Friday, August 31, 2018

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГА ХАЙРХАНД 5 ДАХЬ УДААГАА ОЧСОН НАЙРУУЛАГЧ "СЭМҮҮН"-ИЙ Б.БАЯР ГУРАВ ДАХЬ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦООД ИРЭВ.
Б.Баяр Bayar Banzragch энэ удаа Болгарын Софи хотноо болсон Азийн фестивальд Дэл уулын хадны зураг орсон "Хаданд мөнхөрсөн урлаг- Монголын сая өдөр" үзэсгэлэнгийн бүтээлээрээ оролцжээ.
Энэ наадамд манайхаас 10 гаруй уран бүтээлч оролцсны дотор Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн захирал Цогтбаатарын Хадхүүгийн хүү хөөмийч, морин хуурч Хадхүүгийн Дамдин уран бүтээлээ толилуулав.
Энэ фестиваль нь Болгарт уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын томоохон арга хэмжээ юм.
Болгар улсын ерөнхийлөгч Румен Радев энэ наадмын үеэр Монголын асарт зочилж манай уран бүтээлчдийн тоглолт, үзэсгэлэнг үзжээ.
Болгарын Ерөнхийлөгч манай үзмэрээс хадны зургийг онцлон сонирхож Баяраас олон зүйлийг лавлан асуужээ.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018. Зуны эхэн сарын шинийн гурван

Friday, August 3, 2018


ДУНДГОВИЙН ӨЛЗИЙТ СУМААС ТӨРСӨН ТӨРИЙН ТҮШЭЭД, САЙД, ЭРДЭМТЭД, БААТАРУУД, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТНУУД 
/Өлзийт сумын уугуул 46 алдартныг овог нэрээр нь гаргав/
Нэг. ТӨРИЙН ТҮШЭЭД
/1951-2016 онд төрийн түшээгээр 10 хүн 16 удаа сонгогдсон/
БНМАУ-ЫН АИХ-ЫН ДЕПУТАТ /7хүн 11 удаа/
1. Дүнжмаагийн Цэнд (1920-1997) -2 удаа АИХ-ын депутат.
2. Лувсанжамцын Дашням- 1984 онд АИХ-ын депутат.
3. Бат-Очирын Жамбалдорж (1908-1998)-1951 оноос 4 удаа АИХ-ын депутат.
4. Будын Сумъяа- АИХ-ын депутат.
5. Мишигийн Дагвадорж (1914-1991)-1963 онд АИХ-ын депутат.
6. Бат-Очирын Батмөнх-1990 онд АИХ-ын депутат
7. Содномын Батмөнх-1990 онд АИХ-ын депутат
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД /4 хүн 6 удаа/
1. Жанлавын Наранцацралт (1957-2007) -2000, 2004 онд УИХ-ын гишүүн.
2. Содномын Батмөнх -1992 онд УИХ-ын гишүүн.
3. Батсүхийн Наранхүү- 2012, 2016 оны УИХ-ын гишүүн
4. Батсүхийн Саранчимэг 2013 оны УИХ-ын гишүүн
Хоёр.САЙД НАР /6 хүн/
1. Жанлавын Наранцацралт (1957-2007) -Монгол улсын Ерөнхий сайд
2. Будын Сумъяа -1984- Соёлын Яамны сайд
3. Бат-Очирын Жамбалдорж (1908-1998)- ДЯЯ-ны сайд, Шүүх Яамны сайд
4. Даржаагийн Зундуй (1930-2001)- Хууль зүйн яамны 1-р орлогч сайд
5. Чүлхрэмийн Цэнд-Сангийн яамны дэд сайд
6. Бандихүүгийн Ургамалцэцэг- Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд
Гурав. БААТАР ЦОЛТОН /3 хүн/
1. Түвдэнгийн Бор (1913-1932) Улсын баатар-1961 онд авсан
2. Дүнжмаагийн Цэнд (1920-1997) Хөдөлмөрийн баатар, тэмээчин-1965 онд авсан
3. Лувсанжамцын Дашням-БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, оёдолчин -1985 онд авсан
Дөрөв. ТӨРИЙН ШАГНАЛТАН /нэг хүн/
1. Долгорын Нямаа /1939-2017/ зохиолч, яруу найрагч-1993 онд Төрийн шагнал хүртсэн.
Тав. АРДЫН ЦОЛТОН /3 хүн/
1. Нямын Дагийранз (1930-2014) кино жүжигчин, дуу оруулагч, ерөөлч магтаалч -2013 онд Ардын жүжигчин цол авсан.
2. Адилбишийн Нэргүй уртын дуучин - 1993 онд Ардын жүжигчин цол авсан.
3. Адилбишийн Дашпэлжээ дуурийн дуучин- 2014 онд Ардын жүжигчин цол авсан.
Зургаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛТОН /18 хүн/
1. Гогойн Дамбийжанцан (1919-1984) Гавьяат жүжигчин, хөгжимчин -1970 онд
2. Цэндийн Сандаг (1928-1976) Гавьяат жүжигчин, циркийн амьтан сургагч -1974 онд
3. Лувсандоржийн Буянхишиг Гавьяат жүжигчин, найруулагч -1979 онд
4. Лхамсүрэнгийн Чимэддорж Гавьяат жүжигчин, хүүхэлдэйн жүжигчин - 1989 онд
5. Хоомонгийн Баянжаргал Гавьяат малчин-1991 онд
6. Адилбишийн Нэргүй Гавьяат жүжигчин, дуучин -1993 онд
7. Адилбишийн Дашпэлжээ Гавьяат жүжигчин, дуучин -1993 онд
8. Нямын Дагийранз (1930-2014) Гавьяат жүжигчин-1997 онд
9. Батчулууны Сарантуяа Гавьяат жүжигчин, дуучин -2000 онд
10. Будын Сумъяа Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач -2000 онд
11. Жамъянгийн Дүнжмаа Гавьяат жүжигчин, дуучин -2001 онд
12. Даржаагийн Зундуй Гавьяат хуульч-2001 онд
13. Хандсүрэнгийн Отгон Гавьяат малчин-2002 онд
14. Цэндоогийн Чойжамц (1942-2013) Гавьяат багш -2005 онд
15. Цэрэнгийн Чулуунцэцэг Гавьяат жүжигчин, дуучин -2008 онд
16. Долгорын Нямаа Соёлын гавьяат зүтгэлтэн -2009 онд
17. Пэлжидийн Банзрагч (1924-2014) Хүний гавьяат эмч -2009 онд
18. Дамдинжавын Сэржмядаг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан- 2017 онд
19. Дашдаваагийн Жуужаа Гавьяат багш 2018 он
20. Нанзадын Энхпагма Гавьяат багш 2018 онд
Долоо. ЭРДЭМТЭД /15 хүн/
1. Дашдаваагийн Хүүхэнбаатар (1937-2013) -Түүхийн ухааны доктор /Ph.D/
2. Будын Сумьяа- Түүхийн ухааны коктор /Ph.D/
3. Гончигдоржийн Хүүхэнхүү- Физикийн ухааны доктор /Ph.D/
4. Жамьянхоролын Цэвэгмид -Техникийн ухааны доктор /Ph.D/
5. Жанлавын Наранцацралт- Газар зүйн ухааны доктор /Ph.D/
6. Содномын Батмөнх - Философийн ухааны доктор /Ph.D/
7. Сэрээгийн Чанцалмаа - Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/
8. Ланганы Отгонтуяа - Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/
9. Дашдаваагийн Отгонбаатар- Эрүүл мэндийн ухааны доктор /Ph.D/
10. Мишигийн Чимэддорж- Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/
11. Даржаагийн Зундуй- Хууль зүйн ухааны доктор /Ph.D/
12. Жуужаагийн Эрдэнэбулган- Хууль зүйн ухааны доктор /Ph.D/
13. Бадамын Басбиш- Техникийн ухааны доктор /Ph.D/
14. Батсүхийн Одончимэг- Байгалийн ухааны доктор /Ph.D/
15. Цэвэгмидийн Эрдэмбилэг- Анагаах ухааны доктор /Pd.D/
16. Цэрэнгийн Чулуунцэцэг- Урлаг судлалын ухааны доктор /Ph.D/
Найм.Тойм
Өлзийт сумаас 1951-2016 онд АИХ-ын депутат болон УИХ-ын гишүүн зэрэг төрийн түшээд 11 хүн 17 удаа сонгогдсон бол МУ-ын Ерөнхий сайд, сайд, дэд нар зургаан хүн ажиллаж байв.
Улсын болон Хөдөлмөрийн баатар цолыг гурван хүн, Төрийн шагналтан цолын нэг хүн, Ардын жүжигчин цолыг гурван хүн, Гавьяат цолыг 18 хүн авчээ. Доктор цолтой эрдэмтэн 16 хүн хүн байна.
Мөн Дундговийн Цагаандэлгэр сумын харьяат Гавьяат эдийн засагч Нямдолгорын Сампилноров Өлзийт суманд сум нэгдлийн даргаар ажиллаж байхдаа анхны байнгын ажиллагаатай УБХ-ын гишүүн болж байсан, Дэлгэрхангай сумын харьяат Сугирын Халзанхүү Өлзийтэд сум,нэгдлийн даргаар ажиллаж байхдаа АИХ-ын депутат болж байжээ.
Дэл уулын Бичээчийн Батмөнх.
2018 оны 08 сар

Monday, April 16, 2018

МОРИН ХУУРЧ НЭРГҮЙ
Говь нутгийн 20-р зууны нэрт морин хуурч Дундговь аймгийн Өлзийт сумын ахмад настан Ёндонгийн Нэргүйн “Хуурын түрлэг” морин хуурын тоглолт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит Төв Халхын Дуулалт Жүжгийн театрт 2018 оны 04 сарын 20-нд болно.
Монголчуудын бренд болсон МОРИН ХУУР хэмээх хөгжмийг гайхалтай эзэмшээд олон арван бүтээл хөгжимдөн гадаад, дотоодод 50 гаруй жил тоглож яваа, говь нутгийн хээгүй нэгэн сайхан цөлх монгол эр хүний сонгодог жишээ болсон Нэргүй маань уран бүтээлийн ээлжит тоглолтоо хийх гэж байна.
Говь нутгийн ард түмний алдартай бүтээлүүдийн нэг "Цэцийн жонон" хэмээх морин хуурын бүтээлийг Нэргүй шиг тоглож чаддаг уран бүтээлч одоо хир төрөөгүй хэмээн судлаачид үздэг юм билээ. Тэр бол зүгээр л цэвэр ардын авъяастан. Гэхдээ тэр хуурдах ур чадвар, донж маяг, тайзан биеэ авч яваа байдал, үзэгчдийн анхаарлыг тоглож буй уран бүтээлрүүгээ хандуулах арга барилаараа бусдаас өвөрмөц нэгэн гэдгийг түүний тоглолтыг үзсэн хүн бүхэн мэднэ.
Ёндонгийн Нэргүй бол яах аргагүй манай Дэл, Хөнжил нутгийн соёлын биет бус өвийн өв тээгч нэгэн мөн билээ.
Нэргүйдээ амжилт хүсье.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-04-14
ШАНХЫН ХЭЦ БИШ ШАНХАЙН ХЭЦ ГЭНЭ ШҮҮ‪

Миний төрсөн нутаг Дэл Хөнжил уулан дээрээс Өмнөговийн Цогтцэций, Манлай сумын нутагт хуваагдан оршдог Их Шанхайн хэц хэмээн их хяр уулс харагддаг юм.
Намайг багад манай өвөг дээдэс энэ нутгийн тухай маш сайхан юм ярьж тэхдээ дандаа Их Шанхай, Шанхайн хэц гэдэг байсан юм. Ахмадуудын ярьдаг үлгэр мэт сайхан юмнаас болоод эдүгээ цагийн зарим сонирхолтой юмнаас ФБ-т ганц нэгийг бичсэн. Тэхдээ багаас дуулж сонссоноороо Шанхайн хэц гээд бичтэл зарим хүмүүс хөөе нөхөөр наадах чинь Шанхай биш Шанх гэдэг юм гэж зэмлээд байсан. Би учрыг олоогүй тэгсхийгээд энэ тухай юм бичихээ больсон.
Гэтэл УИХ-ын гишүүн асан Мөнхчулууны Зоригт дөнгөж өчигдөр "Бидний монголчууд" төслөөрөө Манлай суманд очиж ажиллаад миний төөрөгдлийг арилгасан нэгэн өгүүлбэр бичснийг харж учрыг олов.
Зоригт гуай "ЭРТ ДЭЭРЭЭС ИХ ШАНХАЙ НЭРТЭЙ НУТАГ БАЙСНЫГ ХЯТАДТАЙ МУУДСАН ОН ЖИЛҮҮДЭД ДАРГА НАРЫН ЗАХИРАМЖААР ШАНХ БОЛГОЖ ӨӨРЧИЛЖ БАЙСАН ГЭНЭ" гэжээ. Энэ нутгийн ахмадууд түүнд энэ тухай их тодорхой ярьсан гэнэ.
Их Шанхайн хэцэд Түвдэнгийн Борыг түлхсэн Тугийн цохио, Гэсэр гэлэнгийн алдарт хул, Говь Шанхайн хурд, Шанхайн хэцийн алдар цуутай хүмүүс, торгоны зам гээд сонирхолтой олон юм бий.
Шанхай, Дэл, Хөнжил гурав бол "бараа бараагаа харсан Аргалын хоёр уул" гэдэг шиг бараа бараагаа харсан говийн гайхамшигт уулс юм.
Одоо би алдарт Шанхайн хэцийн тухай ганц нэг юм бичвэл намайг битгий загнаарай найзуудаа 😀😀😀😀😀😀😀.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-04-06
"ДЭЛ УУЛЫН ГАЙХАМШИГ" ТББ монголд анх удаа гэсэн тодотголтой хэд хэдэн шинэ зүйл хийсэн, одоо хэд хэдийг хийх гэж байна. Б.Батмөнх
НОМООР ИВЭЭН ТЭТГҮҮЛДЭГ 
НОМЫН САДАНГУУД МИНЬ

