ХИЛ ДАМНАСАН НҮҮДЭЛ СУУДАЛ НЬ ОЛОН ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАТАЙ ХОЛБООТОЙ ЗҮРХ ШИМШИРМЭЭР ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН ЮМ БАЙНА.
"Хил дамнасан нүүдэл, суудал, шалтгаан; үр дагавар /1930,1940-өөд он/" эрдэм шинжилгээний хурал сайхан боллоо. Олон хүн оролцлоо. Эрдэмтэд болон судлаачид сонирхогчид, хамба болон лам нар, ар болон өвөр монгол зэрэг олон хүн оролцлоо.10 цагаас 17 цаг хүртэл 10 минутаар их олон илтгэл тавигдлаа. Олон асуудал хөндөгдлөө. Мэргэжлийн хүмүүс хурлын ач холбогдлыг өндөр үнэлэв. Энэ нүүдэлд биеэр оролцсон 86-аас дээш насны 6 хүн оролцож зарим нь үг хэлж зарим нь бичсэн дурдатгалаа тараалаа. Илтгэлүүд болон ялангуяа өндөр настуудын хэлсэн чин сэтгэлийн үгийг оролцогчид амьсгаа даран сонслоо. Энэ нүүдэл суудлын тухай МҮОНТ-ээс энэ хаваржин зунжин намаржин хийсэн телевизийн цуврал нэвтрүүлгээр гарах байх. Нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн гарч байгаа. Олон аймаг сумын олон арван мянган хүнийг хамарсан энэ үйл явдлын тухай Монгол улсын түүхэнд урьд нь ч бүдэг байсан бараг ярьдагүй байсан гэнэ. Шинээр гарсан түүхэнд ч төдийлөн тодорхой бус байгааг зарим судлаачид хэлээд авч байсан. Өнөөдрийн учир шалтгааныг олон талаас нь нилээн сайн ярьж байсан. Мөн энэ үйл явдалын тухай хурал, хэлэлцүүлгийг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал гарч байв.Манай улсын зүүн талаар хойноос нь буриадууд орж ирэхэд монголчууд хамгийн сайхан газар нутгаа өгч угтсан, барга-ууд цаанаас нь орж ирэхэд тусад нь хошуу, сум байгуулж өгч байсан, баруун талаар торгууд, урианхайнууд цааш нааш зөндөөн гарч орсон, урд хилийн дагуу болон Дундговь, Өвөрхангай зэрэг аймгуудаас олон мянган хүн бөөнөөр урагшаа гарсан гээд монголд 20-р зууны эх, 19-р зууны сүүлээр их нүүдэл олон болсон юм билээ. Түүний учир шалтгаан нь бүх монголчууд нэгдэх гэсэн, хөршүүд задлах гэсэн бодлого явуулсан, үндэстэн ястанууд сайн дураараа хоорондоо нэгдэх гэсэн,зэрэг олон шалтгаантай боловч хамгийн сургамжтай шалтгаан нь Монголын төр засаг ард түмний эрх ашгийн эсрэг бодлого /хөрөнгө хураах, хамтрал коммун, шашин шүтлэгийг устгах г.м/ явуулснаар түүнд дургүйцсэн ард түмний их тэмцэл байсныг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байсан. Үүнийг ялангуяа говийн аймгуудаас урагш гарсан их нүүдэл, төвийн аймгуудад гарсан зэвсэгт тэмцэлүүдтэй холбон тайлбарлаж байв.
Ямар ч нүүдэл суудал, дүрвэх хөдөлгөөнөөс хожсон энгийн иргэд болоод айл өрх нэг ч байхгүй нь гашуун үнэн юм билээ.
Бичээчийн Батмөнх 2016-12-22
No comments:
Post a Comment