Wednesday, December 21, 2016


АМЕРКИЙН ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААН ДЭЭР ХАДНЫ ЗУРАГ БАЙНА, 
ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ...
Миний эрхэм дотнын нэг хүн АНУ-д гэр бүлээ батлуулаад гэрлэлтийн гэрчилгээнийхээ зургийг нь өнөөдөр надруу явуулж. Харсан чинь лого юмуу эмблем юмуу нэг маш чухал хэсэг дээр нь дөрвөн төрлийн хадны зураг, тэхдээ бүүр урьд нь харсан баймаар зурагнууд байв. Хамаг зургаа уудлаад тулгаж үзсэн чинь гурав нь манай Дэлийнхтэй нэг нь Баянхонгорын Баянлигийн хадны зурагтай ижил төрхтэй юм. 
Дэл уулын хадны зургаа хаданд гаргах гээд үзээд байсан чинь аль хэдийн хаданд гарчихсан америк гүрний гэрлэлтийн баталгааных нь билэг тэмдэг болчихсон байнашдээ ккк.
Баярлалаа америкчуудаа .
Та бүхэнд мэхийсэн Бичээчийн Батмөнх
2016-12-20




ИНЭЭЖ БАЙВАЛ САЙН БҮХЭН ИРЖ,
 МУУ БҮХЭН ХОЛДДОГ
Сайхан инээмсэглэл, сайхан инээх нь хүнд гэрэл гэгээ, ид шидийг бий болгодог ид шидтэй эд гэнэ. Инээд нь зөвхөн сэтгэл санааг сэргээгээд зогсохгүй, аз жаргалын даавар хэмээгдэх нөгөө гайхалтай ид шидэт эндорфиныг ялгаруулдаг. Инээхэд өрц, хэвлийн булчин ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Мөн уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг, нүүрний болоод бусад арьсыг сэргээдэг,
цусны эргэлт сайжирч ухаан санаа саруул болно гэх мэт зөвхөн бие махбодид нөлөөлөх сайн тал тоолж барамгүй олон байна. Инээхэд муу юм ганц ч байхгүй харин сайн юм дэндүү олон байна. Үнэн байж мэднэ, сайхан инээж явдаг хүмүүс цаанаа нэг баяр баясгалантай, гэрэл гэгээтэй, эрүүл саруул, цоглог өөдрөг байдаг. Сайхан инээж байя, сайхан инээлдэж байцгаая.
Б.Батмөнх.


ХҮНТЭЙ САЙХАН МЭНДЛЭХЭД 

САЙХАН ЭНЕРГИ ИРДЭГ
Монголчууд мэндийн сайхан үг солилцдог уламжлалтай ард түмэн. Таньдаг таньдаггүй ямар ч улсууд уулзахаараа хоорондоо дандаа “сайхан өвөлжиж байна уу, танайхан сайн уу, бие хаа сайн уу, ажил төрөл сайн уу гэх мэт дандаа САЙН, САЙХАН гэсэн үг орсон бэлгэдэлтэй сайхан үгээр мэнд усаа мэдэж яриа хөөрөө өрнүүлдэг. Одоо монголчууд мэндлэхээ больсон. Ялангуяа төв суурин газрын хүмүүс бид таньдаг бол мэндэлдэг, таньдаггүй бол огт мэндлэхээ больсон. Үүнийг бид хотжилттой холбоод танихгүй хар мянган хүнтэй хэнтэй нь гэж мэндлэх юм гэж ойлгодог. Гэтэл үгүй юм байна.
Швейцарийн тухай нэгэн анд ноднин ингэж хуучилсан надад. Швейцарчууд гайхалтай найрсаг, тааралдсан хүн болгонтой мэндэлнэ, таньдаг хүнтэйгээ уулзаад салахдаа баярлалаа баяртай гэхээс гадна өдрийг сайхан өнгөрүүлээрэй , үдшийг сайхан өнгөрүүлээрэй, шөнө сайхан амраарай, сайн яваарай, сайн... сайхан...тэгээрэй ингээрэй гэсэн ерөөлийн болон талархлыг үгийг үнэн сэтгэлээсээ дахин дахин хэлдэг гэнэ. Үйлчилгээний газраар ороход тэдний худалдагч, үйлчлэгч, ачигч хэн байдаг юм бүх хүмүүс нь орж ирсэн бүх хүмүүст сайн байна уу, танд баярлалаа гэдэг үгийг залхтал нь хэлдэг гэв. Эхлээд түвэгтэй санагдаж байснаа сүүлдээ сурчхаад мэндлэхгүй, талархахгүй бол сонин санагдах маягтай болдог гэнэ. Зарим улс оронд нь өглөө гараад тааралдсан хамгийн эхний хүнтэй найрсаг сайхан мэндэлбэл өдрийн ажил сайхан бүтдэг, эсвэл хүнтэй сайхан мэндлэхэд сайхан энерги ирдэг гэж үздэг юм гэнэлээ гэж сонсож байсан.Үүнийг сонссоноос хойш өглөө гараад эхэлж таарсан хүнтэйгээ толгой дохин мэндэлсээр байгаад байрныхаа ихэнх хүмүүстэй танихгүй ч гэсэн мэндтэй болсон шүү. Болмоор л юм билээ.
Б.Батмөнх

БҮТЭН САЙНЫ ОРОЙ ЮУ ҮЗНЭЭ
Хүмүүст үгүйлэгдэхээр юм хийнэ гэж энэ дээ. Манай 100 гаруй, гадаадын хэдэн зуун теле сувгаас монгол хүнд наалдсан ганц сайн юм хийж чадлаа Гачууртын Чинбатынхан. Энэ шоунд ноднин элдэв чулуу төмөр хангир янгир хийлгэсэн Дарханы нэг гайхалтай хөдөлмөрч дуу хөгжмийн багш хэдэн жижигхэн шавьтайгаа, энэ жил бас нэг хоолойны өвөрмөц тембертэй дуучин залуу ялсан нь үнэн боловч тэдний цаана дахиад хэд хэдэн ялагч байсныг дурдах гэсэн юм. 
Дэлхийн хэмжээний шоуг яг тэр чигээр дууриаж хийж чадсанаараа МОНГОЛ HD телевизийн хамт олон, түүнийг удирдсан Гачууртын Чинбатын Номин хоёр бас ялчихсан. Багийн бүрэлдэхүүн 600 хүн гэдэг том тоо шүү. 
Энэ 5 сард Монгол ТВ дээр хүнтэй уулзахаар 10 цагт очиход жижүүрээс өөр ганц ч хүнгүй байсныг асуухад бүгд Авьяаслаг монголчуудын бичлэгэнд явцгаасан шөнөөс нааш ирэхгүй гэхээр нь энүүгээрх ажлаа яадаг юм гэсэн чинь "Манай үндсэн ажил телевиз шүү" гэж жижүүр ам тагласан.
Саяын нэг тоглолтыг манай гэрийнхэн үзсэн чинь 16 цагт ороод 23 цагт гарч ирсэн. Тэнд нөгөө /АМ/ тоглолтоо үзээд дараа нь кино үзээд, концерт үзээд, хоол идээд, сугалаа сугалаад, дахин ТВ бичлэгээ үзээд, шууд бичлэгт нь ороод гэх мэтээр бөөн ажил болдог юм байна. Тэднийх үнэхээр гайхалтай зохион байгуулж байна гэж толгой сэгсэрсээр ирцгээсэн. Нүсэр ажил болдог бололтой. Universe Best Songs-ыг эс тооцвол нийтийг хамарсан урлагийн шалгаруулалт бараг явахаа байсан энэ цаг үед 4-80 настануудын унаган авьяасыг нээх гэсэн ганц оролдлого байлаа. Гачууртын Чинбатын монголчуудын төлөө хийсэн том хөрөнгө оруулалт, үүнийг Монголчууд үнэлэх ёстой. Цааш үргэлжлээсэй билээ. 
Ийм шоунд оролцогчоос гадна шүүгчид чухал үүрэгтэйг манайханд ойлгуулав. Шүүгчийн сонголт зөв байсан шүүгчид сайн байсан. Дөрвөн шүүгч авьяастныг шилэн сонгохоос гадна шоуг шоу болгоход гарамгүй ажилласан. 
Ганц үг ганхийхгүйгээр хийл тоглодог Дээгий урлагийн өндөр мэдрэмжтэйгээс гадна хүн өөрийнхөөрөө байхын гайхамшгийг үзүүлсэн, нэвтрүүлгийн текст уншихаас бусдыг мэдэхгүй Чимгээ ямар агуу эмэгтэй вэ гэдгийг харуулсан, насаараа урлагийн тогоонд түлэгдтэлээ чанагдсан Чукагийн юмны мөн чанарыг ухаж ойлгох чадвар сайтайгаа үзүүлсэн, бацаануудыг голдуу хуйлруулдаг үглээ дуучин Пуужин Баяраа орчин үеийн залуучууд ямар мундаг болсныг баатарлагаар хамгаалж гарч чадсандаа энэ шоуны бас нэг ялагч боллоо тэд. Ийм олон сайхан ялагчтай, ийм олон сайхан авьяастантай, ийм олон сайхан үзэх ярих юм элбэг дэлбэг сайхан шоу боллоо. Баярлалаа Гачууртын Чинбат, баярлалаа ялагчид, баярлалаа үзэгчид.
Бичээчийн Батмөнх
2016-12-12

