Tuesday, February 14, 2017


АХАН ДҮҮСЭЭРЭЭ НИЙЛЖ ЗОЛГОЛТ ХИЙХ 
Нүүдэлчин Монгол хүний ёслол, бэлгэдэл, хүндэтгэлийн сайхан баяр бол цагаан сар.
Хамгийн сайхан хувцсаа өмсөнө, хамгийн сайхан идээ цагаагаа зооглоно, хамгийн сайхан яриа хөөрөө өрнүүлнэ, ахмадуудаа хүндэтгэдэг, ахан дүү нартайгаа уулздаг зэрэг олон сайхан зан үйлийг бүх хүн нэгэн цаг дор үйлддэг сайхан баяр.
Ингэж олон хүн нэгэн зэрэг тэмдэглэх нь өнөөгийн нөхцөлд цаг хугацаа, орон зайн хувьд зарим талаар хүндрэл учирдаг тул сүүлийн үед нэлээд дэлгэрсэн нийлж золголт хийдэг тухай товч дурдъя.
Айл болгон өглөө гэр гэртээ шинэлнэ, бүх ёслол хүндэтгэлээ хийнэ. Дараа нь урьдчилан зохион байгуулж бэлтгэсэн байранд ахан дүүсээрээ бүгд цуглаж золголт хийнэ. Энэ арга хэмжээг ахан дүүсийн дундаас гарсан комисс урьдчилан бэлтгэсэн байна. Энэ арга хэмжээг яаж зохион байгуулах, хоол унд, бууз банш, архи дарс, бэлэг сэлт болон ирж чадаагүй өндөр настанд хэрхэн хүндэтгэл үзүүлэх зэрэг бүх асуудлыг хэрхэн зохицуулахаа ахан дүүс хоорондоо урьдчилан маш сайн тохиролцож бүгд санал нэгдсэн байна.
Ингэж нийлж шинэлэх нь цаг хугацаа, мөнгө санхүүд хэмнэлттэйгээс гадна хүмүүс уужуу тайван ярьж хөөрч суудаг, зарим ажилсаг авъяаслаг хүмүүсийнхээ хийсэн бүтээсэн, авсан шагналыг албан ёсоор мэдэгдэж болно, шинээр ирсэн хүргэн, бэрүүд, нялх үрсээ танилцуулж болно, "манайхнаас энэ жил хамгийн..." гэх мэт /жишээ шүү/ сонирхолтой сюрприз барих зэрэг уламжлалаа улам баяжуулж болно. Мөн ингэж тэмдэглэхэд өндөр настнууд нэг дор цуглан ярьж хөөрч суухаараа ядрах нь бага байдаг юм билээ.
Иймээс сүүлийн үед ийм маягаар тэмдэглэх эрс нэмэгдсэн тул одооноос ресторан, зоогийн газрууд захиалга аваад эхэлчихсэн байна билээ.
Ингэж золголт хийж болно. Мөн хуучнаараа айлаа хэсч болно.
Б.Батмөнх

No comments:

Post a Comment