Дэл уулын хадны зураг судлаач эрдэмтэд, Дэл уулыг сонирхогчид, Дэл уулынхан, Өлзийт сумын нэр бүхий эрэхмүүд, садан төрлийнхөн, найзууд, миний амьдралд зүйрлэшгүй тус бологсод гээд нэлээн хэдэн айл болон хүмүүсийг номын садангаар бүртгээд тэдэнд "Дэл уулын гайхамшиг" ТББ-ын шугмаар болонөөрийн бичсэн, эмхтгэсэн номуудыг ихэнхийг нь үнэ төлбөргүйгээр түгээдэг юм.
1. Дэл уулын хадны зургийн цомог /үнэтэй/
2. “Дэлхийн түүх бичээстэй Дэл уул минь” ном,
3. "Бодлын бичээс” ном,
4. “Хөх судар” шиг Дэл уул “хөхөрсөн” хуудсаа дэлгэв үү” ном
5. “Профессор Д.Хүүхэнбаатар багшийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсамж хүндэтгэлийн хурал” /Дэл уулын хадны зургийн тухай эрдэм шинжилгээний 7 илтгэл байгаа/ ном
6. “Дэл уулын хадны зураг” ном
7. Дундговь аймгийн Музейд Дэл уулын танхим нээсэн тухай “Дундговийн мэдээ” сонин
8. “Дэлхийн гарамгай яруу найрагч Долгорын Нямаа” ном /энэ номыг нэрсийн жагсаалтаар тараадаг/
9. Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн баримтат кино
10. “Дэл уулын түүхийн дурсгал” баримтат кино гэх мэт.
Таныг хамгийн их хайрлаж, хамгаалж явах хүн чинь тантай мөнхөд хамт явдаг Та өөрөө. Б.Батмөнх
Одооны хүүхдийг одооны хүүхэд гэж бүү зэмлэ, та ч гэсэн цагтаа одооны хүүхэд байсан. Б.Батмөнх
Хүүхэд байх үеийн болоод хүүхдүүдтэйгээ байх үеийн гэр хамгийн сайхан.
Б.Батмөнх
Хүний сэтгэлийн зөөлөн хатуугийн нэг хэмжүүр бол нулимсны хол ойр.
Б.Батмөнх
“ДЭЛ УУЛЫН ГАЙХАМШИГ” ТББ-ЫН ХИЙСЭН АЖЛААС 
..
1. ЮНЕСКО-гийн дэмжлэгээр зохион байгуулагдсан “Хаданд мөнхөлсөн урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан Монголын Үндэсний музейтэй хамтран Дэл уулын хадны зургийн үзэсгэлэн гаргаж 14 хоног ажиллуулан гадаад, дотоодын шинжээч, судлаачдад үзүүлсэн. 
..
2. Дэл ууланд байсан хүрээтэй хас тэмдэг бүхий чулууг Дундговь аймгийн музейд татах санал гаргаж БСШУСЯ болон орон нутаг шийдвэрээр татаж авсан. 
..
3. Дундговь аймгийн музейд Дэл уулын хадны зургаар төрөлжсөн танхим байгуулах санаачлаг гаргаж Дэл уулын "Хүүхэнүүд" овгийнхон болон ТББ-ын хөрөнгөөр уг танхимыг иж бүрнээр тохижуулсан.
..
4. Доктор Д.Хүүхэнбаатар багшийн 80 насны ой тэмдэглэх дурсамж уулзалтанд Дэл уулын хадны зургийн тухай илтгэлүүд тавигдаж эмхтгэл гарсан, мөн Дэл уулын хадны зургаар үзэсгэлэн гаргасан.
..
5. Дэл уулын “Гучин хоёр хүнт” хэмээх хадны зургаас сэдэвлэн бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн тухай боршюрыг СУИС-аас хэвлэхэд туслалцаа үзүүлсэн.
..
6. СУИС-аас 2018 онд Дэл уулын хадны зургаас сэдэвлэн тавигдах “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжигт хамтран ажиллаж эхлээд байна.
..
7. Дэл уулын хадны зургийн тухай “Дэл Хөнжилийн эрдэнэс” баримтат кино хийх санаачлаг гаргаж “Сэмүүн” студийг зураг авалт хийхэд тусалсан.
..
8. Дэл Хөнжил нутгийн тухай “20-р зууны Дэл Хөнжилийхөн” гэсэн баримтат киноны зураг авалт "Анд" студтай хамтран хийгдэж байна.
..
9. “Дэл уулын хадны зураг”, “Дэлхийн түүх бичээстэй Дэл уул минь”, "Бодлын бичээс”, ““Хөхсудар” шиг Дэл уул хөхөрсөн хуудсаа дэлгэв” зэрэг судалгааны болон тэмдэглэлийн хэд хэдэн ном эрхлэн гаргасан.
..
10. АНУ-ын Индианагийн их сургууль дээр болсон "Монгол хэл шинжлэл ба Монгол судлалын ирээдүй" олон улсын хуралд Дэл уулын хадны зургийн тухай илтгэл тавигдан хэлэцүүлэг хийгдэж, баримтат кино үзүүлсэн.
..
11. Дундговь аймгийн Өлзийт суманд “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн бичлэгийг өгч сурагчид, сумын хөдөлмөрчдөд үзүүлэн яриа хийлгэсэн.
..
12. Дэл уулын хадны зургийг сонирхохыг хүссэн судлаачид, уран бүтээлчид, сонирхогчид зэрэг 30 гаруй хүнийг газар дээр нь аваачиж үзүүлсэн.
..
13. Улаанбаатарт жил бүр зохиогддог аялал жуулчлалын “ITM mongolia” үзэсгэлэнд Дэл уулын хадны зургийг сурталчилж тогтмол оролцдог болсон.
..
14. Төв, орон нутгийн хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэл, телевиз, fasebook зэрэг цахим орчинд Дэл уулын талаар тогтмол сурталчилгаа хийгдэж байгаа зэрэг болно.
15. 2008 онд хэвлүүлээд нөөц нь дууссан байсан Д.Сүхбаатарын "Дэл уулын хадны зураг" фото цомогийг дахин хэвлүүлж нийтийн хүртээл болгосон.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ
2018-03-28
НАС БОЛ ТОО БИШ ҮГ

Өчигдөр нэгэн танихгүй хүн "таны номыг уншлаа" гэсээр утсаар ярьж танилцан баахан хуучлав. Шинэ танил маань 75 нас хүртлээ улсад ажилласан гэнэ.
Сая ажиллаж байсан байгууллагынх нь хүнтэй ярьлаа. Мундаг хүн гэнээ. 75 настай байхад нь байгууллага нь "Та манайд их юм хийж өглөө, одоо тэтгэвэртээ суунуудаа" гэхэд "Надад одоо 5 жил ажиллах чадал уул нь байна даа" гэсэн гэнэ. 
ФБ-ийн найзуудад сонирхуулах санаатай нөгөө хүнтэйгээ холбогдоод 
Та 75 хүртлээ төрд алба хашиж их юм хийжээ, таны тухай олон түмэнд сонирхуулья гэсэн чинь "Өө би ч улсад 60-аадхан жил л ажилласан хүн шүү дээ" гэнээ.
18 наснаасаа эхлэн цэргийн алба хааж улсад 60-аад жил алба хаагаад 100 насандаа Хөдөлмөрийн баатар болсон Цэдэн-иш генерал шиг бас нэг хүн оллоо. Ийм хүн аль хир олон байдаг юм бол.
Нөгөө хүнээсээ Та 80 насны босго давчихсан хүн байна гэртээ сууж байна уу? гэсэн чинь "Үгүй ээ амьтан, хүнд тус болох гээд юм хийгээд явж байна, зав муутай" гэв.
Нас бол тоо биш зүгээр үг юм байна.
Бичээчийн Батмөнх.
92-91 НАСНЫ АХ ДҮҮ ХОЁР ба 91-97 НАСНЫ ГЭР БҮЛИЙН ХОЁР
Дундговийн Өлзийт сумын Буурал угалз хэмээх нутгаас гаралтай 92 настай Аюушийн Бадамцэрэн, 91 настай Аюушийн Цэрэндулам /Цуньд/ хэмээх төрсөн ах дүү хоёр, А.Цэрэндулам гуайн гэр бүл 97 настай Насангийн Өвөг хэмээх гурван сайхан буурайтай уулзан кино зураг авалт хийж хагас өдөр хуучиллаа. 
Нутгийн гурван сайхан буурай маань бие лагшин нь эрүүл, ухаан санаа нь саруул, яриа хөөрөө сайтай сайхан байна. 
Тэд нар 1930-аад оноос эхлэн эдүгээ хүртэл 70-80 жилийн улс орны болон хувийн амьдрал, нутгийн зон олны тухай урт хугацааны түүх хүүрнэж байна.
Н.Өвөг гуай эх орны дайнд оролцож явсан ахмад дайчин, А.Бадамцэрэн гуай тагнуулын байгууллагад насаараа ажиллаж буй чекист хүн, А.Цэрэндулам гуай Дундговь аймгийн эрүүлийг хамгаалах салбарын хамгийн өндөр настай өндөр настан хүн 
Ер гаран насыг зооглож 72 жил хамт амьдарч байгаа Өвөг гуай, Цэрэндулам гуай нарыг зээ Лүйжингийн Мягмархүү хэмээх ач буянтай сайн хүү нь гэр орондоо байлган олон жил асарч тойлж, эрүүл саруул сайхан байлгаж байгаа юм. Мягмархүү болон гэр бүлийнх нь хүний ажил амьдрал их өөдрөг сайхан байдаг гэнэ. 
Бадамцэрэн гуай 97 настай хүргэн ах болон дүүдээ хүндэтгэл үзүүлэн Өмнөговь аймгаас сая ирж уулзаж байгаа юм байна. Дундговийн Өлзийт сумын уугуул Бадамцэрэн гуай Өмнөговьд очиж амьдраад 70 шахам жил болж байгаа гэнэ. Түүний ач зээ нар болох дунд хир насны хэсэг хүмүүс золгож байхтай тааралдав. 
Эдгээр сайхан хүмүүстэй нутаг орныхоо тухай, нутгийн сайхан хүмүүсийн тухай, өөрсдийн өвөг дээдсийн асууж сураглан хуучлахад үнэхээр сайхан байлаа. 
Ах дүүгээрээ болон гэр бүлээрээ ингэж урт наслах сайхан юмаа.
Эдгээр хүмүүсийн урт насыг үүнийг уншигч та бүхэн авах болтугай. 
Бичээчийн Батмөнх
2018-03-24
СУМЫН БҮХ АЙЛЫН УТАСНЫ ДУГААР СУМЫН БҮХ АЙЛД БАЙДАГ