ДЭЛ УУЛЫН "32 хүнт" ХЭМЭЭХ ХАДНЫ ЗУРАГТ СУДЛААЧ, ЭРДЭМТЭН Г.АКИМ ДАРААХ СОНИРХОЛТОЙ ТАЙЛБАР ХИЙСЭН БАЙНА. 

/Хэсэглэн авав/
...Дэл уулын хамгийн алдартай зураг болох “32 хүнт”-ийн булшин дээр очлоо. 32 хүнтийн булш гэхээр 32 хүн оршуулсан газар гэж уншигч абугай бүү бодоорой. Энэ нэгэн булшны хашлага чулуун дээр гучин хоёр хүнийг дүрсэлснээр нь чингэж нэрлэсэн хэрэг юм. Энэ нь дөрвөлжин булш байна. Ертөнцийн зүгээр зүүн талын буюу наран талын хашлага дээр эдгээр хүмүүсийг сийлжээ. Эдгээр хүмүүсийг гүйлдэж байгаа ч юм уу, бүжиглэж байгаа ч юм уу, энэ хоёрын аль нэг нь гэмээр сийлсэн байна. Зарим нь ч үүлэн борооны ажил хийж байгаа бололтой. Хойт захын хоёр нөхөр яахын аргагүй л загас наадуулж байна даа. Нөгөөдүүлийгээ урагш бүжээд явчихсан хойгуур амжуулж байгаа хоёр юм болов уу даа. Тэгэхдээ эмэгтэй нь дээр нь байна шүү. Ер нь эрчүүл нь бүгд боожгойгоо босгочихсон гүйж [бүжиж] байгаагаас үзвэл өнөөгийнхний хэлээр эротик маягийн зураг байна аа. Гэтэл гэзэгтэйнүүдийнх нь бүслэхийн тушаа нэг гозгор юм байгаа нь юуг мэдэх аргагүй. Эдний тэхий голд бас эр эм хоёрыг үүлэн борооны явдал үйлдаж байгаагаар сийлсэн байх юм. Тэд хоёр тийш харан хэвтсэн боловч дөрвөн хөлөө зөрүүлсэн, эрийнх нь ичрэг чивчрэн эмийнхрүүгээ орох гэж байгаа байдалтай. Дор нь байгаа эмэгтэй хоёр салаа гэзэгтэй. Тэр хоёрын хоёр талд өөдөө харан, хөлөө алцайн хэвтээ хоёр ч эмэгтэй байх юм. Хоёул хурьцах эрийг хүлээх мэт. Урд талд нь бас нэг хоёр нөхөр яг тийм байдалтай. Түүний урд талд эрэгтэй эмэгтэй хоёр тэврэлдэн байх бөгөөд эрийнх нь боожгой зантайхаараа зантайсан байна. Түүний урд талд бас хоёр хүн тэдэнрүү гүйж явах шиг. Тэдний ард бас хоёр хүний нэг нь тэднийг заан, тийш явъя гэж байгаа байдалтай. Нөгөөдүүл мань хэдрүү уралдаж яваа ч юм уу! Ер энгэр зөрүүлж байгаа энэ хэдэн зураг нь тийм явдлыг хадан дээр сийлдэг нэг уламжлалт аргаар сийлсэн зураг байна.
Чухам яагаад энэ булшны хашлага дээр ийм зураг зурав аа. Таамагласу. Магадгүй, энэ бунханд овгийн ахлагч том хүнийг тавьсан байж. Овгийн ахлагч тэнгэрт хальсан ч энэ овгийнхон өсөж олон болохыг бэлгэдсэн байж болох талтай...
2015 ОН


Thursday, December 8, 2016

МУ-ын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт.
ДЭЛ ХӨНЖИЛИЙН УУЛ БОЛ ХАД БОЛГОН ДЭЭР НЬ ТҮҮХИЙН УЛ МӨР ҮЛДСЭН НУТАГ.
Дэл Хөнжилийн уул гэж байгалийн сайхан цогцолсон, түүх соёлын дурсгалтай үнэхээр гайхалтай нутагт төрж өссөндөө баяртай байдаг юм би.
Манай удам судар, дээд үеийнхэн маань бүгд энэ нутагт амьдарлаа өнгөрөөсөн тэмээчин улсууд байсан. 
Би хүүхэд байхаасаа энэ сайхан нутгаараа бахархаж энэ сайхан нутгаа дэлхийн өвийн санд оруулах юмсан, энэ сайхан нутгаа монголчуудад байтугай дэлхийд нэг харуулах юмсан гэж бодож явсан. Энэ бодол маань нэлээд дээр үеэс эхлэлтэй байсан. Учир нь Хүүхэнбаатар ахыг маань оюутнуудтай хамт энэ түүхэн дурсгалт газруудаар судалгаа хийж явахад тэдэнтэй хамт явсан эрдэмтэн, докторууд ийм олон түүхийн үнэт зүйл нэг дор бөөгнөрсөн газар манай оронд ховор байдаг талаар ярьж байснаас улбаатай юм.
Би одоо ч гэсэн Дэл Хөнжилийн энэ нутгаа цаашид улам хамгаалж дэлхийд алдартай, дэлхийд дархлагдсан газар болгоосой гэж хүсч явдаг.
Дэл Хөнжилийн уул бол хад болгон дээр нь түүхийн ул мөр үлдчихсэн онгон дагшин нутаг юм.
Энэ нутагт очиж үзээсэй гэж хүмүүст захимаар байна, энэ нутгийг өөрийнхөө ивээлд аваасай гэж төр засагтаа хэлмээр байна, энэ нутгийг цаашид улам их судлаасай гэж эрдэмтэн судлаачидад хүсмээр байна.
2005 он.


“Дэл уулын гайхамшиг” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батмөнх: ЭНЭ ҮЗЭСГЭЛЭН БОЛ ДЭЛ УУЛЫНХАА ХАДНЫ ЗУРГИЙГ “ХАДАНД ГАРГАЖ” ЧУЛУУГ НЬ “ЧУЛУУ БОЛГОХ” АЖЛЫН ЭХЛЭЛ.
/“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлтэн дээр хэлсэн үг/
Манай монгол орон бол хадны зургийн арвин цуглуулгатай газар. Би энэ цугуулгийн нэг хэсэг болох Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уул хэмээх нутагт та бүгдийн одоо үзэх яг эдгээр хадны зурган дунд төрж өссөн хүн. Дэл уулынхаа хадны зургаар төлөөлүүлэн цаашид Монголын бүх хадны зургийг судалгааны, эдийн засгийн, аялал жуулчлалын, соёлын эргэлтэд оруулах эхлэл тавих зорилго өвөрлөн энэхүү үзэсгэлэнг санаачилсан юм. Үнэт өв тээсэн Дэл уулаа алдаршуулахын тулд нутгийхан болон ахан дүү нартайгаа нийлж “Дэл уулын гайхамшиг” хэмээх ТББ байгуулан энэ үзэсгэлэнгээр ажлын гараагаа эхэлж байна. Энэ үзэсгэлэн бол Дэл уулынхаа хадны зургийг “хаданд гаргаж” чулууг нь “чулуу болгох” ажлын эхлэл. Гаргасан санаачлагыг минь дэмжсэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга, Монголын Үндэсний түүхийн музей, Дундговь аймгийн музей, Соёлын өвийн төв, МУИС-ийн түүхийн тэнхим болон ахан дүү та нартаа баярлалаа. Хадны зураг хаданд гарнаа.
2016-05-27

