Thursday, November 23, 2017

МОНГОЛООС ДЭЛХИЙН ӨВД БҮРТГҮҮЛЭХ УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТАНД Дэл уул БАГТДАГ. 


Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцийг батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ.
2014 оны байдлаар тус Конвенцид 191 улс нэгдэн орсон бөгөөд 161 улсын нийт 1007 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгүүлсэн. Үүнээс нийт 779 нь соёл, 197 нь байгалийн, 31 нь хосолмол өв байна.
Монгол улс Дэлхийн өвийн Конвенцид 1990 онд нэгдэж орсон.
1999 онд Монголын байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвд бүртгүүлэх, Урьдчилсан жагсаалтад оруулах, Дэлхийн өвд бүртгүүлсэн өвийн болон Конвенцийн тайлан илтгэлийг бичих, Конвенцийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Дэлхийн өвийн Үндэсний хороог соёлын болоод байгаль хамгааллын зүтгэлтэн, мэргэжилтэн, нэрт эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хамгийн сүүлд 2013 онд Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.
УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТ
Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд тухайн газар нутгийг Үндэсний Урьдчилсан жагсаалтад оруулах ёстой
2014 онд Монгол Улс Үндэсний Урьдчилсан жагсаалтыг шинэчлэн боловсруулж, 2015 оны Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монголын Дэлхийн өвийн Урьдчилсан жагсаалтыг албан ёсоор баталсан.
2017 оны байдлаар Монгол Улсын Урьдчилсан жагсаалтад нийт 12 газар байгаагийн соёлын ангилалын 8 газрын нэг нь
"МОНГОЛЫН ГОВЬ ДАХЬ ХАДНЫ ЗУРГИЙН ЦОГЦОЛБОР" юм.
Энэ цогцолборт:
1. Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын хадны зургийн цогцолбор
2. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн амны хадны зургийн цогцолбор
3. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант хайрхан уулын хадны зургийн цогцолбор багтдаж байгаа юм.
Б.Батмөнх
2017 он.
ДЭЛ УУЛАНД ЦОГТ ХУН ТАЙЖЫН
 ЦАГААН БАЛГАС БАЙДАГ УУ.

/Дундговийн Дэл ууланд судлагдаагүй нэгэн маш уран хийцтэй томоохон хэмжээний балгасын бүтэн шахуу үлдэгдэл байдаг/
Түүхийн ухааны доктор Дашдаваагийн Хүүхэнбаатарын нэгэн эрдэм шинжилгээний өгүүлэлд Дэл уулын энгэрт байдаг Чулуун сүм хэмээх балгасны туурийг Цогт хун тайж Хөх нуур луу явах замдаа тодорхой хугацаанд байрлаж байсан магадгүй хэмээн бичсэн байдаг.
Очиж үзсэн судлаачид Хар бухын болон Цогтын Цагаан балгастай яг ижил хийцтэй юм гэдэг.
Б.Батмөнх

ГАДНАХ УТАА ЯАХАВЭЭ, ХҮН ДОТОРХ УТАА ХЭЦҮҮДЛЭЭ
Агаарын утаа яахавээ тэгж байгаад гайгүй болно биз, дэлхий шийдээд байхад бид шийдэж л таарна. 
Хамгийн санаа зовоож байгаа нөгөө утаа нь хүний доторх утаа байна. Монгол хүний хүн чанар, нигүүлсэхүйн утаа үнэхээр аймшигтай болжээ. Элдэв дээдээр хэлдэг нөгөө муу өнгөрсөн нийгмийн үед агаар ч утаагүй, хүний дотоод ертөнц ч утаагүй шахуу байсан юм бишүү.

Сая болсон Отгонтэнгэр хайрханы том ослын үед Цахим ертөнц дахь хүмүүсийн яриа хөөрөө нь хүний дотор ямар аймшигтай харын хар утаа орсныг тод харууллаа. Балчир хүүхэдтэйгээ авахуулсан зургаа профайлдаа тавьчихсан эмэгтэй хүн "золбин юмнууд тэнэж яваад халтирч үхсэний төлөө татвар төлөгчдийн мөнгийг үрдэг мангуу засаг" гээд хараагаад сууж байсан гээд боддоо. 
Өнөөдөр /07-нд/ сэтгүүлч Эмүжин байж ядахдаа “ ...Хүн хэмээгч хэрхэн хувирсныг сая харав. Адлав. Ам асуув. Баалав. Муулав. Бархирав. Бах таваа хангав...яах гэж ингэнэ вэ? Цасан бударсан энэ үдэш Цаст Отгонтэнгэр бүгдийг дүнхийн харж байгаа шүү...” хэмээн “УЙЛАХГҮЙ” хэмээх нийтлэлдээ дуу алдан бичсэн байна лээ. 
Ганц Эмүжин ч биш олон хүн ингэж дуу алдаж байна. Хэний манайгүй хэлэх үг олдохгүй л байна. Арван долоон хүний ард шаналан үлдсэн ар гэр ахан дүүс, найз нөхдөд монгол хүний дотроос бургилах энэ хав хар утаа хэрхэн туссаныг төсөөлөхөд бэрх бурхан минь. 
Тэнгэрийн утаа яахав арилна,монгол хүний доторх утаа яах болоо...
Б.Батмөнх
13 НАСТАЙ ОХИН БҮРГЭДИЙН ДЭГДЭЭХЭЙ 
ҮҮРНЭЭС НЬ АВСАН ТУХАЙ

Баян-Өлгийн 10 жилийн дунд сургуулийн 11-р ангийн /2017 онд/ сурагч Айшолпаны амьдралаар хэдэн жилийн өмнө хийсэн "The Eagle Huntress" баримтат кино нь АНУ-ын 100 гаруй хотод гарч дэлхийн 18 удаагийн кино фестивальд оролцон 9 удаа шагнал хүртээд байгаа тухай хэд хоногийн өмнө пост бичсэн. 
Айшолпан охин хэдхэн хоногийн өмнө Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг АНУ-ын Нью-Йоркт очиж гардаж авсан.
Тэнгэрт элэн хальж байдаг бүргэд хэмээх сүрлэг том шувууг сургаж гаршуулан ан хийлгэх нь эмэгтэй хүнд тэр тусмаа 13 настай хүүхдэд ахдахын дээдээр ахадсан ажил юм гэдгийг "The Eagle Huntress" кинонаас үзэж болно. Энэ кино үзээд энэ хүүхдээр үнэхээр бахархсан шүү. 
Кинонд сонирхолтой, хачирхалтай, бахархалтай олон юм гардаг. Ганцыг сонирхууулья. Бусдыг та бүхэн киноноос нь үзээрэй. Бүргэдчин хүн өөрийн сургах бүргэдээ дэгдээхэй байхад нь заавал өөрөө /өөрийн биеэр шүү/ үүрнээс нь очиж авах ёстой юм байна.
Айшолпаныг 13 настай байхад нь эцэг нь 10 гаруй метр өндөр хадан хясаанд байгаа бүргэдийн үүрнээс дэгдээхэйг нь хэрхэн авч байгааг фото зургаар харуулъя. Киноноос нь зураг авсан тул бүдэгхэн гарч уучлаарай.
Б.Батмөнх
ЭРТНИЙ МОНГОЛД ХРИСТИЙН 
ШАШИН БАЙСАН УУ?

Энэ намар Дэл уруу дөрөө харшуулсан хүмүүсийн нэг нь ШУТИС-ын багш доктор О.Болормаа. Болормаа өчигдөр хэрэг болгон уулзаж манайд түүх, археологи, хадны зургийн чиглэлэээр хэдэн сайхан ном өглөө. Тэдгээрийн нэг нь “Төв Ази дахь христийн шашны түүхийн товч” гэсэн ном.

Христийн шашин монголчуудад ямар хамааралтай явж ирснийг археологийн дурсгал, түүхийн зарим сурвалжид үлдсэн байгаа зүйлд үндэслэн МЭӨ 7-р зуун буюу Түрэг Уйгарын үеэс эхлэн эдүгээ хүртэлх үеийг багтаан тоймлож судалсан сонирхолтой бүтээл байна. Номын редактор Түүхийн ШУ-ны доктор /Sh.D/, академич Ж.Болдбаатар судалгааны энэ номыг сайн ном болсон байна гээд “... зэрэг олон бүтээл туурвисан Болормаа сайн багш төдийгүй даацтай судлаач болохоо нотолж, Монголын түүх судлаачдын шинэ залуу халаа, итгэл даах эрдэмтэн болж байгаагаа энэхүү бүтээлээр харуулж байна” хэмээн дүгнэсэн байв.
Христийн шашин хүндэлдэг, шүтдэг, даган баясдаг хүмүүс энэ шашны түүх болоод христийн шашин манай Монголтой хэрхэн холбогдож ирснийг сонирхвол энэ номыг уншчихмаар юм байнадаа гэж бодогдов. Баян-Өлгийн Даянбаатарын хүн чулуу, Улаан толгойн хадны Сири бичиг, Баянхонгорын Дааган чулуу, Өмнөговийн Загалмайн хадны зураг, Дундговийн музейд байгаа хүрэл загалмай /Зураг дээр байгаа/ зэрэг сонирхолтой дурсгал олон байдаг юм байна.
Доктор О.Болормаагийн манайд өгсөн өөр нэг сонирхолтой ном нь түүний орчуулгын редактороор нь ажилласан “Эртний нүүдэлчдийн урлагийн дурсгал” хэмээх энэ бүтээл. Энэ ном нь 2011 онд Булган аймгаас олдсон түүхэнд маш ховорт тооцогдох нөгөө алдарт Шороон бумбагарын бунхант булшнаас олдсон ховор нандин зүйлийг үзүүлсэн өнгөт цомог. Энэ бунхнаас олон зуун түүхийн үнэт зүйл олдснын нэг нь 170 гаруй цэвэр алтан эдлэл, алтан зоос байжээ.
Баярлалаа Болороодоо, эрдмийн их ажилд нь их амжилт хүсье. 
2017-11-06

