Monday, April 16, 2018

ДОЛГОРЫН НЯМАА АХЫНХАА ТУХАЙ 
БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ БИЧИЖ БАЙНА

/"Дэлхийн гарамгай яруу найрагч Долгорын Нямаа" номноос/
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа хэмээх энэ сайхан хүний тухай дурдатгал бичих хүмүүсийн нэг нь би мөн. Яагаад гэвэл бид хоёр эцэг нэгтэй ахан дүү хүмүүс. Нямаа ахынхаа тухай сайхан дурсамж бичээд өөрт нь үзүүлнэ дээ гэж бодон бодон алгуурлаж явсаар насан хутгийг олсон хойно нь бичих болсондоо харамсавч барахгүй. Эцэг, эх хоёр нь болоод удмынхан нь өндөр насалсан, өөрийнх нь бие тэнхлүүн сайхан байсан болохоор ихээ урт насалнадаа гэж бодож явсан минь үнэн. Гэвч хорвоо миний санаснаар болдоггүй юм байна.
ЭЦГИЙН ТУХАЙ.
Бидний эцэг Хатиарийн Хөнхөр гэж дөрвөн хүү нэг охинтой хүн байсан. Эцэг маань идэр насандаа хоёр хүүхэдтэй гэр бүлээсээ амьдын хагацал үзэж хүү Баянжаргалаа айлд өргүүлэн охин Hunhur Tsolmon Цолмонгоо өөрөө өсгөж олон жил хань ижилгүй явсан хүн. Эцэг маань нэг хэсэг манай ээж Сумьяатай хамтран амьдарч байх үед нь манай дүү Батбуян бид хоёр эхээс мэндэлсэн юм. Хөнхөр аав бол ийм дөрвөн хүү нэг охинтой хүн.
Манай нутгийн ялангуяа ахмадууд бид хэдэд Хөнхөрийн дөрвөн хүү хэмээн хүндэтгэлтэй ханддаг юм. Дөрвөн хүүгийн нэг нь Соёлын гавьяат, Төрийн шагналтан цолтой улсдаа нэр хүндтэй зохиолч болж, хүү Баянжаргал нь нутаг усандаа цуутай сайн малчнаар тодорч мөн МУ-ын Гавьяат малчин болсон хүн. Манай дүү Батбуян ч гэсэн нутаг усандаа нэр хүндтэй сайн малчин болж одоо эцэг эхийнхээ төрсөн нутаг төрөлх Дэл Хөнжилдөө малаа малласаар байна. Эцэг маань охин Цолмонгоо сайхан өсгөж хүмүүжүүлэн дээд боловсролтой болгож хүний зэрэгт хүргэсэн. Бидний эцэг Хөнхөр бол нутаг усандаа нэр хүндтэй, ажилсаг, хүн таних билгийн мэлмий гойд сайтай, байнга инээмсэглэж явдаг, зөөлөн дөлгөөн сайхан ааштай, ой ухаан их сайтай, хүнд их тусархаг, нутаг усандаа нэр хүндтэй хүн байсан. Нямаа ах “Тэнгэрийн хаяа” номондоо эцгийнхээ тухай нэлээн тодорхой бичсэн байдаг /178-179-р тал/ юм.

НУТГИЙН ТУХАЙ
Өлзийт сумын урд хэсэгт байдаг түүх соёлын ховор, үнэт дурсгал элбэгтэй, байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагдсан Дэл, Хөнжил хэмээх бэсрэгхэн хоёр уул байдаг. Дэл, Хөнжилд хэдэн мянгаар тоологдох Хадны зурагтай төрөл бүрийн бичгийн дурсгал, булш, хиригсүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, эртний хот балгад, сүм хийдүүдийн туурь олонтой, өвөрмөц тогтоцтой, байгалийн баялгаар арвин, олон төрлийн эмийн ургамалтай, аргал, янгир зэрэг ховор ан амьтан элбэгтэй нутаг өвөрмөц нутаг. 