 Д.ОТГОНБААТАР: ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГИЙГ АНХ СУДАЛГААНЫ ЭРГЭЛТЭД ОРУУЛСАН ХҮН БОЛ МИНИЙ АХ ХҮҮХЭНБААТАР. ИЙМЭЭС БИД АХЫНХАА ҮЙЛ ХЭРГИЙГ МӨНХЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ ХАМТРАН ЭНЭ ҮЗЭСГЭЛЭНГ ГАРГАЖ БАЙНА
/“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлтэн дээр “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн, доктор Д.Отгонбаатарын  хэлсэн үг/
Манай энэ үзэсгэлэн бол дэлхийн хосгүй гайхамшигт өвүүдийн нэг болох байгальд байгаа хадны зургийг үзүүлж байгаа юм. Энэ үнэт өвийг үзэсгэлэн болгон өргөн олон түмэнд дэлгэн үзүүлэх санаачлагыг манай ах дүү нийлж гаргасан юм. Ингэснээр Дэл уулын хадны зургийг гадаад дотоодын эрдэмтэд судлаачдын анхаарлыг хандуулах гэж байгаа юм. Эдгээр зургийг анх судалгааны эргэлтэд оруулсан хүн бол миний ах Хүүхэнбаатар гэдгийг энд дурдахад таатай байна. Иймээс бид ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, мөнхжүүлж үр хүүхдүүдтэй нь хамтран энэ үзэсгэлэнг гаргаж байна. Бид “Дэл уулын гайхамшиг” ТББ байгуулан Дэл уулын хадны зурганд олон нийтийн болон судлаачдын анхаарлыг хандуулах,хамгаалалтыг сайжруулах, ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Үзэсгэлэнд ирсэн та бүхэнд ах дүү нарынхаа өмнөөс, Хүүхэнбаатар ахынхаа өмнөөс баяр хүргэж амжилт хүсье.
2016-05-27

Д.Сүхбаатар: ДЭЛ УУЛ БОЛ ДЭЛХИЙН ТҮҮХ СОЁЛЫН МАШ НАРИЙН ДАВТАГДАШГҮЙ ӨВ ХАДГАЛСАН ГАЙХАЛТАЙ ГАЗАР ГЭДГИЙГ БИ ТҮҮХЧ ХҮНИЙ ХУВЬД МЭДНЭ
/“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлтэн дээр Монголын үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатарын хэлсэн үг/
Дэл уулын хадны зургаар би хоёр ном, нэг баримтат кино хийсэн. Анх Дэл уулын хадны зургийг судалж эхэлсэн хүмүүсийн нэг бол миний багш Хүүхэнбаатар юм. Багшийн маань эхлүүлсэн ажил одоо ч гэсэн үргэлжилж байгаад баяртай байдаг. Энэ сайхан нутгаас гаралтай хэсэг хүмүүс нутгийнхаа соёлыг үнэт өвийг алдаршуулахаар гаргасан санаачлагыг манай Монголын Үндэсний Түүхийн музей дэмжсэн юм. Цаашид "Дэл уулын гайхамшиг" ТББ-ын ажлыг бид бүх талаар дамжиж туслах болно. Та бүхэнд эрүүл энх аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ДЭЛ ХӨНЖИЛ ХЭМЭЭХ ЯГ ТӨРСӨН НУТАГ УСААРАА ДУУДУУЛСАН ИЙМ ДУУЛИАНТАЙ, ШУУГИАНТАЙ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙХЫГ АНХ УДАА ХАРЖ БАЙНА.
/“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлтэн дээр Төрийн шагналт, СГЗ, зохиолч Д.Нямаагийн хэлсэн үг/
Би Улаанбаатар хотод ирээд 60 дахь жил, Москвагийн Горькийн Утга зохиолын дээд сургууль төгсөж ирснээс хойш 50 дахь жил болж байгаа хүн. Энэ хугацаанд Дэл Хөнжил хэмээх яг төрсөн нутаг усаараа дуудуулсан энэ арга хэмжээ шиг дуулиантай, шуугиантай арга хэмжээ болж байхыг анх удаа харж байна. Манай нутгаас Ардын жүжигчин Дагийранзаас эхлээд алдар цуутай, урлагийн мастерууд, авьяастнууд олон хүн төрсөн. Тэд янз бүрийн арга хэмжээнд оролцож олны өмнө гарч байсан ч Дэл Хөнжил, Дэл уулын хадны зураг гэж гэж нэрлүүлж явсан удаагүй. Би яах аргагүй Дэл Хөнжил гэдэг нутгийн хүн.
Манай нутгийг гадаад дотоодын түүхч эрдэмтэд олон жилийн өмнөөс сонирхож судалж ирсэн юм билээ. Оросын эрдэмтэн Волков 1959 онд эртний судлалын ажлаар манай нутагт очоод дараа нь “Монголд эртний судлалаар хамгийн найдвар тавьж болох газар бол Дундговь аймаг байна шүү” гэж бичсэн нь Сэр-Оджав гуайн номонд байнлээ. Тийм маягаар эрдэмтдийн анхаарал татсан төрсөн нутгийг минь олон нийтийн анхааралд хандуулж байгаад баяртай байна. Нутгийн минь уулсыг энэ музейд оруулаад ирсэн юм шиг, нутгийн минь уулс нүдэнд бодитоороо харагдаж байгаа юм шиг сайхан байна. Тэр нутагт өссөн төрсөн багадаа хурга хариулж явсан хүний хувьд энэ сайхан үзэсгэлэнг санаачилсан, зохион байгуулсан нутгийн дүү нартаа болон үзэсгэлэнд ач холбогдол өгч ирж нээж өгсөн ЕТГ-ын дарга Цагаан нарт өвгөн ах нь талархал илэрхийлж байна.
2016-05-27

ЭНД ИРСЭН БАЙГАА ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРАЛ, ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, МУИС-ИЙН ТҮҮХИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЗЭРЭГ ЭРДЭМТЭН ДОКТОР ПРОФЕССОРУУД БҮГД ДЭЛ УУЛААС СУДАЛГААНЫ АЖЛАА ЭХЭЛСЭН ЮМ ШҮҮ
/“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлтэн дээр түүхийн шинжлэх ухааны доктор Ю.Болдбаатарын хэлсэн үг/
Би 21 жилийн өмнө МУИС-ийн 1-р курсийн оюутан байхдаа танилцах дадлагаар Дэл ууланд Хүүхэнбаатар багшийгаа дагаж очиж байсан юм. Яг энэ агшинд Дэл уулын хадны зургийг судлахад онцгой гавьяа байгуулсан хайрт багш Хүүхэнбаатар, судлаач Санжмятав, түүний хүү МУИС-д ажиллаж байсан Эрдэнэбаатар багш, оросын эрдэмтэн Волков нарыг дурсах нь зүйтэй гэж үзэж байна.
Дэл уул бол өвөрмөц онцлогтой нутаг. Яг хотын гэр хорооллын гудамж шиг сонин тогтоцтой газар. Мөн ан амьтан байх тохиромжтой тул эртний үе үеийн нүүдэлчид тэнд цуглаж ан гөрөө хийдэг байсан байж магадгүй. Яагаад гэвэл тэнд хамгийн олон зураг байдаг. Дэл уулан дахь хэдэн мянган хадны зургийг судлаачид судлахыг, энгийн иргэд үзэж сонирхохыг урьж байна., Дэл уултай залгаа алдарт Цагаан суварга байгаа. Очсон хүн тэр гайхалтай нутгийн алдаршуулаарай харин дээр нь элдэв юм зурж болохгүй шүү. Энэ нутагт зуны наранд хайруулын таваг шиг халуун хадан дээр нь элгээрээ хэвтэж байж өвөг дээдсийнхээ түүх, ертөнцийг үзэх үзэлийг сэтгэл гарган судалж байлаа. Энэ нутаг бол миний болоод монголын түүхчдын миний сэтгэлд шингэсэн нутаг. МУИС-ийн олон үеийнхэн Хүүхэнбаатар багшийгаа дагаж, Батэрдэнэ багшийгаа дагаж өвөг дээдсийнхээ бүтээсэн урлагийн, түүхийн, соёлын тэр гайхалтай бүтээлүүдтэй танилцсан юмаа.
Энд ирсэн байгаа Үндэсний музейн захирал, Түүхийн хүрээлэнгийн захирал, МУИС-ийн түүхийн сургуулийн захирал зэрэг доктор профессорууд бүгдээрээ энэ нутгаас судалгаа шинжилгээний ажлаа эхэлж байсан юм. Монголын хадны зургийн дээж нь Дэл ууланд байгаа шүү. Тэдгээрээс та бүхэнд толилуулж байна.
2016-05-27

ЛАНГАНЫ МӨНХБАЯР: 
ДЭЛ УУЛАА ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ ХАДГАЛЖ ҮЛДСЭН НОМ Л ГЭЖ БОДДОГ.

