Monday, February 6, 2017

НАДАД ТУС БОЛСОН НАЙМАН ХУРАНДАА
/Хурандаа нарын өдөрт/
Ойровын Сугир хурандаа.
Бид багадаа Дэл Хөнжилийн ууланд хамт тоглож өссөн, миний хуурай ах болох хурандаа. Бага сургуульд бид нэг айлд дөрвөн жил хамт суусан. Сургууль төгсөөд хотод ирж анх ажилд орохдоо би түүнийг бага дэслэгч цолтой байхад нь эднийд 2 жил суусан. Анх хилийн цэрэгт татагдахад намайг арын хаалгадаж ХЦ-ийн хот дахь 0151-р ангид авч байсан, жилийн дараа цэргүүд бүгд хилд явахад дахин хаалгадаж ангидаа үлдээж байсан зэргээр надад олон удаа тус болж байсан хурандаа.Тэр ХХЕГ, НАХЯ, УАБХЕГ зэргийн холбоонд ажиллаж байсан. Хурандаа болох том дарга байгаагүй ч ХЦ-ээс албан тушаалын бус ажлын сайнаар хурандаа авсан хэдхэн хүний нэг. Мөн Лаос дахь Монголын ЭСЯ-нд ажиллаж байсан.
Ядамсүрэнгийн Намсрай хурандаа.
Ногоон хэмээх хочтой энэ хурандаа бол хилийн цэргийн холбооны амьд домгуудын нэг. Цэрэгт татагдаад Сугираар хаалгадуулан 0151-р ангид очиход На хурандаа ангийн дарга байсан, дараа нь УАБХЕГ-ын Холбооны хэлтэст миний шадар дарга байсан гээд нилээн хэдэн жил би түүний удирдлагад явсан. Намайг дандаа дэмжиж тусалж, шагнаж урамшуулж, нийгэм солигдсон ороо бусгаа үед халаа сэлгээ их байх үед орон тооны цомхтголоос авч үлдэж байсан зэргээр миний ажил, амьдралд тус болсон дурсаж явах хурандаа нарын нэг мөн.
Гомбодоогийн Жаргалсайхан хурандаа.
Жаргалсайхан /Тагнуулынхан Тавхай хэмээн хочилдаг/ хурандаа намайг орон байртай болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. 1990 онд ХХЕГ-т ажиллаж байхдаа орон сууцны очерын 2-рт байтал нийгэм солигдож НАХЯ татан буугдаж УАБХЕГ-т ХЦ ирснээр лав ойрын таван жилдээ байранд орохооргүй очерт жагссан.Тэгтэл Жагай хурандаа нутаг буцсан орос цэргийн байрнаас нэг бүтэн байшин авч хэлтсийнхэндээ өгснөөр би гэнэт Сансарт хоёр өрөө байранд орж хагартлаа баярлаж байлаа. Түүнээс хойш тун удалгүй орон сууц үнэтэй болоод төрийн албан хаагчид байраа худалдаж авдаг болсон. Ингэж би үнэгүй байрын сүүлийнхийг энэ буянтхй хурандаагийн буянаар авч байлаа.
Бутачийн Дашжанцан хурандаа.
Хуучин нийгмийн үед НАХЯ-ны системээс Гавъяат холбоочин авсан ганц хүн. НАХЯ-ны шифрийн албанд тасралтгүй тавин хэдэн жил ажилласан, элчингээр гадаадад сууж байсан, эх орны хоёр ч дайнд оролцож явсан алдартай хурандаа. Би энэ хүний тавин хэдэн жил хийсэн ажлыг яг энэ хүний сууж байсан ширээн 15 жил сууж хийсэн. Энэ ширээ надад орон сууц, шагнал урамшил, одон медаль, цол хэргэм, албан тушаал гээд хишиг буянаа харамгүй хайрласан. Манайхан яагаад ч юм түүнийг хурандаа гэхгүй Дашжанцан гуай л гэдэг байсан. Анх уулзахад “хүү минээ” гэж дуудангуут хурандаа нарт командлуулж, загнуулж явсан би хурандаа хүн ингэж дуудсанд ихэд гайхаж байж билээ. Их зөөлөн, эелдэг зантай, бичиг үсгийн өндөр чадвартай аюулаас хамгаалах байгуулагын амьд түүх болсон хүн байв. Дашжанцан гуайн дурсгалыг мөнхжүүлэхээр ТЕГ-ын Шифрийн албаны өрөөнд дурсгалын самбар хийж өлгөснөөс өөр гавьтай юм хийж чадаагүй би.
Содномын Цэндбаатар хурандаа.
Цэндбаатар хурандаатай нэг албанд 20 шахам жил ажиллаж, тэр манай хэлтэс, албаны даргаар 10 гаруй жил ажилласан. Мөн л намайг байнга дэмжиж,миний ажилд тусалж, намайг шагнаж урамшуулж байсан. Энэ хүнийг дарга байхад би албан тушаал дэвшиж, хошууч цолыг зургаан сар зүүгээд хугацаанаас гурван жилийн өмнө дэд хурандаа болж байлаа. УАХБХЕГыг татан буулгаж Тагнуулын Төв газар байгуулан тагнууланхныг бүгдийг гадаа хашиж байгаад ээлжит хомроглон халалт хийхэд намайг авч үлдэж байсан зэргээр над их тус болсон хурандаа.
