эмч дагуулаад ирэхэд нөгөө хүүхэд маань аль хэдийн зүгээр болчихсон инээгээд гадаа гүйж явах тохиолдол гарч байв. Нэг удаа хүүхдээ орон дээрээс унагав, тархи нь хөдөлсөн байж таараа гэж бодоод сэмхэн Чимээгийн очлоо. Загнуулахаас айгаад хэлсэнгүй. Хэрэг бишдвэл хэлнэдээ гээд хүлээгээд нэг хонов, яасан ч үгүй тэхээр нь сэмхэн буцаал явчихаж байсан зэрэг Жуужаа эмчтэй холбогдох хөгжилтэй явдал зөндөөн. 
Манай Жуужаа бол сумын эмнэлгээс Төмөр замын төв эмнэлгийн амбулторын дарга хүртэл 40-өөд жил эрүүл энхийн манаанд зогссон хүн. Хөдөөний малчин, зөрлөгийн замчинаас эхлээд сайд дарга нар, алдар хүндтэй хүмүүсийн хүүхдүүдийг асарч, эмчилж, сувилж явсан хүн.
Жуужаадаа аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Бичээчийн Батмөнх.
ЦАХИМ ЕРТӨНЦӨӨР ЦАХИЛАХАД 
Албан ажлаа явуулна, амрах газраа хайна, танихгүйнууд танилцана,танилууд ярилцана, мэдэмхийрэгчид мэдэмхийрнэ, мэргэжилтнүүд зөвөлнө, томордогууд томорно,сэргэлэн нэг нь бизнес хийнэ, сэлэнгийнхэн ногоогоо зарна,дундговийнхон дуугаа дуулна, зарим нь далан зургаагаа муулна, зарим нь далан булчирхайгаа тоочно, худлаа бүлтэрнэ, хуурч мэхэлнэ, хулхидаж залилна, хужаа гэж загнана, хуурай агсан тавина, ангайтал нь инээлгэнэ, тонгойтол нь тохуурхана, амныхаа хэмжээгээр цуурна, хань ижлээ хайна, ханиад шуухнаагаа эмчилнэ, мөнгө гуйна, мөрийтэй тоглоно, мөөм ярина гээд байхгүй юм байхгүй юм бол энэ сошиол хэмээгч болой. Сошиол бол солиорол биш амьдрал болж. Ажилтай хүнд цагийн дайсан, ажилгүй хүнд цаг нөхцөөгч. 

Б.Б
ДУСАЛ ҮГ
Архийг спиртээр хийдэг гэж худлаа, архийг эхнэр хүүхдийн нулимсыг эр хүний гэмшилтэй хольж хийдэг юм, худлаа гэвэл амсаад үз, гашуун байгаа биздээ!

Сайхан амьдрая гэвэл сайхан, эерэг, зөв юм бодож явахад л болоо.

Халбага ус уухад амар лүгээ адил цахим орчинд залууст өгөх санаагаа цөөн үгээр “халбагадаж” өгсөн дээр.


Магтаалаар дүүрэн айлд хүүхэд бусдийг үнэлж сурдаг, урмаар дүүрэн амьдралд хүүхэд өөрөөрөө бахархаж сурдаг гэнэ.


Завгүй нь ажилсагийн, завтай нь залхуугийн шинж биш үр дүн нь гарсан бүтээл.

Гаднаасаа гялалзах яахав дотроосоо гэрэлт.

Инээд бол эм буюу Инээд+Эм=Инээдэм

Эдийн баян амьдралын тав тух, сэтгэлийн баян аз жаргалын тав тух.

Зорилгодоо хүрэхийн тул гүй, алх, мөлх.

Үйл хаа байна жаргал тэнд байдаг.
/Нутгийн өвөгчүүлийн үг/


Лидер явж чадахгүй ч гэсэн лойдор битгий яв.
Сайхан хүмүүсийн дурдатгал уншихад эерэг энерги ихээр ирдэг нь ташаагүй үнэн.
Эерэг энерги ихээр түгээж явсан нь илүү урт насалдаг гэж үнэн байх хараад байхнээ.

Од болж чадахгүй бол мод битгий бол. 
Гадаад орон үзээгүй хүн гэрээсээ гараагүй хүнтэй адил. 
Том больё гэвэл том мөрөөдөөд зүтгэ.

Мөнгө,боломж 2 эргэн тойрон овоолоотой байдаг гэсэн, олж харахыг бод. 

Залуус зөвхөн байр,машины мөнгө олох зорилго бүү тавь...

Хүнээр хүн хийх хэцүү ажил гэдгийг хүн бүр мэднэ, эхчүүдийн тэтгэвэр нэмсэн нь зөв

Эмэгтэй та "гоёл"наадмын тайзан дээр гарах гэж буй мэт гоёж бай өглөө бүр

Согтоход ганцхан сайн тал бий ертөнцийг түр өөр өнцөгөөс нь хардаг

Та өөрөөсөө хойш нэрээ сайнаар дуудуулж явья гэвэл хүүхдүүдээ л зөв хүмүүжүүлчихэд болоо, тэдний нэрний өмнө таны нэр байнга дурдагдаж байх болно.
бичээчийн батмөнх

Дуртай зүйлээ хийх нь эрх чөлөө, харин хийж буй зүйлдээ дуртай байх нь аз жаргал

Эцэг хэмээх ууландаа мөргөж яв, ижий хэмээх шүтээндээ залбирч яв үйлс чинь бүтнэ.

