НОГООНООР ДАГНАСАН ӨЛЗИЙТИЙН ГУРАВ.
Энэ хоёр хүнийг Лувсангийн Хөсрий, Бадрахын Наймаа гэдэг. Өчигдөр/2016-12-22/ болсон 30-40 оны их нүүдэл суудлын тухай эрдэм шинжилгээний хуралд Наймаа гуай Дундговийн Өндөршилээс, Хөсрий гуай Хан-уулын Өлзийт хорооллоос ирж оролцсон. Хоёулаа Дундговийн Өлзийт сумын унаган иргэд. Наймаа гуай хэвлэл мэдээллийн салбарт сурвалжлагчийн ажлыг тасралтгүй 40 гаруй жил хийсэн хүн. Хөсрий гуай нам, эвлэлийн үүр, хорооны дарга, орлогч зэрэг ажлыг тасралтгүй 30 жил хийсэн хүн. Энэ хоёр хүн хоёулаа Улсын баатар Түвдэнгийн Бор, Дэлийн дээрэмчин Дэлэгсамба нартай нэг хонхрын хүмүүс. Хөсрий гуайн эцэг эх 30-аад онд Дэлэгсамбад хөөгдөж урагшаа гарсан. Хөсрий гуай Өвөр монголын Сөнөд хошууны Дилов аймагт төрсөн, эдүгээ нас сүүдэр 90 дөхөж байгаа хүн. Ухаан ороход нь харь нутагт нь амьдрал ямар байсан, наашаа хэрхэн нүүсэн, эх орондоо ирээд НАХЯ-ны тусгай хяналтад 10 гаруй жил хэрхэн аж төрж байсныг биеэр туулж өнгөрөөсөн эдүгээ амьд сэрүүн байгаа цөөхөн хүний нэг. Наймаа гуай нутаг нэгт Дэлэгсамбын тухай нэвт шувт судалж ном зохиолдоо оруулсан хүн. Дэлэгсамбыг мэдэх нутгийн ахмад буурлууд амьд сэрүүн байх үеийн бүх дурдатгалыг авч үлдсэн цор ганц хүн.Эко хэмээгдэх ногоон өнгөөр дагнасан нутгийн хоёр сайхан буурайн тухай товч өгүүлэхэд ийм ажгуу.
Бичээчийн Батмөнх.
No comments:
Post a Comment