Дэл уулыг эерэг энерги хуримтлагдаж, бурхан, номын авшиг шингэсэн газар хэмээн судлаачид үздэг юм билээ /Н.Батболд ”Монголын говийн бүсийн хадны зургийн судалгаа” 56-р хууд/. Дэлийн гайхамшиг дээрээ байдаг бол Хөнжилийн гайхамшиг доороо бий гэж манай нутгийн ахмадуд ярьдаг байсан. Хөнжилийн энгэрт байдаг Хармагтай орчимд Оюу толгойгоос дутахгүй нөөцтэй орд газар илэрсэн тухай эдүгээ /2018/ төрийн томчуулаас эхлээд амтай болгон шуугиж байна. Тэгэхээр ахмадуудын маань хэлж байсан үнэн болж таарч байх шиг байна. 
Дэл Хөнжилийн дунд Баянхайрхан /Хонгорхайрхан ч гэдэг/ хэмээх өвөрмөц тогтоцтой нэгэн сайхан хайрхан бий. Энэ хайрханд мөргөж шүтэж явсан энэ нутгийн зон олноос саяханы 20-р зуунд л гэхэд Ардын болон Гавьяат цолтонууд, Төрийн шагналтан, Улсын баатар, Ерөнхий сайд гээд арав гаруй алдартан төрсний нэг нь Нямаа ах юм. Нямаа ах ийм номын авшигтай, сайн энергийн эрч хүчтэй, түүх соёлын дурсгал болон байгалийн сайхан бүрдсэн ийм гайхамшигтай нутаг төрж өссөн хүн. Нямаа ах Хөнжил уулын баруун биед орших өөрийнх нь шүлгэлснээр 
Ижил нь надад тохиохгүй “зургаан одтой” буудал
Хирс таван толгойн “Үүдэн” хэмээх бууц
хэмээх газар төрж Баянхайрхан, Дэл Хөнжил, Буянтын сүүж, Дэн Шургуул, Дар Нүдэн орчимд бага насаа өнгөрөөсөн хүн. Нямаа ахын төрсөн бууцны ойролцоо Ерөнхий сайд асан Наранцацралтын эцэг Цэвэлийн Жанлав, Өлзийт сумаас хамгийн анх докторын зэрэг хамгаалж араасаа олон эрдэмтэн дагуулсан Дашдаваагийн Хүүхэнбаатар ах нар төрсөн байдаг юм. 20-р зуунд говь нутгаас арслан цолонд хүрсэн ганц бөх Улсын арслан Дэмүүлийн аав ээж ахан дүү нар яг энд нутаглаж байсан ба одоо ч үр удам нь энд байдаг. Түрүү жил /2016 онд/ Нямаа ах гэр бүл, хүүхдүүдтэйгээ очихдоо бууцных нь дэргэд байсан Дэмүүлийн дүүгийн хүүхдүүдтэй уулзсан гэсэн. 
Дэл Хөнжил нь Дундговь, Өмнөговийн хил залгаа Өлзийт, Манлай, Цогтцэций, Цогт-Овоо сумдын нутагт хуваагдаж оршдог энэ нутагт төрж өссөн Дэмүүл арслан, Улсын баатар Түвдэнгийн Бор зэрэг зарим алдартнууд нь Өмнөговь аймгийн харъяат болж явдаг юм. 
Өөрийн болон эцэг эхийнхээ төрж өссөн нутгийг хүндэтгэдэг монгол хүний тэр л жамаар Нямаа ах сүүмийн сүүмийн харагдах Билгэхийн гурван өндөртөө, зургаан оддтой буудал шиг Үүдэн бууцандаа, багын нь дуу үлдсэн Баянхайрхандаа үнэнхүү чин сэтгэлээсээ гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн хүн. Нутгийнхан нь ч төрлөх нутаг уснаас нь мэндэлж Монголын шилдэг зохиолчдын эгнээд байраа эзэлсэн энэ хүнд үеийн үед хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өмнөговиос хотруу явж байсан хэдэн зохиолчид төөрөөд худаг дээр ирээд мал усалж байсан хүнээс энэ аль сумын нутаг вэ гэхэд “Долгорын Нямаагийн нутаг аа” гэж хариулсан гэдэг яриа зохиолчдын дунд байдаг. Намайг мэдээ ороход манай ахан дүү нарын хэд хэдэн айлын зургийн жаазанд Нямаа ахын ижилхэн гоё зураг байдаг байсан. Сүүлд өөрөөс нь сонсоход Москвад очоод зургаа авахуулаад ээждээ нэлээн хэдийг явуулсныг ээж нь айлуудад тарааж өгсөн байсан юм билээ. Одоо ч сумын Өлзийт Номын сан, Соёлын төвд зураг нь түүх, намтартайгаа хадаатай харагддаг. 