УУЛЫН ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛЭХ МОНГОЛ ЗАН

Утаанд хордсон уушги болон бие мах бодийг цэвэрлэх хамгийн сайн арга бол уулын цэвэр агаарт явган алхах гэж мэргэжлийнхэн зөвлөдөг. Пийшингийн хүхээнд байгаа мэт утаан дунд амьдардаг нийслэлчүүд утааны хордлогоо тайлан эрүүл мэндээ сайжруулах, стрессээ тайлж сэтгэлээ сэргэхээр олноороо нийлж ууланд алхцгаадаг болсон. Богд ууланд зөвхөн хагас бүтэн сайнд 4000-6000 хүн алхдаг гэсэн тоо гаргасан байдаг. Богд уулын аманд очсон машин нь багтахаа больсон тул 500 машины зогсоол барьж эхэлсэн /Зайсангийн нэг амны зургийг зориуд оруулав/. Байгальд нөлөөлөх сөрөг нөлөөг багасгахын тулд Богд уулан дээгүүр хэдэн арван км урт явган хүний зам тавих ажлаа эхэлсэн. Бэлээр нь алхах хэсэг байхад ихэнх нь оргил дээр нь гарах хүсэлтэй байдаг. Явганаар аялахад ганц нэгээрээ явснаас олуулаа явах нь илүү ач холбогдлолтой тул явган аялагчдыг клуб олноор байгуулагдсан. 
Уулын оргил дээр гарахын гайхамшгийг мэдэрсэн хүн илүү өндөр оргилыг хүсч эхэлдэг. Энэ бол угаасаа дээш тэмүүлдэг монгол хүний зан. Тэнгэрлэг монгол гэдгийн нэг агуулга нь тэнгэрлүү тэмүүлж ирсэнтэй холбоотой ч байж магад. Нутгийнхаа хамгийн өндөр овоон дээр гарч үзээгүй хөдөөний хүн байдаггүй. Тэд хамгийн өндөр уул хайрханаа шүтдэг, идээ будааныхаа дээжийг өргөж хүндэтгэл үзүүлдэг. Хотынхон ч уул овоогоо хүндэтгэх, уулруу тэмүүлэх хүсэл мөрөөдөлтэй болсон. Шинийн нэгний өглөө Зайсангийн баруун овоон дээр хэдэн зуун хүн гарч юу болдогийг бид мэднэ. Энэ бол ёс заншил, уламжлалаас гадна монгол хүний хүсэл мөрөөдөл. Уулын хамгийн өндөр оргилд гарч хийморио сэргээх нь монгол хүний унаган зан. 
Тэнгэрлүү тэмүүлдэг тэнгэрлэг монголчууд бол та бид. 
Б.Батмөнх
Уулын оргил дээр гарахын гайхамшгийг мэдэрсэн хүн илүү өндөр оргилыг хүсч эхэлдэг. Энэ бол угаасаа дээш тэмүүлдэг монгол хүний зан. Тэнгэрлэг монгол гэдгийн нэг агуулга нь тэнгэрлүү тэмүүлж ирсэнтэй холбоотой ч байж магад. Нутгийнхаа хамгийн өндөр овоон дээр гарч үзээгүй хөдөөний хүн байдаггүй. Тэд хамгийн өндөр уул хайрханаа шүтдэг, идээ будааныхаа дээжийг өргөж хүндэтгэл үзүүлдэг. Хотынхон ч уул овоогоо хүндэтгэх, уулруу тэмүүлэх хүсэл мөрөөдөлтэй болсон. Шинийн нэгний өглөө Зайсангийн баруун овоон дээр хэдэн зуун хүн гарч юу болдогийг бид мэднэ. Энэ бол ёс заншил, уламжлалаас гадна монгол хүний хүсэл мөрөөдөл. Уулын хамгийн өндөр оргилд гарч хийморио сэргээх нь монгол хүний унаган зан. 
Тэнгэрлүү тэмүүлдэг тэнгэрлэг монголчууд бол та бид. Б.Батмөнх

АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР АХМАД НАСТАНУУДАА ҮЕЙНХЭНТЭЙ НЬ УУЛЗУУЛДАГ ТУХАЙ
Оюутан цагаасаа эхлэн Дэл уултай холбогдсон Монголын үндэсний музейн захирал Гавьяат багш, доктор Д.Сүхбаатарын гавьяатын цайллаган дээр Арлааны Эрдэнэ-Очир хэмээх авьяас билэг, арал чац сайтай нэгэн найрагчтай хамт сууж хөөрөлдөн нэг оройг өнгөрөөв. Түүнтэй хэдхэн хоногийн өмнө Долгорын Нямаа ахыгаа нутаглуулах будаалган дээр мөн нэг ширээнд хамт сууж анх танилцсан юм. Эрдэнэ-Очир найрагч энэ жил Соёлын гавьяат зүтгэлтэн болж саяхан Монголын зохиолчдын байгууллагыг удирдах томилгоог зохиолчдоосоо ав од гүйж яваа эрхэм. Тэр 1990-ээд онд Монголын зохиолчдын эгнээнд хүч түрэн орж ирсэн бөөн найрагчдын нэг. 90-ээд оныхон гэгддэг тэднээс олон хүн УИХ гишүүнээс эхлээд том дарга нар, том зохиолчид, том боссууд зэрэг алдар хүндийн оргилд гарцгаасан. Тэдний нэг төлөөлөл нь Эрдэнэ-очир. Говьд тэмээчин айлд төрж өссөн хүн болохоор тэр говьчуудын л нэгэн адил дөлгөөн тайван, аядуу намдуу зөөлөн маягийн хүн гэж хүмүүс ярьдаг. Тийм л хүн юм билээ. Ундарсан олон авьяастаны өлгий гэгддэг Дорноговийн Улаанбадрах сумаас төрсөн 9 дахь гавьяат цолтон.
Эрдэнэ-очир Долгорын Нямаа ахад гүн хүндэтгэлтэй ханддаг цөөн хэдэн залуу зохиолчдын нэг байсан юм. Надад үр хүүхдүүдээс минь өөрцгүй тусалж дэмждэг хэмээн Эрдэнэ-Очирын тухай Нямаа ах их магтдаг, гэгээн сайхан дурсамж олныг ярьдаг байсан. Энэ хоёр хүний ааш араншин болон говийг магтан дуулах зэрэг уран бүтээлийн зарим жанр төрөл нь ч төстэй. Эцэг шиг сайхан хүнээ гэнэт алдчихаад одоо хүртэл шокноосоо гарч чадахгүй яваагаа өчигдөр орой хэлж байсан.
Түүнтэй хөөрөлдсөн олон сонирхолтой юмнаас ганц юмыг нь сошиолд намайг тоож уншдаг дүү нартаа хэрэг болгон дуулгая.
Эрдэн-очир ахмад хүмүүст ялангуяа зохиолчдод их хүндэтгэлтэй хандаж тэдэнтэй яриа хөөрөө их өрнүүлдэг гэнэ. Тэхдээ үеийнхнийгээ, эсвэл өөрийнхөө дараа үеийн залуу зохиолчдоос хэн нэгийг ЗААВАЛ дагуулж очин ахмад дунд залуу үеийнхнийг хооронд нь танилцуулдаг гэнэ. Мөн хэрэг болгон өндөр настануудыг бие биентэй нь уулзуулдаг гэнэ. Энэ их олон талын ач холбогдолтой гэж байв. Яриа хөрөө, үзэл бодол, мэдсэн дуулсан,үзсэн харсан юм нь ойролцоо байдгаас хүмүүс ялангуяа ахмадууд үе тэнгийхэнтэйгээ уулзан яриа хөөрөө өрнүүлэх нь илүү ач холбогдолтой байдаг. Иймээс та бүгд аав ээж ах эгч зэрэг азай буурлуудаа үеийнхэнтэй нь хэрэг болгож аваачиж уулзуулж байгаарай. Мөн Эрдэнэ-Очир шиг залуу, дунд, ахмад үеийнхнийг хооронд нь уулзуулдаг гүүр болж яваарай хэмээн захих гэсэн юм. Үүнийг уншсан хэн боловч цагийн эрхээр нэгэн цагт ахмадын ангилалд орно, тэр цагт хүүхэд залуустаа энэ хүсэлтийг тавьж байгаарай. Өөр юмгүй дээ.
Б.Батмөнх 
2017-10-20
ШУУГИАН ДЭГДЭЭЖ ЯВАА ХҮҮХЭДТЭЙ ТААРАВ
Өнөөдөр Их дэлгүүрийн таван давхарт хүмүүс нэг жижигхэн охинтой зургаа авахуулах гээд бөөн юм болж байхтай таараад дууриагаад дундуур нь зүтгэж очоод хамт зургаа татуулчихав, бас зургийг нь татчихав.
Хэн юм бол гээд сонирхсон чинь Баян-Өлгийн 10 жилийн дунд сургуулийн 11-р ангид сурч, сурагчийн дотуур байранд амьдардаг хүүхэд байв. Энэ хүүхэд сүүлийн хоёр жилд дэлхийн томоохон 26 оронд урилгаар очсон гэнэ. Түүний амьдралаар хийсэн "The Eagle Huntress" баримтат кино нь АНУ-ын 100 гаруй хотод гарч дэлхийн 18 удаагийн кино фестивальд оролцон 9 удаа шагнал хүртээд байгаа гэнэ.
Энэ охинд гадаадын хэд хэдэн улсаас маш сонирхолтой санал, урилга ирээд байгаа юм байна. Тэр хэдхэн хоногийн дараа Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг АНУ-ын Нью-Йоркт очиж гардаж авахаар явна гэж байв. "Хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн"-ийнхөө төлөө энэхүү шагналыг хүртэхээр болсон гэв.
Энэ хүүхэд нь казакийн ард түмний дунд байсан эмэгтэй хүн бүргэдчин болж бүргэдээр ан хийхийг хориглодог уламжлалыг эвдэж гарч ирсэн юм билээ. /киног өнөөдөр үзсэн бөгөөд киноны тухай болон "Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд" ТББ-аас энэ хүүхдийн хийсэн ярилцлагыг удахгүй оруулна/
Монголын нэрийг дэлхийн киночдын дунд ялангуяа баримтат киноныханы дунд “Нохойн орон”-ы Төрмөнх, “Ингэн нулмис”-ын Бямбасүрэн зэрэг мэргэжлийн уран бүтээлчид шуугиулж байсан бол энэ удаа Алтайн их уулсын дунд хөдөө өсч торнин тэндээ амьдарч, сурч байгаа улаа бутарсан хацартай жижигхэн охин дахин шуугиулж байна. Түүнийг Н.Айшолпан гэдэг.
Бичээчийн Батмөнх

ЭРЧҮҮДИЙН ЯРИА 
Багадаа чихэр хардаг байлаа, дараа нь пүүз хардаг байлаа, дараа нь хүүхэн хардаг байсан, дараа нь машин хардаг боллоо одоо ч хүүхдээ л харж байна даа. 
МОНГОЛ АЛТАЙН АРВАН ГУРВАН ЦАСТ ОРГИЛЫН НЭГ СУТАЙ ХАЙРХАН ДЭЭРЭЭС УУЛ АЛТАЙДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙГАА НЬ

Отгон тэнгэртэй /4021м/ ижил шахуу өндөртэй Сутай хайрхан /4090м/ нь Монголын хамгийн өндөр зургаан мөнх цаст оргилын нэг юм.
"Монгол алтайн нуруу бол монголчуудыг ядрах үед нь өвөртөө бөөцийлж,
мандан бадрах үед нь оргил дээрээ гаргаж уухайлуулдаг шүтээн хайрхан нь юм"
Бичээчийн Батмөнх
2017