Амьдрал гэгээн сайхан байх нь гагцхүү сэтгэлийн гэгээнээс хамаарна.

2016 оны дэлхийн аялал жуулчлалд уриалсан шилдэг 5 киноны 4-т монголын "бүргэдчин охины тухай" кино орсон гэнэ.

Багш хичээл заагаад шалгалт авдаг бол амьдрал шалгалт аваад хичээл заадаг гэнэ






ЭЦЭГ ЭХЭЭ БАЙГАА ДЭЭР НЬ АЛДАРШУУЛ.
Сая нэгэн ээжид зориулсан хүндэтгэлийн маш сайхан тоглолт үзлээ. Тэндээс ингэж бодогдов. 
Хүүхдүүд нь /хүүхдүүд нь шүү/ насны нар хэвийж яваа эцэг, эхдээ зориулан сайхан үйл бүтээж хүндэтгэл үзүүлж байх, тэднийхээ хийсэн бүтээсэн үйл хэрэг, байгуулсан гавъяаг ахан дүү нар, аймаг, сум, ажлын хамт олон, найз нөхөд зэрэг аль нэг тодорхой хүрээнд таниулан алдаршуулж байвал зүгээр юм байна гэж бодогдов. 
Б.Б

ДУНДГОВИЙН АЛДАРТ УРАН ДАРХАН "УРАН" ПҮРЭВТЭЙ УУЛЗЛАА
Соёлын гавьяат зүтгэлтэн "Уран" хэмээх Пүрэв бол Дундговийн толгой дархчуулын нэг. Дундговь бол дуучдаар төдийгүй дархчуулаар дүүрэн нутаг. Уран Пүрэв гуайн алт мөнгөөр уралсан чамин гоё бүтээлүүд нь гадаадын хүндэт зочдод өгдөг бэлэг сэлт, төр засаг, нийслэлийн томоохон бэлэг тэмдгүүдээс эхлээд ард түмний хэрэглээнд байдаг юм байна. 
Пүрэв гуайтай олон сонирхолтой зүйл ярив. Манай Дэл Хөнжилөөр явж байсан тухай, Дилав хутагтын туслах бие хамгаалагчаар олон жил ажилласан Гэндэн сойвонтой нэг хонхорт амьдарч байсан тухай, Гэндэн гуайн амийг нэг биш удаа аварч байсан хор шингээдэг шидэт аяганых нь тухай, түүний гэргийгээс пэлдэнгийн чулуу авч байсан тухай ярилцаж Гэндэн сойвонгийн 1930-40 онд авахуулсан зарим фото зургийг таниулав. Дарх хийх нь ямар сонирхолтой ажил болох, уран дархан хүний тухай зэргийг мөн ярилцав.
Дархан хүн бурхан ухаантай гэж сайхан ухаантай, сайхан юм ярьдаг сайхан хүн байна. Баярлалаа Пүрэв гуай.
Бичээчийн Батмөнх.