Сумын нутгийн зөвлөлийн дарга, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч байж эдгээр зөвлөлийн ажилд өөрийн боломжоор оролцож туслаж явсныг мэдэх юм. 1999 оны их зудны жил Наранцацралтыг нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байх үед сум бүрт хүргэх тусламжийн бараа болох “Краз” машин дүүрэн ачааг Нямаа ах бид хоёр Өлзийт суманд хүргэж байсан. Аймгаас сум орох замдаа Дэрт багийн ойролцоо хоёр айлаар ороход бүх малынхаа ихэнхийг үхүүлээд хорооныхоо дэргэд овоолчихсон хүмүүс нь Нямаа ахыг таниад байгалийн гамшигт нэрвэгдсэн айлын эзэгтэй зовлонгоо нулмис дуслуулан ярьж байсан хүнд юмтай таараад сум ортол жолооч бид гурваас дуу гарахгүй байж билээ.

ХАМТ ЯВСАН НЭГЭН АЯЛЛЫН ТУХАЙ
1994 онд Нямаа ахтай хамгийн анх Зохиолчдын хорооны дарга байхад нь Хөдөлмөрийн баатар оёдолчин Дашням, хүү Ганди бид хэд сумын дарга Чимидийн Баяраагийн Chimed Bayaraa урилгаар Өлзийт сум байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор зам нийлж хэд хоног хамт явцгааж байсан. Энэ аяллын тухай олон сайхан дурсамж үлдсэн боловч энэ удаа 2015 оны нэгэн аяллын тухай товч дурсан өгүүлье.
Говьд намрын нар ээсэн нэгэн сайхан өдөр Нямаа ах, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулга Norov Gantulga бид гурав, Алтай нутгийн хүү геологич Ядамцоогийн Амарсанаагаар Amarsanaa Ydamtsooморин жолооч хийлгэн нутгийн зүг хөдлөв. Бид Дэл Хөнжилөөрөө хөндлөн гулд явж, хадны зураг хэмээх түүхийн музей үзэж, Баруун Билүүний гоц энергитэй газраас адис авч, Нямаа ахын төрсөн бууцан дээр хүндэтгэл үзүүлж, алдарт говийн Цагаан суварга дээрээ гарч, Дэл уулан дээрээс Дооровын Дэлгэрхангайг харан дээж өргөж, нутгийнхан сайхан хүмүүстэй хуучилсан шигээ хэд хоног сайхан аялсан. Энэ аялалаас их өндөр сэтгэгдэлтэй буцаж ирсэн. 
Тэр ид шүлэг бичиж явсан залуу халуун насандаа
“Дэл Хөнжилөө мартахгүй
Дэгдээд ирэв үү хүү минь гэж
Манай нутгийнхан
Магтах аястай угтлаа”
гэж бичсэн байдаг юм. Сүүлийн жилүүдэд Нямаа ах өссөн нутаг, төрсөн бууцан дээрээ очих хүсэл сонирхол нь эрс нэмэгдсэн нь ажиглагдсан юм. Насны нар хэвийх үедээ Дэл Хөнжил үрүүгээ жил болгон шахуу “дэгдсэндээ”хөөрхий. 
Миний бие ингэж төрсөн нутаг руу нь авч явсан нь ахдаа хамгийн эхний бөгөөд эцсийн тус болсон нь байждээ. Энэ удаагийн аялалд хэнтэй хамт явмаар байгааг асуухад “Өдрийн сонин”-ы Гантулга гэж хэлсэн юм. Тэр бол яруу найргийн дээд шагнал “Болор цом” авчихсан ид гялалзаж яваа залуу. Бид хэдийн аяны дөрөө тун их нийлж сайхан яваад ирсээн. Энэ аялалын тухай Гантулга “Өдрийн сонин”-д “Баян хайрханы бараа буюу Долгорын Нямаагийн тоонот”гэдэг нийтлэл бичсэн. Тун чамбай бичигдсэн энэ бичлэг манай нутгийнханд ялангуяа Дэл Хөнжилийнхөн болон манай нутгийнхан талархан хүлээж авсан.