ЖУУЖАА ЭГЧ
Үй зайгүй шороо босдог
Үйзэн жас дээр сум байхад
Жуулхан амьтан явлаа даа би
Жуужаа багш мэднэ.
Төрийн шагналт, СГЗ, зохиолч Долгорын Нямаа
Манай алтан үеийнхний хэдэн сайхан буурай нараас
хамгийн өндөр насалж байгаа нь манай Дашдаваагийн Жуужаа эгч буюу Ажаа.
Жуужаа эгчийн түүх намтар арвин их бөгөөд сонирхолтой.
Өлзийт сумыг Хөнжилийн Далайн хийд дээр байхад Дарьзав
Аниагийнд Сумаагийн Гомбодоо, Цүлхрэмийн Цэнд,
Дарьзавын Нацаг нартай хамт 1-р ангид сууж эхлээд Тагт дээр
4-р анги төгсч Сайнцагааны Наран, Үйзэн бригад, аймгийн төв
дамжин дунд сургуульд сурч 7-р анги төгсөөд шууд багшилж
байсан, Багшийн дээдийн анхны элсэгч бөгөөд анхны төгсөгч,
одоогийн Багшийн дээд дээр байсан Засгийн Газрын ордныг
одоогийн Төрийн ордон уруу нүүхэд гар бие оролцон дарга
нарын ширээ сандал, бичиг хэргийг зөөлцөж байсан, тэмээн
жингийн хүмүүстэй хамт Өлзийт сумаас Улаанбаатар хотод
ирж байсан зэрэг үлгэр домог шиг сонирхолтой түүх намтартай
хүн.
Хүүхэд байхдаа мал сайн малладаг, малд нүдтэй /мал сайн
зүсэлдэг/, эмнэг хангал сургадаг, хөдөөний ажилд эцэг эхдээ
тус дэм ихтэй байсан тухай манай дээд үеийн настайчууд хууч
хөөрдөг байсан.
Хэл уран зохиолын багшаар 40 жил багшилж энэ хугацаанд найман удаа анги даан төгсгөж, сургууль нь монгол хэлний олимпиадад найман удаа түрүүлж байсан, шавь нараас нь Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаагаас эхлээд олон арван шилдэг сэхээтнүүд, төр нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын зүтгэлтнүүд, гавьяатууд төрөн гарчээ.
Миний Жуужаа эгчтэй анх танилцсан түүх гэвэл бас
сонирхолтой. Бор гэр, хайртай ээж, эмээ хоёроосоо ганц ч хоног холдож үзээгүй хөдөөний найман настай би Дундговь аймгийн төвд ирж сургуульд суусан юм. Гэрээ санана гэж жигтэйхэн.
Жуужаа эгч манай ээжтэй дэндүү адилхан харагдах. Сургууль
дээр хааяа тааралдахаараа ижийгээ харсан юм шиг хачин их
баярладаг байж билээ. Одоо ч уулзахаараа хамгийн түрүүнд
багийн тэр л явдал санаанд ордог юм. Батбуян нэг дүгээр ангид байхдаа Жуужаа эгчтэй сургууль дээр тааралдах болгондоо “Жуужаа эгчээ” гэж дуудан очиж үнсүүлдэг байсан гэсэн.
Манай Жуужаа эгчийн хүүхдүүд, ач, зээ нар нь оюуны
чадавх сайтай, өндөр ёс суртахуунтай, эрхэлсэн ажил
мэргэжилдээ амжилт бүтээл арвинтай мундаг хүмүүс байдаг.
Дундговиос олон зохиолч яруу найрагч төрсөн нь хэл уран зохиолын багш энэ хүнээс хамаатай ч байж мэднэ.
Бичээчийн Батмөнх.
2017 он
ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ, "СЭМҮҮН"-ИЙ БАЯР ХОЁРЫГ
 ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН УРЬЖЭЭ.
2017 оны 11 сарын 26-29-нд Италид болох олон улсын археологийн аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт (Mediterranean Exchange of Archaeological Tourism) Монгол улс анх удаа оролцохоор болжээ.
Энэ үзэсгэлэнд Дундговийн Дэл уулын түүх соёлын дурсгал, хадны зургаар кино хийхээр Дэл ууланд гурван удаа очсон “Сэмүүн” студийн захирал Банзрагчийн Баяр урилгаар оролцохоор болжээ.
Б.Баяр Bayar Banzragch энэ онд мөн Каннын кино (Cannes Film Festival) наадамд мөн урилгаар оролцсон билээ.
Бичээчийн Батмөнх
2017-10-06
ХАДНЫ ЗУРАГ, БИЧЭЭСИЙГ ХАМГААЛАХ, СУДЛАХ АЖЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2017 оны 07 дугаар сарын 09-ны өдөр
Дугаар 181
Өвөг дээдсийн хаданд мөнхөлсөн хосгүй гайхамшигт чулуун судар, түүх, соёл, урлагийн нандин өв: хадны зураг, бичээсийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх талаар эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй санал, санаачилгыг дэмжих ЗОРИЛГООР,
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн
ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Хил дамнасан соёлын өв, түүний дотор хадны зураг, бичээсийг судлах зорилгоор олон улсын хамтарсан судалгааны баг байгуулж ажиллах; Хадны зураг, бичээсийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн-“Хадны зураг, бичээсийн чуулган”-ыг хоёр жил тутамд нэг удаа Дэлхийн өвийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байхыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академид даалгасугай.
2. Хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага; шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСАД ДУНДГОВИОС ЕРӨНХИЙ САЙД 
ТӨРҮҮЛЖ ӨГСӨН ЖАНЛАВ ГУАЙНХАН
Хүүхнүүдээрээ баян, малаараа баян Дэл Хөнжилийн “Хүүхэнүүд” овгийнхонд Монгол Улсын Ерөнхий сайд төрүүлж өгсөн айл бол Жанлав гуайнх. Энэ айлын өрхийн тэргүүн болон бусад хүмүүсийн тухай товчхон өгүүлье.
Жанлав гуай өөрөө баялаг намтартай хүн. Жанлав гуай Дундговийн Өлзийт сумын нутагт Шийрэв гэдэг айлын тавдугаар хүү болон Хөнжил уулын баруун суганд төрсөн хүн. Эцэг Шийрэв нь “Шийрэв зурхайч” хэмээн олон түмэнд хүндлэгдсэн говь нутгийн нэртэй зурхайч хүн байжээ. Энэ хүний тухай үлгэр домог шиг сонирхолтой хууч яриа хөөрөө манай нутагт элбэг байдаг. Эдгээрээс зарим нь ном хэвлэлд ч гарсан. Шийрэв зурхайч хүүдээ Жанлав хэмээх бурхны нэр хайрласан нь тун утга учиртай байсан байх. Ямар ч байсан энэ айлаас Монгол Улсын Ерөнхий сайд, монгол төрийн түшээ тодорсон нь үнэн.
Жанлав гуай Дэл Хөнжилд төрж өсөн эрийн цээнд хүртлээ Далайн хийдийн нэгэн эрдэмтэй том ламд шавь орж түвд бичиг сурсан бөгөөд сүм хийд тарсны дараа сургуульд суух нас өнгөрсөн тул шинэ үсгийг бүлгэмд сууж монгол бичигт тайлагдаж Өлзийт сумандаа худалдааны агент хийж байгаад цэрэгт явсан юм билээ. Цэрэгт байхдаа ЗХУ-д хүн эмнэлгийн техникумд дараа МУИС-д тус тус суралцан их эмчийн мэргэжил эзэмшжээ.
Жанлав гуай Дундговь, Өмнөговь аймгуудад төрийн алба хашиж, Дорноговь, Хэнтий, Тамсагбулагт цэргийн алба хааж, Түркместаны Ашхабад болон Улаанбаатар хотод суралцаж, хятадын Жанчхүүгийн даваа, Сөнөд Цагаан овоо зэрэг газарт дайнд явж байсан хүн.
1945 оны чөлөөлөх дайнд биеэр оролцон цэргийн эмчээр ажиллаж дайны талбарт шархадсан цэрэг дайчдыг эмчилж, япон эмч нартай хамтран олзны япон цэргүүдийг аюулт тахлаас аварч, дайны талбараас өөрөө “Бид ялав” хэмээх медаль хүртэж, хамт явсан дайчдаа Улсын баатар цолоор шагнагдахад нь мөр зэрэгцэн зогсож байсан ахмад дайчин, цэргийн дарга хүн байв. Тэрбээр Монгол Улсын баатар хурандаа Д.Нянтайсүрэнгийн командад ажиллаж, Улсын баатар С.Дампилыг өөрөө гардан эмчилж байжээ. Энэ хүнд хэцүү цаг үеийн тухай, энэ дайнд хэрхэн оролцож явсан тухайгаа Жанлав гуай дурдатгалын ном гаргасан. Цэргийн улс төрийн газрын дарга дэслэгч генерал Ю.Цэдэнбалыг Жанчхүүгийн даваанд нэг удаа ирэхэд нь орос маягийн хоол хийж өгөхөөр болж орост гурван жил суралцсан Жанлав гуайд үүрэг өгч хоол хийлгүүлжээ. Гэтэл хоолны дараа Цэдэнбал дарга тогоочийг дуудуулсанд генералд дуудагдсан Жанлав гуай айж балмагдсаар очжээ. Тэгтэл харин сайхан хоол хийсэн гэж магтаад үзэг бэлгэлсэнд ангийн дарга нар болон мань хүн ихэд баярласан тухай надад хэрэг болгон хуучилж байсан. Жанлав гуай намайг цэргийн хүн болсонд зориуд баяр хүргэж цэрэгт байх үеийнхээ сонирхолтой дурдатгалаас олныг ярьсны нэг нь энэ юм.
Цэргийн газар эмчээр ажлын гараагаа эхэлсэн Жанлав гуай сумын эмч, Өмнөговь, Дундговь аймгуудын Халдвар судлалын станцын ерөнхий эмч, дарга зэрэг эмчийн ажлыг 50 гаруй жил хийжээ. Тэрбээр эмийн ургамалын чиглэлээр судалгаа хийж, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдад байнга туслалацаа үзүүлж ирсэн юм.
Жанлав гуайн гэргий нь "Хүүхэнүүд" овогт Дашдаваагийн Орго эгч буюу Огоо. Огоо, Жанлав гуай хоёр хоёулаа Дэл Хөнжил нутагт төрж өссөн бага залуу насаа энэ нутагт өнгөрөөсөн хүмүүс. Огоо маань хүний бага эмчийн мэргэжилтэй, эмч, хүүхдийн яслийн эрхлэгчийн ажлыг олон жил хийсэн хүн. Өмнөговь, Дундговийн хоёр ч яслийг Улсын тэргүүний ясли болгож байсан, ажлаараа шалгаран гадаадын хоёр ч орноор аялж байсан, улсын чанартай хэд хэдэн хурал, зөвлөгөөнд оролцож байсан. Огоо зургаан дүүгээ эрдэм номтой, ажил мэргэжилтэй болоход зааж чиглүүлэн тусалж дэмжиж байсны хүчинд дүү нар нь бүгд дээд боловсролтой болж өдий болтол ажил амьдрал нь тэгш дүүрэн сайн сайхан явцгааж байгаа. Энэ ах дүү долоо болон тэдгээрийн хүүхдүүдээс Дашдаваагийн Хүүхэнбаатар, Дашдаваагийн Отгонбаатар, Жанлавын Наранцацралт, Жуужаагийн Эрдэнэбулган нар эзэмшсэн мэргэжлээрээ эрдэм шинжилгээний ажил хийж доктор, профессор цолтой эрдэмтэд болцгоосон.
Жанлав гуайнх гурван хүү хоёр охинтой айл. Том охин Сайнхүү нь Санхүүгийн техникум, ХААИС дүүргэсэн, сум нэгдлийн нягтлангаас ажлын гараагаа эхэлж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, УНДЕГ-ын тамгын газрын орлогч дарга хүртэл төрийн албанд олон жил ажилласан намбалаг сайхан эмэгтэй бий. Гэр бүл Х.Цэрэндорж нь “Зарцын нүүдэл” гэдэг уран зургаараа урчуудын дунд “Зарцын нүүдлийн Цэрэндорж” хэмээн алдаршсан, Дундговиос төрсөн цөөхөн сайн зураачдын нэг юм. Х.Цэрэндорж Москвад зураачийн мэргэжил эзэмшсэн бөгөөд түүний зарим уран бүтээлүүд Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галарей, Үндэсний түүхийн музей зэрэг газруудад залагдаж байдаг.
Том хүү Ж.Наранцацралт нь сургуульд байхдаа онц сурдаг жирийн л нэг даруухан хүүхэд байсан. Наранцацралт бид хоёрт тухайн үед манайд төдийлөн элбэг биш байсан газар зохион байгуулагч гэдэг мэргэжил эзэмшиж хоёулаа Улсын газар зохион байгуулалт, хайгуул зураг төслийн институтээс ажлын гараагаа эхэлж байсан түүх байдаг юм. Наранцацралт бол хүнийхээ хувьд даруухан, говийнхны нийтлэг төрх болох уужуу тайван, аливаад хүлээцтэй ханддаг, бусдад туслах чин хүсэлтэй, бусадтай нийтэч найрсаг харьцаатай эгэл нэгэн байсан. Дундговь аймгийн баруун өмнө талын Дэл, Дэлгэрхангай гэж хоорондоо холоо зайтай боловч бие биендээ харагддаг говийн хоёр их уулсаас шинэ Монголын түүхэнд хоёр Ерөнхий сайд төрсний нэг нь Жанлавын Наранцацралт нөгөө нь Гадинбалын Чагдаржав юм. Дундговьчууд энэ хоёр эрхэм хүндээ хүндэтгэл үзүүлж аймгийн төвдөө нэрэмжит цэцэрлэг байгуулан хөшөөг нь залсан байдаг.
Жанлав гуайнд нэгэн “шилийн сайн эр” бий. Ээж нь манай таван хүүхдийн хамгийн толгой сайтай Билэгтхүү шүү гэж ярьдаг байсныг би нэг биш удаа сонсож байсан. Ээжийнх нь дүгнэснээр тэр Ерөнхий сайд ахаасаа илүү ой сайтай хүн байх. Аравдугаар анги төгссөн 400 гаруй хүүхдээс сурлагын амжилтаараа хоёрдугаарт бичигдэн тухайн үед хүн болгоны хүсэл болсон Баруун европын нэгэн улсад суралцах хуваарь авч байсан, гурван дээд сургуульд зэрэг суралцан нэг жил бүгдийг улаан дипломтой төгсөж байсан гэхээр ээжийн хэлсэн үнэн болж таарч байгаа юм. Тэр орон нутагт ч ажиллаж байсан, яам тамгын газарт ч алба хашсан, хувийн аж ахуй ч эрхэлсэн, цэргийн алба ч хаасан, аймгийн нутгийн зөвлөлийн ажлыг арваад жил хийж хэд хэдэн сонгуульд менежерээр ажилласан хүн.
Жанлав гуайн бага охин Нарантуяа Санхүүгийн коллеж, МУИС төгсч “Разноимпэкс” нэгдэлд ерөнхий нягтлан хүртэл алба хашиж байсан бол бага хүү Батбилэг нь ШУТИС-ыг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж зах зээл эхлэх үед Дундговийн хүндхэн газрын нэг болох “Эрчим”-д ажиллаж тухайн үеийн Мандалговь хотыг төвийн эрчим хүчний системд холбож байсан гавьяатай хүн. Ж.Батбилэг нь Дундговь аймгийн онгоцны буудал дээр онгоц осолдон шатаж байх үед иргэний эр зориг гарган олон хүний амь аварч “Алтан гадас” одонгоор шагнагдсан бас нэгэн гавьяа бий.
Жанлав гуайн хүүхдүүд цөмөөрөө суурь хүмүүжил сайтай, хийж буй ажил үйлсийнхээ оргилд нь хүрэх гэж зүтгэцгээдэг, бусдад тусархаг, илүү дутуу юманд шунасан элдэв долгомцог зангүй зэрэг олон сайн тал бий. Иймдээ ч эднийхээс Ерөнхий сайд, ерөнхий санхүүч, ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалтнууд төрж гарсан юм. Иймдээ ч эдний таван хүүхдийн хоёр нь гадаадын, гурав нь дотоодын дээд сургууль төгсөж байхав. 1970-аад онд аравдугаар анги төгссөн хүүхдүүдээс сурлага хүмүүжлээрээ шилдэгийн шилдэг нь гадаад, дотоодын дээд сургуульд явдаг үе байлаа. Хүү Наранцацралт нь гэхэд л МУ-ын Ерөнхий сайд, яамны сайд, Улаанбаатар хотын захирагч зэрэг төрийн хэд хэдэн хариуцлагатай алба хашиж байсныг монголчууд бүгд мэднэ. Тэрбээр төрөлх нутгаасаа УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон нутгийн зон олноо төрд төлөөлөн УИХ-д сууж байснаас гадна Дундговь аймгийг хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зорин тэмүүлж олон зүйл санаачлан хийсэн билээ.
Эцэг нь удам дамжсан алдарт зурхайчийн хүү, эх нь Дэл Хөнжил уулын “Ах дүү дөрвөн доктор”-ын эгч, хүү нь Монгол төрийн алтан жолоон дээр сууж байсан нэгэн сайхан айлын тухай дурдахад ийм ажгуу.
2017 он.