ОЛДОХЫН ТАЛАА ОЛДОХЫН ТАЛЫНХНЫ ХЭЛЛЭГЭЭР МАГТСАН 
ОЛДОХЫН ТАЛЫН ОНГОДТОЙ НАЙРАГЧ
Олдохын талаас ойлж цойлж, дэгж дэвхэрч Олдохын талаа алдалж аргадаж дуулж магтаж гарч ирсэн эрхэм найрагч Пэрэнлэйн Нямлхагвын шүлгийг яруу тунгалаг найрал хөгжмийн аялгуу эгшигэн дор чих тавин сонсов. 
Миний жилд хэдэн удаа дундуур нь давхиж Дэл ууландаа хүрдэг алдарт Үл олдохын талыг шүлэглсээр байгаад монголчуудын чихэнд хоногшуулж чадсан хүн бол яах аргагүй Нямлхагва. Монголын олон зохиолч найрагчид төрөлх нутгаа ингэж алдаршуулсан. Нямлхагвагийн буянаар Олдохын талыг мэдэхгүй хүн бараг байхгүй болсон монголд.
Олдохын талыг би бүүр багаасаа мэддэг юм. Нямлхагвын нагац ах Очирын Баатар Олдохын талаас, би Дэл Хөнжилийн уулнаас аймгийн арван жилийн бага сургуульд очиж 1-р ангид орж дөрвөн жил хамт нэг ангид сууж найзалсан хоёр. Баатар маань гэрээ санахаар дандаа Олдохын талаа ярьдаг байсан. Хожим би Олдохын талаар дайрч нутагруугаа явдаг болсон. Том талаа Дундговьдоо л Мэнэнгийн тал. 
Мөн Олдохын талын алдарт тэмээчин МУ-ын Хөдөлмөрийн баатар Банзрагчийн Эс хэмээх сайхан буурай бол манай бэр /Дүгэрийн хэмээх Сумъяа/ эгчийн маань ойрын садан хүн. Б.Эс гуайг энгэр дүүрэн одонгоо зүүгээр анх Дүгэр ахныд ирэхэд нь цуглуулсан тэмдгээ ингээд зүүчихдэг юм байна би том болоод тэмдэгний цуглуулгаа ингэж зүүнэдээ гэсэн шуу юм бодож байсан хүн би найман настайдаа. Гэхдээ тэр мөрөөдөл минь биелж би энгэртээ зүүх нэлээн хэдэн "тэмдэг"-тэй болсон нь манайхаар олон ирж байсан Олдохын талын алдарт тэмээчин Эс гуайн эерэг энерги надад шингэсэн ч юм билүү хэн мэдлээ.
Нямлхагвын шүлгэн дунд минийхээр хэдэн сайн шүлэг сонсогдсон. Олдохын талыг нүдэнд харагдтал бичсэн ”Газрын диваажин”, “Олдохын тал минь” зэрэг зарим шүлэг нь нүдэнд тусна гэдэг шиг чихэнд бууж л байнлээ. “Олдохын тал минь” найраглал нь алдарт “Боржгоны бор тал” -ыг гүйцэхгүй юмаа гэхэд түүнд дөхөж очсон байна гэж бодогдсон шүү. Тэр нутгийг нь сайн мэддэг болоод ч тэгж санагдсан байж магадгүй.
Одоохондоо Цоодолын Хулан, Нямлхагва хоёр л шүлгээр дагнасан цэнгүүн хийгээд гаршчих шиг боллоо. Бусад найрагчид ингэж хийгээсэй билээ. Энэ цэнгүүнээс мартагдах шахсан хөдөөнийхний язгуурын монгол хэллэгүүдийг сонсоход бага насандаа хөдөөний хөх өвгөчүүлийн дундаа очсон мэт сэтгэгдэл төрж байв. Эртний болон мартагдах шахаж байгаа үг хэллэгүүдийг шүлэндээ донжийг нь олон оруулсан нь олзуурхууштай байв.
Шүлгийн заримыг нь өөрөө заримыг Монголын радио, телевизийн урдаа барьдаг шилдэг нэвтрүүлэгчид уншсан нь илүү сонирхолтой, шинэ өнгө төрхтэй болгосон байв. Шүлэг яруу найргийг жүжигчин, уран уншигч, нэвтрүүлэгч, шүлгийн эзэн унших нь өөр өөр мэдрэмж өгдөг сонирхолтой шийдэл байж мэдэх юм билээ. 
Зарим үзэгчид нүдээ сэмхэн арчиж байсан, зарим нь шал доргиж сандал салгалтал алга ташиж байсан, зарим нь гүн бодолд автаж байгаа харагдсан, зарим нь суудал дээрээ тогтож ядан өндөлзөж байгаа харагдсан. Ингэж үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлсэн цэнгүүн байлаа.
Яруу эгшиглэнт яруу найрагтай, яруу сайхан дуу хоолойтой, утга төгөлдөр тайлбартай, уянга яруу хөгжимтэй, төрсөн өдөртэй, ихэр хүүтэй, Олдохын талын малчинтай машид тунгалаг сайхан үдэш байсаан. 
Баярлалаа Нямлхагва. Хийх бүтээл чинь хийсэн бүтээснээсээ хэд дахин илүү байх болтугай. 
Б.Батмөнх
2017-01-22
НАДАД ТУС БОЛСОН НАЙМАН ХУРАНДАА
/Хурандаа нарын өдөрт/
Ойровын Сугир хурандаа.
Бид багадаа Дэл Хөнжилийн ууланд хамт тоглож өссөн, миний хуурай ах болох хурандаа. Бага сургуульд бид нэг айлд дөрвөн жил хамт суусан. Сургууль төгсөөд хотод ирж анх ажилд орохдоо би түүнийг бага дэслэгч цолтой байхад нь эднийд 2 жил суусан. Анх хилийн цэрэгт татагдахад намайг арын хаалгадаж ХЦ-ийн хот дахь 0151-р ангид авч байсан, жилийн дараа цэргүүд бүгд хилд явахад дахин хаалгадаж ангидаа үлдээж байсан зэргээр надад олон удаа тус болж байсан хурандаа.Тэр ХХЕГ, НАХЯ, УАБХЕГ зэргийн холбоонд ажиллаж байсан. Хурандаа болох том дарга байгаагүй ч ХЦ-ээс албан тушаалын бус ажлын сайнаар хурандаа авсан хэдхэн хүний нэг. Мөн Лаос дахь Монголын ЭСЯ-нд ажиллаж байсан.
Ядамсүрэнгийн Намсрай хурандаа.
Ногоон хэмээх хочтой энэ хурандаа бол хилийн цэргийн холбооны амьд домгуудын нэг. Цэрэгт татагдаад Сугираар хаалгадуулан 0151-р ангид очиход На хурандаа ангийн дарга байсан, дараа нь УАБХЕГ-ын Холбооны хэлтэст миний шадар дарга байсан гээд нилээн хэдэн жил би түүний удирдлагад явсан. Намайг дандаа дэмжиж тусалж, шагнаж урамшуулж, нийгэм солигдсон ороо бусгаа үед халаа сэлгээ их байх үед орон тооны цомхтголоос авч үлдэж байсан зэргээр миний ажил, амьдралд тус болсон дурсаж явах хурандаа нарын нэг мөн.
Гомбодоогийн Жаргалсайхан хурандаа.
Жаргалсайхан /Тагнуулынхан Тавхай хэмээн хочилдаг/ хурандаа намайг орон байртай болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. 1990 онд ХХЕГ-т ажиллаж байхдаа орон сууцны очерын 2-рт байтал нийгэм солигдож НАХЯ татан буугдаж УАБХЕГ-т ХЦ ирснээр лав ойрын таван жилдээ байранд орохооргүй очерт жагссан.Тэгтэл Жагай хурандаа нутаг буцсан орос цэргийн байрнаас нэг бүтэн байшин авч хэлтсийнхэндээ өгснөөр би гэнэт Сансарт хоёр өрөө байранд орж хагартлаа баярлаж байлаа. Түүнээс хойш тун удалгүй орон сууц үнэтэй болоод төрийн албан хаагчид байраа худалдаж авдаг болсон. Ингэж би үнэгүй байрын сүүлийнхийг энэ буянтхй хурандаагийн буянаар авч байлаа.
Бутачийн Дашжанцан хурандаа.
Хуучин нийгмийн үед НАХЯ-ны системээс Гавъяат холбоочин авсан ганц хүн. НАХЯ-ны шифрийн албанд тасралтгүй тавин хэдэн жил ажилласан, элчингээр гадаадад сууж байсан, эх орны хоёр ч дайнд оролцож явсан алдартай хурандаа. Би энэ хүний тавин хэдэн жил хийсэн ажлыг яг энэ хүний сууж байсан ширээн 15 жил сууж хийсэн. Энэ ширээ надад орон сууц, шагнал урамшил, одон медаль, цол хэргэм, албан тушаал гээд хишиг буянаа харамгүй хайрласан. Манайхан яагаад ч юм түүнийг хурандаа гэхгүй Дашжанцан гуай л гэдэг байсан. Анх уулзахад “хүү минээ” гэж дуудангуут хурандаа нарт командлуулж, загнуулж явсан би хурандаа хүн ингэж дуудсанд ихэд гайхаж байж билээ. Их зөөлөн, эелдэг зантай, бичиг үсгийн өндөр чадвартай аюулаас хамгаалах байгуулагын амьд түүх болсон хүн байв. Дашжанцан гуайн дурсгалыг мөнхжүүлэхээр ТЕГ-ын Шифрийн албаны өрөөнд дурсгалын самбар хийж өлгөснөөс өөр гавьтай юм хийж чадаагүй би.
Содномын Цэндбаатар хурандаа.
Цэндбаатар хурандаатай нэг албанд 20 шахам жил ажиллаж, тэр манай хэлтэс, албаны даргаар 10 гаруй жил ажилласан. Мөн л намайг байнга дэмжиж,миний ажилд тусалж, намайг шагнаж урамшуулж байсан. Энэ хүнийг дарга байхад би албан тушаал дэвшиж, хошууч цолыг зургаан сар зүүгээд хугацаанаас гурван жилийн өмнө дэд хурандаа болж байлаа. УАХБХЕГыг татан буулгаж Тагнуулын Төв газар байгуулан тагнууланхныг бүгдийг гадаа хашиж байгаад ээлжит хомроглон халалт хийхэд намайг авч үлдэж байсан зэргээр над их тус болсон хурандаа.
Адьшаабазарын Нямдорж хурандаа