/Хэсэглэн авав/
Ланганы Мөнхбаяр гэдэг энэ бүсгүй Дундговь аймгийн музейг 26 жил удирдаж байсан хүн. Дундговь аймгийн музейг хамгийн олон жил удирдаж монголын музейн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан хүн. Л.Мөнхбаяр гуайтай ярилцсан сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна.
Сэтгүүлч Т.Отгонтуяа.
2016 он.

- 2006 онд байх аа, Дэл уулын дурсгалыг бүртгэж, пайз хатгаж байсныг санаж байна. Нэлээд сайн судлагдсан дурсгал гэж боддог. Одоо харин судлаачид хадгалалт хамгаалалтыг сайжруулах талаар чухалчлан ярьдаг болжээ?
- Тийм, 2006 онд аймгийн Засаг дарга санхүүжилт шийдэж өгснөөр манай музей Дэл уулын зураг дүрсийг тоолсон юм. Тэгээд багцалж пайзалсан. Хамгаалах л гэсэн нэг алхам байсан л даа. Тун яаралттай хамгаалах дурсгал бол яах аргагүй Дэл уул мөн.
-Ер нь музей Дэл уулыг хэдий үеэс анхааралдаа авсан байдаг вэ?
- Намайг музейд ажилладаг болсон болохоор ч тэр үү, хадан дээр зурсан амьтны зураг дүрс манай Өлзийтөд их байдаг, тэр чамд хэрэг болохгүй юу гэж аав маань байн байн хэлдэг байсан юм. Тагтын хаданд тийм зураг байдаг гэж дуулсан гэхэд зөвхөн Тагт биш Дэлийн хад тэр чигээрээ хадны зурагтай шүү дээ гэнэ.Тэгээд Дэл уулын зургийг очиж үзэхсэн гэж бодож байх тэр үед, 1986 онд юмуу даа, эрдэмтэн Д.Хүүхэнбаатар, түүхийн хүрээлэнгийн Т.Санжмятав нар ирдэг юм байна. Тэд хадны зурагтай газар хаана байдаг вэ гэж сураглахад нь Дэл уулыг ааваараа заалгаад дагуулж явсан юм. Тэр үед манайхны хамаатан Нацаг гэдэг ахынх Дэл уулын Шар хошуу гэдэг газар нутаглаж байсныг аав зааж өгөөд, Нацаг ах дээрээ л оч. Нацаг ах чинь цааш нь заагаад өгнө гэсэн юм. Ингээд хоёр эрдэмтний хамтаар Дэл ууланд анх очиж байсан даа. Тэгж бүтэн нэг өдөр ажиллахад Т.Санжмятав гуай нэлээд олон зураг буулгаж авсан юм. Тэгээд хойтон жил нь МУИС- ын түүхийн ангийн оюутнууд ирж, Дэл уулын зургуудыг бүртгэж эхэлсэн. Дэл уул өргөөшөө 15, уртаашаа 70 гаруй км үргэлжилдэг юм шүү дээ. Тэрний 45 км нь манай аймгийн нутагт оршиж байдаг.
Дэл уулын хадны зургийг тэгж анх бүртгэж авсаны дараа 1990- ээд онд түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалалтад авах тухай засгийн газрын тогтоол шинэчлэгдэн гарч, түүнд Дундговь аймгийн 21 дурсгалт газрыг хамгаалалтад авсаны нэг нь Дэл уул байсан. 21 газрын 16 нь аймгийн хамгаалалтад орж, Дэл уулын баруун, зүүн билүүний хадны зураг улсын хамгаалалтад багтсан юм. Дэл уулын дурсгалыг нарийвчлан бүртгэх ажлыг МУИС- ын түүхийн ангийн оюутнууд хийсэн бол дахин бүртгэлийг 2006 онд манай музей хийж, үүнд аймгийн Засаг дарга тодорхой хэмжээний санхүүжилт шийдэж өгснөөр дурсгалуудыг пайзжуулсан юм. Нийтдээ 3000 гаруй дүрслэлийг тоолж бүртгэсэн. Дэл уул бол Монголын хамгийн том хадан зургийн дурсгал гэж боддог. Хүний нөхөн үржихүйг тодоор дүрсэлсэн дүрслэлүүд их бий. Хүүхэд хөтлөөд явж байгаа, барилдаж байгаа, бүжиглэж байгаа, морин дээрээс нум сум харваж байгаа дүрслэлүүд тэр ч байтугай монгол гэрийг хүртэл дүрсэлсэн байдаг.Тэмээний дүрснүүд ч бий.Үнэхээр гайхалтай даа. Дэл уул маань номын хуудас шиг сонин тогтоцтой. Дээшээ харсан ширхэгтэй.Тэр ширхэг дээр дүрсэлсэн зургууд юм шүү дээ. Өчүүхэн ч хөндөж гэмтээж болохгүй тийм нарийн дурсгал юм. Дэлхийн түүхийг хадгалж үлдсэн ном л гэж боддог юм, Дэл уулаа.
-Дундговь аймгийн нутагт тэгтлээ сайн судлагдаж чадаагүй, судлаачдын анхаарал хандаасай гэхээр ямар газар байдаг бол?
-Миний бодлоор Дэлгэрхангай уул сайн судлагдаагүй гэж боддог. Уулын баруун аманд хадны цөөн хэдэн зураг бий. Тэрнийг л бүртгэсэн байдаг. Уул тойрсон хэдэн булш хиргисүүр байдаг боловч ухагдчихсан гээд нэг их анхаараагүй байдаг. Мөн Баянжаргалангийн Зараагийн уул судлууштай газар. Манай Дэл уулын дурсгал их сайн судлагдсан. Гэхдээ тэнд олон шивээнүүд бий. Шивээ гэдэг нь өндөрлөг орой дээр барьсан цэргийн харуулын байр л даа. Дэл уулыг 13 шивээтэй гэдэг. 13 шивээ нь бие биеэ харж байдаг юм гэнэ лээ гэж аав ярьдаг байсан. Түүхчид үүнийг судлаагүй байгаа. Магадгүй, Монголын их цэрэг дамжиж өнгөрдөг байсан ч юм билүү гэж би таамагладаг юм. Дэл уулан дундуур Хөх өндөр гэж даваа бий. Ар руугаа огцом буусан.Тэнд бослогон овоотой. Тэр 13 дугаар зууны овоо байх. Шивээг бол 13- 14 дүгээр зуунд л барьж байсан гэдэг. Тэгтэл зүүн тийш явахаар Баянжаргалангийн нутагт Чингисийн хүрээ гээд их цэрэг буудаллаж байсан байж болохоор хааш хаашаа 100 метр орчим дөрвөлжин хашлагатай хүрээ бий. Аймаг, сумын хамгаалалтад авсан газар л даа. Тэр хүрээний хойд өндөр уулан дээр бас шивээ байдаг. Гэх мэтээр бодоход Чингисийн их цэрэг морилж байсан нутгууд байх аа гэж дотроо таамаглан боддог. Мөн Эрдэнэдалай сумын нутагт байдаг Чингисийн суудал хадыг бас судалж үзүүштэй. Чингисийн суудал хад гэж тойрсон чулуун хашлагатай. Чулуун ханан дээр хээтэй. Хээг сайн тодруулбал их гоё дүрслэлтэй. Дурсгалт зүйлд л бүртэж авсан уу гэхээс судлагдаагүй байдаг. 
Энэ мэт нэрлэвэл нэлээд хэдэн анхаарал татах газар Дундговь аймагт бий.
2016-11-25