Бид хэдийг төрсөн бууцан дээр нь очих үед шивэрч эхэлсэн бороо хоёр хоног үргэлжлэн орж нутгийн зон олны магнайг тэнийлгэсэн. Цэцэг ногоо дэлгэрсэн их сайхан зун болсон байсан ч бидний “дагуулж очсон” намрын бороо тэр намартаа төдийгүй дараа жилийн хавар нь хэрэг болсон тухай нутгийнхан хожим дурсан ярьж байсан. 
Хирс таван толгойн “Үүдэн” хэмээх бууцан дээрээ очоод сэтгэл нь их хөдөлж ээждээ зориулсан шүлгээ их хүндэтгэлтэйгээр уншиж, сэтгэл хөөрсөндөө нөгөө “зуун грамм”-аа татаж, сэржим өргөж, төрсөн газраа суугаад ижийнхээ тухай ахан дүү нарынхаа тухай, нутаг орныхоо тухай, Отгонбаяр эгч болоод хол ойр байгаа хүүхдүүдийнхээ тухай бид хэдтэй сайхан яриа өрнүүлж, сэтгэл нь их хөдөлж байсан. Үүдэн бууц нь хойт талаасаа нөмөр нөөлөгтэй харин урд тал нь задгай тул бууцан дээрээс говийн хурдны угшлын өлгий нутаг Их Шанхын хэц, алт мөнгөний их нөөцтэй гэгддэг Хармагтай орд газар тэр чигээрээ харагддаг юм билээ. 
Бууцных нь дэргэд байгаа айлыг зааж манай бууцыг манаж байгаа энэ айлаар орцгооё гээд очиход манай төрсөн ах Чойдогийн хүргэн Нэргүйбаатарынх байсан. Яруу найргийг шимтэн сонирхдог, олон шүлэг цээжээр мэддэг, ном их уншдаг, ялангуяа утга зохиолын талаар өргөн мэдлэгтэй, гаднаа зэл дүүрэн ботготой тэмээчин залуу Нэргүйбаатарт ах маань төрсөн бууцыг нь “манаж” байгаад талархал илэрхийлэн номоо бэлэглэж, тэмээний тухай шүлгээсээ уншиж, ээжээ дурсан ярьж, тэр хавийн нутаг ус, уул овооны тухай сэтгэл хөдлөн хүүрнэсэн. Нямаа ахын энэ сайхан яриан дээр Амараа маань Алтайхаа тухай хуучлаж, Гантулга төрсөн нутгийнхаа тухай ярин шүлэг уншиж, газарчнаар явсан Батбуян дүү Дэл уулынхаа тухай домог хүүрнэн Нямаа ахынхаа баярласан сэтгэлийг улам огшоож ингэний нэрмэл шимсэн шигээ хэсэг саатсан юм. Нэргүйбаатар, Отгонцэцэг /Oyunchimeg Choidog -ийн дүү/ хоёр өвөл нь Өмнөговьд болсон “1000 тэмээний баяр”-т оролцож “Сайхан тэмээтэй сайхан хос” номинацид орж тэргүүн байрыг нь эзлээд вэбсайт, хэвлэлд ярилцлага өгөхдөө бид хэдийн энэ “айл хэсэлт”-ийг бэлэгшээн ярьсан байсан.

Нямаа ах нутагтаа очихоор тэмээ ярих их дуртай болдог юм билээ. Батбуянгийн гадаа байсан цагаан тэмээг үзээд ихэд олзуурхаж цагаан тэмээ бол бурхны хишиг гэж үздэг гээд их сонирхолтой домог ярьж байв. Монголд тэмээний тухай хамгийн олон, хамгийн нандин зүйрлэл, хэллэгтэй шүлгийг энэ хүн л бичсэн байх. Зохиолч Долгорын Цэнджавтүүний шүлгийг “алтлаг шигтгээ”-тэй гэж хэлж байсан. Одончимэд зохиолч нэг удаа Нямаагийн тухай ярихаар тэмээ санаанд ордог, тэмээний тухай ярихаар Нямаа санаанд ордог гэж хошигнон хэлж байсан нь үнэн юм шиг санагддаг.
