Monday, April 16, 2018

ДУНДГОВИЙН ӨЛЗИЙТ СУМЫН 20 ДАХЬ ГАВЬЯАТ ЦОЛТОН НИЙСЛЭЛИЙН 1-Р СУРГУУЛИЙН БАГШ НАНЗАДЫН ЭНХПАГМЫН ДУРСАМЖААС

Миний бие 1959 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Буурал угалзын Номгон гэдэг газар малчин ард Цэвэлийн Нанзад, Маамын Дашбал /Дашпил/ нарын дөрөв дахь охин болон төрсөн. Манайх 1960-аад оны эхээр хотод ирж суурьшсан. Манайхан болон бидний дээд үе Өлзийтийн Буурал угалз хавиар нутагладаг айл байсан юм билээ. Би төрсөн нутагтаа хааяа очдог, сайхан газар байдаг.
Эцэг Соёо хэмээх Нанзад маань нутаг орондоо нэр хүндтэй, ажилсаг, олонтой хүн байсан гэсэн. Манай эх М.Дашбал бол Дундговийнхны нэрлэдгээр Шүүхийн хэмээх Маамын Жанчивын төрсөн эгч. Манай ээж УИД -т худалдагчаар олон жил ажилласан.
Одоо Өлзийт суманд ээжийн маань дүү Бадамгарав амьдарч байна.
Эдүгээ 97 нас сүүдэртэй Насангийн Өвөг гуайн өргөмөл охин асан Пагмадулам бол миний төрсөн эгч байсан бөгөөд Өвөг гуайн гэр бүл Цэрэндулам эгч бол манай ойрын садан хүн.
Ээжийн маань эцэг Хөх хэмээх Маам нь нутаг усандаа нэртэй сайн бариач гэж ярьцгаадаг.
Би саяхан 95 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын ууган сургууль 1-р сургуулийн 40 шахам жил нь миний ажил амьдралтай холбоотой буюу энэ сургуульд 39 дахь жилдээ тасралтгүй бага ангийн багшаар багшилж байна.
Түмний хүүхдийг сургаж хүмүүжүүлэх гэж зүтгэснийг минь төр үнэлж сая Гавьяат багш хэмээх эрхэм цол хүртээлээ.
Алдар түүхтэй энэ сургуулийн 13 дахь, бага ангийн багш нарын 3 дахь Гавьяат багш болж байгаа юм билээ.
Сая төрийн өндөр цол авахад юуны өмнө ээж, сургууль хамт олон, гэр бүл үр хүүхэд тэгээд төрсөн нутаг минь бодогддог юм билээ. Би саяхан нутагтаа очиж Бадамгарав эгчтэйгээ уулзаад ирсэн. Манай нутаг сайхан байна билээ. Цаашид нутгийн зон олонтойгоо байнга холбоотой байх болноо.
МУ-ын Гавьяат багш Нанзадын Энхпагма.
2018-03-01

No comments:

Post a Comment