ХХЕГ-ын Шифрийн албаны даргаар олон жил ажилласан миний унаган багийн найз хурандаа. Бид хоёр нэг сургууль төгссөн, адилхан мэргэжилтэй, хилийн цэрэгт хамт алба хаасан, 1970-аад оноос ХААЯ, Хилийн ба ДЦУЕГ, НАХЯ, ТТГ, ТЕГ, УАБХЕГ зэрэг байгууллагуудад дандаа нэг албанд хамт ажиллаж байсан сонин намтартай хоёр. Цэрэгт нэг жил алба хаагаад хугацаанаасаа өмнө халагдах гээд явж байтал Шажинбат хурандаад "ховлоод" шууд Хилийн ба ДЦУЕГ-т улиран ажиллуулах эхлэлийг тавьсан хүн. Намайг ховлох үед Нямдорж маань Шажинбат хурандаагийн хэлтэст хугацаат цэргийн албан хаагчаар мэргэжлийн ажлаа хийж байсан юм билээ. Би цэргийн хүн болох төдийлөн дуртай байгаагүй юм тэр үед. Одоо бодоход намайг зөв замруу л хөтөлсөн юм билээ. Хурандаа цолыг 10 гаруй жил зүүсэн ХХЕГ-т албаны даргыг 20 шахам жил хийсэн, хүүхдүүдийн түрүүч нь хурандаа болоод эхэлчихсэн миний найз хурандаа бол Нямдорж.
Гомбын Төмөрсүх хурандаа.
Төрийн холбооны даргаар хэд хэд томилогдож ажилласан, Орёлын холбооны сургуулиас төрсөн олон хурандаа нарын нэг. Цэргийн газраар олон жил явчихлаа гавъяаны амралтаа эдэлдэгч юм билүү гэж байтал энэ хурандаа намайг төр, засгийн өндөрлөгт үйлчилдэг Төрийн тусгай шуудангийн албыг хариуц хэмээн Төрийн ордонруу анх түлхэж оруулсан хүн. Дараа нь та одоо гавъяаны амралтаа эдэл нас залуу дээрээ хувийн бизнес жаахан эрхэлчих гэж бизнесийн чиг баримжаа хүртэл зааж өгч миний амьдралд тус болсон хурандаа. Төмкө хурандаагийн томилсон хариуцлагатай ажилд итгэлийг хөсөрдүүлээгүй нэлээн хэдэн жил түүнтэй гар нийлэн ажилласан. Хоёр ч ерөнхийлөгч, нижгээд Ерөнхий сайд, хоёр ч 76-гийн нүүр үзэж, нэг ерөнхийлөгчөөс нь Төрийн ордон дотор одон хүртэл гардан авч байлаа.
Шажинбат хурандаа.
Анх Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газарт ирэхэд тосч авсан хурандаа. Цэргийн албаа гүйцэт хаагаагүй, дээрээ ямар нэг татлаа түлхээ байхгүй, карантины 45 хоногоос өөр цэргийн ямарч сургалтанд суугаагүй, нас залуу цөс шингэнтэй, дээд боловсрол эзэмшиж амжаагүй баруун зүүнээ сайн олоогүй намайг анх ахлагч болгож өөр дээрээ аваад дараа нь офицер болгох санал ирэхэд дэмжин дэвшүүлж явуулсан ачтай хүн. Цэргийн дарга болох цэргийн дарга нартай харьцах бүх юмыг надад зааж өгсөн хүн. Төрийн маш нууцын зэрэгтэй хэдэн мянган газрын зургийг надад итгэн хариуцуулж бүгдийг зааварлаж байсан сайхан хурандаа.
Эдгээр хурандаа нараас гадна ТЕГ-ын хоёр давхарын нэг өрөөнд мөр зэрэгцэн хамт сууж байгаад хурандаа болцгоосон Жамбын Батмөнхийн Нямаа хурандаа, Мулцайн Чойноо хурандаа /ТЕГ-т Хэлтсийн дарга/, Баттөр хурандаа /Төрийн холбооны газрын дарга/, мөн надаар ажлын дөрөө заалгаж эхэлсэн Даньхүрэлбаатарын Лхагва /Улсын шифрийн төв албаны дарга/, Увсын Лхагважавын Лхамжав хурандаа, /одоо тагнуулд хэлтсийн дарга/ нараа дурдая.
Мөн нэг албанд 10 гаруй хамт ажилласан Дашийн Халтар дэд хурандаа, Төрийн холбооны удирдлагад хамт ажиллаж байсан Чур хэмээх Далхсүрэнгийн Эрдэнэбаатар дэд хурандаа, Chure Tureg Chure Tureg Дондивын Болд дэд хурандаа, Bold Dondib ахлагчаас офицерийн эгнээнд дэвшүүлэх саналыг Шажинбат хурандаатай нийлэн Арвай генералд санал тавьж татаж авсан Магсар дэд хурандаа нараа энд мөн дурдая.
Би хэмээгч хүмүүний заяа хутгийг олоод өдий зэрэгтэй сайн сайхан явахад эцэг эх, хань ижил, үр хүүхэд, найз нөхөд, эрдэмтэн багш нар, ахан дүү нар, олон сайн дарга нараас гадна эдгээр хурандаа нар надад машид их тус болсныг маш товчхоноор дурдахад ийм ажгуу.
Бичээчийн Батмөнх.
ҮЛ ОЛДОХЫН ИХ ТАЛААС ТӨРСӨН 
ЭГШИГЛЭНТ ЯРУУ НАЙРАГЧ ОЧИРЫН 
ПЭРЭНЛЭЙН НЯМЛХАГВА
Дундговь аль ч цаг үед зохиолчид, дуучид хоёр чихцэлдэж байдаг нутаг. Яг одоо хэдэн сайхан залуу зохиолчид ид дундаа дөрөө харшуулан дэргүүлж явна. Тэдний нэг нь Монголын радиогийн сэтгүүлч Пэрэнлэйн Нямлхагва. Nyamlhagva Nyamka Миний 1-4 дүгээр ангидаа найзалж байсан унаган багийн ганц найз Очирын Баатарын маань төрсөн ахын хүүхэд. Тэднийхэн ураг удмаараа ажилсаг, оюунлаг мундаг хүмүүс. Баатар маань улсын аварга малчин цол хүртсэн алдартай сайн малчин. Хуучин нийгмийн үед энэ цолийг жилд нэг аймгаас нэг л хүнд өгдөг байлаа. Очир гуайн нэг хүү Түвшинбаатар гэж /Ах Дэмбэрэлдээ өргүүлсэн/ тухайн үедээ сурлагаараа аймагтаа од болон гялалзаж байсан одоо эрдэмтэн хүн байгаа. Очир гуай бол нутаг усандаа нэр хүнтэй мундаг хүн байсан. Төрсөн ах нь Дэмбэрэл хурандаа гэж Дундговийн Цэргийн хэлтсийн даргыг олон жил хийсэн эх орны дайны ахмад дайчин хүн байлаа. Нямлхагва бол Очир гуайн нэг хүү Пэрэнлэйгийн хүү. 
Нямлхагва бол нийгэм солигдох ид бужигнааны үед сумандаа 10 төгсөөд шууд малчин болж адуу голдуу малыг Хулдын Үл олдохыг талд бүтэн таван элдэж явсан хүн. Гэнэт авьяас нь буцлан тодорч гарч ирээд утга зохиолын сургуулийн сургуулийг төгсөөд утга уран зохиолын ажил хийжээ мань эр. 
Их олон шагналтай, их олон уралдаан тэмцээний тэргүүн байрыг авч байсан утга зохиолын салбарт шажигнаж шижигнэж, бургилж буцалж яваа өнөөгийн өнгөлөг залуучуудын нэг. 
Түүнтэй нүүр тулж уулзаагүй байгаад өнгөрсөн жилийн хавар кино хийх, нэвтрүүлэг бэлтгэх ажлаар Дэл уулруу хамт явж танилцсан юм.
Эрдэмтэн археологч Цэвээндорж, кино найруулагч “Сэмүүн”-ий Баяр, радиогийнхан, телевизийнхэн, Чойдог ах тэргүүтэй нутгийн малчид,Билэгтхүү, Хүрэлбаатар нарын хотын төлөөлөгчид гээд 30 гаруй хүн Дэл ууланд манай дүү Батбуянгийнд цуглан идэж ууж, ярьж хөөрч нэг оройг хамт өнгөрөөсөн юм. Тэр орой тэнд байсан хүмүүсийн элгийг агштал инээлгэж хөгжөөсөн ганц хүн бол залуу яруу найрагч Нямлхагва. Тэмээчин байсныгаа телевиз, радиогийнхонтой нийлүүлээд, өөрийгөө Хулд, Өлзийтийнхөнтэй оруулаад тэгээд давс хужрыг нь ихдүүлж цацсан онигоо, болсон явдал хоёрыг бүтэн 4 цаг ярьж инээлгэсэн. Шүлгээч уншсан. Хулдын 10 жилд Өлзийтийнхөнтэй хамт сурч байсан тул манай сумынхныг сайн мэдэх таних юм билээ
Нүүр тулж танилцчихаад шүлэг яруу найргийг нь хэрэг болгож уншиж үзсэн. Жирийн уншигчийн нүдээр ажихад бас л буцалсан, хурц иртэй, сэтгэлгээ сайтай, хөдөө үнэртсэн, сүлсэн сүлжилдсэн төрөл бүрээр бичдэг юм шиг санагдсан. Арга ч үгүй юм тэр Агуу их С.Буяннэмэх, С.Дашдооров нарын өсч төрсөн нутаг Дэлгэрхангай уулын салхи шившин шившин дайрч өнгөрдөг Үл олдохын их талаас төрсөн найрагч хүн ингэж л бичих байхдаа гэж бодогдсон.
Тэр нилээн хэдэн ном баринтаглаж өлгийдөөд хэвлүүлчихсэн, уран бүтээлээрээ яруу найргийн үдэшлэг хэд хэдэн удаа хийчихсэн хүн. Тэр Монголын радио гэдэг үеийн үед дандаа уран зохиолын алтан бурхад гуунд нь заларч байсан их айлын хойморт ширээ ширээ сандал хоёр эзлээд сууж байгаа азтай аатай эр.
Одоо тавдахь уран бүтээлийн “МАШИД ТУНГАЛАГ” гэсэн маш тансаг нэртэй үдэшлэгээ хийх гэж байгаа юм байна. Уран бүтээлийн үдэшлэгт нь Үндэсний Найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож эхлэхээсээ дуустал тоглоно гэнэ. Монголын радио, телевизийн урдаа барьдаг, энэ цаг үеийн нүүр царай, дуу хоолой, өнгө төрх болж яваа олны танил эрхэм нэвтрүүлэгч нар түүний аатай, омогтой болоод билгүүн тансаг шүлэг яруу найргийн шилдэгүүдийг унших юм байх. Энэ удаагийн тоглолт нь нилээд өвөрмөц дэглэлттэй, нилээд өргөн бүрэлдэхүүнтэй, уран зохиол хөгжим хоёрын утга авцалдаа, агуулгыг арай өөр хэлбэрээр үзүүлэх сонирхолтой тоглолт болох бололтой юм билээ.
Шүлгийг хөгжимтэй сонсох, хөгжмийг шүлэгтэй сонсохын гайхамшигийг үзүүлэхийг зорьж байгаа гэсэн.
Талын монголын зөөлөн аялгууг баруун европын нүргэлсэн хөгжмийн дунд очиж дуулаад од болсон Цахар Урнаа шиг өвөрмөц урсгал, өвөрмөц нээлт болох юм билүү хэн мэдлээ.
Ямарч байсан очоод сонсоё, шүлэг сонсох ч гоёшдээ.
"Машид тунгалаг" цэнгүүн нь машид олон хүнийг баярлуулсан машид тансаг сайхан тоглолт болох болтугай эрхэм дүүгийн.
Бичээчийн Батмөнх.
2017-01-07

