“ХОЛЫН ЗОРИЛГОГҮЙ БОЛ...,
Өнөө өглөө /2017-01-03/ манай хүү Золбадрал үндэсний телевизийн "Өглөөний зочин" нэвтрүүлэгт оров. Ажлаа төлөвлөх тухай залууст хэрэгтэй юм олныг дурдаад өнгөрөв. Түүнээс “Холын зорилгогүй бол ойрын зовлон оршино” гэдгийг онцлоё.Өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх гэж цэг эхчүүдэд хөөрхөн ажил болдог. Сэрээнэ, хувцаслана, явна, түгжрэнэ, цагт хавчигдана, яарна сандрана гэх мэт. Ингэж явахдаа би хүүхдээ ирээдүйн монголын агуу хүн болгох гэж яваа, миний хүү мундаг сайн хүн болно гэж бодож явах хэрэгтэй. Эерэг сэтгэлгээ гэж үүнийг хэлээд байгаа юм.Наполеоныг эмээ нь түүнийг өглөө сэрээхдээ “Францын суут хүн болох Наполеон миний хүү сэр сэр” гэж дууддаг байснаас түүний толгойд би агуу хүн болох ёстой гэсэн итгэл үнэмшил төрсөн гэсэн домог болсон гоё яриа байдаг.
Хүмүүс хувийн болон төрийн янз бүрийн ажил хийдэг. Түүнийг хийхдээ цалин авч амьдрах зорилготой гэдгээсээ гадна миний хийж буй ажил хэн нэгэнд буян болж байгаа гэж бодож хийвэл ажил чинь бүтэмжтэй байхаас гадна өөрт чинь илүү таатай байх болно. Гутал засварчин миний зассан гутлийг өмссөн хүн “Гутал муут гурвын хойно” биш гурвын өмнө алхаж байгаадаа гэж бодох, талхчин хүн хүн болгон булан талхныхаа төлөө ажилладаг гэдэг би тэр чухал юмыг нь хийж байна гэдэгч юмуу, багш хүн манай анги дүүрэн Нацагийн Жанцанноров, сумогийн Дагвадорж, Бавуугийн Лхагвасүрэн сууж байна гэдэгч юмуу, сантехникч хүн миний зассан крантаар гоожсон халуун усанд айлын залуухан эзэгтэй биеэ угаагаад баннандаа хэвтэнэдээ гэх зэргээр дандаа сайхан юмыг төсөөлөн бодож хийвэл хийж байгаа ажил өөрт чинь кайфтай байх болно.
Бичээчийн Батмөнх
No comments:
Post a Comment