Дэл Хөнжилөөр хамт явахдаа Дэлийн хаданд байдаг олон хүн бүжиглэж буй дүрс бүхий “32 хүнт” хэмээх нэн ховорт тооцогдох хадны зургийг анх үзээд “Үүнийг бүжиг болговол Дэл ууланд байгаа хэн ч мэдэхгүй хадны зураг монголд мандана даа” гэж байв. Үнэхээр тэр хадны зургаас сэдэвлэсэн “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжиг хойтон жил нь нь тавигдсан. Бүжгэн жүжгийн нээлтэд дээр хэрэг болгож Нямаа ахыг болоод Дэл уулын хадны зураг судалсан эрдэмтэд, Өлзийт нутгаас, Дэл Хөнжилийн уулсаас төрсөн алдар гавьяатнуудын төлөөллийг оролцуулж уран бүтээлчдэд нь баяр хүргүүлж байснаа дурсан санахад таатай байна. Энэхүү уран бүтээлийг Ардын багш, доктор Сэндэнжавын Дуламын Dulam Sendenjav тусламжтайгаар СУИС-ийн Бүжгийн сургуулийнхан цуврал болгон тавьж байгаа бөгөөд энэ 2018 онд гурав дахь бүтээл нь тавигдах гэж байна. Хадны зураг монголын бүжгийн урлагт цоо шинэ урсгал оруулж ирж байгаа тухай урлаг судлаачид хэвлэлд ярилцлага өгснийг хараад хэдэн мянгаар тоологдох хадны зурагтай Дэл уул, хадны зургийг хаданд гаргах зөгнөн ярьж явсан Нямаа ах хоёроо бишрэх сэтгэгдэл төрж байсан.

“ТЭНГЭРИЙН ХАЯА” НОМЫН ТУХАЙ
Хамгийн анхны шүлгийн гурван түүврээс бусад бүх номоо надад дурсгал болгож өгсөн. Соёлын гавьяат зүтгэлтэн Готовын Аким, судлаач Бажуудайн Ганбат асан, судлаач Б.Магсаржав нарын таван хүн Нямаа ахын “Тэнгэрийн хаяа” дурдатгалын номыг “нүүдэлчдийн сүүлчийн тэмдэглэл” хэмээснийг мэдэх юм. Энэ тухай хэвлэлд болон судалгааны номуудад хэд хэдэн материал гарсан. “Тэнгэрийн хаяа” бол говийн болоод монголчуудын их нүүдлийн тухай нүдэнд харагдтал бичсэн ном. Пагшигийн бороо, ингэн туйлаадас, эм тодын бороо, чогдон хашга, далайн бортого, луу худагт өвөлжих зэрэг манай нутагт байдаг тэр бүр хүн мэдэхгүй нарийн нандин юмнуудыг дэлгэж тавьснаараа онцлогтой гэж боддог. “Луу худагт өвөлжих” явдал одоо ч манай нутагт байдаг юм билээ. Нямаа ах дурдатгалдаа зориуд нүүдлийн тухай бичье гээгүй зүгээр л өөрийнхөө бага насны үзэж туулсан амьдралыг л хүүрнэсэн нь яах аргагүй нэг удаагийн говийнхны их нүүдэлтэй давхацсан хэрэг. Нямаа ахын бага, идэр нас бол манай говийнхний их нүүдлийн жилүүд буюу 40-50-аад он таарсан юм билээ. Түүнээс гадна манай Өлзийт сум бол байгуулагдсан цагаасаа хойш 1960-аад оны сүүл хүртэл “тэмээний нуруун дээр явдаг Өлзийт сум” гэж нэрлэгдтэлээ нүүдэл хийдэг алдартай сум. Нямаа ах шиг бага сургуулийн дөрвөн жилээ дөрвөн өөр газар суусан хүүхдүүд манай сумынхны дунд зөндөөн байдаг. 
“Бор нялхсаа гангануулан ботго тэмээдээ гунгануулан нүүдэг байлаа” ч юмуу “Галбын говийн нүүдэл надад уянгын сэрэл мэдрэмжийг төрүүлсэн” гэдэг ч юмуу
“Манай говь талд тэнгэрийн хаяа нүүж явдаг” эсвэл “Тэнгэрээр үүлс нүүдэг бол газраар нүүдэг үүл нь Монголын хээр талын нүүдэлчид” гэх мэт олон сонирхолтой дурдатгал энэ номонд бий.
Хэдэн өдөр хэдэн шөнө нүүх юм бол
Хэний нутагт хаана хүрч буух юм бол
Хэвийж яваа нас сүүдэр яах юм бол
Хэлд ороогүй охин үр минь ийх юм бол
Хэлж мэдэхгүй юмаа...