Thursday, September 14, 2017

ДЭЛ ХӨНЖИЛ УУЛЫН ИВЭЭЛ БА ГЭСГЭЭЛ
Дэл Хөнжил бол Хөвсгөл шиг сайхан байгальтай биш боловч очсон хүнд өндөр сэтгэгдэл үлдээдэг нутаг.
Олон алдартны өлгий гэгддэг Дэл Хөнжил уул нь хажуудаа төрж өссөн байтугай зорьж очсон хүмүүст хишиг буянаа харамгүй хүртээдэг нутаг.
Сүүлийн нэг жилийн жишээн дээр ганц нэгийг дурдая. Монголын археологийн бурхан эрдэмтэдийн нэг ШУ-ны гавьяат ажилтан, доктор профессор Цэвээндорж гуайг “Сэмүүн”-ий Баяр хэрэг болгож дагуулж очсон, дараахан нь олон жил хүлээсэн “ШУ-ны академич” цолоо хүртсэн, залуу яруу найрагч Норовын Гантулга, Пэрэнлэйн Нямлхагва хоёр очсон, дараахан нь тэд төрийн одон хүртсэн, Сэмүүний хэмээх Банзрагчийн Баяр баримтат кино хийхээр сэтгэл зүтгэл гарган очсон, дараахан нь тэр дэлхийн киноны оргилууд цуглардаг алдарт Каннын кино наадамд урилгаар оролцсон, Дэл уулын хадны зургаар бүжгэн жүжиг тавьсан бүжиг дэглээч Энхгэрэл Гавьяат цол хүртсэн, Гонгоржав гуайн чулууны үзэсгэлэнгийн, Аким гуайн ном хэвлүүлэх санхүүжилт нь амархан бүтсэн гэх мэт жагсаалт гаргаж болно. Ингэж сайн санаж, хэрэг болгож очсон хэн болгонд манай нутаг “сайн санааны үзүүрт шар тос” хүртээдэг нь үнэн.
Бас ширүүлэхээ хүрвэл ширүүлдэг. Ер нь Монголын зарим уул хайрхан догширохоо хүрвэл догширдогийг мэдэх нэг нь мэднэ. Ер нь үүнийг хүн болгон ялангуяа аялал жуулчлалаар хөдөө их явдаг хүмүүс санаж явах ёстойг дашрамд дурдая.
Уул хангай ширүүлдгийн жишээг Дундговийн Луус сумын Сариг хайрхантай холбогдох нэгэн түүх байдаг тухай хэд хоногийн өмнө хальт бичсэн. Олон хүн коментоор энэ тухай тодруулахыг хүссэн. Энэ түүх бусдад сургамжтай хэдий ч дэлгэрэнгүй бичиж болохгүй шалтгаан бий.
Сариг хайрхан бол байгалийн сайхан хосолсон, хажууд нь олон сайхан хүмүүс төрж өссөн, хүн малд ээлтэй сайхан нутаг юм билээ. 1960-аад оны сүүлээр энэ хайрханаас нэгэн олдворыг музейд шилжүүлэн авсан болон авах шийдвэр гаргасан хүмүүсийн хувь заяа эмгэнэлтэйгээр дууссан тухай гашуун түүхийг Дундговийнхон ам дамжин ярьсаар ирсэн. Олон хүний мэдэх ганц жишээ гэхэд 1970 онд Аймгийн даргын жолооч санамсаргүй буу алдаж даргаа бүрэлгэсэн харамсалтай явдлыг үүнтэй холбож ярьдаг.
Дэл Хөнжилд хууль цааз зөөлөн байх үед Хонгор хайрханы энгэрт аргаль агнасан хэн гуайнх ганц ч малгүй болж хоосорсон, мөн авласан чонынхоо арьсыг мөнгө болгохын тулд долоон залуу Хайрханд ил харагдах газар чоно шулснаас тэр шөнөдөө хот уруу нь /тэр шөнөдөө долоон айлын хот уруу шүү/ чоно орж малыг нь барьсан тухай ойрмогхоны гашуун түүх бий.
Мөн тун ойрын жишээ гэхэд саявтар дарга голдуу хэдэн хүн олз хайн гаднынхантай нийлж Дэл ууланд очиж буухад уул ус, тэнгэр хангай нь халах шуурах, хангинах жингэнэх... гэх мэтээр хөнгөхөн дөнгөөд буцааж байх жишээтэй.
Манай нутаг бол сайн санасанд нь сайхан ханддаг, догшин хандсанд нь догшин ханддаг өвөрмөц нутаг.
Бичээчийн Батмөнх.
2017-09-15

ДЭЛ УУЛ НЬ ЭЕРЭГ ЭНЕРГИ ХУРИМТЛАГДСАН НУТАГ
Дундговь аймгийн Өлзийт сумын баруун өмнөд хэсэгт байдаг Дэл, Хөнжил гэж хоорондоо ойрхон зэрэгцээ орших хоёр уул бий. Гаднаас нь харахад хаана ч байдаг л нэг бэсрэгхэн уул. Нутгийнхан нь Хөнжилийн хяр, Дэлийн хяр л гэдэг. Гэхдээ энэ хоёр хярд ялангуяа Дэлд гайхамшиг их бий. Дэл Хөнжилийн аль алиных нь багахан хэсэг Өмнөговийн нутагт ордог юм. Дэл Хөнжилийн баруун үзүүрийн дунд хэсэгт нутгийнхны шүтээн болсон Баянхайрхан, зүүн талд нь Буурал Угалз гэж өвөрмөц тогтоцтой хоёр уул бий.
Баруун зүгээс Хонгор гэдэг үзэсгэлэнт эмэгтэй говьд байгаа Угалз хэмээх хүнтэй ханилахаар ирж яваад ойртож ирээд хартал буурал толгойтой хүн байсан тул “Би ийм хөгшин хүнтэй суухгүй, дээл хөнжилөөрөө хучаад энд үүрд суулаа” гэснээс үүдэн Дэл Хөнжил гэсэн нэртэй болсон домогтой.
Дэл Хөнжил бол хадны зураг, булш, хиригсүүр, гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгал элбэгтэй, байгалийн сонин тогтоц олонтой, аргал, янгир, хар сүүлт зэрэг ан амьтантай, эмийн төрөл бүрийн ургамал элбэгтэй эко системийн хувьд нэлээн ховорт тооцогдох өвөрмөц нутаг.
Дэл, Хөнжилд төрсөн болон тэндээс гарвалтай хүмүүс өөрсдийгөө Улзын буриадууд, Хөвсгөлийн дархдууд, Алтайнхан гэдэг шиг Дэл Хөнжилийнхөн гэдэг. Энэ нутагт төрөгсөд аль ч үедээ ухаалаг, оюунлаг, ажилсаг, онцгой авьяас чадвартан элбэгтэй байсан тухай ард олны дунд үе дамжин яригдаж ирсэн домог, хууч яриа элбэг байдаг. Зөвхөн бидний мэдэх сүүлийн 100 жилд энэ нутгийхнаас төрж гарсан алдартнууд гэхэд МУ-ын тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан МУ-ын баатар эмэгтэй, говь нутгаас улсын наадамд олон жил дараалан сайн барилдаж улсад түрүүлсэн Улсын арслан цолтон бөх, Монгол төрийн алтан жолоон дээр сууж байсан Ерөнхий сайд, Ардын жүжигчин, Төрийн шагналтан, урлаг, утга зохиол, эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуйн салбараас төрсөн МУ-ын Гавьяат цолтон арав гаруй хүн байна. Мөн Дэл уулынхнаас түүх, эдийн засаг, боловсрол, анагаах, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, сайд, орлогч сайд зэрэг төрийн зүтгэлтэнүүд төрсөн байдаг. 1932 оны говийн аймгуудыг хамарсан хил дамнасан их нүүдлийн үед “Дэл Хөнжилийн дээрэмчин” хэмээгдэж байсан Дэлэгсамба энэ нутагт төрж өссөн хүн.
Дэл Хөнжилд байсан Далайн болон Баруун билүүний хийдүүдэд тухайн үеийн шашны зүтгэлтэн, мяндагтнууд, хутагт хувилгаад, эрдэм номтой лам нар олон байсан тухай түүхийн баримт бий. Бидний мэдэх говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн анх дугаар дүр буюу нэгдүгээр ноён хутагт Агваангончиг гэгч Өмнөговийн Манлай сумын нутагт төрсөн ба Хөнжил уулын зүүн үзүүр орчимд байдаг Жавхлант хонгор гэдэг газар 1666 онд хийд байгуулж байжээ.
Хөнжилийн энгэрт байдаг Хармагтайд алтны их хэмжээний нөөц илэрсэн тухай, Дэлийн орчимд гүний усны нөөц байгаа тухай судалгаа байдаг гэсэн.
Хүн төрөлхтөн анх бий болж байхдаа хадан дээр нь зураг сийлж эхэлснээс эдүгээ хүртэлх үеийн олон үйл явдлд Дэл Хөнжилийн нэр холбогддог түүхт нутаг юм.
Дэл уулын баруун зүүн Билүүний хэсэгхэн газарт байгаа хэдэн мянгаар тоологдох хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдэж үлдсэн байж болзошгүй хэмээн судлаачид тогтоосон байдаг. Монголын хамгийн анхны бичиг үсэг болох рунни бичиг, монголд олдсон хамгийн эртний хятад бичгийн дурсгал, хадан дээр зурагдсан үлэмж том биетэн, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас зэрэг судлаачдын анхаарал татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгал энд бий. Хадны зурагнаас гадна энд булш, хиригсүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдүүдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх дурсгал элбэгтэй нутаг.
Дэл уулын энэ орчинд хоорондоо хэдэн зуун жилийн зайтайгаар хадны зураг зурж байсан нь тэнд хүн оршин суух байгалийн зохицолдолгоо сайтай байсан, ан амьтан элбэгтэй байсан, шүтлэгийн аливаа үйл хийх нөхцөл бүрдсэн зэрэг олон давуу талтайгаас гадна олон тооны хадны зурагтай энэ орчин бол эерэг энерги хуримтлагдсан газар хэмээн судлаачид үздэг юм билээ. /Н.Батболд ”Монголын говийн бүсийн хадны зургийн судалгаа” 56-р хууд/
Дэл уулын Баруун билүүний бурхан шашны хийд нь яг энэ хадны зурагтай хэсгийн дунд байжээ. Мөн энд аргаль, янгир, хар сүүлт зэрэг ан амьтантай, эмийн олон төрлийн ургамалтай, булаг шандтай байгалийн үзэсгэлэнт газар юм.
Дэл уултай залгаа говийн алдарт Цагаан суварга оршдог. Цагаан суварга бол хэдэн зуун метр үргэлжлэх, 70-80 метрийн өндөр эгц цавчим босоо өнгө алагласан шавар ханан эрэг бүхий байгалийн гайхамшигт тогтоцтой үзэсгэлэнт газар юм. Энэ орчим нь эртний үлэг гүрвэлийн орон, аварга амьтдын өлгий нутаг болох нь батлагддаг юм гэсэн. Цагаан суварга монголын аялал жуулчлалын бүсэд хамрагдан жил бүр гадаад дотоодын олон мянган жуулчин очиж үздэг газар болоод байгаа юм. Цагаан суварга нь өөрийн гоо үзэсгэлэнгээрээ монголчууд байтугай гадаадынхныг татаад байгаа бол зэрэгцэн орших Дэл уул маань одоохондоо нууцаа төдийлөн дэлгээгүй байгаа болно.
Бичээчийн Батмөнх.
2017

