Monday, February 6, 2017

ОЛДОХЫН ТАЛАА ОЛДОХЫН ТАЛЫНХНЫ ХЭЛЛЭГЭЭР МАГТСАН 
ОЛДОХЫН ТАЛЫН ОНГОДТОЙ НАЙРАГЧ
Олдохын талаас ойлж цойлж, дэгж дэвхэрч Олдохын талаа алдалж аргадаж дуулж магтаж гарч ирсэн эрхэм найрагч Пэрэнлэйн Нямлхагвын шүлгийг яруу тунгалаг найрал хөгжмийн аялгуу эгшигэн дор чих тавин сонсов. 
Миний жилд хэдэн удаа дундуур нь давхиж Дэл ууландаа хүрдэг алдарт Үл олдохын талыг шүлэглсээр байгаад монголчуудын чихэнд хоногшуулж чадсан хүн бол яах аргагүй Нямлхагва. Монголын олон зохиолч найрагчид төрөлх нутгаа ингэж алдаршуулсан. Нямлхагвагийн буянаар Олдохын талыг мэдэхгүй хүн бараг байхгүй болсон монголд.
Олдохын талыг би бүүр багаасаа мэддэг юм. Нямлхагвын нагац ах Очирын Баатар Олдохын талаас, би Дэл Хөнжилийн уулнаас аймгийн арван жилийн бага сургуульд очиж 1-р ангид орж дөрвөн жил хамт нэг ангид сууж найзалсан хоёр. Баатар маань гэрээ санахаар дандаа Олдохын талаа ярьдаг байсан. Хожим би Олдохын талаар дайрч нутагруугаа явдаг болсон. Том талаа Дундговьдоо л Мэнэнгийн тал. 
Мөн Олдохын талын алдарт тэмээчин МУ-ын Хөдөлмөрийн баатар Банзрагчийн Эс хэмээх сайхан буурай бол манай бэр /Дүгэрийн хэмээх Сумъяа/ эгчийн маань ойрын садан хүн. Б.Эс гуайг энгэр дүүрэн одонгоо зүүгээр анх Дүгэр ахныд ирэхэд нь цуглуулсан тэмдгээ ингээд зүүчихдэг юм байна би том болоод тэмдэгний цуглуулгаа ингэж зүүнэдээ гэсэн шуу юм бодож байсан хүн би найман настайдаа. Гэхдээ тэр мөрөөдөл минь биелж би энгэртээ зүүх нэлээн хэдэн "тэмдэг"-тэй болсон нь манайхаар олон ирж байсан Олдохын талын алдарт тэмээчин Эс гуайн эерэг энерги надад шингэсэн ч юм билүү хэн мэдлээ.
Нямлхагвын шүлгэн дунд минийхээр хэдэн сайн шүлэг сонсогдсон. Олдохын талыг нүдэнд харагдтал бичсэн ”Газрын диваажин”, “Олдохын тал минь” зэрэг зарим шүлэг нь нүдэнд тусна гэдэг шиг чихэнд бууж л байнлээ. “Олдохын тал минь” найраглал нь алдарт “Боржгоны бор тал” -ыг гүйцэхгүй юмаа гэхэд түүнд дөхөж очсон байна гэж бодогдсон шүү. Тэр нутгийг нь сайн мэддэг болоод ч тэгж санагдсан байж магадгүй.
Одоохондоо Цоодолын Хулан, Нямлхагва хоёр л шүлгээр дагнасан цэнгүүн хийгээд гаршчих шиг боллоо. Бусад найрагчид ингэж хийгээсэй билээ. Энэ цэнгүүнээс мартагдах шахсан хөдөөнийхний язгуурын монгол хэллэгүүдийг сонсоход бага насандаа хөдөөний хөх өвгөчүүлийн дундаа очсон мэт сэтгэгдэл төрж байв. Эртний болон мартагдах шахаж байгаа үг хэллэгүүдийг шүлэндээ донжийг нь олон оруулсан нь олзуурхууштай байв.
Шүлгийн заримыг нь өөрөө заримыг Монголын радио, телевизийн урдаа барьдаг шилдэг нэвтрүүлэгчид уншсан нь илүү сонирхолтой, шинэ өнгө төрхтэй болгосон байв. Шүлэг яруу найргийг жүжигчин, уран уншигч, нэвтрүүлэгч, шүлгийн эзэн унших нь өөр өөр мэдрэмж өгдөг сонирхолтой шийдэл байж мэдэх юм билээ. 
Зарим үзэгчид нүдээ сэмхэн арчиж байсан, зарим нь шал доргиж сандал салгалтал алга ташиж байсан, зарим нь гүн бодолд автаж байгаа харагдсан, зарим нь суудал дээрээ тогтож ядан өндөлзөж байгаа харагдсан. Ингэж үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлсэн цэнгүүн байлаа.
Яруу эгшиглэнт яруу найрагтай, яруу сайхан дуу хоолойтой, утга төгөлдөр тайлбартай, уянга яруу хөгжимтэй, төрсөн өдөртэй, ихэр хүүтэй, Олдохын талын малчинтай машид тунгалаг сайхан үдэш байсаан. 
Баярлалаа Нямлхагва. Хийх бүтээл чинь хийсэн бүтээснээсээ хэд дахин илүү байх болтугай. 
Б.Батмөнх
2017-01-22

No comments:

Post a Comment