ШАНХАЙН ТЭМДЭГЛЭЛ
Машин.
Үйлдвэрээс гараад арван жил болсон машиныг явуулдаггүй тул манайхаар бол бараг шинэ машинууд байна. Тоос шороо байхгүй, зам нь сайн болохоор муу машин, муухай машин тэнд алга. Америк япон герман зэрэг машинуудын үйлдвэрүүд бүгд хятадад байдаг тул гаднаас машин оруулдаггүй гэнэ. Буруу талдаа рультай машин хориглодог юм байна. Эко буюу цахилгаанаар явдаг машин олноор үйлдвэрлэн хэрэглээнд гаргасан байна. Энэ машинд төрөөс олон талын хөнгөлөлттэй, үнэ нь хямдхан, зардал багатай тул хүч түрэн орж ирж байгаа гэсэн. Шанхайн машины дугаар авахад машинаасаа илүү буюу бараг 30 шахам саяар авдаг гэсэн. Ойролцоох хотуудынх нь арай хямд гэсэн. Энд жип машин тун цөөн, ялангуяа манайхны хонины морь шиг эдэлдэг 100, 105, 200 “ховрын бараа” юм билээ.
Зам.
Хотдоо 4 давхар замтай, газар доогуураа 3 давхар метротой, хотын төвийн гол доогуур хэд хэдэн нүхэн замтай, хурдны зам нь хот дотроо гэхэд хэд хэд байдаг билээ. Замын чанар энтэр бол ярих юм байхгүй. 25 сая хүнтэй хэдэн зуун мянган машинтай гэхэд замын түгжрэл тун бага юм билээ. Түгжирсэн ч таг зогсохгүй зугуухан явчих юм. Хөдөөний зам нь бол бүүр гайхалтай. 400 км явахад зам бараг муруйгаагүй яагаад гэвэл замд уул байвал нүхлээд гол байвал гүүр тавиад, хонхор байвал шороо овоолж тэгшлээд тойрно өгсөнө уруудан , хазайна муруйна гэсэн ойлголт байхгүй ёстой шулуун замын жигд хөдөлгөөнөөр жирийлгэчихнэ. Дээд хурд нь 120 боловч 130-тай явж байхад хажуугаар сүн сүн хийж өнгөрөөд байхыг бодоход тэндхийн машин “нисдэг” бололтой юм билээ.

Сургууль.

Шанхайд сургууль олон гэнэ. Харвардаас дутахгүй дэлхийн шилдэг ч бий гэнэ, манай хувийнханаас доогуур ч юм байдаг гэсэн. Хүмүүсийн яриаг сонсож байхад хүүхдээ тийш явуулах гэж байгаа эцэг эхчүүд нилээн сайн судлах хэрэгтэй юм байнадаа л гэж бодсон шүү. Тэнд очсон хүүхэд янз бүрийн л юм сурах хаалга нээлттэй байдаг бололтой юм билээ. 
Дугуй ба мотоцикл.
Азийнхны нийтлэг жишгээр дугуй мотоцикл хоёр элбэг юм. Гэхдээ ард түмний амьдрал дээшилсэн тул машин авах нь ихэссэн гэнэ. Яаж хөл залгуулдаг юм болдоо гэмээр улаан зэв болсон ямбий дугуй, хамаг юмыг нь скочоор битүү ороосон мотоцикл шуу юм, бараг л алтан бүрмэл шахуу тансаг зэрэглэлийн чамин гоё дугуй мотоцикл гээд тэнд байхгүй юм алгаа. Мөн л нөгөө эко-г дэмжээд цахилгаан мотоцикл элбэгшиж. Тийм мотоциклд зориулаад тусдаа зам тавиад өгчихсөн, үнэ нь хямд, хаа ч цэнэглэх боломж бүрдүүлсэн, засвар үйлчилгээ нь хямд гээд төрөөс нь олон хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Мотортой мотоциклыг бол зөвхөн машин замаар явна, дүрэм зөрчвөл өндөр торгуультай гээд аль болох түүнийг шахаж байгаа бололтй.
Дэлгүүр.
Дэлхийн бүх брендийн дэлгүүр байдаг гэсэн. Жуулчдад зориулсан машингүй гудамж нь тэр чигээрээ брендийн дэлгүүр чихээтэй байв. Хүлээн зөвшөөрөгдсөн дууриамал брендийн зөвшөөрөгдсөн том зах байна. Аль ч зах, төрөлжсөн дэлгүүр нь манай Нарантуулаас том бололтой. Аль ч дэлгүүрийн худалдагч нар дандаа мисс, мистер байх юм. Тэдний зан ааль хайлсан тугалга гээд манайханд авмаар их байнлээ.
Хоол.
Азийн орнууд тус тусдаа хоолны өндөр соёлтой, тэдний л нэг. Орчин үеийн хүн ардын эрэлт хэрэгцээ, хэв шинж, ялангуяа эрүүл хооллолт гэдэг юмтай уялдаад эдний хоол нилээн өөрчлөгдсөн шинжтэй. Нэгд ногоо хоёрт далайн амьтан, гуравт тахианы мах өндөг, дөрөвт гахайн мах гэх мэт дараалалтай юм. Хүний биед ямар хоол хамгийн сайн бэ гэдгийг тун сайн боддог бололтой. Давс, өөх, гурил, чихэр, хурц амтлагч чухал биш болжээ. Харж байхад өглөө гэртээ юм хийж идэдгүй гэнэ, гадуур хоолох нь цаг хэмнэхээс гадна бараг хямд тусна гэж байсан. Хоол идэж байх үедээ шингэн бараг уухгүй, зарим газар аяга ч байхгүй. Өвөр монгол хоолны газар гэж нэрлэгдсэн Монгол үндэсний хоолны том ресторан байна. Тэнд хийц маяг амт чанар нь яг манайхтай ижил биш боловч монгол үндэсний хоол бүгд байна, тэр ресторанд дүүрэн хүнтэй байв. Харахад яг бидний хийдэг хоолтой адил боловч амт чанараа энэ хоолыг хэн идэхэв гэдэгтэй нилээн сайн зохицуулсан байв. Сонирхолтой нь ямар тогооч юугаар ямар хоолыг яаж хийж байна гэдэг нь шилний цаана бүгд ил байх юм. Дандаа залуучууд, хоол бэлтгэх гэж ёстой гялалзуулж байнаа. 
Б.Батмөнх
2016 он

"Монголын мэдээ" сонины сэтгүүлч Наранцэцэгийн Батзаяагийн Дэл уулаар явж ирээд бичсэн замын тэмдэглэл.
2016 оны 10 дугаар сар.
ДЭЛХИЙН ӨВИЙГ ХАДГАЛСАН 
ДЭЛ, ХӨНЖЛИЙН УУЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ.