ДЭЛ ЯВААД ИРЛЭЭ.
/1-р хэсэг/
Баримтат киноны "Сэмүүн" студынхантай, түүхийн ухааны нэг доктортой хамт Дэл уул уруу очоод ирлээ.
Манай нутагт нар ээсэн налгар сайхан намар болж байна. 
Харин тэнд хэдэн хүн сэм нийлээд Өмхий өвс /Peganum nigellastrum Bunge гэсэн нэршилтэй өмхий үнэртэй мал иддэггүй, бууцан дээр голдуу ургадаг өвс/ ургуулах гээд бэлтгэчихсэн байна. Өмхий өвс ч онцгүй эд л дээ.
Харин өнөөдрийн /2017-09-09/ 15 метр.сек хүртэл хүчтэй шороон шуурга булга татаад хаячих шинжтэй байна гэнэ. Тэнд өмхий өвс ургуулахгүйн төлөө тэнгэр хүртэл тэмцэж буйн тэмдэг байх.
Хэдэн жилийн өмнө хэдэн хүн бас нэг тиймэрхүү юм ургуулах гээд баралгүй гар хөлөө сүрхий айхавтар түлээд буцсан тухай нутгийнхан одоо болтол ярьдаг юм билээ.
Дэл уул ч базаахгүй маягийн юмыг барагтай бол хүлээж авдаггүй гэж үнэн л дээ.
Бичээчийн Батмөнх.
2017-09-09

НӨГӨӨ ӨВС ЧИНЬ АЛГА БОЛСОН ШҮҮ АШГҮЙ
/үргэлжлэл/
Манай нутагт ийм "өмхий өвс" ургасан байсан юм /1-р зураг/.
Өнөөдөр /2017-09-11/ салхинд хийсээд бүрмөсөн алга болов /2-р зураг/.
Өвс хийсгэх ажилд оролцсон, санаа тавьсан, ялангуяа утсаар их олон удаа ярьсан аймаг, сумын зарим удирдлагууд /зарим шүү/, сум, аймаг, нийслэлд суугаа Дэл Хөнжилийн уугуул иргэд, нутгийн малчидад гүн талархал илэрхийлье.
Олон түмний хүсэлтийг хүлээн авч албан үүргээ зохих ёсоор биелүүлсэн хууль, хяналтын холбогдох байгууллагынханд баярлалаа.
Дэл Хөнжил хэмээх ариун дагшин газар нутаг, хөрс шороонд дахин ийм явдал бүү үзэгдэг бурхан минь.
Дэл уулын Батмөнх.
ГОВЬ-АЛТАЙН ШАРГЫН ГЕНЕРАЛ, БҮЖИГ ДЭГЛЭЭЧ ХОЁР ГАВЬЯАТ ЦОЛТОН ДЭЛ УУЛАНД ОЧИЖ АДИС АВАВ.

Тосч авсан нэгэн сонирхолтой хүн бол Жанлавын Мөнхтөр. Дундговийн нэгэн үеийнхэн энэ хүнийг андахгүй. Бичвэл бичнэ, даргалбал даргална, тэмцвэл тэмцэнэ, чадвал чадна, бүтээвэл бүтээнэ, нисвэл ниснэ гээд манай говь нутагт байдаг элдэвтэй эрчүүдийн нэгэн. Тэр сүүлийн хорь гаруй жил Дундговийн улс төрийн халуун тогоон дотор буцалж яваа нэгэн. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр хэдэн ч удаа сонгогдов. Тэр одоо төр, нам, олон нийтийн олон албан тушаал хашиж байгаагаасаа цагтаа агуу Дооровын /Сормууниршийн Дашдооров/ хийж байсан Дундговийн зохиолчдын эвлэлийн даргын албаа онцлон дурдаж байсан.
Мөнхтөр сүүлийн арваад жил онгоц, аэрофлотоор дагнан мэрэгшиж, ажиллаж, удирдаж энэ чиглэлээрээ нэлээн амжилт үзүүлж яваа нэгэн.
Тэр сая бидэнд өөрийн албан тасалгаа болон Дундговийн онгоцны буудалд өөрийн гараар хийж бүтээсэн зүйлээсээ үзүүлээд үндэсний бренд хоолоороо зоог барингаа таван үг солиод амжсан. Нисэх буудлын оффисын хүлээн авалтын өрөөг өөрийн гараар маш сонирхолтой тохижуулсныг үзээд энэ хүний хувийн амьдрал, албан ажил, уран бүтээл, авьяас, хобби нь нэг цэгт огтлолцсон юм байнадаа гэж бодогдсон.
1989 онд Мөнхтөр бид хоёр МУИС-ын сэтгүүлчийн ангид элсэх гэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дарга Тугалхүүгийн Баасансүрэнгийн шүүлтүүрийг даван МУИС-ийн мэргэжлийн багш нарт ур чадварын шалгалт хамт өгч байсан сайхан дурсамж байдаг юм. Тэр үед сэтгүүлч мэргэжлийг зөвхөн МУИС сургадаг, тэнд орох хүнээс ур чадварын шалгалт авдаг байсан үе. Тэр шалгалтанд надаас бусад нь шүлэг зохиол бичдэг, хэвлэл сонинд бичсэн юмаараа олны танил болсон шижигнэсэн сайхан залуучууд орж байсан юм.
Тэр үед Мөнхтөр нилээн олон юм биччихсэн нилээн зузаан хавтас барьчихсан ирж байсан санагдана.
Залуу наснаасаа шижигнүүлж явсан манай Мөнхтөр одоо ч шижигнэж л явна.
Бичээчийн Батмөнх
2017-08-30

БАЯРБААТАР ГАВЬЯАТ ДЭЛ УУЛАНД 
Энэ хүнийг Урлагийн Гавьяат Зүтгэлтэн,бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатар гэдэг. 
Яг өнөөдөр Монголын бүжиг дэглээч залуучуудын түрүү магнайд яваа будаг нь ханхалсан шинэхэн гавьяат. 
Бүжгийн төлөө халуун цөс нь ид буцалж бүтээж туурвиж, бүжиглэж бүжиглүүлж, дуулж хуурдан дуурсах нэрээ мандуулж яваа мундаг залуу. 
Түүнтэй Дэл уул яваад ирлээ.
Баярбаатар Дэл уулын хадны зургийг үзээд монголын бүжгийн урлагийг дэлхийд гаргатал нь шинэчлэн ган сэлэм шиг хурц иртэй, газарт эрчлэх хуй салхи шиг эрч хүчтэй, оройд нь хүрч, оргилд гарахаар онцгой онцгой бүтээлүүд туурвия хэмээн оюуны болоод биеийн онгод нь хөглөгдөв.
Тэнгэрлэг уран бүтээлч хүн, тэнгэрийн даллагатай Дэл уул хоёр бие биенээ хэрхэн яаж огшоохыг “амьд”-аар нь үзсэн бидний хэдэн хүн эгээтэй л Баярбаатар шиг бүжиг дэглээч, бүжигчин, хөөмийч, морин хуурч, ерөөлч магтаалч болчихсонгүй.



ГОВЬ-АЛТАЙН ШАРГЫН ГЕНЕРАЛ, БҮЖИГ ДЭГЛЭЭЧ ХОЁР ГАВЬЯАТ ЦОЛТОН ДЭЛ УУЛАНД ОЧИЖ АДИС АВАВ.
Дэл уулын хадны зураг зэрэг түүх соёлын хосгүй нандин дурсгал , Цагаан суваргын байгалийн өвөрмөц гайхамшигийг үзэн ид шидийн их енергээс нь оюун ухаан, бие сэтгэлээ баясган эрч хүч авахаар тал талаас нийлсэн бидний хэдэн хүн Дэл уул уруу яваад ирлээ.
Манай нутаг сайхан байна. Бороотой ногоотой нууртай устай хачин сайхан зусаад халуун намартайгаа золгож байна.
Бид Дэл ууланд зуны адаг сарын сүүлийн өдөр очоод намрын эхэн сарын эхний өдөр буцсан.

