Monday, April 16, 2018

ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙД НЭЭГДСЭН ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГИЙН ТАНХИМЫН НЭЭЛТЭД ХҮМҮҮСИЙН ХЭЛСЭН ҮГ


МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ДОКТОР ПРОФЕССОР СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ:
Дууу хуурын өлгий Дундговьчууд, дэлхийн түүхэнд алдаршсан түүх соёлын үнэт дурсгалтай Дэл Хөжилийнхөний амгаланг айлтгая.
Би МУИС-д 43 жил багшлаад сүүлийн гурван жил СУИС-д тэргүүлэх профессорын албанд ажиллаж байна. Хадны зурган дээрх хүмүүсийн дохио зангаа хүмүүсийн хөдөлгөөний судлах ажилд орсон. Эндээс анх удаа хадны зурагнаас Монгол бүжгийн дэг жаягийг гаргаж болох юм байна гэсэн санаа олоод сонгож авсан хамгийн анхны зураг нь Дэл уулын “32 хүнт” хэмээх зураг байсан. Энэ зургийг дүрсийн бэлгэдлээр тайлж бидний мэдэхгүй зан үйл хийж байгаа юм байна, яагаад үүнийг үйлдэв гэдгээс үндэслэн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн цомнол бичиж үүнийг СУИС-ын бүтээлч хамт олон тайзан дээр этно модерин хэлбэрээр амилуулсан. Гурван цуврал бүжгэн жүжиг хийж байгаа, хоёрдохыг Рашаан хадны тамганы зургаас сэдэвлэн хийсэн. Гуравдахийг мөн Дэл уулын хадны зургаас оруулан цомнол бичигдсэн бүжиг дэглээч УГЗ Д.Баярбаатар хийж байгаа. Ингэж манай улс түүхэндээ анх удаа этно модерн гурамсан бүжгийн жүжигтэй болох юм.
Дэл уулын хадны зургаас сэдэвлэсэн эдгээр бүтээлээ Монголын урлагийн тайзнаас халиаж дэлхийд гаргах арга олоод 2020 онд монгол францын найрамдлын нийгэмлэгийн 50 жилийн ойгоор францад тоглогдохоор гэрээ хэлцэл хийх хүмүүс нь Германаас монголд ирчихсэн ЮНЕСКО-гийн үндэсний комиссынхонтой уулзаж ярихаар бэлдэж байгаа. Болж өгвөл бүжгийн урлагийг хамгийн сонирхдог, дэлхийн урлаг соёлын хамгийн их авьяастнуудтай Парисын их театрын тайзан дээр тоглогдвол Дэл уулын хадны зураг дэлхийн тайзруу аврих болуу, Дэл уулын хадны зурган дээрх “бүжигчид” дэлхийн тайзан дээр гарч ирэх болуу гэж төсөөлж мөрөөдөж байна. Энэ агуу гайхамшгийг бүтээсэн өвөг дээдэс, энэ түүх соёлын дурсгалыг хүндэтгэн хадгалж, хамгаалж ирсэн Дундговьчуудад, Дэл Хөнжилийнхөнд баярлалаа гэж хэлье.
Би уран зохиолын ертөнцтэй холбоотой хүн. Танай нутгийн Долгорын Нямаатай гэдэг богино уянгийн шилдэг мастертай харилцаатай явж ирсэн. "Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана" гэдэг гайхамшигтай шадуудыг бичсэн энэ гайхамшигт яруу найрагчийн булан нээгдэж байгаад талархъя.
Мөн төв халхын уртын дууны гайхамшгийг бидэнд үлдээсэн уртын дууч Балдир гуайн бүтээлийг шимтэн сонирхдог хүний нэг.
Ийм агуу нутагтай, ийм агуу хүмүүстэй Дундговьчууд урлаг соёлын гэгээн ертөнцийн дунд умбаж, жаргаж байх болтугай гэж ерөөе.