АЯН ЗАМЫН ЭГШИГ ХӨГЛӨХ БОЛСОН УЧИР
Монголын Үндэсний музейд өнгөрсөн тавдугаар сард гарсан нэгэн үзэсгэлэн сонирхлыг минь ихэд татаж билээ. Хэдэн мянган жилийн тэртээх амьдралын нэгэн агшныг өгүүлэх “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнг сонирхох аз тохиосноос хойш тэрхүү түүхийн дурсгалт газарт очих бяцхан хүсэлдээ үе үехэн автаж, хадны зургийн цогцолбор орших Дундговь аймгийн Өлзийт сумыг өөрийн биеэр очиж үзнэ гэдгээ уртаас урт хөврөх түүхийн дурсгалт газрын жагсаалтдаа нэмэн тэмдэглэсэн сэн. Хүн аливааг сайн сайхнаар санаж, төсөөлж явбал аяндаа бүтнэ гэдэг дээ. Надад ч гэсэн ийм л зүйл тохиолдсон хэрэг. Есдүгээр сарын 30-ны дулаахан нэгэн өдөр ажил тарах үетэй давхцан “Дэл уулын гайхамшиг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батмөнх утас цохих нь тэр. Тэрбээр “Дэл уулын хадны зургийг мэдэх үү. Тэр ууланд Монгол Улсын байгаль орчны гавьяатууд явж, үнэлгээ хийнэ. Сониноос нэг сэтгүүлч авч явах юм. Чи явах уу” гэж асуув. Угтаа ийм боломж надад тохионо чинээ төсөөлж байгаагүй би шууд л зөвшөөрч, уулзах цагаа болзлоо. Маргааш өдрийн үүрийн 06:30 цагтаяллын хар цүнх, өөрийн үнэнч анд дэвтэр, үзэг, дуу хураагууртайгаа болзсон газраа ирж, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Адъяасүрэн, Боловсролын сайд асан, ЮНЕСКО-гийн тусгай төлөөлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Уртнасан, БОНХ-ын яамны Тусгай хамгаалалттай газрын дарга асан, Байгаль орчны гавьяат ажилтан А.Намхай, “Дэл уулын гайхамшиг” төрийн бус байгууллагын дэд захиралЖ.Билэгтхүү нарын хамт Цагаан суварга, Дэл уулын хадны зураг, түүний орчинтой танилцан үнэлгээ хийхээр аяны жолоо залсан минь энэ. Бид ойр зуурын юм бэлтгэх, нэг нэгэнтэйгээ танилцах энэ тэр гэсээр өглөөний 07:30 цагтай уралдан хотоос гарлаа.
Биднийг хотоос гарах үед өглөөний нарны тунгалаг туяа машины цонхоор нүд гялбуулан тусахад Байгаль орчны гавьяат ажилтан Н.Уртнасан “Өглөө эрт аян замд гарах сайхан шүү. Яагаад ч юм зорьсон газартаа хурдан очсон мэт санагддаг юм. Бидний аялал ч сайхан байх нь ээ. Нар мандахтай таарлаа” гэв. Түүний бэлэгдэлтэй сайхан үгэнд мэргэжил нэгт нөхөд нь ч баясч явлаа.
Нэгэнт хүрэх газар хол учраас бид Дэл уулын гайхамшгийн талаар ярилцаж, аян замын уртыг үл анзааран явав.Биеэр очиж, нүдээр хараагүйгээс хойш хүн бүр өөр, өөрийнхөөрөө тус газрыг төсөөлөн байгаа нь бидний ярианаас илэрхий. Байгаль орчны сайд асан Ц.Адъяасүрэн “Үнэхээр сайхан газар очих нь. Түүхийн ховор нандин үнэт зүйл тэнд хадгалагдаж байна. Их сонирхолтой зураг олон байсан шүү” хэмээн шагшив. Түүний ийнхүү ярих нь учиртай. Түүнд урьд өдөр нь “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батмөнх Дэл уулын талаархи танилцуулга, ном товхимол, нэвтрүүлэг өгсөн гэнэ. Тэр бүхнийг шөнөжин суун уншиж судалсан нь Дэл уулын тухай, түүний энгэрт сийлсэн хадны зургийг үзэх, үнэлгээ хийх бодолд улам автуулсан аж. Тэрбээр харахад их сүрдмээр хэрнээалиа хошин зантай, үе үехэн дуу аялаж биднийгээ хөгжөөнө.
Өглөө эрт аян замд гарахад цаг хурдан өнгөрдөг гэх Н.Уртнасан гуайн үг үнэн ажээ. Бид нэг л мэдэхэд өдрийн 11:30 цагт Дундговь аймгийн төв Мандалговьд ирсэн байлаа. Биднийг говийн тэнгэр ч сайхан угтав. Энд бид түр саатсаныг дурдалгүй орхиж чадахгүй нь.
Ийнхүү бичсэний учир гэвээс “Дэл уулын гайхамшиг” төрийн бус байгууллагын дэд захиралЖ.Билэгтхүү гуайн ээж Мандалговь аймгийн цэцэрлэгийн эрхлэгчээр насаараа ажилласан нэгэн гэнэ. Биднийг Мандалговьд очиход цэцэрлэгийн удирдлагууд түүний ээж Д.Оргыг хүндэтгэн ахмадуудаа хүлээж авахтай таарч, түр саатсан. Ахмадууд ч гурван гавьяат биднийг хүндэтгэж ирлээ хэмээн баяр хөөр болов. Тус цэцэрлэгт Д.Орго 1968-1981 онд эрхлэгч хийж байжээ
Энэ үеэр Ж.Билэгтхүү ээжийнхээ талаар дурсахдаа“Миний ээж их сайн хүн байсан. Ээжтэй минь хамт ажиллаж байсан настангууд ярьдаг юм. Хүмүүс өглөө цэцэрлэгт хүүхдээ хав халтар нүүртэй, хувцас нь хиртэй өгдөг. Хэрвээ тийм хүүхэд өгвөл ээж усанд оруулаад, хувцсыг нь угаагаад цэв цэвэрхэн аав, ээжид нь хүлээлгэж өгдөг байсан. Ханиад томуу туссан байвал шар усанд оруулсан шүү гам сайн бариарай гэдэг. Ийм л хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж байсныг настангууд минь надад ярьдаг. Би ч ээжийнхээ ажил дээр ирэх дуртай байсан. Хичээлээ тараад ээжийнхээ ажил дээр ирээд ном уншаад суучихдаг байж билээ” хэмээв.
Ийм нэгэн буянтай эмэгтэйн ойн үйл ажиллагаанаас гарсны дараа Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын хөшөөг үзэж, дурсгалын зураг татуулав. Үзэх ч гэж яг хэлж болохгүй. Энэ зөвхөн миний хувьд юм. Харин Ж.Билэгтхүү болоод гурван гавьяатын хувьд дотны анд, төрсөн ахтайгаа уулзаж, өнгөрснийг эргэн санан сэтгэлээ дэвтээж буй торгон агшин. Гурван гавьяат маань Ерөнхий сайд асан Ж.Наранцацралттай нэгэн үе мөр зэрэгцэн ажиллаж байжээ. Байгаль орчны гавьяат ажилтан А.Намхай “Наранцацралт маань ингээд л цүнхээ бариад, цуваа мөрөвчлөөд явдаг байсансан. Энэ цүнхнээсээ сална гэж үгүй. Их ажилсаг, зарчимч хүн дээ” хэмээн санааширч зогсоо харагдав. Баруун гартаа цүнх, зүүн гартаа цуваа хавчуулан Дундговь аймгийг алсуур ширтэх энэ эрхэм аймгийнхаа төлөө маш их үйлсийг бүтээсэн нэгэн бөгөөд тус аймгаас гарсан анхны ерөнхий сайд. Тиймээс түүний дурсгалд зориулан гэр бүл, ах дүү, найз нөхөд нь энэхүү сүрлэг хөшөөг аймгийнхаа төвд босгосон тухай дүү Ж.Билэгтхүү нь ярьж байв.
Цагаан суварга дээрээс дэлхийг тольдмуй
Ингээд бид Мандалговиос гарч аяллаа цааш үргэлжүүллээ. Төлөвлөгөө ёсоор эхний өртөө Цагаан суварга. Тэнд Өлзийт сумын байгаль хамгаалагч Б.Бадрах биднийг тосч, Дэл ууланд хөтөч хийх учиртай. Ийнхүү бид 420 км хар зам, 27 км шороон замыг туулсаар Цагаан суварга хайрхан дээр гарав.