Манай багт Монгол бүжгийг Дэл уулын хадны зургаар дөрөөлөн дэлхийн дэвжээнд гаргахаар зориг шулуудсан бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатар,телевизийнхэн "Ийгл"-ийн гэдэг, сониныхон "Ил товчоо"-ны гэдэг, зохиолчид голдуухан "Гоймон" хэмээн авгайлдаг төр нийгмийн зүтгэлтэн хошууч генерал Лувсангийн Пүрэвдорж /гэр бүл хүүхдүүдийн хамт/, “Анд” студын захирал Бадамдаарийн Энх-амгалан бид хэд. Аймгаас Музейн захирал Маамын Бямбажав нэмэгдсэн. Пүрэвдорж генерал Соёлын гавьяат зүтгэлтэн цолтой, бүжиг дэглээч Баярбаатар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой мундагууд. Энх–Амгалан монголын анхны мэргэжлийн кино студи байгуулсан анхдагч, Бямбажав захирал Дэл уулын түүх соёлын дурсгалыг төрийн өмнө хариуцдаг эзэн нь, дарга нь. Пүрэвдорж генерал, Баярбаатар Гавьяат хоёр Говь-алтайн Шарга сумынх, Бямбажав, Энх-амгалан бид гурав Дэл уулын угшилтай хүмүүс.
Дашрамд сонирхулахад Говь-алтайн Шарга сум нь алдарт Шаргын говь, алдарт Хасагт хайрхан, Хантайшир, Хар азаргын болон Дарвийн нуруу багтсан, монголд цор ганц байдаг газрын доорх хүрхрээтэй /нэгэн киноноос болж нууцаа алдсан энэ хүрхрээ сүүлийн үед шуугиан дэгдээж байгаа/ зэрэг гайхалтай байгаль орчинтай, халх, ойрад зэрэг хэд хэдэн үндэстэн оршин суудаг сонирхолтой нутаг. Монголын хамгийн олон генерал цолтон төрсөн онцлогтой сум.
Биднийг аймаг уруу ороход сэтгүүлч Сандагдоржийн Пүрэвсүрэн, Музейн захирал Маамын Бямбажав, Онгоцны буудлын Жанлавын Мөнхтөр нар угтан авч Аймгийн музей, Онгоцны буудлаар оруулан үзүүлж, танилцуулж, хууч хөөрч, танилцаж, дайлж цайлж, уулгаж идүүлэн Дэлийн зүг үдэж өгөв. Нутгийн ахан дүү нар сайхан хүлээж авсан.
Сэтгүүлч Пүрэвсүрэн нь Багаас нь хамгийн олон авьяастан, хамгийн олон төрийн түшээд төрсөн Өлзийт сумын Буянт багийн хүн. Ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ, Ардын жүжигчин Адилбишийн Нэргүй зэрэг ах дүү гурван гавьяат, хоёр ардын жүжигчин, УГЖ Цэрэнгийн Чулуунцэцэг нарын ах дүү гурван дуучин төрсөн Буянтын буурал толгодын хүн. Пүрэвсүрэн нь дунд сургуульд багш, засаг захиргааны байгууллагад дарга даамал, Монголын радио, Үндэсний телевиз, төрийн болон төвийн олон хэвлэл, сонины орон нутаг дахь сурвалжлагч бие төлөөлөгч, Дундговь Хэнтийд аймгийн сонины эрхлэгчээр 40 гаруй ажиллаж, “Миний нутгийн алтан бурхад” зэрэг хэд хэдэн ном бичсэн, Хэвлэл мэдээллийн байгууллагын хүндтэй ахмад ажилтан хүн.
Дундговийн хүн зон, байгалийн үзэсгэлэнт газрууды тухай миний бичиж интернет орчинд тавьсан олон материалыг өөрийн эрхлэн гаргадаг “Дундговийн мэдээ” сонин, Дундговийн вэбсайтуудад гаргаж өгч байдаг буянтан.
Бямбажав нь санхүү төрийн захиргааны мэргэжилтэй, аймгийн музейд 20 гаруй жил ажилласнаас сүүлийн 10 жил нь Захирлаар ажиллаж байгаа хүн. Дундговь аймгийн байгалийн болон түүх соёлын ховор нандин дурсгал зэргийг харуулсан өнгөт цомгууд, “Зава Дамдин мөнхөд оршиг” зэрэг хэд хэдэн ном товхимол, музейн үзмэрүүдийнхээ тухай судалгааны материалууд эрхлэн гаргасан эрдэм номын хүн.
Дундговь аймгийн өвөрмөц байгаль орчин, түүх соёлын дурсгал, хүн ардын зан заншил, хөдөөгийн өвөрмөц соёл зэргийг нарийн мэдэрсэн, аймгийн музейн үзмэрүүдийнхээ тухай нэвт мэддэг хүн юм билээ. Дахин давтагдашгүй ур хийцтэй, өндөр үнэ цэнэтэй, хадгалалтын нарийн горим шаарддаг, янз бүрийн онц цагийн шалгуур давж дааж ирсэн урлагийн болоод түүх соёл, хувь хүний холбогдолтой олон зуугаар тоологдох элдэв үзмэрийг хадгалах, үзүүлэх, зөөж зөөвөрлөх, судалгааны зэрэг янз бүрийн зорилгоор бусад газар түр шилжүүлэх гээд түмэн ажилтай, ажил бүр нь туйлын хариуцлагатай хандах шаардлагатай хэцүү ажил билээ. Музейн даргынх амаргүй ажлыг энэ шавилхан эмэгтэй тун сайн хийж байгаа юм байнадаа гэж бодогдсон.
Дашрамд дурдахад Бямбажавын өмнө Дэл уулаас гаралтай Ланганы Мөнхбаяр асан аймгийн музейн даргаар тасралтгүй 26 жил ажилласан байдаг юм. Дэл уулын хадны зураг хэмээх "амьд" үзмэрийн “дарга”-аар сүүлийн 30 гаруй жил дандаа яг тэр нутгийн хүн ажилласан нь сонин.
Бичээчийн Батмөнх
2017-08-28 

ДЭЛХИЙД ГАЙХАГДАХ АЛТНЫ НӨӨЦ ИЛЭРСЭН ДЭЛ ХӨНЖИЛИЙН УУЛ.
Монголын говиос Оюутолгойгоос дутахгүй нөөцтэй орд хэд хэд илэрч байгаа гэнэ гэсэн мэдээ дуулдах болсон. Өнгөрсөн жил эдгээрээс заримыг зарлаж байсан удаатай. Тэдгээрийн нэг нь Хармагтайн орд. Хэдхэн хоногийн өмнө Хармагтайн ордын тухай төвийн нэгэн хэвлэлд гарсан мэдээ нэлээн шуугиан тариад одоо ч намжаагүй байна. Шуугиан тарих болсны учир нь түүнийг нөгөө муу нэрт луу данст улс төрчид булаалдаж эхэлсэн бололтой юм. Энд би өөрийн мэдэх Хармагтай гэдэг газрын тухай цухас дурдъя.
Хармагтай бол миний хүүхэд байхдаа хурга хариулж байсан газрын нэг. Хармагтай бол ус, бэлчээр, ургац сайтай сайхан нутаг. Нутгийнхан Булаг Хармагтай гэдэг юм. Хармагтай нь Дэл Хөнжилийн уулын урд энгэрт Дундговийн Өлзийт, Өмнөговийн Манлай, Цогтцэций сумдын заагт байдаг. Хармагтайн баруухан талд нь Өвөр дэрсэн ус гэдэг худаг бий. Өвөр дэрсэн ус бол гучаад оны их үймээн, нүүдэл суудал, Дэлийн дээрэмчин хэмээх Дэлэгсамба, Улсын баатар Түвдэнгийн Бор нартай нэр холбогдон түүхэнд нэр нь үлдсэн газар. Мөн Дундговийн Өлзийт сум /тухайн үед Өмнөговь аймгийн сум байсан/ 90 гаруй жилийн өмнө энэ усан дээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Хармагтай, Өвөр дэрсэн ус хоёроос холгүй Хөнжилийн ууланд говийн томоохон хийдүүдийн нэг болох Далайн хийд гэж байсан.
Хармагтайгаас урагш говийн алдарт Говь Шанхын хэц /зарим нутагт Шанхайн хэц ч гэдэг/ үргэлжилдэг. Говь Шанх бол хурдан удмын адуугаар монголдоо алдартай нутаг.
Нутгийнхан Шанхайн ар, Хармагтай орчмоор геологи хайгуулын ажил сүүлийн 50-иад жил тасралтгүй хийгдэж байгаа гэж ярьдаг. “Нэг юмны үнэр авчдээ” гэдэг шиг тэндээс хоёр дугаар Оюутолгой аль эртнээс ханхалж байсан бололтой юм.
Дэл Хөнжилийн уулс хөрсөн дээрээ дэлхийн түүх бичээстэй, хэвлийдээ дэлхийн хэмжээний алт эрдэнэсийн орд тээсэн газар нутаг.
Дэл Хөнжилд төрсөн Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа дөнгөж өчигдөр /2017-08-17/ “Дэлхийн гарамгай яруу найрагч” цол хүртэж байхыг бодоход тэндээс дэлхийн хэмжээний хүн ч төрдөг бололтой.
Бичээчийн Батмөнх.
2017-08-18

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН НУТАГ ДАХЬ ЦАГААН СУВАРГА

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь түүх соёлын үнэт дурсгал хадгалж буй Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Их салхи шуургатай үед мал уруудаж унаж үхэх явдал байдаг. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэнэ.
Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 70 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.
Цагаан суварга нь Улаанбаатар-Өмнөговийн засмал замаас 35 км байдаг болно.
Цагаан суваргын байгалийн өвөрмөц тогтоц нь Америкт байдаг алдарт Grand Canyon хэмээх цогцолбортой адил төстэй тул судлаачид, фотозурагчид, жуулчид ялангуяа байгалийн адал явдалт аялал жуулчлал сонирхогчид ихээр сонирхож байгаа тул цаашид сайн сурталчилан аялал жуулчлалийн томоохон бүс болгох шаардлагатай байгаа болно.
Бичээчийн Батмөнх
2015-08-05


НОМ ГАРГАЛАА.
Хүн хүүхэдтэй болох, мод тарих, байшин барих, ном бичих ёстой юм гэсэн. Нэг ном бичээд хэвлүүлчихлээ. Том бишээ 108 нүүртэй. 
Цахим орчинд бичиж тавьснаа ном болгон гаргах санаа сэдлийг ФБ-ийн найзууд тавьсан тул та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Ном бичих, хэвлэлд бэлтгэх гэдэг мундаг том ажил байдгийг өөрийн биеэр мэдэрлээ. 
Номоо хэвлүүлснээс хойш номыг үнэлэх үнэлэмж, номын зохиогчийг хүндэтгэх хүндлэл хоёр эрс өөрчлөгдсөн. 
Ном бичих, түүнийгээ хэвлүүлчихээд хараад сууж байх сайхан юмаа.
Миний анхны номыг сонирхож болно, авч болно.
Наадмаар зав гарсан үедээ бодлын бичээснээс минь уншиж бас болно.