ЗОХИОЛЧ СЭТГҮҮЛЧ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЛУВСАНГИЙН ПҮРЭВДОРЖ:
Би археологийн мэргэжлийн хүн биш жирийн нэгэн зохиолч хүн. Би өнгөрсөн зун хэрэг болгож Дэл уулын түүх соёлын дурсгалыг үзэхээр Бичээчийн Батмөнхөд хүсэлт тавиад очсон. Үнэхээр нутаг нь гайхалтай, энд байгаа түүх соёлын дурсгал нь гайхалтай, эндээс төрсөн хүмүүс гайхалтай юм билээ. Дэл уулын хадны зарим зургийн үйл явдал, хөдөлгөөнийг харж байхад бүхэл бүтэн романы үйл явдал харагдаж байнлээ. Би хас хэмээгчийг өөрийн хэмжээнд сонихдог, судалдаг хүн. Манай монгол бол дэлхийн хасын гайхамшигтай соёл үлдээсэн. Дэл ууланд нэлээн хэдэн хас байдаг юм билээ, бид үзсэн. Дэл уулаас энэ музейд сая авчирсан хасны зурагтай чулуу бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэх үнэтэй эд гэдгийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрч байналээ. Энэ чулуу бол судалж баршгүй гайхамшигт эд шиг байгаа юм. Наад тал нь 8 мянга цаад тал нь 30 мянган жилийн түүх яригдах бололтой юм билээ.
Энэ зун би энэ чулууг Дэл ууланд хээр хэвтэж байхад дэргэд нь хоносон. Энэ бол том чулуу биш. Энэ байтугай юмыг аваад явчихдаг тул би алдчихвий гэж маш их санаа зовоод хотод очингуут Батмөнхтэйгээ нийлж музейд татуулах талаар хөөцөлдөн бичиг цаас болж хэд хэдэн сайд, дарга нартай уулзаж хүсэлт тавьсан. Бурхны авралаар бүх юм маш амархан бүтсэн. Энэ чулууг татаж авах хүсэлтийг биелүүлж өгсөн БСШУЯ-ны сайд Цогцолмаа, танай аймгийн дарга Бат-Эрдэнэ, Музейн захирал Бямбажав нарт баярлаж талархсанаа зориуд илэрхийлье.
Энэ чулуу энэ музейн, танай аймгийн, магадгүй Монголын түүх соёлын үнэтэй үзмэр, судалгааны чухал обьект болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. Ер нь сүүлийн үед хас гэгчид олон эрдэмтэд, судлаачид анхаарлаа хандуулж хас судлал гэдэг юм дэлхийд галзууртлаа хүч түрэн орж ирж байна.
Ингэхлээр дэлхийн хас судлаачид, сонирхогчид, эрдэмтэн мэргэд монгол уруу тэр дундаа Дундговь уруу хөврөх цаг удахгүй байхаа. Дундговь аймаг түүх соёлын энэ үнэт дурсгалыг зөвхөн монголчуудад таниулах төдийгүй дэлхийн хас судлалд онцгой гавьяа байгуулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье. Тэгээд Дундговь аймагт “Хасын музей” байгуулагдах болтугай гэж ерөөе.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ:
Өнөөдөр Монголчуудын бахархал болсон Дэл уулан дахь хадны зургийн танхим, манай аймгийн алдар цуутай 2 сайхан хүний хүндэтгэлийн булангийн нээлт болж байна.
Дэл уулын энэ гайхамшигт үзмэрийг олонд хүргэх санаачлаг гаргаж хандив өргөсөн Өлзийт сумын Дэл уулын “Хүүхнүүд” овгийнхонд гүн талархал илэрхийлж байгааг овог удмын нийт хүмүүстээ аймгийн удирдлагын өмнөөс дамжуулаарай.
Дэл уул бол түүх соёлын үнэхээр гайхамшигт их өв тээсэн газар юм гэдгийг бид өчигдөр энд байгаа эрдэмтэн судлаачдаас сонсоод бахархсан. Дэлхийд гайхагдах энэхүү үнэт өвийг манай аймгийнхан болон үе үеийн аймгийн удирдлага сайтар мэдэж, байнга анхаарлаа хандуулж байх ёстой юм билээ. Бид Дэл уулын соёлын өвтэй холбогдох аливаа арга хэмжээ болон энэ танхимыг цаашид өргөжүүлэх, сурталчлахад боломжийнхоо хирээр дэмжиж байх болно. Ийм сайхан ажил эхлүүлсэн “Дэл уулын гайхамшиг” ТББ болон музейн захирал Бямбажавд талархал илэрхийлж амжилт хүсье.