МАНЖУУД МОНГОЛЧУУДАД ЮУ БИЧИЖ ҮЛДЭЭСЭН БЭ?
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байдаг Сайнбичигтийн хийдийн ойролцоо монгол манж алин болох нь үл мэдэгдэх хадан дээрх бичиг хоёр хэсэг газар байдаг гэнэ. Тус бүр 30-аад мөр бүхий уг бичээсийг уйгаржин монгол уншдаг хүмүүс гаргаж уншаагүй тул манж бичиг байх гэж таамгалдаг юм байна. Манжууд уйгаржин монгол бичгийн хувирган өөрийн бичиг болгосон түүхтэй. Нутгийн хүмүүсийн дунд энэ бичигний талаар янз бүрийн домог байдгийн нэг хэсэг нь Манжийн хааны зарлигаар бичүүлсэн гэх домог элбэг гэнэ. Чухам юу гэж бичсэнийг судалсан хүн байдаг эсэхийг мэдэхгүй хэмээн Өмнөговь аймгийн иргэн Цоож гуай ярив. Цоож бол аймгийнхаа бүх сумдаар хоёр удаа яваад түүх соёлын дурсгалт зүйлийг биечлэн нэг бүрээр нь үзэж зураг хөргийг нь авч цуглуулсан хүн байна. Тэр хэдэн мянгаар тоологдох материал цуглуулсан, энэ талаараа ном бэлтгэж байгаа юм билээ.
Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид, сонирхогчид сонирхож болохоор хүн, зураг хоёр байнадаа гэж санагдсан тул ийнхүү сонирхуулав.
Нэлээд хэдэн сонирхолтой баримт ярьсны нэг нь энэ ажгуу.