"БОДЛЫН БИЧЭЭС" хэмээх энэ номноос:
• Дундговийн Өлзийт суманд байдаг дэлхийн мянган жилийн түүх бичээстэй нэгэн уулын тухай
• Хэн ч анзаарахгүй байсан нэгэн хадны зураг Монголын бүжгийн урлагт шинэчлэл авчирсан тухай
• 2016 онд Дундговь аймгийн нэгэн жалганаас нь хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн 4000 цул мөнгөн зоос олдсон тухай
• Одоогийн автомашины дохиолол дэлхийд нээгдээгүй байхад хөдөөний монгол жолооч аль хэдийн хийчихсэн байсан тухай
• Тав дахь үеэ үзсэн ижий, дөрвөн ижийгээ үзсэн хүүгийн тухай
• Монгол Улсын баатар НЭГ, МУ-ын гавъяат цолтон ДОЛОО, ардын жүжигчин НЭГ, Төрийн шагналт зохиолч НЭГ, МУ-ын Ерөнхий сайд НЭГ, Улсын арслан цолтой бөх НЭГ тус тус төрөн гарсан нэгэн сонирхолтой уулын тухай
• Эртний нүүдэлчин монголчуудад холбооны ганц ч хэрэгсэлгүй атал мэдээлэл гайхалтай хурдан тархаж байсны нууц
• Монгол аавтай, түвд ээжтэй, Энэтхэгт төрсөн, унаган англи хэлтэй монгол дуучны тухай
• Өдөр нь салгаад тавихад шөнө нь буцаад нийлчихдэг чулууны тухай
• Нэг айлаас төрсөн ах дүү дөрвөн эрдэмтэний /доктор/ тухай
• Монголчуудыг бэдрэн ядрах үед өвөртөө бөөцийлж, мандан бадрах үед оргил дээрээ гарган уухайлуулдаг хайрханы тухай гэх мэт зүйлийг унших болно.
Бичээчийн Батмөнх
2017-07-05

ОВОО БИД ХОЁР
Монгол хүн овоон дээр гарч хийморио сэргээдэг.
Бүүр хамгийн өндөр оргил дээр нь гарах чин хүсэлтэй байдаг.
Овоон дээр гарах үнэхээр сайхан. 
Ер нь хүн, овоо хоёр хүйн холбоотой.
Хүн болгонд “Овоо бид хоёр” байдаг.
Жишээ нь минийх:
Дэл уулын Авдрангийн Хар овооны бууцанд мэндэлсэн,
Дэл уулын Хонгор хайрхан, Алагийн хошуу, Хамар ус, Буянтын сүүж, Бэрх, Гурван ухаа зэрэг овоонуудын дунд найман жил,
Дундговийн Мандалговийн Хар овооны энгэрт арван жил,
Дархан уул аймгийн Дархан овооны энгэрт дөрвөн жил,
.... овоо
.... овоо
Хамгийн сүүлд Чингэлтэй овооны энгэрт 40+... жил гэх мэт.
Мөн олон олон овооны оргил дээр гарсан.
Одооч олон олон овоон дээр гарч хийморио сэргээнэ.
Сайхан байдаг юм.
Овоон дээр гарцгаа, оргил дээр нь гарцгаа хийморь чинь сэргэнэ, сэтгэл чинь ариусна,бие чинь илааршина, нүд чинь баясна.
Хүн болгонд олон олон овоо бий, овоо болгоноо хүндэтгэе.
Бичээчийн Батмөнх
ДЭЛ ХӨНЖИЛД ЯАГААД ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН МАШ САЙХАН ЗУН БОЛЖ БАЙГАА ВЭ?
Дундговь аймгийн Өлзийт сумынхан болоод тэр нутагт төрж өссөн уугуул иргэд түүх соёлын үнэт өв агуулсан Дэл Хөнжилын уулс, байгалийн хосгүй үзэсгэлэнт Цагаан суварга хэмээх залгаа орших хоёр нутгийг олон түмэнд таниулах, алдаршуулахаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Түрүүчээсээ үр дүн нь гарч шинжлэх ухааны салбарт Дэлийн хадны зурагт гадаад, дотоодын судлаачид анхаарлаа хандуулж эхэлсэн, аялал жуулчлалын салбарт Цагаан суваргын үзэсгэлэнт газрыг монголд ирсэн жуулчдын ихэнх нь очиж үздэг болсон, урлагийн салбарт Дэл уулын хадны зургаар хийсэн цуврал бүжгэн жүжиг монголын бүжгийн урлагт цоо шинэ урсгал болон нэвтэрч эхэлсэн зэрэг болно.
Мөн Дэл уулын хадны зургаар нийслэлд томоохон үзэсгэлэн гарсан бөгөөд теле нэвтрүүлэг, баримтат кино, ном товхимол гарахаар бэлтгэгдэж байна. Цаашид энэ нутгийг төрийн тусгай хамгаалалтад авч ЮНЕСКО-д бүртгүүлэх талаар холбогдох төрийн байгууллагууд анхаарал хандуулж байна.
Хүн байгальдаа, уул овоондоо хүндэтгэлтэй хандвал дэлхий хишгээ харамгүй хайрладгийн бодит жишээний тухай сонирхуулах гэж би энэ постыг оруулж байгаа юм.
Энэ нутагт сүүлийн гурван жил дараалан маш сайхан /маш сайхан шүү/ зун болж өвөл нь өнтэй байсан. Сүүлийн гурван жилийнх шиг сайхан зун энэ нутагт 10 жилд нэг удаа тохиодог, ихэнхдээ гандуу байдаг болсон тухай нутгийн иргэд ярьдаг. Харин сүүлийн жилүүдэд өөр болжээ.
Энэ жил гэхэд л Дундговьд хамгийн сайхан зунтай газрын тоонд Өлзийт сум, тэндээс хамгийн сайн зуншлагатай нь Дэл Хөнжил болж байгаа гэсэн.
Уул овоо тахихаар их бага ямар нэг хэмжээгээр заавал бороо ордгийг хүн болгон мэддэг болсон. Цаг сайхан болох нь эсэх нь янз бүр. Гэхдээ овоо болгоныг тахихаар бороо орохгүй, мөн овоог ламын номоор, бөөгийн дуудлагаар, төрийн зарлигаар тахидаг гэх мэт олон юм бий.
Ганц нэг айл уламжлал ёсоор уул овоондоо хүндэтгэл үзүүлснийг эс тооцвол Дэл Хөнжилд сүүлийн гурван жилд тахилга болоогүй. Гэхдээ энд хамгийн сайхан зун болсоор л байгаа.
Энэ бол нутгийн уугуул зон олон төрөлх нутагтаа гүн хүндэтгэлтэй хандаж байгаагийн хариу юмдаа.

Дэл Хөнжилийн минь хишиг буян таныг ч гэсэн ивээх болтугай.
Бичээчийн Батмөнх.
2017-07-01

ЦООХОР ДЭЭЛ, АЛАГ МОРЬ
Манайхан цагаан сараар монгол хувцсаараа гангарахаар шийдэж хувцас сонготол том хүү Золоод ганц цэнхэр цамцнаас өөр монгол маягийн юм байсангүй. Ээж нь амьтан муу хэлнэ өөр юм ав гэхэд хүү хариуд нь “Баттулга цоохор дээлтэй явсаар УИХ-д хэд хэд сонгогдсон, хүн муу хэлэхгүй л байгаа биздээ” гэсэн яриа өрнөж байсан удаатай.
Залуухан дэслэгч Дандарыг тулалдаанд унах морио сонгох гээд хамгийн сүүлд очиход шилэгдэж үлдсэн хэдэн адуунаас сонгох болов. Хүүхэд байхдаа унаж байсан алаг мориныхоо зүсийг бэлэгшээгээд нэг алаг морийг сонгожээ. Тэгэхэд нь агтчин өвгөн энэ залууд ч муухан унаа таарлаадаа гэж бодож байсан гэдэг. Гэтэл тэр гологдол алаг морь эзнээ МУ-ын гарамгай /гарамгай шүү/ баатар болгож эзнийгээ өөртэйгээ хамт түүхэнд үлдээсэн.
Өөрт таарсан өнгөө гэж...
Бичээчийн Батмөнх
ХУУРАЙ АГСАН ТАВЬЯ 
Монголын сонгууль бол монголчуудыг талцуулдаг, хагаралдуулдаг, бие биенээ хамгийн муу муухайгаар дуудалцдаг, хувь хүний ариун нандин юмруу халддаг, өнгөрсөн элэрсэн баларсныг нь ухдаг, залуу насны алдаагаар нь даажганадаг, эцэг эх үр хүүхдээр нь гоочилдог, бие биенээ гүтгэдэг, гүжирддэг, хараадаг, айлгадаг, ичээдэг, дарамталдаг гээд хамгийн муу муухай болгон гардаг хамгийн адгийн эд байна.
Ганчимэг сэтгүүлчийн хэлдэгээр бүх юм нь өө сэвгүй, хэт ухаалгийн хорвоод ирээгүйшдээ бид чинь. Бүх хүн алдаатай оноотой сайнтай муутай.
Хэдэн хүн дундаа зогсоочихоод тал талаас нь шүлсээр булаад байхыг сонгууль гэдэг баймааргүй юм. Хүн муулж байвал өөрт нь сайн сайхан ирдэг гэж хэн хэлчихсэн юм болоо. Сонгууль болохоор л хөгшин залуугүй эр эмгүй бүгдээрээ хэд хуваагдаж байгаал өнгөрсөн болоод одоо байгаа хүмүүсээ, нийгмээ, хавь ойр юу байна харсан болгоноо бүгдийг муулах дон тусцгаах юм. Хэцүүмаа.
Урлагийнхан, тамирчид адилхан нэг нэг хүн дагаад явцгааж байж нөгөө хүн дагасан адилхан хүмүүсээ үгийн муухайгаар хэлэх юм. Яахнэвдээ.
Хэнээс гуйхааргүй өөрийн унаган авьяас чадвараараа хоолоо өлхөн олоод идчихээр хүмүүс улс төрчдийг дагаа л алиа салбадай гэдэг шиг л навсайчих юм. Тэднийг дагахгүйгээр алдар гавьяаны оргилд гарсан хүмүүс зөндөө л харагдах юм.
Сонгууль ард түмэн төр барьдаг өдөр гэдэг, үхсэн хатсных нь төр барих байхав, бараг Төрөө болон Төрд гарах хүнээ доромжилдаг баалдаг сарын ажил болчихсон юм бишүү.
Яамаар ч юм бэ дээ.
Б.Батмөнх
“ФРАНЦЫН СУУТ ХҮҮ БОЛОХ МИНИЙ ХҮҮ СЭР СЭР” 
“ФРАНЦЫН СУУТ ХҮҮ БОЛОХ МИНИЙ ХҮҮ СЭР СЭР”
Италаас францад цагаачилж ирээд удаагүй байсан жирийн нэгэн айлд хүү төржээ. Хүүдээ эхлээд итал нэр өгсөнөө нэгэнт л францад амьдарч байгаа юм чинь гэж бодоод түүний нэрийг франц маягийн нэрээр сольжээ.
Ач хүүгээ франц хүн болгохыг туйлаас хүсч байсан эмээ нь түүнийг сэрээхдээ өглөө бүр “Францын суут хүү болох миний хүү сэр сэр” гэж дууддаг байжээ.

Хүүгийн чихэнд өглөө бүр сонсогдсон суут хүү гэсэн үг биелэлээ олсон уу, эсвэл эмээгийн чин сэтгэлээсээ хэлсэн үг биелсэн үү ямар ч байсан итал цагаачийн бяцхан хүү хожим Францын суут хүү болсон нэгэн сонирхолтой түүх байдаг.
Энэ хүү бол хүн төрөлхтний түүхэнд тодорсон цөөхөн цэргийн суут жанжнуудын нэг, Францын хаан ширээнд хоёр удаа суусан, францыг европын хамгийн агуу гүрэн болгож чадаж байсан, францын үдэсний баатраар өргөмжлөгдөж байсан, цэргийн номлолоороо түүхэнд агуу байлдан дагуулагч хэмээн хүлээн зөвшөөрдсөн, цагтаа европ тивийг тэр чигээр нь өөрийн хяналтад авч байсан та бидний мэдэх агуу Наполеон байв.
Үг хүчтэй нь ч үнэн, мөрөөдөл биелдэг нь ч үнэн.
Б.Батмөнх.
УХААНТ ЭЭЖ ХҮҮГЭЭ АГУУ ХҮН БОЛГОСОН НЭГЭН ТҮҮХ
/Уншчихмаар түүх/
Америкийн Огайо мужид хотод төрсөн нэгэн хүү сургуульд ороод гурван сар болоод багшийнхаа өгсөн нэгэн зурвасыг ээждээ авчирч өгчээ.
Ээж нь түүнийг уншаад ихэд уйлжээ.
Тэгээд хүүдээ багш нь ийм бичиг өгч явуулжээ миний хүү гээд "Таны хүү хэтэрхий содон ухаантай учраас бидэнд сургах хэмжээний чадварлаг багш алга иймд сургах асуудлыг та өөр дээрээ авна уу" хэмээн МАШ чангаар уншиж өгчээ.
Олон жилийн дараа хүү ээжийнхээ үлдээсэн юман дотроос нөгөө зурвасыг олж үзтэл "Таны хүү оюуны хомсдолтой тул бусад хүүхдүүдтэй хамт сургах боломжгүй тул та өөр дээрээ авна уу" гэсэн байжээ.
Захиаг уншаад тэр ихэд уйлжээ.
Энэ үед тэр эрин зууны алдартай зохион бүтээгч болчихсон, дэлхийн суут ухаантануудын жагсаалтанд аль хэдийн багтчихсан байжээ.
Тэр нэгэн тэмдэглэлдээ "Би багадаа оюуны хомсолтой хүүхэд байсан боловч ухаантай ЭЭЖИЙНХЭЭ хүчээр энэ алдрын оргилд хүрч чадсан юм" хэмээн бичсэн байдг аж.
Энэ хүү бол дэлхийн ШУ-нд мянга гаруй нээлт хийж хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн гарамгай зохион бүтээгч хэмээн алдаршсан суут зохион бүтээгч Томас Эдисон байсан юм.
Б.Батмөнх 

 Хотынхонд хүн чанартай байх нөхцөл үгүй, хөдөөнийхөнд хүн чанаргүй болох нөхцөл үгүй

ХАДНЫ ЗУРАГНААС СЭДЭВЛЭСЭН ХОЁР ДАХЬ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МОДЕРН ЭТНО БҮГЭН ЖҮЖИГ ГАРАВ.