Өлзийт сумын Дэл уулаас гадна мөн энэ сумын хоёр бахархалт сайхан хүний булан нээгдэж байгаа нь бэлэгшээлтэй байна. Нямаа гуай бол Монголын утга зохиолын түүхэнд тод мөр үлдээсэн хүн Энэ хүнээр манай аймгийнхан ялангуяа Өлзийтчүүд илүү бахархаж хүндэтгэж явах ёстой. Балдир гуай манай нутгийн урлагийн бахархалт хүмүүсийн нэг. Энэ хүн залуу насандаа МУ-ын тусгаар тогтнолын төлөө дайнд орж явсан ахмад дайчин хүн байсан. Эдгээр хүмүүсийн ар гэрийнхэнд гүн хүндэтгэл үзүүлж байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ М.БЯМБАЖАВ:
- Манай музейн энэ арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж нээлтэд оролцохоор хотоос болон Өлзийт сумаас ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Хүрлийн үеийн танхимыг тохижуулахад санаачлаг гаргаж хандив өргөн тусалсан “Дул уулын гайхамшиг” ТББ болон “Хүүхэнүүд” овгийнхон, бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн аймгийн удирдлага болон бусад бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Манай Музейд шинээр нээгдсэн танхимд тавтай морилно уу та бүхэн.
АКАДЕМИЧ Д.ЦЭВЭЭНДОРЖ:
- 1971 онд оюутан байхаасаа танай аймагтай холбоотой явж ирсэн хүн би. Танайд Гурвансайханы Ярх уул, Өлзийтийн Дэл уул гэж монголд байтугай дэлхийд ховорт тооцогдох түүхийн үнэт дурсгалтай хоёр газар байдаг. Ярх уул 500 зуун мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг гэрчилдэг бол Дэл ууланд хэдэн мянган жилийн түүхийг гэрчлэх ховор хадны зураг болон хөшөө дурсгалууд бий. Гилбэр зэвсэг Ази тивд байдаг гэдгийг гэрчилсэн түүхэн ховор дурсгал энд бий. Дэл уулыг манай эрдэмтэд нилээн сайн судалсан, харин гадныхан төдийлөн судлаагүй, цаашид үүнийг бодолцох хэрэгтэй. Говь нутгийнхандаа говь сайхан нутагтаа аз жаргалтай сайхан амьдрахын ерөөл дэвшүүлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРАЛ, МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР ПРОФЕССОР Д.СҮХБААТАР:
Монголын уудам нутгийн Дэл уул хэмээх гайхалтай газраас түүх соёлын үнэт бүтээгдэхүүнийг Дэл уулын унаган иргэдийн санаачлагчаар музейд авчирч тавьж Дэл уулын хадны зургийн танхим шинээр дэглэгдэн Дундговийн музейг өнгө нэмсэн сайхан арга хэмжээнд оролцож буйдаа туйлын их баяртай байнаа.
Би Дэл уулын дурсгалуудыг 12 жил тасралтгүй судалж байна. Өлзийт сумын уугуул Дашдаваагийн Хүүхэнбаатар гэж миний эрхэм багш намайг Дэл уулын дурсгалыг судлах гарааг эхлүүлсэн хүн. Дэл уул бол судалгааны олон талын өргөн хүрээтэй том цогцолбор тул судалгааны ажил цаашид үргэлжилнэ, ингэхдээ Дундговийн музейтэй хамтран судалгааны багийг Дэл ууланд явуулж эхэлнэ гэдгээ мэдэгдье.
Монгол үндэсний наадам Дундговийн Дэл уулаас эхэлсэн гэдгийг судлаач хүнийхээ хувьд хэлэх дуртай нэгэн би. Энд үндэсний бөх, хурдан морь, сур харвааны холбогдолтой олон олон хадны зураг бий.
Дэл Хөнжилийнхөн болоод Дундговийнхон та нар бол түүхийн агуу үнэт зүйлийг хадгалж байгаа шүү, та бүхэнд сайн сайхныг хүсье.