Тус хясаа нь олон сая жилийн турш бороонд угаагдаж, элдэв нүх хонгио, ховил жалга үүссэн долоон давхар байшингийн хэр өндөртэй хэмээн номонд бичсэн байх нь бий. Мөн Цагаан суварганы талаар өгүүлэх домог, хууч яриа ч олон. Тэрхүү домгийг энд дурдалгүй, харин уншигч авхай танд олж мэдэх боломжийг үлдээе. Говийн их өргөн уудам талыг Цагаан суварга дээрээс ажиглаж зогсоход Монгол орны зүүн хэсэг Дорнодын зах хязгаар нь үл харагдах Мэнэнгийн талтай адил дотно санагдаж, хэдэн жил нутагтаа очоогүй миний сэтгэл тайтгарах шиг болж өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж билээ. Тэртээ алсад цэлэлзэн харагдах тэнгэр нь далай мэт нүд баясган, цэвэр тунгалаг агаар нь цээж дүүргээд говийн нууцхан эрдэнэ Цагаан суварга “Миний үзэсгэлэн гоог харж цэнгэл, жаргалыг эдэл” гэсэн шиг намуухан дүнхийн байв. Энд байгалийн уран зураг хэдэн мянган жилийг элээн оршжээ. Өндөр хадан хясааны дор улаан, шаргал, цайвар өнгөөр судалтах өргөн уудам хөндий харагдана. Яг л хүний гараар улаан, цагаан, шаргал, улаан гэсэн дэс дараалалтайгаар өнгөөр ялган будсан юм шиг өвөрмөц тогтоцтой аж. Тариан түрүү шиг алтан шаргал элсээр гоёсон энэ л газарт хүн төрөлхтөн үүсч, эрин зууныг элээсэн. Энд ирсэн хэн ч өөрийн эрхгүй хүн үүсэхүйн бодолд автаж, дэлхийн нэгээхэн өнцгийг тольддог гэлтэй.
Ж.Билэгтхүү гуай Цагаан суварга дээр гарсан цагаас эхлэн үргэлж “Хальтарна шүү. Болгоомжтой байгаарай” гэж сануулна. Харин Ц.Адъяасүрэн гуай дүрсгүйхэн зангаараа хөгжөөнтэй нь аргагүй инээн энд тэнд очин Цагаан суварганы зургийг авна. Түүнийг ийнхүү зургийн аппарат мөрөвчлөн явааг та гайхах хэрэггүй. Энэ бол тэрний сонирхол. Тэрбээр бүр байгаль орчны сэдэвтэй гэрэл зургийн уралдаанд түрүүлж байсан удаатай. Ийнхүү гэрэл зургийн хорхойтонг говийн үзэсгэлэнт байгаль өөртөө дурлуулсан нь энэ. Үнэхээр ч түүний өвөрмөц тогтоцыг шагшрахгүй байхын аргагүй. Говийн зах хязгаар нь үл харагдах өргөн уудам талыг тольдохоор ирсэн хэн бүхэнд Цагаан суварга өврөө нээдэг гэлтэй.
Биднийг цагаан суварга дээр байх үед нутгийн иргэн Баатар хүүгийн хамт ирсэн юм. Түүний хүү Цагаан суваргын талаар надад нэгэн сонирхолтой бөгөөд товч түүхийг өгүүлсэн. Тэрбээр “Миний өндөр өвгүүдээс Цагаан суваргатай холбоотой олон яриа уламжлан бидэнд ирсэн. Дээхэн үед нутгийн иргэд бөхөн, цагаан гөрөөсийг авлахдаа Цагаан суварганы хавцалд шахаж авладаг байсан юм билээ” гэв. Хүүгийн үг үнэн байх талтай. Зарим эрдэмтэд говьд эртний хүмүүс амьдарч байсан бөгөөд өргөн уудам далайн туурь ч хэмээн үздэг. Тэр дундаа Дундговь аймгаас олдсон түүхийн ховор нандин дурсгал хэдэн зуугаар тоологдоно. Тэдний нэг нь бидний дараагийн зогсоол Дэл уул юм. Нутгийн унаган хүүтэй хуучилж байх хооронд байгаль хамгаалагч Б.Бадрах ч ирлээ. Ингээд бид Дэл уулын зүг хүлгийн жолоо мушгилаа.
ДЭЛ УУЛ НУУЦАА ДЭЛГЭВ.
Говь нутаг гэдэг нууцлаг эрдэнэсийн сан ажээ. Байгалийн бүрдэцийн ихэнх хэсгийг элсэн цөл эзэлдэг ч энэ газарт хүний хөл хүрээгүй үзэсгэлэнт газар олон. Дэл уулыг зорихдоо говь нутгийн үзэсгэлэнг бахдаж явав. Хараад хараад ханашгүй сайхан нутаг гэж энэ ажээ. Энэ жил бороо их орсон нь машины цонхоор харагдах говийн улаан бударгана, дэрснээс мэдэгдэнэ. Улаан бударгана багсайж, дэрс дундаж нуруутай хүнтэй эн зэрэгцэхээр өндөр ургажээ. Ийнхүү говийн салхинд элбүүлж, байгалийн сайхныг биширч явтал Дэл уул хүрэнтэж харагдлаа. Алсаас хальтхан харвал говийн тэмээн сүрэг цувран явж байна уу ч гэж андуурмаар энэ номхон бор толгод Монголын төдийгүй дэлхийн түүхийг он удаан жил хадгалсаар эдүгээ бидэнд нууцаа дэлгэсэн нь энэ.
Дэл уул Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог. Баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш найман км орчим сунаж тогтсон бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залгадаг байна. Мөн тус уул нь Монгол орны түүхийн дурсгалыг агуулсан, чухал газруудын нэг гэдгийг дахин онцолъё.Одоогийн байдлаар археологичид хүрлийн үеийн 5000 орчим хадны зураг, 20 гаруй дөрвөлжин булш, рунни, хятад, түвд, худам монгол зэрэг бичээсүүдийг илрүүлээд буй.
Бид Дэл уулыг хойд хэсгээс нь эхлэн үзэж сонирхов. Дэл уулыг занар чулуун хад бүрхэн тогтжээ. Хэд гишгээд л хурц ирмэг бүхий нимгэн нимгэн занар болон билүүн хадны хэлтэрхий хөл дор хөглөрнө. Эртний хүмүүс ийм л зүйлийг ашиглаж, зэвсэг хийн ан гөрөө хийж, ахуй амьдралынхаа хэрэгцээг хангадаг байсан болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд буусныг нуух юун. Дэл уулын байгалийн тогтоц, газар шороо, нутаг усны байдлаас нь эхлээд л эртний хүмүүсийн ул мөрийг мэдэрч болно. Эртний хүмүүс ихэвчлэн хүрэн бор өнгийн гөлгөр толь мэт хадан дээр өөрсдийн ахуй амьдрал, уламжлал, зан заншлаа сийлэн үлдээжээ. Тухайлбал, амьтны төрлөөс морь, нохой, буга, аргаль, янир, зэрлэг гахай, могой, гөрөөсийг дүрсэлсэн байв. Харин ахуй амьдралын талаар бөөгийн зан үйл, бүжиглэж буй хүн, морь унаж, нум сумаар ан ав хийж байгааг харуулжээ. Ингэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг ч нарийн харуулж зуржээ. Түүнчлэн хоёр аварга биетэй хүний дэргэд жижиг хүмүүсийг ч дүрсэлсэн байв. Уг зургийг эрдэмтэд олон мянган жилийн тэртээ Монголд одоогийн хэллэгээр алмас амьдарч байсны нотолгоо хэмээн үздэг гэнэ. Төрөл бүрийн тамга, дүрс, хээ, зөв буруу харсан хас зэрэг тааралдаж байв. Сониуч зандаа хөтлөгдсөн МЭӨ хоёр мянган жилийн тэртээгээс хорьдугаар зууны дунд үе хүртэлх хүмүүсийн ахуй амьдрал,соёл иргэншил, ёс заншил, шүтлэгийг бахдаж явсаар нэг л мэдэхэд их үдтэй золголоо, бид. Байгаль хамгаалагч Б.