гэсэн шүлгийн мөр ч байдаг.
“Тэнгэрийн хаяа” номыг хэвлэгдэх жил Өлзийт сумынх нь 80 жилийн ой таарч тэр ном сумын бүх айлд тараагдаж, манай сумынхан хөгшин залуугүй бүгд энэ номыг уншсан. Тэр зун хөдөө айлуудаар ороход гэрийн унинд нь тамганых нь хажууд “Тэнгэрийн хаяа” хавчуулаатай байдаг байсан. Айлын эзэн нэрмэлд халахаараа л “Тэнгэрийн хаяа”, Нямаа ах хоёрын тухай ярина. Энэ ном үнэхээр сонирхолтой ном. Нямаа ахаас номонд бичсэн зарим юмыг асуухад сонсоогүй дуулаагүй сонирхолтой юм олныг нэмж ярьдаг байсан. Хэдэн жилийн өмнө Norov Tulga нарын нутгийн залуучуудын зохион байгуулсан нэг уулзалтан дээр “Аргалын хоёр уул” шүлгээ уншчихаад энэ шүлгийнхээ тухай бяцхан түүх ярьсан юм. Түүний дараа уулзалтанд оролцогсод саяын шүлгийг чинь уулын тухай гэсэн чинь огт өөр юм байж гэж инээлдээд дахин уншуулаад одоо л ойлголоо нээрэн тийм байна гээд бөөн инээдэм болж байсан. Энэ шүлэг хожим нь "Хайр дурлалын тухай 100 шүлгийн эмхтгэл" номонд орсон харагдсан. 
"Тэнгэрийн хаяа" ном борлуулагдаж дуусан эрэл сурал болж байхад нь Дарьганга нутгийн зохиолч Ишийн Батсүхын охин Төгсжаргал Zuuzuu Bek хэмээх сэтгүүлч бүсгүй санаачлан ихэнх шүлгийг нь нэг бүлэг болгон нэмж оруулан дахин хэвлүүлж ахд минь том буян болсон билээ. Номын дизайныг шинэчилж, монголын нэртэй зураач Содномын Төгс-Оюун Tugsoyun Sodnom говь, тэмээ хосолсон өнгө алагласан зургаар чимэглэсэн юм. "Тэнгэрийн хаяа" ном бол дурдатгалын шилдэг номнуудын нэг мөн гэдгийг судлаачид, утга зохиолын шүүмжлэгчид хүлээн зөвшөөрсөн юм билээ.

МАНАЙХАН БА НЯМАА АХ
“Тэнгэрийн хаяа” номынх нь 70-р хуудсанд манай удмынхны тухай, манай дээд үеийн хөгшчүүлийн бүгдийнх нь нэрийг дурдсан “Хүүхнүүдийнх” гэсэн гарчигтай материал байдаг юм. Манай дээд үеийнхэн Дэл Хөнжилдөө их олон тэмээтэй, их олон хүүхнүүдтэй Баян хүүхнүүдийнхэн гэгддэг миен айлууд бөөндүүхэн байцгаадаг байсан тухай тодорхой бичсэн байдаг. Энэ нийтлэлийн төгсгөлд нь ”Манай их говийн Хүүхнүүдийн“ арал” дээр хөлд орсон удам угсааныхнаас явсаар байгаад МУ-ын 19 дахь Ерөнхий сайд төрж гарсан байнав шүү” хэмээсэн байдаг. 1950-аад онд Наранцацралтын эцэг эх хоёрыг хотод Анагаахын сургуульд сурч байх үед Нямаа ах тэр гурав нэг гэрт хамт байх үеэсээ эхлэн тэд олон жил ойр дотно явцгаасан. Жанлав гуай Нямаа ахын төрсөн ах Даваанямыг нь Хүн эмнэлгийн техникумд оруулж дараа нь Давааням гуай дүү Нямаагаа өөрийнхөө сурч байсан сургуульд оруулсан юм билээ. Эцэг Хөнхөрийг маань бурхан болоход Наранцаралт асан хэрэг болгон аймагт ирж буяны ажилд оролцож байсан. Наранцацралт асаны ээжийн төрсөн эгч эдүгээ ная гаран насыг наслаад энх тунх байгаа Жуужаа багш Нямаа ахын уран зохиолын анхны багш байсан зэрэг олон сонирхолтой дурсамжууд бий. Нямаа ах нэгэн шүлэгтээ
Үй зайгүй шороо босдог
Үйзэн жас дээр сууж байхдаа
Жуулхан амьтан явлаа би
Жууужаа багш мэднэ гэж багшаа дурссан байдаг юм.