“ХОЛЫН ЗОРИЛГОГҮЙ БОЛ...,
Өнөө өглөө /2017-01-03/ манай хүү Золбадрал үндэсний телевизийн "Өглөөний зочин" нэвтрүүлэгт оров. Ажлаа төлөвлөх тухай залууст хэрэгтэй юм олныг дурдаад өнгөрөв. Түүнээс “Холын зорилгогүй бол ойрын зовлон оршино” гэдгийг онцлоё.
Өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх гэж цэг эхчүүдэд хөөрхөн ажил болдог. Сэрээнэ, хувцаслана, явна, түгжрэнэ, цагт хавчигдана, яарна сандрана гэх мэт. Ингэж явахдаа би хүүхдээ ирээдүйн монголын агуу хүн болгох гэж яваа, миний хүү мундаг сайн хүн болно гэж бодож явах хэрэгтэй. Эерэг сэтгэлгээ гэж үүнийг хэлээд байгаа юм.Наполеоныг эмээ нь түүнийг өглөө сэрээхдээ “Францын суут хүн болох Наполеон миний хүү сэр сэр” гэж дууддаг байснаас түүний толгойд би агуу хүн болох ёстой гэсэн итгэл үнэмшил төрсөн гэсэн домог болсон гоё яриа байдаг.
Хүмүүс хувийн болон төрийн янз бүрийн ажил хийдэг. Түүнийг хийхдээ цалин авч амьдрах зорилготой гэдгээсээ гадна миний хийж буй ажил хэн нэгэнд буян болж байгаа гэж бодож хийвэл ажил чинь бүтэмжтэй байхаас гадна өөрт чинь илүү таатай байх болно. Гутал засварчин миний зассан гутлийг өмссөн хүн “Гутал муут гурвын хойно” биш гурвын өмнө алхаж байгаадаа гэж бодох, талхчин хүн хүн болгон булан талхныхаа төлөө ажилладаг гэдэг би тэр чухал юмыг нь хийж байна гэдэгч юмуу, багш хүн манай анги дүүрэн Нацагийн Жанцанноров, сумогийн Дагвадорж, Бавуугийн Лхагвасүрэн сууж байна гэдэгч юмуу, сантехникч хүн миний зассан крантаар гоожсон халуун усанд айлын залуухан эзэгтэй биеэ угаагаад баннандаа хэвтэнэдээ гэх зэргээр дандаа сайхан юмыг төсөөлөн бодож хийвэл хийж байгаа ажил өөрт чинь кайфтай байх болно.
Бичээчийн Батмөнх