/Сонирхолтой санаа/
Дундговийн Өлзийт сумын ИТХ-ын дарга Хүүхэний Отгонмөнх Otgonmunhk Huukhen малчдад зориулсан хөөрхөн лавлах хийгээд бүх айлдаа тараачихсан байна. Бусад газар байдаг эсэхийг бүү мэд.
Өлзийт сумынхаа бүх айлын утасны дугаар /одоо бүх малчин айл суурин телефон утастай болсон/, бүх айлын им тамга орсон эмхэтгэл хийжээ.
Эзэнгүй малын тамгыг хараад хэний мал вэ гэдгийг лавлахнаасаа "лавлаж" мэдээд утсаар нь хэлэх боломжтой болж.
Хуучин цагт архаг малчид хавь ойрынхоо байтугай сумынхаа ихэнх айлын тамгийг мэддэг байсан бол одоо залуу малчид төдийлөн мэдэхээ байсан гэнэ.
Малнаас гадна сумын аль ч айл, аль ч айлтайгаа утсаар ярих боломжтой болж.
Дээр үед төв суурин газарт "Телефон утасны лавлах" гэж жигтээхэн хэрэгтэй нэг дэвтэр байдаг байв. Түүх болон алга болсон тэр лавлах харин хөдөө суманд шинэ юм болчихсон цохиж явахтай таараад сонирхуулав.
Жич: Манай сумынханд янз бүрийн Хас тэмдэг бүхий тамга элбэг юм байна. Хад уулан дээгүүр нь Хас тэмдэгний зураг элбэг байдагтай холбоотой ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ.
Бичээчийн Батмөнх.
2018-03-22 буюу Монгол хүн сансарт ниссэн өдөр.
СУИС-ИЙНХНИЙ ТАВЬСАН ДУУРИЛГА ХЭМЭЭХ ХӨӨМЭЙН ДУУРЬ ҮЗЭЭД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ
/Сэтгэгдэл, санал, шүүмжийн товч/
Галайхан, алайхан, дуурилга гэсэн сонсож дуулаагүй үг хэллэгтэй, гал авалцтал шуугиан дэгдээж мэдэх “Галайхан” дуурилга хэмээх Хөөмийн томоохон хэмжээний бүтээлийг үзлээ. Их сонирхолтой байв. СУИС-ынхан их хөдөлмөр, их зүтгэл, их сэтгэл гаргажээ.
Монголын хөөмэйчдийн түрүү манлайн нэг УГЗ Одсүрэн гуай санаачилсан юм байна.
Монголын түүх судлаач, ном бүтээгч, “Чононгоо” дууны шүлгээрээ олны танил болсон "Чоно багш" Chono Bagsh цомнолыг бичиж найруулжээ.
Чоно багш Дуурилга гэдэг үг болоод энэ тоглолтын талаар “Энэ бол дуурь шиг жүжиг шиг үйл явдалтай боловч дуулахгүй, үг хэлээд дуулаад байхгүй, гагцхүү хөөмийлдөг бүтээл. Хөөмийн хоршил, гурвал болон олон хоолойн найралтай. Монгол хэлний үгийн санд дуурилга гэдэг үг бий. Энэ бүтээл утга, агуулга, өгүүлэмж, уран сайхны хэллэгийг бүрэн илтгэж чадах үг бол дуурилга юм. Тиймээс мартагдаж, хэрэглэхээ байсан энэ үг, нэр томъёог дахин сэргээж, монгол үндэсний урлагийн томоохон бүтээлээр гаргаж ирж байна.“Галайхан”-ы төрөл жанрыг тодорхойлох үг хэллэг үүнээс өөр байхгүй” гэж айлдсан нь үнэн бололтой.
Дуурилгын гол дүр Алайхан. Энэ нь гал, улаан гэх зэрэг эртний монгол үгнээс үүдэлтэй нэршил бөгөөд хүндэтгэж, энхрийлсэн аялгаар “Галайхан” хэмээн өргөмжлөн нэрлэсэн, “Галайхан” бол гал манагч, отог омгийг галтай байлгагч бөгөөд галын эзэн, галын тэнгэр нь юм хэмээн тайлбарт бичигджээ.
Гал гаргаж авсан, хүн араатны тэмцэл, эмэгтэйчүүд гал манах тухай, эмэгтэй хүний бүүвэйн дуу хөөмэйтэй ямар уялдаатай байж болохов, анчин гөрөөчин эрчүүдийн дуу хоолой хөөмэйтэй яаж холбогдохов, хөөмэй гэдэг чинь хүн хөгжим юм бишүү гэх мэт сонирхолтой олон санааг гаргасан бололтой. Ихэнх үйл явдал эмэгтэйчүүдийн тухай өрнөж байгаа тул олон эмэгтэйчүүд тоглож тэдний ихэнх нь хөөмэйлж байсан нь их онцгой сонин байв. Үндэсний их театрын УГЖ Алимаагаас өөр эмэгтэй хүн хөөмэйчин бараг харагдадггүй байсан нь үнэн. Одоо мундаг дэлгэрсэн, бололтой мундаг хөөмэйчидтэй болсон бололтой.
Энэ тоглолтын нэг сонирхол татсан юм нь хөөмэйнээс гадна хурган бич ч гэх шиг голын чулуу ч гэх шиг, эртний ятга ч гэх шиг сонирхолтой хөгжмийн зэвсэгүүд оролцсон нь мөн л сонин байв.
Энэ тоглолтийн хөгжмийн найруулга ч сонирхол татахуйц болсон санагдсан. Уул усны чимээ, салхины исгэрээ, хүрхрээний их дүнгэнээ, тэнгэрийн аянга, байгалийн болон ан амьтаны элдэв дуу авиа ертөнцийн бүх өнгө дуугарах шиг болсон.
Тоглолтын тайзаа үзэгчдийн суудлын дунд засахдаа хөлөөр нэг хөглөрөх хөсрий яс, дээрээс унах гэж буй мэт хохимой толгой /хүнийх биш шүү/, тэнгэрээс ургасан мэт хухай мод, дотор нь нүцгэн эмэгтэй бүжиглэж буй амьд усан хүрхрээ, агуйн нүсэр ам гэх мэт урьд урьдийнхаас арай өөрөөр хийж чадсан харагдав.
Тоглосон жүжигчид нь бүжиглэдэг, бүүвэйлдэг, дуулдаг, хөгжимддөг, хөөмэйлдэг, исгэрдэг хашгирдаг, харайдаг, дэвхэрдэг, цовхордог ёстой унивесиал ажиллагаатай хүмүүс байсан. Ялангуяа мундаг авьяастай эмэгтэйчүүд олон харагдсан. Энэ тоглолтонд орон нутгийн болон төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудаас уран бүтээлчдийг татан оролцуулсан нь зөв санагдав. УГЗ Д.Баярбаатарын Davaasuren Bayarbaatar тавих гэж байгаа "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжгийг ингэж шилдэг уран бүтээлчдийг оролцуулж хийвэл уг бүтээл нь дэлхийн тавцанд гарахад дөхөм болох талтайг СУИС-ийн захирал Сонинтогосд хүсэлт болгоё.
СУИС-ийн багш оюутнууд, захиралууд, хөгжмийнхөн, ардын урлагийнхан, бүжгийнхэн, яам тамгийн дарга даамал, мань мэтийн урлаг сонирхогч саваагүйчууд, судлаачид зэрэг үзэгчид нь зрителд багталцахгүй “чихээтэй” байсныг бодоход нилээн анхаарал татсан бүтээл гарч байгаа юм байна гэж бодогдсон шүү. Нэгэн зочныг зориуд тодотгоход Канадын элчин эхнээс нь дуусан дуустал машид сонирхон үзээд ихэд баясгалантайгаар гарч явна лээ. Хадны зургаар хийсэн "Хөмөргөн гурвалжин" -г ЮНЕСКО болоод зарим гадаад орнууд сонирхож эхэлснийг СУИС болон холбогдох газрууд анхааралдаа авахыг дашрамд бас санал болгочихоё.
Гэх мэтээр магтаад байвал магтаад баймаар шинэлэг нэгэн сайхан бүтээлийг Г.Ганцэцэг, Д.Ариунболд Ari Khusugtun, Б.Нямхүү Artist B Nyamkhuu , Н.Дашбямба, Р.Туяацэцэг, С.Загд-Очир Zagd-Ochir Sumiyabazar , Н.Санжаадорж, А.Ундармаа Undarmaa Altangerel, Ч.Баяржаргал, Д.Золзаяа, Д.Шижирмаа, Түвшинтөр Mongol Tartaryнарын олон уран бүтээлчид хийжээ.Өвөрмөц хийцтэй гэрэлтүүлэг, тайз зэргийг Od-Erdene Sandag захиралтай Total music хийсэн гэсэн. Эдгээр хүмүүст баяр хүргэе, та бүхнийг галын бурхан хөөмэйн яруу уянга эгшиг үргэлж ивээж байх болтугай.
Хоёр жилийн өмнө миний төрсөн нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын “32 хүнт” хэмээх хадны зургаас сэдэвлэсэн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг Дулам доктор Dulam Sendenjav ,ЭнхгэрэлEnkhgerel Dash-Yaichil нарыг тавьж шуугиан дэгдээхэд Б.Нямхүү зураачаар ажиллаж, Д.Ариунболд хөгжмийг нь бичсэн тул би эдгээр хүмүүст гүн хүндэтгэлтэй хандаж явдаг юм.
Дэл ууланд байдаг хэн ч мэдэхгүй хадны зургийг урлагийн тайзан дээр амилуулсан Дулам доктор Ардын багш болж, Энхгэрэл Гавьяат болж, Ариунболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж "Хөмөргөн гурвалжин"-гийн хөгжим нь “Алтанамар”-ын гранпри хүртэж, зураач Нямхүү "Алтангадас" одонгоор шагнагдсан.
Дэл уул болоод тэнд байдаг “32 хүнт” хэмээх хадны зургийн гайхамшиг, эрчис хүч /энерги/, ид шид, нандин шүтэлцээ, арга билэг нь өөрт эерэг хандсан хүн бүрт ингэж хүрдэг юм. "Галайхан"-ыг үзэж суухад Чоно багшийн бичсэн галын тухай, галайханы тухай, эр эмийн явдлын тухай, бүжгийн тухай, хөөмэй хэмээх хүн-хөгжмийн тухай зэрэг олон сэдэв,санаа “32 хүнт”-ийн хадны зурган дээр бүгд байгаа мэт санагдсан шүү. Энэ тухай "Чоно багш"-тай жич ярилцах болно.
“Хөмөргөн гурвалжин”-гаар эхэлж “Галайхан”-аар үргэлжилсэн Монголын шинэ урлагийн төрөл мандтугай.
Гал манатугай,
Хөөмэй мандтугай,
Хадны зураг мандтугай,
Монголын урлаг мандтугай.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-03-20
Фотог: Зохиогч
ДЭЛ УУЛЫН БОЛОН МОНГОЛ ДАХЬ ХАДНЫ ЗУРАГ ОЛОН УЛСАД ШУУГИУЛАХ ДӨХӨЖ БАЙНА
"Хүний тулах цэг бол гэр бүл" гэж нэгэн залуухан хатагтайн хэлсэн үг их үнэн бөлгөө.
ДУНДГОВЬ ЯВЖ БУЙ ХҮМҮҮСЭЭ ЗУУР ЗАМД ЧИНЬ ТААРДАГ "ЗУУГИЙН ДАВАА", "САМБАРТАЙ ХӨТӨЛ" ОРЧИМД ОНЦГОЙ АНХААРАЛТАЙ ЯВНА УУ 

