Monday, April 16, 2018

ДУНДГОВИЙН ЗАСМАЛ АЗ ЖАРГАЛЫН ЗАМ БОЛОХООС...

Зам ялангуяа засмал хөгжил авчирдаг, зам аз жаргал авчирдаг гэж ярьдаг. Гэхдээ хурдаа тааруулж уужуу тайван явбал шүү.
Энэ талаар Дундговийн зарим иргэдийн хүсэлтээр цөөн хэдэн анхааруулга бичихээр шийдлээ.


Болгоомжлогтун.
Улаанбаатар- Мандалговийн замд осол их гардаг хэсэг:
Сэргэлэн сумын Ногоон дов орчимд 12,
Алтанбулаг сумын Ширэнгий булаг орчимд 6,
Баян-өнжүүл сумын Довын гуанз орчимд 5,
Баянцагаан сумын Самбарт хөтөл орчимд 21,
Сэргэлэн сумын Хустайн даваанд 12,
Сэргэлэн сумын Ар хөндлөн орчимд 8 осол тус тус гарсан байна.
Мөн Дундговь аймгийн төвөөс зүүн хойш 8 -9 км, аймгийн төвөөс баруун урагш 11 км -т халтиргаа үүсдэг тул болгоомжтой явахыг анхааруулдаг.
/Мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 1-р сараас 2014 оны 4-р сар хүртэл хугацааг багцлан гаргасан судалгаа/

ДУНДГОВИЙН ЗАСМАЛ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ЗАМ БОЛОХООС....

Хамгийн “хогийн замтай” хэмээгддэг байсан Дундговь аймаг засмал замтай болсонд Дундговьчууд, Өмнөговьчууд, Оюу болоод Таван толгойнхон гээд олон хүн баяртай байдаг нь үнэн.
Эдүгээ цагийн Монголын хамгийн их бүтээн байгуулалтын цуваа, монголд ирсэн хамгийн олон жуулчин явдаг гээд энэ замыг магтаад байвал их олон юм бий. Гэхдээ миний хөндөх сэдэв арай өөр. Энэ нь өнөөх гайхал осол.
Энэ 2-р сард Дундговийн замд гардаг ослын тоо арай хэтэрсэн хэмээн энэ замаар байнга явдаг хэд хэдэн хүн халаглаж байхтай таарсан.
Учрыг хальт судлах гэж оролдов. Замын болон техникийн гэмтэл, зам дээрх мал зэрэг шалтгаан байдаг ч ослын 97% нь жолоочоос, 98% нь хурд хэтрүүлснээс болдог юм байна. Энэ талаар улсын хэмжээний нэгдсэн судалгаа ч байна.
Осол гаргахгүй байх цор ганц гаргалгаа бий. Энэ нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэмд орон нутгийн замд дээд тал нь 80 км цагийн хурдтай явах ёстой гэсэн заалтыг жолооч бүр биелүүлэх. Ингэхэд л осол бараг гарахаа болино.
Хот хоорондын автобус GPS тавиулаад 80 км цагийн хурдтай явдаг болоод хэвшчихсэн. Эхлээд гэлдрээд байна гэж байсан жолооч, зорчигчид, баазын удирдлага нь одоо олон үр дүнг харсан гэсэн.
Дундговь хүртэл 275хан км-т 80 км цагийн хурдтай явсан, 120-130-тай явсан хоёрын цагийн зөрүү ердөө 40-50 минут юм байна. 120-той давхисан Жип, 80-тай давхисан Автобус хоёр Таван шарын түгжрээн дээр хамт зогсож байдаг гэнэ.
Хуулиа биелүүлээд 80-тай давхиад байхад дэлхийн хөгжлөөс хоцрохгүй шүү.
/Үргэлжлэл бий/
Бичээчийн Батмөнх

ДУНДГОВИЙН ЗАСМАЛ ДУНДУУРЫГ ДҮҮРГЭХ ЗАМ БОЛОХООС ...

Засмал зам дагаж хөгжил ирнэ гэдэг үг зарим талаар үнэн болохыг зарим аймгуудад харагдаж байгаа. Дундговь ч тэднээс дутаагүй байх. Хэдхэн жилийн өмнө төрийн том одон аваад төрийн захиргааны байшингийнхаа энгэр дээр “зүүчихсэн” –д засмал хувь нэмэр оруулсан байж таарна.
Засмал зам олон эерэг талтай, цор ганц сөрөг талтай. Тэр нь өнөөх гайхал осол. Осол жолооны ард сууж яваа нөхөр товарищаас /Щ орсон үг сонин санагдав кк/ шалтгаална.
Тэр нөхрөөс болж жилд 500 хүн цагаасаа өмнө буцдаг гэсэн жихүүдэс хүргэм аймшигт судалгааг бараг өдөр бүр телевизээр ярих юм.
Дөнгөж сая л гэхэд /3 сарын 13-нд/ хувийн тээвэр хийж явсан автобус хурд хэтрүүлснээс унаж 28 хүн хүн гэмтлээ гэж мэдээлж байна.
Судалгаанаас байнга явдаг жолооч нар осол гаргадаггүй гэнэ. Тэд нэгдүгээрт замаа мэддэг болчихсон, хоёрт хурд ихтэй яваад цаг хождоггүй харин 80 милээс хэтрүүлэхгүй явах нь олон талаар илүүг мэдэрсэн байдаг гэнэ. Хэмнэлт талаасаа 70-80 мил шатахуун хамгийн бага иддэг юм гэсэн.
Засмал тавьсан даруйд их хурдалцгаадаг байснаа одоо их хурдлах нь харьцангүй гайгүй болж байгаа гэнэ. Цаашдаа 70-80-д жигдэрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Төр засгаас ч анхаарал тавих биз. Хотод камержуулснаас хойш шөнийн цагаар хурд хэрүүлснээс болж осол гарах эрс багассан судалгаа байна.
Осол багасгах талаар санаа зовдог олон хүн бий.Төгсийн Энхбаяр тэргүүтэй Дундговийн 80-аад оны төгсөлтийн хэсэг залуус Улаанбаатар- Мандалговийн замын осол олон гарсан хэсэгт хэрэг болгож анхааруулах самбар байрлуулсанд хүмүүс талархалтай ханддаг юм билээ.
Мөн хаанаас тэгсэн юм саявтар замын хажууд унасан машины сэг тавьж анхааруулж нэг үзэх шиг болсон. Налайхын замд нэг хэсэг тэгдэг байсан. Энэ тийм ч аятайхан биш юм шиг санагддаг. Нэгд гадаадын жуулчидад аятайхан сэтгэгдэл төрүүлэхгүй, хоёрт замаар явж байгаа хүмүүс заавал тийм муухай юм харж стресдэж явах ёстой юм уу гээд надад бол огт таалагддаггүй.
Монгол өнөөдөр хөдөлдөг хөдөлдөггүй 800 мянга гаруй машин, 1,5 сая жолоочтой учраас засмалаар явах машины цөөрнөө л гэж байхгүй. Харин нүгэлт хар осол цөөрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Сэргийлэх ганц арга бол цагт 70-80 км цагийн хурдтай яв тэгээд болоо.
ЯЛАНГУЯА ГЭР БҮЛЭЭРЭЭ НЭГ МАШИНД ЯВАА ҮЕД ОНЦГОЙЛОН АНХААРЧ ЗӨӨЛӨН ЯВЖ БАЙХЫГ АМИНЧЛАН ЗАХЬЯ.

Бичээчийн Батмөнх

No comments:

Post a Comment