ШУТИС-ЫН АХЛАХ БАГШ ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР ДЭД ПРОФЕССОР Ю.БОЛДБААТАР:
Би Баянхонгорын унаган хүн гэхдээ Дундговь бол миний хоёр дахь нутаг. Би танай аймгийн Дэл уулын хадны зургийг имэрч судалдаг хүн. Намайг энэ гайхалтай газартай холбож өгсөн хүн бол Хүүхэнбаатар багш минь. Хадны зургийн утгийг тайлна гэж маш чухал юм бий. Дулам доктор тэгж утгийг тайлаад бүжгэн жүжиг болгосон. Би Дэл Хөнжил гэдэг тэр нутгийг сайн мэднэ, Ардын жүжигчин Дагийранз гуайгаас эхлээд тэндэхийн хүмүүсийг нь танина, Долгорын Нямаа гуайн аавыг таньдаг байлаа гээд миний унасан газар шиг болсон нутаг. Энэ нутгийн хүн ард нь ч гайхалтай, байгаль нь гайхалтай, түүх соёл нь гайхалтай. Өнөөдрөөс эхлээд Дундговийнхон Дэл уулын соёлыг анхаарч мэдэж мэдэрч эхэллээ. Энд ирсэн хүмүүсийн зарим нь түүх археологийн биш ч гэсэн Пүрэвдорж генералаас эхлээд Дэл уулан дахь түүх археологийн үнэт дурсгалын төлөө санаа тавьж байгаа нь сайхан байна. Ингэж мэргэжлийн хүмүүс мэргэжлийн биш ч гэсэн сэтгэлтэй хүмүүстэй нийлээд юм хийвэл хийг бүтээж болох юм байна гэж харагдаж байна. Дундговийн музей бол хүрэл зэвсгийн гайхалтай үзмэртэй музей одоо дээр нь хадны зурагтай нийлээд гайхалтай музей болох нь. Дэл уул бол Дундговийнхны бахархал. Би Дэл ууланд байгаа дөрвөн өөр төрлийн бичгээс заримыг гүнзгийрүүлж судлаад тайлж уншин олон улсын монголч эрдэмтдийн их хуралд илтгэл тавьж байсан анхны оюутан болж байлаа. Тэдгээр орчуулгаас харж байхад энэ нутаг бол ан гөрөөний нутаг байсан юм билээ. Хадны зураг бол хадан дээр сийлсэн оюуны ертөнцийн тайлал. Дэл уулын түүхийн дурсгалыг судалгааны эргэлтэд оруулахад Хүүхэнбаатар багш үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дахин хэлье. Хүүхэнбаатар багш бол мундаг эрдэмтэн мундаг багш байсан, оросын нэрт эрдэмтэн Волковт тоогдон хоёул Дэл ууланд анхны малталт хийж байсан түүхтэй. Виталий Волков сүүлдээ мундаг эрдэмтэн болсон, түүний эхлэл нь яах аргагүй Дэл уулаас эхэлсэн судалгаа байсан. Ингэж Хүүхэнбаатар багшийн минь эхэлсэн ажлыг Дэл Хөнжил нутгийн “Хүүхэнүүд” овгийнхон ямар мундаг сэтгэж энэ ажлыг сэдэвээ. /Батмөнх, Эрдэнэбулган нарыг дурдав/ Ингээд Дэл уулаа магтъя, дэлхийн төвшинд гартал магтъя, бахархъя Дундговийнхоон. Танайд аялал жуулчлал татах том боломж байна. Дулам багшийн хийсэн энэ сайхан бүжгэн жүжгийг Дундговийнхон төрөлх Дэл уулын Баруун билүүн дээр, алдарт Цагаан суварга дээр, дараа нь нөгөө гоё Их газрын чулууны задгай театрт тавьж болохгүй гэж. Бат-Эрдэнэ даргаа том харж, том сэтгэвэл яасан юм бэ. /нээлтэд оролцсон хүмүүс алга ташиж аймгийн дарга толгой дохиж байв/
Дараа хэдүүлээ улам илүү гоё юмны нээлтэн дээр дахин уулзацгаахын ерөөл тавья.

2018-02-20

No comments:

Post a Comment