хэмээн Төв, Дундговь аймгуудын Замын цагдаагийнхан зориуд анхааруулав. Энэ хавьд аль ч цаг үед байнга осол гараад байгаа тул замын тэмдэг тэмдэлгээг онцгойлон анхаарч явахыг нийт жолооч нарт зөвлөв. 
Ер нь Дундговийн засмал анх ашиглалтанд орж байсныг бодвол осол харьцангүй багасах хандлагатай байгаа гэнэ. 
Засмал ашиглалтанд ороход жолооч нар юм үзээгүй юм шиг хурд хэтрүүлэн давхидаг байсан бол одоо ихэнх жолооч нар юм үзсэн юм шиг хурдаа тохируулж явдаг болсон гэнэ.
Харин албан бусаар хүн тээвэрлэж орлого олдог хөлсний хэмээх машинуудын зарим нь хурд хэтрүүлж байгаа гэв. Зорчигчид жолооч нарт хурдаа тохируулж явах талаар шаардлага тавьж байхыг зөвлөв.
Одоо бүгдээрээ
Нэгдүгээрт хурдаа толхируулаад
хоёрдугаарт хурдаа толхируулаад
гуравдугаарт хурдаа толхируулаад
дээр нь шөнө гэрлээ байнга шилжүүлдэг болоод,
зогсохдоо эгнээ, байраа зөв эзлээд сурчихвал осол гарахгүй болчих цаг удахгүй ирнэ хэмээн өөдрөг байнлээ аймгуудын замын цагдаагийнхан.
Бичээчийн Батмөнх.
2018-03-16
УУГАН ХАС
"Хүмүүн төрлөхтөн таниж мэдээгүй, тайлж ухаараагүй үй түмэн юмны нэг нь Хас тэмдэг бөлгөө"
Хүмүүн төрлөхтөн таниж мэдээгүй, тайлж ухаараагүй үй түмэн юмны нэг нь Хас тэмдэг бөлгөө. Хаа нэгэнтээ, хэн нэгэн бээр Хас тэмдгийн учрыг барим тавим тайлж бичээд үлдээчихсэн баримт нотолгоо өдгөө хир дэлхийд алга. Балар эртийн хүний хаданд сийлж,зурж үлдээсэн зураг л харин байна.
Хас тэмдгийн хамгийн арвин баян сан хөмрөгтөй газар гэвэл монгол нутаг байх. Алтай, хангай, говь, тал хаана л бол хаана Хас тэмдэг хад чулуунд зураастай, сийлээстэй байж байна. Хамгийн эртнийх нь гэхэд наад зах нь 30-40 мянган жилийн нас сүүдэртэй бололтой. Монгол орон харийн үзэл санаан дор шургаастай байсан цагт юун Хас судлал байх билээ. Харин тэр дөнгөнөөс салмагц манай эрдэмт мэргэд Хасыг сонирхож эхэлсэн байдаг. Ном зохиол бичсэн нь ч мэр сэр бий.
Энэ хэрэг үйлсэд Аким бид хоёр ч чадал чинээгээрээ хуруу хошуу нэмэрлэж явна. Хасын “өвчин туссан” ч гэх үү дээ?! Монгол нутагт байх нилээд олон Хасыг очиж үзэж,зураг хөргийг нь татаж авсан. Аким надаас арай олныг олж үзсэн байх аа. Учир нь мань хүний “Хасын өвчин” минийхээс арай ч илүү үгдэрсэн болов уу?!
Өдгөө маний нутаглан суугаа газрын хад чулуунд Хас сийлж үлдээсэн эрхэмүүд бидний өвөг дээдэс яах аргагүй мөн гэж бодож байна. Тийм болохоор Аким бид хоёр ч гэсэн өвөг дээдсийнхээ өв урлалын нь учир начирыг олох гэж оролдож яагаад болохгүй гэж? Ингэж буй минь зүгээр нэг хэрэгт дурлаж буй илүү зан ч бас арай биш ээ. Эрх биш ухаарлын учир холбогдол цаана нь бий.
Аким авгай Хас тэмдгийн хойноос бузгай эрчтэй хөөцөлдөж,бүр ном ч бичсэн. Би харин өдгөө хэр ном бичээгүй явлаа л даа. Арай л болоогүй гэж бодоод. Хас тэмдэг шиг учир начир нь далд нууц, хачин сонин, эрхэм дээд юмын учирт хөнгөн гоомой аашилж боломгүй санагдаж зүрхшээгээд ч гэх үү дээ?! Аким бид хоёр заримдаа хамт явж.заримдаа ч салгуу явж Хас эрж бэдэрч,олсон дуулсанаа бие биендээ тэр даруй дуулгадаг ч гэлээ чухам гэвэл Хасынхаа нарийн учир начирт санаа нийлэх ч бий,бага сага зөр ч бий.
Хас тэмдгийн учрыг олох гэж газар газрын мэргэд олон зууны турш оюун ухаанаа чилээн оролдож байгаа юм билээ. Анх
,соёлт Францын эрдэмтэн Эжен Бурнуф гэгч нэгэн бээр Хасын учрыг олох санааг хөгшин Европын ном бичгийн эргэлтэд оруулсан гэх нь бий. Дорно дахиныг судлаач саяхь эрхэм өөрөө Хас судлах үйлсэд арвитай юм хийж чадаагүй бололтой юу даа?! Эжен Бурнуфаас өөр хүмүүс ч Хасын талаар бичиж асан мэдээ занги мэр сэр бий. Тэглээ ч учрыг нь олж, хужрыг нь тунгаасан нь нэгээхэн ч үгүй юм билээ л.
Мөхөс би Хас тэмдгийг орчлонгийн “Эргүүлэг” чанараас улбаатай болов уу хэмээн боддог. Лав л энэ орчлонгийн хамаг бүхэн “Эргүүлэг” чанарын “ Буянаар” оршин байгаа юм уу даа гэх нэгэн бодол надад байдаг. “Эргүүлэг эрч” ч гэж болмоор. Хувинд дүүрэн ус хийгээд уруу нь харуулбал ус асгарчихна. Тэгвэл тэр устай хувингаа толгой дээгүүрээ эргүүлээд байхад хувин уруугаа харсан ч ус нь асгардаггүй. Энэнийг түмэн бодосын ухаан “Төвөөс зугатаах хүч” гэж нэрлэдэг. Үнэндээ гэвээс мөнөөх л эргүүлэг.
Тэмээний ноосыг цувьчихаад татвал амархаан тасарчихна. Тэгвэл тэр ноосыг эрчилж томход бөхөөс бөх дээс болдог. Утас ээрэх ч мөн тийн. Энэ чинь ноосыг эргүүлэг эрч л илүү бат бөх болгож байгаа хэрэг мөн биз дээ. Бөх бат байх нь оршин буйн нэгэн хувилбар чанар мөн. Чухам гэвэл энэ орчлонгийн юм бүхэн гагц эргүүлгээс эрч олсны хүчээр байж байдаг буюу. Юу нэгэн байж байна гэдэг нь ерөөс эргүүлэг чанараас ондоо юу ч биш. Дэлхий нарыг тойрон эргэдэг ахул сар дэлхийг тойрч, хоёулаа мөнөөх л эргүүлгээр хөтрөлдөж аваад нарыг тойрон эргэхдээ дэлхий бас өөрийнхөө тэнхлэгийг эргэдэг. Манай дэлхий алдуураад тэнэчихгүй,эсвэл задраад арилчихгүй, чухам энэхүү эргүүлгийн ачаар л оршин байгаа хэрэг гэдэг шинжлэх ухаанд өдгөө нэгэнт магад болжихуй. Хэрэв зэ, дэлхий эргүүлгийнхээ ачаар л оршин байгаа юм бол дэлхий дээр буй бүхэн мөн л тийн эргүүлэг чанарт дулдуйддаг байж таарах мэт ээ. Уул тал, ус мөрөн,хад чулуу, өвс ургамал, араатан амьтан ер хамаг бүхэн байнгын эргүүлэг хөдөлгөөнд л оршин байдаг болов уу гэмээр.Тиймийн ч учир “Эргэх хорвоо” гэсэн Буддагийн филосоийн үг гарсан байж магадгүй. Хорвоо гэдэг түвд хэлний үг амьд бүхэн төрөөд үхээд эргэж өөр нэгэн төрөл олж төрж,эхлэлгүй, төгсгөлгүй, тасархай бус хүрдэн оршихуй гэсэн утгыг тэмдэглэдэг юм гэнэ билээ. Өөрөөр хэлбэл мөнөөх л гайхал эргүүлэг.
Юмс шулуун гунзгуй, тэг дөрвөлжин, жин бөөрөнхий,нэмгэн хавтгай гэх мэт түмэн янз байх авч үнэндээ бол мөнөөх л эргүүлэг юм. Жишээ нь, хүмүүний биеийн махан бод гэхэд горзойсон гунзгуй юм байх мэт боловч далд чинадаа эргүүлэг эргэж байдаг хэрэг. Ил гарах тэмдэг шинж нь толгой зулайд байх үсний эргүүлэг ч байж мэднэ. Зарим хүний толгойн үсэнд эргүүлэг байхгүй байлаа ч тэр хүний махан бод эргүүлэг бус гэсэн үг яавч биш. Эргүүлэг яагаад ч юм бэ, толгойн үсэнд ил гараагүй л хэрэг. Өөр хаа нэгтээ аль нэгэн үсэнд үзэгдэх үзэгдэхгүй эргүүлэг тэмдэг байж л таарна.
Гагц махан бод ч төдий бус хүмүүний ухаан санаа ч мөн л эргүүлэг чанартай байх. Тиймгүйсэн ахул хүмүүн санаж бодож чаддаггүй л байх асан биз. Юмыг санаж байна гэдэг нь хүмүүн уг юмыг ухааныхаа оронд эргүүлж л байна гэсэн үг буй заа. Ийнхүү ухаж мэдэх, ухаарч ойлгох, уярч хайлах, уурлаж цухалдах, хайрлах дурлах, хардах сэрдэх, өрөвдөх өмөөрөх, өшөх занах тэргүүтэн ер хүмүүний оюун билиг, ой ухаан,сэтгэл санаа мөн л эргүүлэг чанартай. Эртний Жагарын нэгэн их хөлгөнд ухаарлын дээдийг “Брахма хүрд” хэмээсэн байдаг. Брахма гэдгийг хамаг бүхнийг танин мэдэж, тайлан соёрхсон төгс үнэн гээд,тэрхүү төгс үнэнд хүрч ухаарсан хүмүүнийг Брахмаан хэмээжихүй. Хүрд нь эргүүлэг мөн. Ийн бээр,энэ чинь хүмүүний сэтгэл санаа,ухаан билиг хүрдэн буюу эргүүлэг чанартайг бүр эрт балар цагт нуталсан хэрэг биш гэж үү?!
Амь гэгч мөн л эргүүлэг. Амь махан бод-өвч биенд эргэж байдаг хэрэг. Амь чингэж эргэхээ больмогц амьтан үхэхийн хувийг олж байна. Амь гэснээс, амь сүнс хоёр нэг юм бололтой. Юмны гол цөм утгыг заадаг “Амин сүнс” гэх философи утга бүхүй монгол хоршоо үг амь сүнс хоёр нийлэг нэг юм гэдгийг зааж байна бус уу?!
Асар ай цараанд төсөөлж бодохул “Байгаа байхгүйн зуур, эхлэл үгүй, төгсгөл үгүй, тасархай бус...”хэмээн хорвоогийн эргүүлэг ёсыг номлосон буддизмын хоосон чанарын философи ч өөрөө бас эргүүлэг чанартай буюу. Ийнхүү энэ орчлонгийн бод буй бүхэн төдийгүй огт оргүй хоосон ч бас л эргүүлэг чанартай байх аа. Ер нь хэмээвээс, лав л энэ орчлонгийн хамаг юм үзэгдэж харагдаж,баригдаж тэмтрэгдэж байдаг бод юм, үл үзэгдэх, эс тэмтрэгдэх хий юм хоёроос бүрддэг буй заа. Чухам гэвэл, бод юм,хий юм хоёроос ертөнц бүтжихүй. Хий юм чинь бидэнд үзэгдэж харагдахгүй, баригдаж тэмрэгдэхгүй л болохоос биш байж л байгаа юм мөн биз дээ?!. Өөрөөр хэлбэл хий оршихуй. Энэ орчлонгийн хамаг оршихуй бод, хий хоёр хэлбэр чанартай гэсэн үг юм уу даа. Ялдар хэлвээс, "Орчлон” гэх монгол үг өөрөө ч орчиж эргэлдэж байгаа гэх санааг зааж байгаа хэрэг. Огторгуйн эргүүлгийг дурдаж нурших нь бүр ч илүүц буйз. Учир юун хэмээвээс,”Огторгуй” гэдэг ухаарал“Огт оргүй” буюу хоосон дайд гэсэн санаа. Хий юм эргүүлэг чанартай нь үнэн ахул Огторгуй ч мөн л эргүүлэг чанартай байж таарна.
Тал нутгийн хүн бол “Хуй” гэж нэг гозойсон цагаан тоосыг олонтаа үзсэн байх. Энэ бол эргэж эрчилсэн салхи юм. Хайрга чулуу, харгана бутны мөчир, шороо тоос элдэв юмыг хамж аваад эргүүлээд явж байдаг. Би багадаа морьтой давхиж яваад хуй салхинд дайруулж малгайгаа ховх татуулан алдаж байсан удаатай. Хуй дотор орсон юм унана гэж байхгүй эргэлдээд талийж өгдөг. Хуй голдуу нар буруу эргэж явдагюмсануу?! Юутай ч,намайг дайрсан хуй болгон дандаа нар буруу эргэж байсан санагддаг. Чухам гэвэл дэлхий тэнхлэгээ эргэхүйн зүгт. Ер нь хуй тийм байдаг юм уу, эсвэл надтай л тийм хуй дайралдаж байсан юм болов уу,бүү мэд.
Эртний хүмүүн төрлөхтөн, түүний дотор бидний эртний өвөг дээдэс саяхь эргүүлэг чанарыг мэддэгл асан аюу. Яаж мэддэг байсан нь бүү мэд. Мэддэг л байж. Хүмүүн төрлөхтний оюун ухаан балчир байх цагт хүмүүний зөн мэдрэмж өдгөөгийн биднийхээс хавьгүй хурц мэргэн, бүр совин билгийн чинээнд хүрдэг байсан ч юм билүү? Чухам тийн учир тэр мэргэн совин билгээрээ мөнөөх гайхал эргүүлэг чанарыг таамаглаж мэдээд тэрнээ хожимд уламж болгон тэмдэглэж Хасыг үүтгэсэн байж тун ч магадгүй. Юутай ч гэсэн нэгд, Хас бол яах аргагүй юу нэгийг зааж тэмдэглэсэн нь гарцаагүй. Хоёрт, Хас тэмдэг чухамхүү,хэм тэгшийг хийгээд эргэхүйг заасан тэмдэг гэдэг бараг л мадаггүй болов уу? Хас тэмдэгний дөрвөн үзүүр нэгэн зүгт нугархай байдаг шүү дээ. Энэ нугархайаваас эргэх хөдөлгөөнөөс өөр юуг ч заагаагүй нь лавтай байх аа. Бас гэвээс, Хас тэмдгийн дөрвөн үзүүр биднийхээр нар зөв,нар бурууэргэх аль алинаар нь нугарсан байдаг. Энэ чинь нарны эргэх зүг, дэлхийн бөмбөрцөг тэнхэлгээ эргэх зүгийг заажээ гэх нь бий. Гэхдээ,энэ баахан эргэлзээтэй. Одоогоор Монголд олдоод байгаа Хасын туйлийн олонхийн дөрвөн үзүүр нар буруу эргэсэн байдаг. Бүр нэг дор, нэг хад чулуун дээр сийлээстэй балар эртний хоёр Хас хоёулаа нар буруу эргэсэн нь ч бий. Үүнээс үүдэн Хас ерөөс, эргүүлэг чанарыг л зааснаас биш нар зөв, нар буруу зүгийг тухайлан тэмдэглэсэн нь юу л бол гэмээр байдаг.
Тэнхлэгийн учир ярих аваас, Хасын тэнцүү хоёр шулуун яг тэнхлэгээрээ зөрсөн байдаг. Чагт буюу загалмай үүсгэж. Энэ нь тэгш хэмийн ёс мөн. Хэм тэгш биш ахул ямар ч юм оршиж үл чадна. Чингээд тэгш хэмт загалмайн дөрвөн үзүүрийг нэг зүгт нугалчихаар эргэж оршихчанар гарч ирж байна. Хэм тэгш агаад бас тэгээд эргэж байна. Гайхамшигтай төгс дүрс байгаа биз? Орчлонгийн оршихуйн эрхэмсэг ёсон-эргүүлэг чанарыг заасан тэмдэг тийм ч байхаас яах вэ. Оршихуйн билгэ чанарыг энэнээс илүүяаж төгөлдөр төгс тэмдэглэхсэн билээ дээ?!