Дундговийн Өлзийт сумын Дэл уулын хадны зурагнаас сэдэвлэн "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг ноднин /2016/ яг өдийн СУИС-ын Бүжгийн сургуулийнхан тавьж байсан. 
Энэ сургуулийнхан энэ жил Хэнтий аймгийн Биндэр уулын Рашаан хаднаа 10 мянга гаруй жилийн өмнө сийлсэн олон арван тамганы дүрсний дундах бүжиглэж буй хүний дүрсээс сэдэвлэн “Тамганы бүжигчин” хэмээх этно модерн бүжгэн жүжгийг тавьжээ.
Хоёр ч удаа тоглов. Судлаачид болон мэргэжлийн хүмүүсийн сонирхолыг нилээн татаж буй бололтой байсан.
Доктор С.Дулам зохиолыг бичиж, Ш.Өлзийбаяр хөгжмийн зохиолийг , Г.Түвшинтөр хөгжмийн найруулгыг хийж бүжгэн жүжгийн цомнол, найруулагчаар Д.Энхбаяр, ерөнхий зураачаар О.Энхтайван, бүжиг дэглээчээр М.Мөнгөнцэцэг нар ажиллажээ.


Б.Батмөнх 2017-04-27

Tuesday, May 30, 2017

АНУЖИН ЧАДАЖ БАЙНА
Монголын телевизид ойрын жилүүдэд гараагүй сайн нэвтрүүлгийн санаачилсан, хийсэн, хөтөлсөн хүн бол Пүрэв-Очирын Анужин. Телевизийн мэргэжлийн биш, сэтгүүлч биш, урьд нь телевизд ажиллаж байгаагүй гэхэд Анужин чадсан, гайхалтай чадсан. Түүний эхлүүлсэн өөрийнх нь зохиогчийн эрхтэй "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг яг түүний анх тавьсан загвараар цаашид үргэлжилж байгаа юм билээ.
Тэр Монголын кино урлагт, монголын сэтгүүл зүйд онгорхой байсан баримтат кино хэмээх нэгэн том орон зайг нөхөхөөр эхэлжээ. Ялангуяа хөрөг чиглэлээр нь.
Бичээчийн Батмөнх.
2017-04-28

Анужин "Монгол тулгатны 100 эрхэм"-ээс дутахааргүй жин дарах нэгэн шинэ уран бүтээл санаачлан хийж эхэлжээ. 
Баримтат кино бол түүхийн маш чухал бүтээл. Монголд 1935 оноос эхэлж хөгжөөд 1990-ээд онд бараг зогссон. Энэ 60-аад жилийн хугацаанд 700 гаруй бүрэн хэмжээний баримтат кино хийгдсэн гэнэ. Одоо телевизүүдээр зарим нь гарч байгаа харагддаг.
Баримтат кино гадаад орнуудад өндөр хэмжээнд хөгжсөн байдаг. Youtube-руу Documentary films гээд ороход тэнд хэдэн зуугаар бий. Олон улсын баримтат киноны фестивалиуд олон газар болдог. "Заавал үзэх шилдэг 10 кино" гэх мэт төрөл бүрийн ангилал, загварууд улс төрчид, бизнесийнхэн, зарим онцгой мэргэжлийнхний дунд яригддаг. Манай томоохон бизнесменүүд зарим кинонуудыг хэрэг болгон монгол хэлэнд хөрвүүлж тодорхой хүрээнд үзүүлдэг юм билээ. Эдгээрээс зарим нь Youtube-д тавигдаж CD-гээр тараагдсан гэсэн.
"Нохойн орон"-ны хэмээх сэтгүүлч Доржхандын Төрмөнх Dorjkhand Turmunkh маань Женко Баттулга, З.Энхболд, Дорлигжав зэрэг хүмүүсийн тухай зузаан зузаан сайхан сайхан ном бичсэнийг бид мэднэ. Энэ их сайн хэрэг, ялангуяа улс төрчдөөс өөр чиглэлийн мундаг мундаг хүмүүсийг ингэж бичвэл бүүр ч сайн. Тэгвэл Анужингийн энэ бүтээл түүнээс дутахгүй том бүтээл. Монголын кино урлагийн түүхэнд төдийгүй монголын түүхэнд үлдэх дорвитой бүтээл. Баримтат кино бол түүхэнд үлддэг чухал материал. Ялангуяа тухайн хүний хөрөг кинонууд. Манайд "Сэмүүн"-ний Баяр Bayar Banzragch зэрэг ганц нэг уран бүтээлчдийг эс тооцвол баримтат киноны бүтээл гарахгүй шахуу байгаа. Сайн хөгжвөл манайд агуу хүмүүс ч их бий, дэлхийн чихийг дэлдийлгэхээр агуу сайхан сэдэв ч их бий.
1990-ээд он хүртэл Монголын баримтат киног Ц.Зандраа, Я.Хишигт, О.Уртнасан, Б.Сумхүү, Ц.Наваан гээд монголын кино урлагийн агуу том уран бүтээлчид авч явсныг бид мэднэ. Тэдний хийсэн бүтээл цагтаа Олон улсын олон уралдаан тэмцээнд дээгүүр байр эзэлж, зарим нь түрүүлж байсан.
Тэгвэл тэдгээр агуу уран бүтээлчдийн хийж бүтээж байсныг Анужин хэмээх шавилхан бүсгүй үргэлжлүүлэхээр зориг шулуудан "МонГал Товчоон" портрэментари төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Одоо түүнд хуримтлуулсан туршлага байна, олж авсан мэдлэг байна, зааж зөвлөх ахмадууд байна, тусалж дэмжих мэргэжлийн баг байна, урам хайрлаж дэм өгөх Монголчууд байна тэр чаднаа.Бүүр мундаг чадна, харж байгаарай. 
2017-05-25
ТӨРИЙН ШАГНАЛТ ДОЛГОРЫН НЯМААГИЙН
 НОМ ДАХИН ХЭВЛЭГДЛЭЭ
Дундговийн Өлзийт сумын харьяат Төрийн шагналт, СГЗ зохиолч яруу найрагч Д.Нямаагийн дурдатгалын "Тэнгэрийн хаяа" хэмээх гайхалтай номыг "Зохист дорно" хэвлэлийн газраас санаачлан дахин шинээр хэвлүүлжээ. 
Богино шүлгийн мастер хэмээн хүндлэгдэх болсон яруу найрагч Д.Нямаа өөрийн туурвисан бүтээлээрээ эмхэтгэн гаргасан 10 гаруй номны дотроос хамгийн их дуулиан шуугиан тарьсан нь энэ ном.
Бажуудайн Ганбат асан, зохиолч Г.Аким, Т.Баасансүрэн нарын хэд хэдэн зохиолч, судлаач нар хүмүүс энэ номыг жинхэнэ нүүдэлчин монгол хүний тэмдэглэл мөн гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Энэ номын талаар олон шүүмж, судалгааны материал гарсан.
20-р зууны нүүдэлчин монголчуудын бодит амьдрал ямар байсан, хэрхэн аж төрж байсан, хөдөөнийхөн ялангуяа аль ч улирал нь илүү хахир яхир байдаг говийнхон жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрнө гэдэг ямар сүрхий хүнд амьдрал болохыг маш тодорхой гаргасан гэж үздэг юм билээ.
Хөдөө байсан хэн ч танихгүй хүний бага эмч жижигхэн хүү Төрийн шагналтан, Соёлын гавьяат болтлоо алдар хүндийн оргилд хүсэн замналаа маш сонирхолтой хэлбэрээр бичсэн ном.
"Тэнгэрийн хаяа"-ны эхний хэвлэл нь зарагдаж дуусаад эрэл сурал ихтэй байсан тул Дарьганга нутгийн бүсгүй Төгсжаргал Zuuzuu Bek хэвлэх санаачлаг гаргаж уншигчдад болон өвгөн зохиолчид буян болсонд гүн талархал илэрхийлье.
Тэр зүгээрч нэг урьдах номыг нь хуулаад гаргасангүй зохиогчийн хамгийн шилдэг 100 гаруй шүлгийг уг номонд багтаасан нь улам уншууртай сонирхолтой болгожээ.
Монголын нэрт зураач Содномын Төгс-Оюун Tugsoyun Sodnom говь, тэмээ хоёрын тухай хамгийн сонирхолтой зургаараа энэ номыг чимэглэж өгсөн байна.
Нутгийн эрхэм хүүдээ гүн хүндэтгэлтэй ханддаг Дундговийн Өлзийт сумынханы айл бүрийн хойморт заларч байсан энэ ном одоо улам шинэчлэгдэн зураг, шүлэг, шинэлэг дизайн зэргээр өнгө, донж нэмэн гайхалтай сайхан хэвлэгджээ.
Ном дор мөргөмүү, Долгорын Нямаа найрагчийг хүндэтгэмүй.
Б.Батмөнх
20-р зууны нүүдэлчин монголчуудын бодит амьдрал ямар байсан, хэрхэн аж төрж байсан, хөдөөнийхөн ялангуяа аль ч улирал нь илүү хахир яхир байдаг говийнхон жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрнө гэдэг ямар сүрхий хүнд амьдрал болохыг маш тодорхой гаргасан гэж үздэг юм билээ.Хөдөө байсан хэн ч танихгүй хүний бага эмч жижигхэн хүү Төрийн шагналтан, Соёлын гавьяат болтлоо алдар хүндийн оргилд хүсэн замналаа маш сонирхолтой хэлбэрээр бичсэн ном."Тэнгэрийн хаяа"-ны эхний хэвлэл нь зарагдаж дуусаад эрэл сурал ихтэй байсан тул Дарьганга нутгийн бүсгүй Төгсжаргал Zuuzuu Bek хэвлэх санаачлаг гаргаж уншигчдад болон өвгөн зохиолчид буян болсонд гүн талархал илэрхийлье. Тэр зүгээрч нэг урьдах номыг нь хуулаад гаргасангүй зохиогчийн хамгийн шилдэг 100 гаруй шүлгийг уг номонд багтаасан нь улам уншууртай сонирхолтой болгожээ. Монголын нэрт зураач Содномын Төгс-Оюун Tugsoyun Sodnom говь, тэмээ хоёрын тухай хамгийн сонирхолтой зургаараа энэ номыг чимэглэж өгсөн байна. Нутгийн эрхэм хүүдээ гүн хүндэтгэлтэй ханддаг Дундговийн Өлзийт сумынханы айл бүрийн хойморт заларч байсан энэ ном одоо улам шинэчлэгдэн зураг, шүлэг, шинэлэг дизайн зэргээр өнгө, донж нэмэн гайхалтай сайхан хэвлэгджээ.Ном дор мөргөмүү, Долгорын Нямаа найрагчийг хүндэтгэмүй. Б.Батмөнх