МИНИЙ МЭДЭХ НЯМАА АХ
Нямаа ах нутгаасаа гараад удсан хүн гэхэд говьчуудын өвөрмөц аялага, хуучин цагийн говийнхоны ярьдаг үг ярианы өргөн баялагтай, түүнийгээ яриан дундаа байнга оруулдаг ярьдаг онцлоготой хүн байсан. Багаасаа сурч мэдсэн нутгийн аялга, үг яриагаа тэр чигээр нь хадгалж үлдээнэ гэдэг бас нэгэн авьяас байх. Миний мэдэхээр бага залуугаасаа газрын цээжинд гараад явчихсан /хотруу явчихсан хүмүүсийг манай нутагт ингэж хэлдэг/ хүмүүсээс Ардын жүжигчин Нямын Дагийранз, Гавьяат жүжигчин Цэрэнгийн Чулуунцэцэг Чулуунцэцэг Цэрэн, Нямаа ах гурваас өөр нутгийн хэл ярианы өвөрмөц энэ соёлоо яг ингэж авч үлдсэн нь төдийлөн ажиглагддагүй. Ер нь Нямаа ах бол говийн хүний өвөрмөц нилээн шинжүүдийг хадгалж үлдсэн, ширүүн авир гаргадаггүй, аядуу дөлгөөн ааш зантай, хүүхдээс бусад танихгүй хүнийг хүндэлж ”та” гэж харьцдаг, аливаа юмыг шүлэг шигээ оновчтой, цөөн үгээр илэрхийлдэг хүн. 
Нямаа ах харсан үзсэн, дуулсан, сонссон юмаа байнга тэмдэглэж авдаг зуршилтай юм билээ. Нэг удаа манай дүү Батбуянгийнд хүмүүстэй ярилцаж байхдаа өврөөсөө жижиг дэвтэр гаргаж ирээд “Бүлтэн Маам, Молцого хоёр чинь төдөн оны өвөл Босгын бууцанд нэгдлийн 300 тэмээтэй, дөрвөн хүүхэдтэй, Амаж гуайнхтай айл байсан байна” хэмээн уншаад надад ийм дэвтэр тун олон бий гэж байсан. 
Аймгийн сонинд хэвлүүлсэн шүлгийг нь хараад ирээдүйд том найрагч болохыг нь мэдэрсэн агуу Дашдооров гуай Нямаа ахыг Горькийн сургуульд явуулсан тухай сонирхолтой адал явдлыг цаг минут, өнгө зүстэй нь, хүмүүсийн хэлсэн ярьсан, загнасан, зөвлөснийг аялгатайгаар нь дууриаж ярьдаг юм. Зохиолч бүрийн мөрөөдөл байсан алдарт Горькийн утга зохиолын сургуульд явах болзол хангаж тэнцчихсэн, яам, тамгын газарт таних ганц ч хүнгүй, хөдөөний хүний бага эмч хүү, мэргэжилтэй боловсон хүчнээ алдахгүй гэсэн Эрүүлийг хамгаалахын сайд Туваан гуайн “гараас мултарсан” тухай маш гоё түүх ярьдаг юм. Нэгийг нь дурдахад Зохиолчдын хорооны дарга Удвал гуайг ГХЯ-ан дээр хурал дээрээс нь дуудуулж уулзаж байснаа яриад залуу байхад тэнэгдүү, айж ичихээ мэдэхгүй, зоригтой байх чинь заримдаа хэрэг болдог юм билээ гээд тачигнатал инээж байж билээ. 
Хар багаасаа ижийтэйгээ хамт байсан хүн ижийгээсээ хойш “миний хүү” гэдэг үг ямар дулаан зөөлөн, үнэ цэнэтэй байсныг мэдэрч энэ үг бол ээжээс надад хайрласан цол юм байжээ гэдгийг ухаарсан, нас ахих хирээр хацраа өгөх хүний тоо цөөрсөөр үнсүүлэх хүнгүй болох хэцүү тухай зэрэг хүний амьдралын олон сургамжтай сонирхолтой юм сонсож байсан.