Хүний биенд олон хас буй хэмээн дорно дахины философид тэмдэглэсэн тухай Аким авгай нэгэнтээ цухасхан бичсэн нь бий. Үнэн ч байж магадгүй. Орчин цагийн биологийн ухаан хүний биенд хорин гурван хос дөчин зургаан хромсом байна гэж нэгэнт мэдсэн шүү дээ. Энэ чинь мөнөөх л оршихуйн эргүүлэгт хас чанар мөн буй заа. Харин эдгээр хас чанар хүмүүний махан бодод төдийхөн бус ухаан билиг,сэтгэл санаанд ч мөн тийн шингээстэй эргэж байдаг аж л. Мөнөөх хорин гурван хос гайхал хромсомын хорин нэгдэх хоймсон нь яагаад ч юм бэ,гурамсан болчихвол хүн зүүлэгдүү төрдөг гэнэ. Энэнийг дэлхий даяарт,тийм өвчин анх олдсон газраар нь “Монгол эмгэг” гэж нэрлэдэг байснаа хожим нь манай гомдлоор өөрчилж,олсон эрдэмтний нь нэрээр “Дауны эмгэг” гэх болсныг бид мэднэ. Хоймсон хоймсон эргэж байдаг хорин гурван хос хромсомын нэг нь гурамсан болчихоор тэрний эргүүлэг буюу хас чанар нь ээдрээд, эзэн хүмүүн эрхтэн бүрэн хирнээ ухаан санааны гажилтай төрж байгаа нь саяхь эргүүлэг-хас чанар махан бодод төдий бус ухаан санаа гэгч хий оршихуйд ч мөн тийн эргэлдэж байдгийг нут болгож байна бус уу?! Ямар гээч үйлийн лайгаар тэр өгөр хорин нэгдэх хоймсон хромсом нь гурамсан болчихдог ч юм бэ? Эмнэж анагааж болдоггүй ч юмсануу?! Энэ орчлонд хүмүүний зовлон мундах биш дээ...
Чингээд,оршихуй гэхүл эргүүлгээс өөр юү ч биш. Сөргүүлээд,эргүүлэг ахул оршихуй мөн гэмээх нэгэн санаа гаргалага хийж болох мэт. Тийн аваас, Хас тэмдэг эргүүлэг буюу оршихуй ёсыг зааж анх гарсан аюу. Тэрнээс биш газар, тэнгэр, бурхан, мухар сохор сүсгийн учир үүсгээгүй л болов уу?! Оршихуй орчлонгийн учир чанарын ухаарал совин билгийн Хас тэмдэгийг хожим нь харин тахиж сүсэх онго шүтээн,эрхэмлэн дээдлэх бэлгэ сүлдэр болгосон байхыг хэн байг гэх вэ. Ер нь ч чингэсэн байдаг нь жаахан хожим гарна.?????????
Харин Хас тэмдэг монгол язгуурынх уу? Зарим эрдэмтэн мэргэдийн хэлж буйчлан эртэн цагийн Жагар газрын гарвальтай юу? Европын голдуу эрдэмтэд Хасыг эртний Энэтхэгт багцаагаар 25000 жилийн тэртээ үүссэн бололтой хэмээн таамаглахнь зонхилж байна. Жагарын их хөлгөн Рамаянад Хасын тухай анх гарсан байх ч гэдэг. Саяхь Рамаяна буюу монголоор “Раамын үлгэрийн цоморлиг" хэмээн орчуулсныг уншиж мөшгөн үзвээс,тэнд Хасын тухай тэмдэглэсэн нь үгүй байна. Лав л,монголоор орчуулсан тэр хувилбарт. Балар эртний энэ хөлгөн цагийг эзлэн өдгөөд ирэхдээ олон олон янз хувилбарыг үзсэн юм гэнэ билээ л.
Бас,өдгөөгийн Украин улсын нутагт, Мезин нэрт суурингийн хавьцаа архилогийн малтлагаас 25000 жилийн настай хас маягийн угалз олдлоо гэж оросууд бузгай шуугисан удаатай. Зэрвэсхээн мөшгөж үзэхэд л тэр нь Хас огоот биш, манай алхан хээний хагас зурлагатай төстэй хөвөөлбөр байдаг. Нүүдэлч түмний эд хогшлын зүйлд ийм чимэг сэлт зөндөөн байдаг даа. Орос гэснээс, Загалмайтны шашин судлаач Багдсаров гэгч Оросын нэгэн эрдэмтэн Хасын тухай цөөн үгийг бичиж, ярьж буйг би гүймэгхэн уншиж, зэрвэсхэн цахим сонссоон. Тэр Багдсаров Хасыг 25000 жилийн тэртээд үүссэн байх гэхчилэн, европынхны урьд бичиж асныг л дагаж дурьтгаад, учрыг нь олохгүй байгаа үнэнээ харин хэлж дуулдна билээ. Эрхбиш бичиг эрдмийн хүн болохоороо худал залахаа хүлцэн түвдсэн хэрэг буй за.
Буддагийн, Загалмайтны, Лалын шашны сүм дуганын хийгээд энэ тэр эд өлгийн зүйлийн чимэг болгож Хасыг зурсан, сийлсэн нь зөндөө ч гэсэн тэдгээрийн хамгийн эртнийх нь гэхэд л загалмайтны он тооллоос, сайндаа л хэд гуравхан зууны тэртээх байдаг аж. Ер,аль ч шашин суртал олны сэтгэл санаанд оршдог юм болгоныг шүүрэн зээлдэж хэрэглэсэн алийг тэр гэх вэ. Бүр саяхан,хорьдугаар зууны эхэн хагасд Гитлер гэгч балмад нэгэн толгойлсон, Германы ажилчны үндэсний социалист нам гэгч гарч ирж,Хас тэмдгээр бэлгэдлээ болгож байсныг бид мэдэхгүй биш дээ.
Жагар, Нанхиад гэх мэт дорно дахины соёлт газрын урлагт ч Хас эртэн цагаас байсаар иржээ.
Хас хэмээх энэ гайхамшигт тэмдэг язгуур гарвалиасаа үл хамаараад Монголд балар эртэн цагт байсан хийгээд өдгөө ч байгаа нь маргаангүй. Үүнийг нут болгох баримт сэлт зөндөөн бий. Маргах аргагүй,хамгийн нут баримт бол ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН Дэл Уулын Баруун Билүүнийн бэлээс олдсон, том жижиг хос Хас мөн. Дэлхий дахины энд тэндээс олдсон хадны зурагтай өнгөцхөөн жишиж, багцаалан үзэхэд л энэ Хас вээр 20000-30000 жилийн тэртээх бололтой байна. Чулуун зэвсгийн эрнийх гэхээр. Юутай ч хатуу чулуун багажаар “цоолборлох” аргаар сийлсэн ул мөр ажиглам ил байдаг. Компьюторын 3D програмаар гаргаад үзэхэд бүр ч тод болж байна. Эртэн цагийн түүх соёлыг судлаач зарим эрдэитэн ч “Энэ бол чулуун зэвсгийн үеийн дурсгал” гэх нь миний бодож байгаатай таарч байгаа юм аа.
Дундговийн Дэл уулын Хас хэд хэдэн чанар шинжээрээ хосгүй гайхамшигт туурвил. Юун түрүүн, энэ аваас хад чулуунд сийлээстэй олдсоноос хамгийн эртнийх нь мөн. “Ууган Хас” гэмээр үү дээ?! Энэнээс эртний Хас хад чулуунаас өдгөө хир олдоогүй байна. Чинагш ахул, бас л өдгөө олдоод байгаа дугуй хүрээтэй цорын ганц Хас юм. Бас гэвээс,энэ нь нэг чулуун дээр гурван Хас чандмалуулан хамт сийлсэн байдаг. Гурав дахийг нь яагаад ч юм бэ, гүйцээж амжилгүй,хагас хүрээг нь дутуу цохиод орхижихуй. Ийм чандмань гурван Хас Дэл уулаас ондоон хаана ч алга. Одоохондоо л лавтай яа, хамгийн эртний,ийм хосгүй,”Ууган Хас” уугуул нутгаас минь үзээ хараа,барим тавим олдчихоод байхад Хас яагаад заавал биднийх бус,харь гарвальтай байх ёстой юм бэ?! Өдгөөгийн маний эх орон монгол газарт балар эртэн цагт нутаглан аж төрж асан, бидний өвөг дээдэс орчлонгийн хамаг бүхэн эргүүлэг чанартайг совин билгээрээ ухаараад Хасаараа тэмдэглэн хойч хойч үедээ уламж занги үлдээсэн байхыг хэн байг гэх юм бэ?! Чинагш “Мөнх Тэнгэрийн монгол гүн ухаан лугаа ч холбогдож мэднэ. Юутай ч, Хас тэмдэг Монголынх биш гэж,”Бадарчин баярлах болоогүй” байна биш үү?!
Өвөг дээдэс маань үүсгэн бүтээсэн Хас тэмдэг гагц хад чулуунд төдий бус хойч үе бидний ч ой санамж,сэтгэл зүрхэнд лав шингэж үлдсэн байдаг нь хаана л бол хаана захаас аван замаас үргэлж нүднээ тусах хас чимэглэлээс бэлхэнээ үзэж болно. Тэр ч атугай, харьд зольж дөрвөн жаран шахам улираагаад эгүүлэн авч сэргээсэн Монголын төр, Оросын харгис ёсонд автахынхаа өмнөхөн мөнгөн тэмдэгт дээрээ Хас тэмдгийг зурсан нь архивт далд үлдээд өдгөө ардчиллын буянаар мүзэйд талбиастай олны нүд хужирлаж,сэтгэл гэрэлтүүлж байна. Туурга тусаар Монголын олон аймаг,хошууны засаг ноёд Хас тамга барьж асан нь өдгөө бий.
Энэ ахул эртний аугаа их уламжлал билээ. Чингис хааны төрийн “Хас эрднийн тамга” гэж монгол түүхнээ олонтаа өгүүлсэн байдаг. Тэр эрхэм тамга чухам ямар дүрстэй байсан бол? Үзэхсэн. Саяхь тамгын тухай ямар гайхамшигтай сайхан домог байдаг билээ дээ? Нэгэнтээ хур шувуу нисэж ирээд Чингис хааны удмын өргөөний үүдэнтээ шар чулуун дээр суугаад “Чингис чингис чингис” гэж гурвантаа донгодоход мөнөөх чулуу хага үсэрч дотроос нь алтан тамга гарч ирээд хийсэн одов. Маргааш өглөө нь мөнөөх шувуу нисэн ирж цагаан чулуун дээр суугаад бас л “Чингис чингис чингис” донгодохуй өнөөх чулуу нь мөн л хага үсэрч мөнгөн тамга гарч ирээд бас л хийсэн алга болов. Гутгаар өглөө саяхь шувуу дахин нисэж ирж хөх чулуундээр суугаад “Чингис чингис чингис” донгодвоос чулуу хагарч хасвуу тамга гарч ирээд Чингис хааны мутарт бууж, ийн бээр Чингис хаан эрднийн Хас тамга барьсан ажгуу хэмээдэг дээ.
Чухам тухайлбаас, Чингис хааны Хас тамгын учир гарган Монголын түүхийн эртний олон хөлгөн сурвалжид бичиж үлдээсэн бий. Мөхөс миний л олж уншсанаар гэхэд Саган Сэцэний “Эрднийн товч”, Лувсанданзаны “Алтан товч”, Жамбадоржийн “Болор толь”, Жамбын “Асрагч нэртийн түүх”, Гомбоваанжилын “Алтан эрих”, Галданы “Эрдэнийн эрих”, Ишбалданы “Эрдэнийн эрих”, Ломийн “Монгол боржигид овгийн түүх” тэргүүтэн лав л найман тулгар түүхнээ Чингис хааны Хас тамгын элдэв учрыг тайлан бичсэн байдаг. Эдгээрийн зарим цөөн нь магтаал домгийн аястай байдаг ч цөмөөрөө түүхийн бичвэр яах аргагүй мөн бөлгөө.
Өдгөөгийн зарим бичээч нар Чингис хааны Хас тамга бол хас хэмээх эрднийн чулуугаар хийсэн болохоос биш таваг дээрээ хас тэмдэг сийлсэн биш байх гэсэн санаа хэлсэн байдаг. Тэгвэл тэр Хас эрднийн тамга дардаг алган дээрээ ямар бичиг, дүрстэй байсан хэрэг вэ? гэхээр тэд эрхэм хариу сөөм үггүй таг болдог. Юу ч хэлэхсэн билээ дээ. Байхгүй юм чинь. Хас тамга л гэж тэмдэглэн бичиж үлдээсэн буй.
Чингис хааны Хас тамга гэсний ялдар хэлвээс,саяхь тамга өдгөө Хятадад нэг газар нуугаастай байгаа байх гэж боддог шүү,би. Чингэж бодох учир байна: Монголын сүүлчийн Их хаан Лигдэн бээр Буддагийн шар шаныг Монголоос үлдэн хөөсүгэй хэмээн байлдаж яваад Хөхнуурын Шаргал талд “Цагаан бурхан” өвчнөөр тэнгэрт халихуй Нинин хатан Сутай хатан хоёр нь Эрххонгор, Ажнай нэрт хоёр хөвүүнээ аван одож, Мүгдэнд очоод, Зүрчидийн улсын Ургач буюу хятадаар Ши Зү алдарт хааны мутарт Чингис хааны цагаан Хас тамгыг минжүүр ембүү сэлтийн хамт барьваас мөнөөх хаан ордондоо аван соёрхоод Эрххонгорт нэгэн гүнжээ эхнэр болгон өгөөд түшмэд тушаалд тохоож, Ажнай хөвүүнд нь Чин ван цол хайрлаж гийгүүлсэн хэмээн Монголын эртний түүхийн,Жамбадоржийн “Болор толь”, Ишбалжирын “Эрднийн эрхи”, Ломигийн “Монголын боржигод овгийн түүх” гэх мэт хэд хэдэн их хөлгөнөө бичсэн байдаг бөлгөө. Ийн бээр ухаж бодвоос Аугаа Их Чингис хааны Хас тамга өдгөө Хятад ,Тайван хоёрын аль нэгэнд байх нэн ч магад бүхүй мэт ээ. Хятад аваас түүх соёлыг ихэд эрхэмлэн нандигнадаг эртний ёст улс шүү дээ. Тийн учир,Чингис хааны тамгыг үрж сүйтгэсэн нь юу л бол?!
Хас тэмдгийн учир гэвээс өчүүхэн хүмүүн би ийн бодож явдаг бөлгөө.
Дундговийн Дэл уулаас олдсон саяхь гайхамшигт “Ууган Хас”-ыг бидний санал хүсэлтээр өдгөө ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙД авчирч талбин залсан байгааг энэ ялдар дуулгахад сэтгэлд таатай байнам.
2018 он.
Зохиолч Лувсангийн ПҮРЭВДОРЖ
Дундговиос 120 км цагийн хурдтай давхисан ЖИП, 80-тай давхисан АВТОБУС хоёр Таван шарын түгжрээн дээр хамт л зогсож байдаДундговиос 120 км цагийн хурдтай давхисан ЖИП, 80-тай давхисан АВТОБУС хоёр Таван шарын түгжрээн дээр хамт л зогсож байдаг.г.Дундговиос 120 км цагийн хурдтай давхисан ЖИП, 80-тай давхисан АВТОБУС хоёр Таван шарын түгжрээн дээр хамт л зогсож байдаг.
Дундговь хүртэл 80 км цагийн хурдтай явсан, 120-130 км цагийн хурдтай явсан хоёрын цагийн зөрүү ердөө 40-50хан минут.
ДУНДГОВИЙН ЗАСМАЛ АЗ ЖАРГАЛЫН ЗАМ БОЛОХООС...