АРГАЛЬ УГАЛЗ ГАРЧ ИРЭН "МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛСЭН НЬ"

Нэгэн үе тагнуулын байгууллагад хамт ажиллаж байсан Мягмарсүрэн анд маань Хан Хэнтийн нуруундаа хөдөө аялал жуулчлалын бизнес эрхлэн аж төрж байгаа юм. Тэр баазынхаа ойролцоо байдаг хэдэн аргаль янгирыг ирсэн зочиддоо үзүүлдэг ховор үзмэртэй хүн. Зэрлэг ан амьтаныг хүссэн үедээ “дуудаж” гаргаж ирээд хүнд үзүүлчихдэг хүн ховор байх. Циркийн амьтаныг хоолоор нь удирдан тоглуулдаг шиг Мийгаа маань хангайн зэрлэг амьтаныг хоолоор нь дуудан гаргаж ирүүлдэг гэсэн. Аргал янгир бол нэг үргэхээрээ маш хол явдаг хамгийн догшин амьтанд тооцогддог.
Мийгаа маань одггооос хэддхэн хоногийн өмнө /12 сарын 21–нд/ нүүр номондоо нөгөө хэдийнхээ хоолыг тавиад өгчихлөө удахгүй гарч ирж надад шинэ жилийн мэнд дэвшүүлэх байх гэх маягийн пост тавьсан байсан. Яг үнэндээ би за юу л болдоо гээд итгэл муутайхан байсан, тэхдээ өөрт нь тэгж хэлээгүйлдээ. Гэтэл өнөө өглөө /31 нд/ нөгөө хэдийнхээ зургийг авад тавьчихаж. Камерынхаа он сар гардаг тохируулгаар нь авсан байна. Яалт ч үгүй гарч иржээ. Үнэхээр ховор үзмэр ховор авъяас хоёр байна. 
Мягмарсүрэндээ шинэ оны мэнд хүргэе.