Горькийн сургууль төгссөн мэргэжлийн зохиолч хэдий ч зохиолчдын хороогоор ажиллаагүй залуугаасаа эхлэн тухайн үеийн Сайд нарын Зөвлөлд соёл урлаг хариуцсан референт /Дондогийн Цэвэгмидийн удирдлагад/, сэтгүүлч, дарга даамлын ажил хийсээр яваад 1990-ээд оны их хямралын үед Зохиолчдын хорооны даргаар сонгогдон ажилласан. Нийгэм солигдож их бужигнааны тэр жилүүдэд уулаасаа бужигнаан ихтэй байдаг билэг авьяас нь оргилж буцалсан, уран цэцэн үг уралдуулсан, ууж идэх нь өвөрмөц гэгддэг зохиолчдын багийг командлана гэдэг амаргүй байсан тухай ярьдаг. Зуу татаж онгод юугаа хөөргөдөг зохиолчдын нийтлэг жишгээс гадуур явж ирсэн хүн насны нар хэвийсэн хойноо энд ирж мэргэжил нэгт нөхдөдөө уусан шингэж гашуун нясуун юмруу жаахан орсон байх. Энд ажиллаж байхдаа олон сайхан юм хийсэн, олон ч хүнд шагнал урамшил хүртээж, олон хүн өөрт нь агсан тавьж, олон хүнээс талархлын үг сонсож байсан юм билээ. Агуу Лодонгийн Түдэв Хөдөлмөрийн баатар болчихоод “Ням багуайн хишгийг одоо л нэг хүртлээ" гээд ирж байсан гэдэг юм.

ТӨГСГӨЛД ӨГҮҮЛЭХ НЬ
Нямаа ахын гэр бүл нь алс баруун хязгаарын Галданбошигтын төрсөн нутгийн гарал үүсэлтэй Отгонбаяр эгч гэж налайсан сайхан хүн байдаг. Арван хэдэн настайдаа хотод Хүн эмнэлгийн техникумд суралцан "Цэцгийн мандал шиг охидын дунд сэлж явах"-даа /техникумд сурч байсан үеэ Нямаа ах өөрөө ингэж нэрлэдэг/ Отгонбаяр эгчийг олж авсан юм билээ. Энэ хоёр хүний хайр сэтгэл, гэр бүл, амьдралын түүх ч мөн сонирхолтой. Тэдний хайр дурлалын тухай Зохиолч Санжаажавын Оюун “Нэгэн сайхан хайрын тухай” гэсэн нийтлэл саяхан хэвлэлд гаргасан байсан. Хоёулаа сургуулиа төгсөөд нутаг нутаг руугаа томилогдсон, дараа нь гадаадад сургуульд явсан гээд нэг гэрт ороод суух боломж олдохгүй олон жил явсан ч үерхэлдээ үнэнч байсаар гэр бүл болж олон сайхан хүүхэдтэй болцгоосон айл. Нямаа ахынх тачигнасан сайхан дөрвөн хүү, нэг охинтой айл. Хүүхдүүд нь одоо мэргэжилтэй, боловсролтой, ажилтай гадаад дотоодод сайхан амьдарцгааж байна.
Нэртэй сэтгүүлч СГЗ Бадамдоржийн Ганчимэгтэй Ganchimeg Badamdorjхийсэн нэгэн ярилцлагадаа ах маань “Би улирлаас намарт, цагийн урсгалаас өглөөд их дуртай. Өглөө гадаа суучхаад орчноо харж суух сайхан байдаг юм” гэсэн үг нь сонины шарласан хуудсан дээр эдүгээ үлджээ. Яг намрын улиралдаа, яг өглөөний сайхандаа нөгөө л сандал дээр сууж байгаад тэнгэрт хальж, бурхны орондоо заларсандаа хөөрхий энэ эгэлхэн бөгөөд агуу хүн. Нэгэн ярилцлагандаа “Цаг хугацаа тантай ч сайхан нөхөрлөлөө, надтай ч сайхан нөхөрлөлөө” гэж байсан. Үнэхээр агуу Долгорын Нямаа ч цаг хугацаатай сайхан нөхөрлөсөн, цаг хугацаа ч агуу Долгорын Нямаатай сайхан нөхөрлөсөндөө.

Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-01-10

No comments:

Post a Comment