Зам ялангуяа засмал хөгжил авчирдаг, зам аз жаргал авчирдаг гэж ярьдаг. Гэхдээ хурдаа тааруулж уужуу тайван явбал шүү.
Энэ талаар Дундговийн зарим иргэдийн хүсэлтээр цөөн хэдэн анхааруулга бичихээр шийдлээ.


Болгоомжлогтун.
Улаанбаатар- Мандалговийн замд осол их гардаг хэсэг:
Сэргэлэн сумын Ногоон дов орчимд 12,
Алтанбулаг сумын Ширэнгий булаг орчимд 6,
Баян-өнжүүл сумын Довын гуанз орчимд 5,
Баянцагаан сумын Самбарт хөтөл орчимд 21,
Сэргэлэн сумын Хустайн даваанд 12,
Сэргэлэн сумын Ар хөндлөн орчимд 8 осол тус тус гарсан байна.
Мөн Дундговь аймгийн төвөөс зүүн хойш 8 -9 км, аймгийн төвөөс баруун урагш 11 км -т халтиргаа үүсдэг тул болгоомжтой явахыг анхааруулдаг.
/Мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 1-р сараас 2014 оны 4-р сар хүртэл хугацааг багцлан гаргасан судалгаа/

ДУНДГОВИЙН ЗАСМАЛ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ЗАМ БОЛОХООС....

Хамгийн “хогийн замтай” хэмээгддэг байсан Дундговь аймаг засмал замтай болсонд Дундговьчууд, Өмнөговьчууд, Оюу болоод Таван толгойнхон гээд олон хүн баяртай байдаг нь үнэн.
Эдүгээ цагийн Монголын хамгийн их бүтээн байгуулалтын цуваа, монголд ирсэн хамгийн олон жуулчин явдаг гээд энэ замыг магтаад байвал их олон юм бий. Гэхдээ миний хөндөх сэдэв арай өөр. Энэ нь өнөөх гайхал осол.
Энэ 2-р сард Дундговийн замд гардаг ослын тоо арай хэтэрсэн хэмээн энэ замаар байнга явдаг хэд хэдэн хүн халаглаж байхтай таарсан.
Учрыг хальт судлах гэж оролдов. Замын болон техникийн гэмтэл, зам дээрх мал зэрэг шалтгаан байдаг ч ослын 97% нь жолоочоос, 98% нь хурд хэтрүүлснээс болдог юм байна. Энэ талаар улсын хэмжээний нэгдсэн судалгаа ч байна.
Осол гаргахгүй байх цор ганц гаргалгаа бий. Энэ нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэмд орон нутгийн замд дээд тал нь 80 км цагийн хурдтай явах ёстой гэсэн заалтыг жолооч бүр биелүүлэх. Ингэхэд л осол бараг гарахаа болино.
Хот хоорондын автобус GPS тавиулаад 80 км цагийн хурдтай явдаг болоод хэвшчихсэн. Эхлээд гэлдрээд байна гэж байсан жолооч, зорчигчид, баазын удирдлага нь одоо олон үр дүнг харсан гэсэн.
Дундговь хүртэл 275хан км-т 80 км цагийн хурдтай явсан, 120-130-тай явсан хоёрын цагийн зөрүү ердөө 40-50 минут юм байна. 120-той давхисан Жип, 80-тай давхисан Автобус хоёр Таван шарын түгжрээн дээр хамт зогсож байдаг гэнэ.
Хуулиа биелүүлээд 80-тай давхиад байхад дэлхийн хөгжлөөс хоцрохгүй шүү.
/Үргэлжлэл бий/
Бичээчийн Батмөнх

ДУНДГОВИЙН ЗАСМАЛ ДУНДУУРЫГ ДҮҮРГЭХ ЗАМ БОЛОХООС ...

Засмал зам дагаж хөгжил ирнэ гэдэг үг зарим талаар үнэн болохыг зарим аймгуудад харагдаж байгаа. Дундговь ч тэднээс дутаагүй байх. Хэдхэн жилийн өмнө төрийн том одон аваад төрийн захиргааны байшингийнхаа энгэр дээр “зүүчихсэн” –д засмал хувь нэмэр оруулсан байж таарна.
Засмал зам олон эерэг талтай, цор ганц сөрөг талтай. Тэр нь өнөөх гайхал осол. Осол жолооны ард сууж яваа нөхөр товарищаас /Щ орсон үг сонин санагдав кк/ шалтгаална.
Тэр нөхрөөс болж жилд 500 хүн цагаасаа өмнө буцдаг гэсэн жихүүдэс хүргэм аймшигт судалгааг бараг өдөр бүр телевизээр ярих юм.
Дөнгөж сая л гэхэд /3 сарын 13-нд/ хувийн тээвэр хийж явсан автобус хурд хэтрүүлснээс унаж 28 хүн хүн гэмтлээ гэж мэдээлж байна.
Судалгаанаас байнга явдаг жолооч нар осол гаргадаггүй гэнэ. Тэд нэгдүгээрт замаа мэддэг болчихсон, хоёрт хурд ихтэй яваад цаг хождоггүй харин 80 милээс хэтрүүлэхгүй явах нь олон талаар илүүг мэдэрсэн байдаг гэнэ. Хэмнэлт талаасаа 70-80 мил шатахуун хамгийн бага иддэг юм гэсэн.
Засмал тавьсан даруйд их хурдалцгаадаг байснаа одоо их хурдлах нь харьцангүй гайгүй болж байгаа гэнэ. Цаашдаа 70-80-д жигдэрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Төр засгаас ч анхаарал тавих биз. Хотод камержуулснаас хойш шөнийн цагаар хурд хэрүүлснээс болж осол гарах эрс багассан судалгаа байна.
Осол багасгах талаар санаа зовдог олон хүн бий.Төгсийн Энхбаяр тэргүүтэй Дундговийн 80-аад оны төгсөлтийн хэсэг залуус Улаанбаатар- Мандалговийн замын осол олон гарсан хэсэгт хэрэг болгож анхааруулах самбар байрлуулсанд хүмүүс талархалтай ханддаг юм билээ.
Мөн хаанаас тэгсэн юм саявтар замын хажууд унасан машины сэг тавьж анхааруулж нэг үзэх шиг болсон. Налайхын замд нэг хэсэг тэгдэг байсан. Энэ тийм ч аятайхан биш юм шиг санагддаг. Нэгд гадаадын жуулчидад аятайхан сэтгэгдэл төрүүлэхгүй, хоёрт замаар явж байгаа хүмүүс заавал тийм муухай юм харж стресдэж явах ёстой юм уу гээд надад бол огт таалагддаггүй.
Монгол өнөөдөр хөдөлдөг хөдөлдөггүй 800 мянга гаруй машин, 1,5 сая жолоочтой учраас засмалаар явах машины цөөрнөө л гэж байхгүй. Харин нүгэлт хар осол цөөрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Сэргийлэх ганц арга бол цагт 70-80 км цагийн хурдтай яв тэгээд болоо.
ЯЛАНГУЯА ГЭР БҮЛЭЭРЭЭ НЭГ МАШИНД ЯВАА ҮЕД ОНЦГОЙЛОН АНХААРЧ ЗӨӨЛӨН ЯВЖ БАЙХЫГ АМИНЧЛАН ЗАХЬЯ.