НОГООНООР ДАГНАСАН ӨЛЗИЙТИЙН ГУРАВ.
Энэ хоёр хүнийг Лувсангийн Хөсрий, Бадрахын Наймаа гэдэг. Өчигдөр/2016-12-22/ болсон 30-40 оны их нүүдэл суудлын тухай эрдэм шинжилгээний хуралд Наймаа гуай Дундговийн Өндөршилээс, Хөсрий гуай Хан-уулын Өлзийт хорооллоос ирж оролцсон. Хоёулаа Дундговийн Өлзийт сумын унаган иргэд. Наймаа гуай хэвлэл мэдээллийн салбарт сурвалжлагчийн ажлыг тасралтгүй 40 гаруй жил хийсэн хүн. Хөсрий гуай нам, эвлэлийн үүр, хорооны дарга, орлогч зэрэг ажлыг тасралтгүй 30 жил хийсэн хүн. Энэ хоёр хүн хоёулаа Улсын баатар Түвдэнгийн Бор, Дэлийн дээрэмчин Дэлэгсамба нартай нэг хонхрын хүмүүс. Хөсрий гуайн эцэг эх 30-аад онд Дэлэгсамбад хөөгдөж урагшаа гарсан. Хөсрий гуай Өвөр монголын Сөнөд хошууны Дилов аймагт төрсөн, эдүгээ нас сүүдэр 90 дөхөж байгаа хүн. Ухаан ороход нь харь нутагт нь амьдрал ямар байсан, наашаа хэрхэн нүүсэн, эх орондоо ирээд НАХЯ-ны тусгай хяналтад 10 гаруй жил хэрхэн аж төрж байсныг биеэр туулж өнгөрөөсөн эдүгээ амьд сэрүүн байгаа цөөхөн хүний нэг. Наймаа гуай нутаг нэгт Дэлэгсамбын тухай нэвт шувт судалж ном зохиолдоо оруулсан хүн. Дэлэгсамбыг мэдэх нутгийн ахмад буурлууд амьд сэрүүн байх үеийн бүх дурдатгалыг авч үлдсэн цор ганц хүн.
Эко хэмээгдэх ногоон өнгөөр дагнасан нутгийн хоёр сайхан буурайн тухай товч өгүүлэхэд ийм ажгуу.
Бичээчийн Батмөнх.

ХИЛ ДАМНАСАН НҮҮДЭЛ СУУДАЛ НЬ ОЛОН ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАТАЙ ХОЛБООТОЙ ЗҮРХ ШИМШИРМЭЭР ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН ЮМ БАЙНА.
"Хил дамнасан нүүдэл, суудал, шалтгаан; үр дагавар /1930,1940-өөд он/" эрдэм шинжилгээний хурал сайхан боллоо. Олон хүн оролцлоо. Эрдэмтэд болон судлаачид сонирхогчид, хамба болон лам нар, ар болон өвөр монгол зэрэг олон хүн оролцлоо.10 цагаас 17 цаг хүртэл 10 минутаар их олон илтгэл тавигдлаа. Олон асуудал хөндөгдлөө. Мэргэжлийн хүмүүс хурлын ач холбогдлыг өндөр үнэлэв. Энэ нүүдэлд биеэр оролцсон 86-аас дээш насны 6 хүн оролцож зарим нь үг хэлж зарим нь бичсэн дурдатгалаа тараалаа. Илтгэлүүд болон ялангуяа өндөр настуудын хэлсэн чин сэтгэлийн үгийг оролцогчид амьсгаа даран сонслоо. Энэ нүүдэл суудлын тухай МҮОНТ-ээс энэ хаваржин зунжин намаржин хийсэн телевизийн цуврал нэвтрүүлгээр гарах байх. Нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн гарч байгаа. Олон аймаг сумын олон арван мянган хүнийг хамарсан энэ үйл явдлын тухай Монгол улсын түүхэнд урьд нь ч бүдэг байсан бараг ярьдагүй байсан гэнэ. Шинээр гарсан түүхэнд ч төдийлөн тодорхой бус байгааг зарим судлаачид хэлээд авч байсан. Өнөөдрийн учир шалтгааныг олон талаас нь нилээн сайн ярьж байсан. Мөн энэ үйл явдалын тухай хурал, хэлэлцүүлгийг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал гарч байв.
Манай улсын зүүн талаар хойноос нь буриадууд орж ирэхэд монголчууд хамгийн сайхан газар нутгаа өгч угтсан, барга-ууд цаанаас нь орж ирэхэд тусад нь хошуу, сум байгуулж өгч байсан, баруун талаар торгууд, урианхайнууд цааш нааш зөндөөн гарч орсон, урд хилийн дагуу болон Дундговь, Өвөрхангай зэрэг аймгуудаас олон мянган хүн бөөнөөр урагшаа гарсан гээд монголд 20-р зууны эх, 19-р зууны сүүлээр их нүүдэл олон болсон юм билээ. Түүний учир шалтгаан нь бүх монголчууд нэгдэх гэсэн, хөршүүд задлах гэсэн бодлого явуулсан, үндэстэн ястанууд сайн дураараа хоорондоо нэгдэх гэсэн,зэрэг олон шалтгаантай боловч хамгийн сургамжтай шалтгаан нь Монголын төр засаг ард түмний эрх ашгийн эсрэг бодлого /хөрөнгө хураах, хамтрал коммун, шашин шүтлэгийг устгах г.м/ явуулснаар түүнд дургүйцсэн ард түмний их тэмцэл байсныг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байсан. Үүнийг ялангуяа говийн аймгуудаас урагш гарсан их нүүдэл, төвийн аймгуудад гарсан зэвсэгт тэмцэлүүдтэй холбон тайлбарлаж байв.
Ямар ч нүүдэл суудал, дүрвэх хөдөлгөөнөөс хожсон энгийн иргэд болоод айл өрх нэг ч байхгүй нь гашуун үнэн юм билээ.

Бичээчийн Батмөнх 2016-12-22