Tuesday, February 14, 2017

ХҮҮХЭНБААТАР АХ
Энэ жил /2017/ 80 насных нь ой тохиож буй Дашдаваагийн Хүүхэнбаатар ахын тухай товчхон дурсамж сөхөе.
Хүүхэнбаатар ах Дэл Хөнжилд төрсөн, сургуулийн болон бага насаа бусдын жишгээр хөдөө өнгөрөөж дунд сургуулиар дамжин МУИС-ийг 1960 онд онц төгсөөд сургуульдаа багшаар үлдэн насаараа түүх, нийгмийн ухааны хичээл заасан, түүхийн ШУ-ны доктор/ Ph.D/, МУИС-ийн хүндэт профессор, доцент хүн.
Москва, Эрхүүд томилолт болон багшаар түр хугацаагаар ажиллаж байсан.
Хөдөөгийн Пэрлээ, Гүнжийн Сүхбаатар, Ш.Нацагдорж зэрэг түүхийн сор болсон алдартай багш нараар хичээл заалгаж байсан, МУИС-ийн амь түүх болсон Чойжилсүрэн, Дашиймаа, Шаарийбуу, Жамбаажамц, Өвгөн зэрэг алдартай олон багш нарын адил төрөлх сургуульдаа 50 шахам жил багшилж, 60 гаруй жил энэ сургуульд бүртгэлтэй байсан нэгэн.
Хүүхэнбаатар ах бол манай Дэл уулын нэг айлаас төрсөн дөрвөн эрдэмтний /доктор цолтон/ нэг, Батмөнх, Билгүүн гэж хоёр сайхан хүүхдийн эцэг, Даваасүрэн гэж бурхан шиг сайхан эмэгтэйн хань байсан хүн.
Хүүхэнбаатар ахын эмээ Увш, миний эмээ Бичээч хоёр төрсөн эгч дүү хүмүүс.
Намайг бага байхад хүү Батмөнхөө дагуулаад зун бүр ижий Сугарындаа /Бүдүүн амаа/ очиж амардаг байсан. Хожим оюутануудаддаа дадлага хийлгүүлж мөн жил болгон Дэл ууландаа очдог байсан нутаг амьтай хүн байв.
Багшийгаа дагаж Дэл ууланд очиж байсан шавь нараас нь олон хүн эрдэмтэн болж, олон хүн эдүгээ төрийн албан хариуцлагатай албан тушаал хашиж байна. Тухайлбал түүхийн ШУ-ны академич доктор Ж.Болдбаатар Boldbaatar Jigjid , МУИС-ын ШУ-ны сургуулийн захирал доктор П.Дэлгэржаргал Delgerjargal Purevsuren , Түүх археологийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун, доктор А.Очир нар, Монголын үндэсний түүхийн захирал доктор Д.Сүхбаатар, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш доктор Ю.Болдбаатар, Үндэсний архивын дарга нараас доктор Д.Өлзийбаатар Ulziibaatar Demberel, доктор И.Саруул нар, МУИС-ийн багш Түүхийн шинжлэх ухаан доктор /Sh.D/ Ж.Урангуа Urangua Jamsran, Улаанбаатар их сургуулийн багш доктор Д.Эрдэнэбаатар, Тагнуулын архивын дарга асан доктор Д.Тод, шашны зүтгэлтэн хамба Чойжамц, Дамбажав нар гээд тоо томшгүй олон.
Хүүхэнбаатар ахад ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор, МУИС-ийн хүндэт доктор, доцент, тэнхимийн эрхлэгч, нам, эвлэлийн үүрийн дарга, зөвлөх профессор, эрдмийн зөвлөлийн гишүүн, Алтан гадас одон, хүндэт жуух, тэргүүний ажилтан гээд шагнал цол албан тушаал олон. Монголын түүхийн холбогдолтой хэд хэдэн ном, товхимол, эмхтгэл, олон зуун эрдэм шинжилгээний бүтээл туурвисан, МУИС-ийн түүхийн тэнхимийн загалмайлсан эцэг гэгдэж байсан хүн.
Би наяад оны эхээр Хүүхэнбаатар ахынд хоёр жил амьдарч тэднийд байхдаа сайхан ажилд орж, цэргийн офицер болж, хань ижилтэй болж байсан. Миний дараа эгчийнх нь хүү Ерөнхий сайд асан Наранцацралт мөн сургууль төгсч ирээд энэ айлд жил гаран амьдарч байсан. Хүүхэнбаатар ахынхыг алтан босготой айл гэж боддог би. Намайг эднийд байхад Хүүхэнбаатар ах дэд эрдмийн зэрэг хамгаалж эрдмийн их баяр, ёслол хүндэтгэл болж байсан. Гэр бүл Даваасүрэн гэж бурхан шиг гэж хэлэхэд багадахаар сайхан хүн байдаг. Даваасүрэн эгч бол Яармагийн хүүхдийн эмнэлэгт олон жил ажилласан хүүхдийн их эмч хүн.
Эмэгтэй хүн, айлын эзэгтэй, хүүхдийн ээж, эрийн сайхан хань ямар байх ёстойн сонгодог үлгэр болсон дөлгөөн уужуу тайван, ухаалаг, хүлээцтэй, энэ айлыг айл шиг авч яваа сайхан хүн.
Манай Хүүхэнбаатар ах чинь найз нөхөд, шавь нар олонтой, гэрээр нь олон хүн орж гардаг, уувал уучихдаг дуулбал дуулчихдаг, ёстой л цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан билэг танхай эр хүн байсан. Найз нөхөд, шавь нар, хамт ажилладаг багш нар нь их хүндэлдэг байсан. Дуулна гэснээс ах бол гайхалтай сайхан дуулдаг хүн. Түүхч болоогүй бол ямар ч эргэлзээгүйгээр дуурийн гоцлол дуучин болох хүн гэж урлагийн найз нөхөд нь ярьж байхыг би нэг биш удаа сонсож байсан.
Орост хуульчийн болон инженерийн боловсрол эзэмшсэн, аав шигээ оюунлаг, ээж шигээ аядуу дөлгөөн, ухаалаг хоёр нандин сайхан хүүхэдтэй айл. Хүү Батмөнх нь АНУ-д мэдээлэл технологийн чиглэлээр, охин Билгүүн нь Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын хариуцлагатай албыг олон жил ажиллацгааж байна.
Нэгэн үе миний гэр болж байсан нэгэн сайхан айлынхны тухай товч дурдахад ийм ажгуу.
Б.Батмөнх.
2017 он

No comments:

Post a Comment