Бичээчийн Батмөнх
ПҮҮЖИЙ, АМГАА, БЭЭГИЙ НАРТАЙ
Сандагдоржийн Пүрэвсүрэн, Жанлавын Билэгтхүү, Бадамдаарийн Энх-Амгалан бид хэд Дундговийн Өлзийт сум дайраад Буянт багийн алдарт малчин Баавгайн Дэмбэрэлийнхээр ороод ирлээ.
Өлзийт суман дээр очдог өдөр тэнд түм түжгэнэж бум бужигнаж байхтай таарав.
Өлзийтийн хүүхнүүд сумандаа цуглажээ. Торгон дээлээ өмсөж одонгоо зүүсэн алдарт ээжүүд, ганган ганган хослолоор гоёсон залуу бүсгүйчүүд сумын төвөөр дүүрэн.
Энэ сумын эмэгтэйчүүдийн хамгийн олон баяр давхацдаг уламжлалт өдөр гэнэ.
Хурал, уулзалт, зөвлөгөөн, сургалт, шагнал, хандив тусламж, дуу хуур, цэнгээнт бүжиг, Малчин эмэгтэйчүүдийн чуулган, Мартын найманы баяр, “Дархан бэр” шалгаруулалт, дуучин Дэлгэрмөрөнгийн “Наян булгийн аялгуу" тоглолт, Бат-амьдралын фото, “Mister Dogs” хамтлаг, Ямаха мотоциклийн сугалаа, Од–Эрдэнэ даргын улаан сарнай, япон явах азтанаар тодорсон малчин, “Хөгжилтэй аялал” компанийн аялал гээд Өлзийтийнхөн оволзож байв.
Зочид буудал цөөхөн байна л гэнэ, 200 хүний суудалтай соёлын төв нь жижигдлээ л гэнэ, “Дундговийн амьдрал” сонин тараасан хүрэлцсэнгүй л гэнэ.
Суманд “Жишиг сум” төсөл хэрэгжээд Өлзийт сумын төв сайхан болчхож.
Ямар ч гэсэн дөрвөн замын уулзвар бүхий засмал замтай, гудамж нь гэрэл гэгээтэй, байр сууц, сургууль эмнэлэг нь нийтийн халаалттай болж паартай байшинтай, паалантай жорлонтой болжээ.
Өлзийт сумыг ингэж өнгөтэй гэрэлтэй гэгээтэй болгоход Батсүхийн Наранхүү, Сандагийн Од-эрдэнэ, Ичинхоролоогийн Эрдэнэбилэг, Хүүхэний Отгонмөнх, Авирмэдийн Эрдэнэбилэг, Шатарын Энхбат зэрэг хүмүүс нэмэр хандив болсныг дурдахгүй өнгөрч болохгүй.
Ийм сайхан нутгийнхаа ийм сайхан зон олныхоо ийм сайхан энергитэй үйл дундуур очсон бид хэдийн ажил жигтэйхэн сайхан бүтэв.
Өлзийтийн баруун талын Долгорын Нямаа, зүүн талын Долгорын Даариймаа нарын бүтээл “Өлзийтөөс би нүүхгүй” дууны клипний зураг авалт эхэлсэн, Дэл Хөнжилийнхний тухай бүтээлүүд үргэлжилсэн, Буянтын харчид хэмээх маш гайхамшигтай хүн зоны тухай шинэ бүтээлийн шав тавигдсан.
Мөн хоёр төрийн нүүр үзэж, хоёргүй сэтгэлээр Монголынхоо төлөө нуруугаа бөгтийж, хуруугаа мойтол зүтгэсэн Цээмээ хэмээх Найдангийн Цэвэгмид, Батлах гуай, Баавгайн Дэмбэрэл зэрэг энэ сумын түүхийн санах ой болсон агуу өвгөдийн архивыг хоёр өдөр “уудлаж” ажлаа амжуулав.
Ийнхүү хэвлэл мэдээллийнхэнд Дундговийн Пүрэвсүрэн хэмээгддэг Пүжээтэй анх удаа дөрөө харшуулж, Наранцацралт асанаар “Билэгтхүүг дууд” гэгдүүлж байсан Бээгийгээр газарчуулж, “Анд”-ын Амгаагаар зурагжуулж, хамгийн сүүлд нь 4-р Брагри лам Дамцагдорж гэгээнтний сойвон ламтай зам нийлж түүний ярьсан 40-өөд Жип машинаар Цогтцэций сумаас гэгээнтэн залсан тухай сонирхолтой түүх сонссон шигээ сайхан яваад ирлээ.
Ингэж нэг сайхан ажлаа үргэжлүүлж, хоёр сайхан ажил шинээр эхлэв.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-03-10
ДУНДГОВИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ДЭЛ, ХӨНЖИЛ, БУУРАЛ УГАЛЗ НУТГИЙН ТАВАН ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ
Эх орны дайны ахмад дайчин Насангийн Өвөг гуай , өндөр настан Баламын Цэвэл гуай /хоёулаа 97 нас сүүдэр зооглож яваа/, 2018 онд МУ-ын гавьяат багш цол хүртсэн Дашдаваагийн Жуужаа /88 настай/, МУ-ын гавьяат багш Нанзадын Энхпагма /энэ хоёр багш Дэл, Хөнжил, Буурал угалз нутгийн найм ба ес дахь гавьяат цолтон/ , МУ-ын Гавьяат малчин Хандсүрэнгийн Отгон, Дундговь аймгийн Дашгэмпэлин хийдийн хамба лам Баатарын Батдэлэгийн Доржхорол /Жоолоо лам/, эдийн засгийн ухааны доктор Ланганы Отгонтуяа /Цэвэл гуайн охин/, Жанлавын Билэгтхүү, Лүйжингийн Мягмархүү /Өвөг гуайн ач/ нарын хамт.
Фото зургийг Жуужаагийн Эрдэнэбулган
2018-03-04

ДУНДГОВИЙН ӨЛЗИЙТ СУМЫН 20 ДАХЬ ГАВЬЯАТ ЦОЛТОН НИЙСЛЭЛИЙН 1-Р СУРГУУЛИЙН БАГШ НАНЗАДЫН ЭНХПАГМЫН ДУРСАМЖААС

Миний бие 1959 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Буурал угалзын Номгон гэдэг газар малчин ард Цэвэлийн Нанзад, Маамын Дашбал /Дашпил/ нарын дөрөв дахь охин болон төрсөн. Манайх 1960-аад оны эхээр хотод ирж суурьшсан. Манайхан болон бидний дээд үе Өлзийтийн Буурал угалз хавиар нутагладаг айл байсан юм билээ. Би төрсөн нутагтаа хааяа очдог, сайхан газар байдаг.
Эцэг Соёо хэмээх Нанзад маань нутаг орондоо нэр хүндтэй, ажилсаг, олонтой хүн байсан гэсэн. Манай эх М.Дашбал бол Дундговийнхны нэрлэдгээр Шүүхийн хэмээх Маамын Жанчивын төрсөн эгч. Манай ээж УИД -т худалдагчаар олон жил ажилласан.
Одоо Өлзийт суманд ээжийн маань дүү Бадамгарав амьдарч байна.
Эдүгээ 97 нас сүүдэртэй Насангийн Өвөг гуайн өргөмөл охин асан Пагмадулам бол миний төрсөн эгч байсан бөгөөд Өвөг гуайн гэр бүл Цэрэндулам эгч бол манай ойрын садан хүн.
Ээжийн маань эцэг Хөх хэмээх Маам нь нутаг усандаа нэртэй сайн бариач гэж ярьцгаадаг.
Би саяхан 95 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын ууган сургууль 1-р сургуулийн 40 шахам жил нь миний ажил амьдралтай холбоотой буюу энэ сургуульд 39 дахь жилдээ тасралтгүй бага ангийн багшаар багшилж байна.
Түмний хүүхдийг сургаж хүмүүжүүлэх гэж зүтгэснийг минь төр үнэлж сая Гавьяат багш хэмээх эрхэм цол хүртээлээ.
Алдар түүхтэй энэ сургуулийн 13 дахь, бага ангийн багш нарын 3 дахь Гавьяат багш болж байгаа юм билээ.
Сая төрийн өндөр цол авахад юуны өмнө ээж, сургууль хамт олон, гэр бүл үр хүүхэд тэгээд төрсөн нутаг минь бодогддог юм билээ. Би саяхан нутагтаа очиж Бадамгарав эгчтэйгээ уулзаад ирсэн. Манай нутаг сайхан байна билээ. Цаашид нутгийн зон олонтойгоо байнга холбоотой байх болноо.
МУ-ын Гавьяат багш Нанзадын Энхпагма.
2018-03-01
ЭРДЭМТЭН МЭРГЭД 
ДЭЛ УУЛЫН ТУХАЙ
Манай дээд үеийнхэн дэлхийн хэмжээний агуу их өв соёл дээр төрж өсжээ. Иймээс бидний өвөг дээдэс ч, бидний үеийнхэн ч сайн сайхан явцгааж байгаа юм байна.
Ж.Эрдэнэбулган /Хуулийн ухааны доктор профессор, Дэл уулын унаган иргэн/
оооооооооооооооооо

Өнөөдрийн энэ үйл явдал бол зүгээр нэг музейн танхимын нээлт биш энэ гайхамшигт өв, соёлыг дэлхийд гаргах анхны шанг та бид таталцаж байна гэж үзэж байна.
Ж.Эрдэнэбулган
оооооооооооооооо
Дэл Хөнжилийнхөн болоод Дундговийнхон та нар бол түүхийн агуу үнэт зүйлийг хадгалж байгаа шүү.
Д.Сүхбаатар /Түүхийн ухааны доктор, гавьяат багш/
оооооооооооооооо
Дэл Хөнжил бол миний хоёр дахь нутаг. Энэ нутгийн хүн ард нь ч гайхалтай, байгаль нь ч гайхалтай, түүх соёл нь ч гайхалтай, Дэл уул бол Дундговийнхны бахархал шүү.
Ю.Болдбаатар /Түүхийн ухааны доктор, дэд профессор/
ооооооооооооооо
Дулам багшийн хийсэн энэ бүжгэн жүжгийг төрөлх Дэл ууланд нь, алдарт Цагаан суварга дээр, Их газрын чулууны задгай театрт тавьж болохгүй гэжүү Бат-Эрдэнэ даргаа том харж, том сэтгэвэл яасан юм бэ.
Ю.Болдбаатар
ооооооооооооо
Бүжгийн урлагийг хамгийн сонирхдог, дэлхийн урлаг соёлын хамгийн олон авьяастнуудтай Парисын их театрт тоглогдвол Дэл уулын хадны зураг дэлхийн тайзруу аврих болуу гэж төсөөлж, мөрөөдөж байна.
С.Дулам
оооооооооооо
Энэ гайхамшгийг бүтээсэн өвөг дээдэс, энэ түүх соёлын дурсгалыг хүндэтгэн хадгалж, хамгаалж ирсэн Дундговьчууд болон Дэл Хөнжилийнхөнд баярлалаа гэж хэлье.
С.Дулам
ооооооооооооо
Хас тэмдэг бүхий энэ чулуу энэ музейн, танай /Дундговь/ аймгийн, магадгүй Монголын түүх соёлын үнэтэй үзмэр, судалгааны чухал объект болно гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Л.Пүрэвдорж /зохиолч сэтгүүлч, генерал/
оооооооооооооо
Дэл уулын хадны зарим зургийн үйл явдал, хөдөлгөөнийг харж байхад бүхэл бүтэн романы үйл явдал харагдаж байнлээ.
Л.Пүрэвдорж
ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙД НЭЭГДСЭН ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГИЙН ТАНХИМЫН НЭЭЛТЭД ХҮМҮҮСИЙН ХЭЛСЭН ҮГ


МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ДОКТОР ПРОФЕССОР СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ:
Дууу хуурын өлгий Дундговьчууд, дэлхийн түүхэнд алдаршсан түүх соёлын үнэт дурсгалтай Дэл Хөжилийнхөний амгаланг айлтгая.
Би МУИС-д 43 жил багшлаад сүүлийн гурван жил СУИС-д тэргүүлэх профессорын албанд ажиллаж байна. Хадны зурган дээрх хүмүүсийн дохио зангаа хүмүүсийн хөдөлгөөний судлах ажилд орсон. Эндээс анх удаа хадны зурагнаас Монгол бүжгийн дэг жаягийг гаргаж болох юм байна гэсэн санаа олоод сонгож авсан хамгийн анхны зураг нь Дэл уулын “32 хүнт” хэмээх зураг байсан. Энэ зургийг дүрсийн бэлгэдлээр тайлж бидний мэдэхгүй зан үйл хийж байгаа юм байна, яагаад үүнийг үйлдэв гэдгээс үндэслэн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн цомнол бичиж үүнийг СУИС-ын бүтээлч хамт олон тайзан дээр этно модерин хэлбэрээр амилуулсан. Гурван цуврал бүжгэн жүжиг хийж байгаа, хоёрдохыг Рашаан хадны тамганы зургаас сэдэвлэн хийсэн. Гуравдахийг мөн Дэл уулын хадны зургаас оруулан цомнол бичигдсэн бүжиг дэглээч УГЗ Д.Баярбаатар хийж байгаа. Ингэж манай улс түүхэндээ анх удаа этно модерн гурамсан бүжгийн жүжигтэй болох юм.
Дэл уулын хадны зургаас сэдэвлэсэн эдгээр бүтээлээ Монголын урлагийн тайзнаас халиаж дэлхийд гаргах арга олоод 2020 онд монгол францын найрамдлын нийгэмлэгийн 50 жилийн ойгоор францад тоглогдохоор гэрээ хэлцэл хийх хүмүүс нь Германаас монголд ирчихсэн ЮНЕСКО-гийн үндэсний комиссынхонтой уулзаж ярихаар бэлдэж байгаа. Болж өгвөл бүжгийн урлагийг хамгийн сонирхдог, дэлхийн урлаг соёлын хамгийн их авьяастнуудтай Парисын их театрын тайзан дээр тоглогдвол Дэл уулын хадны зураг дэлхийн тайзруу аврих болуу, Дэл уулын хадны зурган дээрх “бүжигчид” дэлхийн тайзан дээр гарч ирэх болуу гэж төсөөлж мөрөөдөж байна. Энэ агуу гайхамшгийг бүтээсэн өвөг дээдэс, энэ түүх соёлын дурсгалыг хүндэтгэн хадгалж, хамгаалж ирсэн Дундговьчуудад, Дэл Хөнжилийнхөнд баярлалаа гэж хэлье.
Би уран зохиолын ертөнцтэй холбоотой хүн. Танай нутгийн Долгорын Нямаатай гэдэг богино уянгийн шилдэг мастертай харилцаатай явж ирсэн. "Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана" гэдэг гайхамшигтай шадуудыг бичсэн энэ гайхамшигт яруу найрагчийн булан нээгдэж байгаад талархъя.
Мөн төв халхын уртын дууны гайхамшгийг бидэнд үлдээсэн уртын дууч Балдир гуайн бүтээлийг шимтэн сонирхдог хүний нэг.
Ийм агуу нутагтай, ийм агуу хүмүүстэй Дундговьчууд урлаг соёлын гэгээн ертөнцийн дунд умбаж, жаргаж байх болтугай гэж ерөөе.
ЗОХИОЛЧ СЭТГҮҮЛЧ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЛУВСАНГИЙН ПҮРЭВДОРЖ:
Би археологийн мэргэжлийн хүн биш жирийн нэгэн зохиолч хүн. Би өнгөрсөн зун хэрэг болгож Дэл уулын түүх соёлын дурсгалыг үзэхээр Бичээчийн Батмөнхөд хүсэлт тавиад очсон. Үнэхээр нутаг нь гайхалтай, энд байгаа түүх соёлын дурсгал нь гайхалтай, эндээс төрсөн хүмүүс гайхалтай юм билээ. Дэл уулын хадны зарим зургийн үйл явдал, хөдөлгөөнийг харж байхад бүхэл бүтэн романы үйл явдал харагдаж байнлээ. Би хас хэмээгчийг өөрийн хэмжээнд сонихдог, судалдаг хүн. Манай монгол бол дэлхийн хасын гайхамшигтай соёл үлдээсэн. Дэл ууланд нэлээн хэдэн хас байдаг юм билээ, бид үзсэн. Дэл уулаас энэ музейд сая авчирсан хасны зурагтай чулуу бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэх үнэтэй эд гэдгийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрч байналээ. Энэ чулуу бол судалж баршгүй гайхамшигт эд шиг байгаа юм. Наад тал нь 8 мянга цаад тал нь 30 мянган жилийн түүх яригдах бололтой юм билээ.
Энэ зун би энэ чулууг Дэл ууланд хээр хэвтэж байхад дэргэд нь хоносон. Энэ бол том чулуу биш. Энэ байтугай юмыг аваад явчихдаг тул би алдчихвий гэж маш их санаа зовоод хотод очингуут Батмөнхтэйгээ нийлж музейд татуулах талаар хөөцөлдөн бичиг цаас болж хэд хэдэн сайд, дарга нартай уулзаж хүсэлт тавьсан. Бурхны авралаар бүх юм маш амархан бүтсэн. Энэ чулууг татаж авах хүсэлтийг биелүүлж өгсөн БСШУЯ-ны сайд Цогцолмаа, танай аймгийн дарга Бат-Эрдэнэ, Музейн захирал Бямбажав нарт баярлаж талархсанаа зориуд илэрхийлье.
Энэ чулуу энэ музейн, танай аймгийн, магадгүй Монголын түүх соёлын үнэтэй үзмэр, судалгааны чухал обьект болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. Ер нь сүүлийн үед хас гэгчид олон эрдэмтэд, судлаачид анхаарлаа хандуулж хас судлал гэдэг юм дэлхийд галзууртлаа хүч түрэн орж ирж байна.
Ингэхлээр дэлхийн хас судлаачид, сонирхогчид, эрдэмтэн мэргэд монгол уруу тэр дундаа Дундговь уруу хөврөх цаг удахгүй байхаа. Дундговь аймаг түүх соёлын энэ үнэт дурсгалыг зөвхөн монголчуудад таниулах төдийгүй дэлхийн хас судлалд онцгой гавьяа байгуулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье. Тэгээд Дундговь аймагт “Хасын музей” байгуулагдах болтугай гэж ерөөе.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ:
Өнөөдөр Монголчуудын бахархал болсон Дэл уулан дахь хадны зургийн танхим, манай аймгийн алдар цуутай 2 сайхан хүний хүндэтгэлийн булангийн нээлт болж байна.
Дэл уулын энэ гайхамшигт үзмэрийг олонд хүргэх санаачлаг гаргаж хандив өргөсөн Өлзийт сумын Дэл уулын “Хүүхнүүд” овгийнхонд гүн талархал илэрхийлж байгааг овог удмын нийт хүмүүстээ аймгийн удирдлагын өмнөөс дамжуулаарай.
Дэл уул бол түүх соёлын үнэхээр гайхамшигт их өв тээсэн газар юм гэдгийг бид өчигдөр энд байгаа эрдэмтэн судлаачдаас сонсоод бахархсан. Дэлхийд гайхагдах энэхүү үнэт өвийг манай аймгийнхан болон үе үеийн аймгийн удирдлага сайтар мэдэж, байнга анхаарлаа хандуулж байх ёстой юм билээ. Бид Дэл уулын соёлын өвтэй холбогдох аливаа арга хэмжээ болон энэ танхимыг цаашид өргөжүүлэх, сурталчлахад боломжийнхоо хирээр дэмжиж байх болно. Ийм сайхан ажил эхлүүлсэн “Дэл уулын гайхамшиг” ТББ болон музейн захирал Бямбажавд талархал илэрхийлж амжилт хүсье.
Өлзийт сумын Дэл уулаас гадна мөн энэ сумын хоёр бахархалт сайхан хүний булан нээгдэж байгаа нь бэлэгшээлтэй байна. Нямаа гуай бол Монголын утга зохиолын түүхэнд тод мөр үлдээсэн хүн Энэ хүнээр манай аймгийнхан ялангуяа Өлзийтчүүд илүү бахархаж хүндэтгэж явах ёстой. Балдир гуай манай нутгийн урлагийн бахархалт хүмүүсийн нэг. Энэ хүн залуу насандаа МУ-ын тусгаар тогтнолын төлөө дайнд орж явсан ахмад дайчин хүн байсан. Эдгээр хүмүүсийн ар гэрийнхэнд гүн хүндэтгэл үзүүлж байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ М.БЯМБАЖАВ:
- Манай музейн энэ арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж нээлтэд оролцохоор хотоос болон Өлзийт сумаас ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Хүрлийн үеийн танхимыг тохижуулахад санаачлаг гаргаж хандив өргөн тусалсан “Дул уулын гайхамшиг” ТББ болон “Хүүхэнүүд” овгийнхон, бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн аймгийн удирдлага болон бусад бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Манай Музейд шинээр нээгдсэн танхимд тавтай морилно уу та бүхэн.
АКАДЕМИЧ Д.ЦЭВЭЭНДОРЖ:
- 1971 онд оюутан байхаасаа танай аймагтай холбоотой явж ирсэн хүн би. Танайд Гурвансайханы Ярх уул, Өлзийтийн Дэл уул гэж монголд байтугай дэлхийд ховорт тооцогдох түүхийн үнэт дурсгалтай хоёр газар байдаг. Ярх уул 500 зуун мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг гэрчилдэг бол Дэл ууланд хэдэн мянган жилийн түүхийг гэрчлэх ховор хадны зураг болон хөшөө дурсгалууд бий. Гилбэр зэвсэг Ази тивд байдаг гэдгийг гэрчилсэн түүхэн ховор дурсгал энд бий. Дэл уулыг манай эрдэмтэд нилээн сайн судалсан, харин гадныхан төдийлөн судлаагүй, цаашид үүнийг бодолцох хэрэгтэй. Говь нутгийнхандаа говь сайхан нутагтаа аз жаргалтай сайхан амьдрахын ерөөл дэвшүүлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРАЛ, МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР ПРОФЕССОР Д.СҮХБААТАР:
Монголын уудам нутгийн Дэл уул хэмээх гайхалтай газраас түүх соёлын үнэт бүтээгдэхүүнийг Дэл уулын унаган иргэдийн санаачлагчаар музейд авчирч тавьж Дэл уулын хадны зургийн танхим шинээр дэглэгдэн Дундговийн музейг өнгө нэмсэн сайхан арга хэмжээнд оролцож буйдаа туйлын их баяртай байнаа.
Би Дэл уулын дурсгалуудыг 12 жил тасралтгүй судалж байна. Өлзийт сумын уугуул Дашдаваагийн Хүүхэнбаатар гэж миний эрхэм багш намайг Дэл уулын дурсгалыг судлах гарааг эхлүүлсэн хүн. Дэл уул бол судалгааны олон талын өргөн хүрээтэй том цогцолбор тул судалгааны ажил цаашид үргэлжилнэ, ингэхдээ Дундговийн музейтэй хамтран судалгааны багийг Дэл ууланд явуулж эхэлнэ гэдгээ мэдэгдье.
Монгол үндэсний наадам Дундговийн Дэл уулаас эхэлсэн гэдгийг судлаач хүнийхээ хувьд хэлэх дуртай нэгэн би. Энд үндэсний бөх, хурдан морь, сур харвааны холбогдолтой олон олон хадны зураг бий.
Дэл Хөнжилийнхөн болоод Дундговийнхон та нар бол түүхийн агуу үнэт зүйлийг хадгалж байгаа шүү, та бүхэнд сайн сайхныг хүсье.
ШУТИС-ЫН АХЛАХ БАГШ ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР ДЭД ПРОФЕССОР Ю.БОЛДБААТАР:
Би Баянхонгорын унаган хүн гэхдээ Дундговь бол миний хоёр дахь нутаг. Би танай аймгийн Дэл уулын хадны зургийг имэрч судалдаг хүн. Намайг энэ гайхалтай газартай холбож өгсөн хүн бол Хүүхэнбаатар багш минь. Хадны зургийн утгийг тайлна гэж маш чухал юм бий. Дулам доктор тэгж утгийг тайлаад бүжгэн жүжиг болгосон. Би Дэл Хөнжил гэдэг тэр нутгийг сайн мэднэ, Ардын жүжигчин Дагийранз гуайгаас эхлээд тэндэхийн хүмүүсийг нь танина, Долгорын Нямаа гуайн аавыг таньдаг байлаа гээд миний унасан газар шиг болсон нутаг. Энэ нутгийн хүн ард нь ч гайхалтай, байгаль нь гайхалтай, түүх соёл нь гайхалтай. Өнөөдрөөс эхлээд Дундговийнхон Дэл уулын соёлыг анхаарч мэдэж мэдэрч эхэллээ. Энд ирсэн хүмүүсийн зарим нь түүх археологийн биш ч гэсэн Пүрэвдорж генералаас эхлээд Дэл уулан дахь түүх археологийн үнэт дурсгалын төлөө санаа тавьж байгаа нь сайхан байна. Ингэж мэргэжлийн хүмүүс мэргэжлийн биш ч гэсэн сэтгэлтэй хүмүүстэй нийлээд юм хийвэл хийг бүтээж болох юм байна гэж харагдаж байна. Дундговийн музей бол хүрэл зэвсгийн гайхалтай үзмэртэй музей одоо дээр нь хадны зурагтай нийлээд гайхалтай музей болох нь. Дэл уул бол Дундговийнхны бахархал. Би Дэл ууланд байгаа дөрвөн өөр төрлийн бичгээс заримыг гүнзгийрүүлж судлаад тайлж уншин олон улсын монголч эрдэмтдийн их хуралд илтгэл тавьж байсан анхны оюутан болж байлаа. Тэдгээр орчуулгаас харж байхад энэ нутаг бол ан гөрөөний нутаг байсан юм билээ. Хадны зураг бол хадан дээр сийлсэн оюуны ертөнцийн тайлал. Дэл уулын түүхийн дурсгалыг судалгааны эргэлтэд оруулахад Хүүхэнбаатар багш үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дахин хэлье. Хүүхэнбаатар багш бол мундаг эрдэмтэн мундаг багш байсан, оросын нэрт эрдэмтэн Волковт тоогдон хоёул Дэл ууланд анхны малталт хийж байсан түүхтэй. Виталий Волков сүүлдээ мундаг эрдэмтэн болсон, түүний эхлэл нь яах аргагүй Дэл уулаас эхэлсэн судалгаа байсан. Ингэж Хүүхэнбаатар багшийн минь эхэлсэн ажлыг Дэл Хөнжил нутгийн “Хүүхэнүүд” овгийнхон ямар мундаг сэтгэж энэ ажлыг сэдэвээ. /Батмөнх, Эрдэнэбулган нарыг дурдав/ Ингээд Дэл уулаа магтъя, дэлхийн төвшинд гартал магтъя, бахархъя Дундговийнхоон. Танайд аялал жуулчлал татах том боломж байна. Дулам багшийн хийсэн энэ сайхан бүжгэн жүжгийг Дундговийнхон төрөлх Дэл уулын Баруун билүүн дээр, алдарт Цагаан суварга дээр, дараа нь нөгөө гоё Их газрын чулууны задгай театрт тавьж болохгүй гэж. Бат-Эрдэнэ даргаа том харж, том сэтгэвэл яасан юм бэ. /нээлтэд оролцсон хүмүүс алга ташиж аймгийн дарга толгой дохиж байв/
Дараа хэдүүлээ улам илүү гоё юмны нээлтэн дээр дахин уулзацгаахын ерөөл тавья.

2018-02-20