Адьшаабазарын Нямдорж хурандаа
ХХЕГ-ын Шифрийн албаны даргаар олон жил ажилласан миний унаган багийн найз хурандаа. Бид хоёр нэг сургууль төгссөн, адилхан мэргэжилтэй, хилийн цэрэгт хамт алба хаасан, 1970-аад оноос ХААЯ, Хилийн ба ДЦУЕГ, НАХЯ, ТТГ, ТЕГ, УАБХЕГ зэрэг байгууллагуудад дандаа нэг албанд хамт ажиллаж байсан сонин намтартай хоёр. Цэрэгт нэг жил алба хаагаад хугацаанаасаа өмнө халагдах гээд явж байтал Шажинбат хурандаад "ховлоод" шууд Хилийн ба ДЦУЕГ-т улиран ажиллуулах эхлэлийг тавьсан хүн. Намайг ховлох үед Нямдорж маань Шажинбат хурандаагийн хэлтэст хугацаат цэргийн албан хаагчаар мэргэжлийн ажлаа хийж байсан юм билээ. Би цэргийн хүн болох төдийлөн дуртай байгаагүй юм тэр үед. Одоо бодоход намайг зөв замруу л хөтөлсөн юм билээ. Хурандаа цолыг 10 гаруй жил зүүсэн ХХЕГ-т албаны даргыг 20 шахам жил хийсэн, хүүхдүүдийн түрүүч нь хурандаа болоод эхэлчихсэн миний найз хурандаа бол Нямдорж.
Гомбын Төмөрсүх хурандаа.
Төрийн холбооны даргаар хэд хэд томилогдож ажилласан, Орёлын холбооны сургуулиас төрсөн олон хурандаа нарын нэг. Цэргийн газраар олон жил явчихлаа гавъяаны амралтаа эдэлдэгч юм билүү гэж байтал энэ хурандаа намайг төр, засгийн өндөрлөгт үйлчилдэг Төрийн тусгай шуудангийн албыг хариуц хэмээн Төрийн ордонруу анх түлхэж оруулсан хүн. Дараа нь та одоо гавъяаны амралтаа эдэл нас залуу дээрээ хувийн бизнес жаахан эрхэлчих гэж бизнесийн чиг баримжаа хүртэл зааж өгч миний амьдралд тус болсон хурандаа. Төмкө хурандаагийн томилсон хариуцлагатай ажилд итгэлийг хөсөрдүүлээгүй нэлээн хэдэн жил түүнтэй гар нийлэн ажилласан. Хоёр ч ерөнхийлөгч, нижгээд Ерөнхий сайд, хоёр ч 76-гийн нүүр үзэж, нэг ерөнхийлөгчөөс нь Төрийн ордон дотор одон хүртэл гардан авч байлаа.
Шажинбат хурандаа.
Анх Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газарт ирэхэд тосч авсан хурандаа. Цэргийн албаа гүйцэт хаагаагүй, дээрээ ямар нэг татлаа түлхээ байхгүй, карантины 45 хоногоос өөр цэргийн ямарч сургалтанд суугаагүй, нас залуу цөс шингэнтэй, дээд боловсрол эзэмшиж амжаагүй баруун зүүнээ сайн олоогүй намайг анх ахлагч болгож өөр дээрээ аваад дараа нь офицер болгох санал ирэхэд дэмжин дэвшүүлж явуулсан ачтай хүн. Цэргийн дарга болох цэргийн дарга нартай харьцах бүх юмыг надад зааж өгсөн хүн. Төрийн маш нууцын зэрэгтэй хэдэн мянган газрын зургийг надад итгэн хариуцуулж бүгдийг зааварлаж байсан сайхан хурандаа.
Эдгээр хурандаа нараас гадна ТЕГ-ын хоёр давхарын нэг өрөөнд мөр зэрэгцэн хамт сууж байгаад хурандаа болцгоосон Жамбын Батмөнхийн Нямаа хурандаа, Мулцайн Чойноо хурандаа /ТЕГ-т Хэлтсийн дарга/, Баттөр хурандаа /Төрийн холбооны газрын дарга/, мөн надаар ажлын дөрөө заалгаж эхэлсэн Даньхүрэлбаатарын Лхагва /Улсын шифрийн төв албаны дарга/, Увсын Лхагважавын Лхамжав хурандаа, /одоо тагнуулд хэлтсийн дарга/ нараа дурдая.
Мөн нэг албанд 10 гаруй хамт ажилласан Дашийн Халтар дэд хурандаа, Төрийн холбооны удирдлагад хамт ажиллаж байсан Чур хэмээх Далхсүрэнгийн Эрдэнэбаатар дэд хурандаа, Chure Tureg Chure Tureg Дондивын Болд дэд хурандаа, Bold Dondib ахлагчаас офицерийн эгнээнд дэвшүүлэх саналыг Шажинбат хурандаатай нийлэн Арвай генералд санал тавьж татаж авсан Магсар дэд хурандаа нараа энд мөн дурдая.
Би хэмээгч хүмүүний заяа хутгийг олоод өдий зэрэгтэй сайн сайхан явахад эцэг эх, хань ижил, үр хүүхэд, найз нөхөд, эрдэмтэн багш нар, ахан дүү нар, олон сайн дарга нараас гадна эдгээр хурандаа нар надад машид их тус болсныг маш товчхоноор дурдахад ийм ажгуу.
Бичээчийн Батмөнх.

No comments:

Post a Comment