Бадрах Дэл уулын гайхамшигт зургийг өнөөдөр үзэж дуусгана гэвэл барагдахгүй гэдгийг ч сануулав. Үнэхээр Дэл уулын уран зургийн галлерей барагдахгүй ажээ. Энэ үеэр Ц.Адъяасүрэн “Хадны зургийг хийц, зураачийн ур чадварыг харахад нэг, хоёр хүний л бүтээл. Яг л нэг хүн урнаар зурсан нь харагдаж байна. Мөн байгалиа шүтдэг сэтгэхүй зурганд шингэсэн нь мэдрэгдсэн. Хүний амьдралын эх үүсвэр байгальтай салшгүй холбоотой. Тэр үеийн амьдралын эх үүсвэр байгаль гэдэг агуулгыг шингээсэн зургууд олон харагдсан. Тэгэхээр бид энэ зургийг салангад утгаар биш аж амьдрал, эко системийн хандлагаар нь авч үнэлгээ хийх ёстой. Энэ бол байгаль талаасаа ч, соёлын өв талаасаа ч ховор нандин зүйл юм. Тэр үеийн хүмүүс байгаль дэлхийг хамгаалж, үлдээж чаджээ. Тиймээс бид бас дахиад хэдэн мянган жил хадгалж, үр хойчдоо үлдээхийн тулд үнэлгээ хийж, аль болох хамгаалалтад авахын төлөө ажиллах нь зүйн хэрэг” гэв.
“ХАРАМЧИЙНХАН”.
Өдрийн наран аль хэдийнэ бууж, харуй бүрий орчлон ертөнцийг бүрхэн, хамт явагсад бие биенийхээ царайг олж харахтай, үгүйтэй болсон үест зэл дүүрэн тэмээтэй хот дүүрэн хоньтой малчны хотонд бид саатлаа. Отрын жижигхэн гэрийн хаяагаар хонь, ямаан сүрэг идээшилж, говийн бор тэмээд салхи сөрөн зогсож харагдав. Энэ бол бидний хонох айл. Говийн ганц харамч С.Батбуянгийнх. Говьдоо цуутай баян харамч С.Батбуян жилийн дөрвөн улиралд Дэл уулаа бараадан малаа хариулж, нүүдэллэн амьдардаг. Түүнийг ийнхүү баян харамч хэмээх болсон минь учиртай. Орсон гарсан хүнтэй мэндтэй, нүдээрээ инээсэн говийн эгэл малчин энэ эр үе удам дамжин Дэл уулаа хамгаалж байгаа гэнэ. Өсөж, төрсөн нутгаа гэсэндээ өөрийн амь, амьдралаа үл хайрлан сайн дураараа Дэл уулаа хамгаалан байгаа энэ хүнтэй ярилцаж суухад Ардын уран зохиолч, төрийн шагналт Дөнгөтийн Цоодолын “Харамчийнхны дууль” шүлэг санаанд минь бууж, түүнийг ийнхүү нэрлэсэн юм. Түүнд энэ насаараа эдэлж барамгүй эд хөрөнгө гэж байхгүй. Харин энэ насандаа эрээд ч оломгүй агуу зүрх сэтгэл бий. Түүнийг төрсөн нутаг ус, эх орноо гэсэн халуун сэтгэлээр нь энэ хорвоогийн хамгийн баян хүн гэлтэй. Түүнд юу байна вэ гэвэл нутаг усаа гэсэн чин сэтгэл л байна.
Биднийг хоноглох айлынхаа гадаа ирэхэд өрхийн тэргүүн Батбуян гэргийнхээ хамт монгол ёс уламжлалаараа гэрээсээ гарч ирэн уриалгахан хүлээн авсан юм. Гэрийн хаалгыг татвал ингэний хоормогны үнэр хамар сэтлэм сэнгэнэхийг үзэхэд говийн айлууд тэмээгээ хараахан тавиагүй нь илэрхий. Отрын гэрийн баруун талд жижиг модон ор, орны дээхэн талд телевиз харагдав. Харин гэрийн хойморьт өнөө үеийн хөдөөгийн айлд жирийн үзэгдэл болсон хар телефон утас заларч, зүүн хатавчинд айрагны модон сав, баруун хатавчинд ууттай аарц өлгөжээ. Гэр доторх хэрэгсэл бүрээс малчдын ахуй амьдралын өнгө аяс мэдрэгдэж, нээрэн л отрын гэр ийм байдаг даа гэж санагдуулж байлаа. Өвсний соргогийг дагаж, малаа даган нүүдэллэдэг учраас илүү дутуу тавилгагүй, авсаархан гэрийг оторт гарахдаа бэлддэг. Батбуянгийн эхнэр А.Дуламсүрэн тас хийсэн яриатай, зан сайтай, хурдан хөдөлгөөнтэй, зочломтгой гэж жигтэйхэн нэгэн. Тэрбээр холын гийчдээ халуун хоол, цай, говийн хуруу зузаан ааруул, шинэхэн өрмөөр дайлсан.
Хэн ч харсан энгийн л нэг малчин байна гэхээр Батбуянгийн байгаль хамгаалагч болсон түүх яагаад ч юм надад сонин санагдаж билээ. Тэрбээр “Хүүхэнүүд” овгийн Бичээчийн Сумъяа гэх хүний үр удам бөгөөд бага байхын малд дуртай, малын хотноос салдаггүй хүүхэд байжээ. Малд хорхойтой зан нь эцэг эхийнхээ гал голомтыг залгаж, төрсөн нутгаа сахин малчин болоход нь нөлөөлсөн гэнэ. Энэ тухайгаа “Манайхан өндөр дээд үеэсээ эхлэн үе удмаараа энэ Дэл Хөнжлийн ууландаа мал аж ахуй эрхлэн амьдарч,ирсэн хүмүүс. Би ч гэсэн энэ нутагтаа малаа маллаж тэднийхээ захиж хэлж байсны дагуу энэ нутаг орноо хүндэтгэн хайрлан хамгаалж байгаа хүн, манай нутаг бол бусдаас арай өвөрмөц нутаг” хэмээн өгүүлэв. Батбуян эхээсээ дөрвүүлээ. Том ах Чойдог нь мөн малчин, дараагийн ах Батмөнх, дүү Отгонбаяр нар нь хотод амьдардаг байна. Гэхдээ тэдний ах дүүс их хотыг бараадсан ч төрсөн нутаг усныхаа төлөө олон ажил хийдэг. Ах Батмөнх нь “Дэл уулын гайхамшиг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд Дэл уулаа хамгаалах, Дэл уулын түүх соёлын үнэт дурсгалыг олонд таниулахыг зорилгоо болгодог. Тэрбээр жил бүр гадаад дотоодын эрдэмтэн мэргэд, судлаачид, хэвлэл мэдээллийнхэн, урлаг соёлынхон зэрэг төрөл бүрийн хүмүүсийг зохион байгуулалттайгаар Дэл ууландаа авч ирдэг. Түүний ээлжит нэгэн зочин нь бид билээ. Энэ мэтчилэн “Хүүхэнүүд” овгийн үр удам Дэл уулаа хамгаалах үйлсэд өөрсдийн чадах зүйлсээрээ хувь нэмрээ оруулсаар байгаа ажээ. Бидэнтэй хамт яваа Ж.Билэгтхүү гуай болон Ж.Наранцацралт асан ч энэ овгийнхны хүмүүс юм билээ.
Балчир бага насандаа эх нутагтаа эрхлэхдээ Дэл уулынхаа билүү хадны зургаар тоглодог байсан Батбуян хүү эрийн цээнд хүрч нэг л өдөр нутаг усаа хамгаалах хүсэлд автах болжээ. Ингэж бодсоны эцэст өөрийн хүсэл сонирхолоор малаа маллаж, Дэл уулаа хамгаалж үлдэхээр шийдсэн аж. Түүний сэтгэлийг эмзэглүүлж явдаг нэг зүйл байдаг гэнэ. Нутгийнх нь баялагт шунасан компани, хувиараа алт олборлогчид хайгуул хийж байгаа нэрийдлээр уул усыг нь эвдэлж сүйтгэжээ. Тодруулбал, “Монгол газар” компанийн ажилчид хайгуул хийж Дэл уулын хойд хэсгийн хэд хэд газрыг хөрөөний ир шиг сэтэлж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон байна. Батбуян энэхүү буруу үйл ажиллагааг нутаг орныхоо хүмүүстэй нийлж эсэргүүцэн хувиараа алт олборлогчдыг хөөж явуулсан удаатай. Хажуу зэргэлдээ аймгаас нь алт олборлохоор ирсэн нинжа нарыг нутгийн захиргаанд мэдэгдэж, Дэл уулаа хамгаалан үлдсэн тухайгаа бидэнд хүүрнэсэн. Эх нутгийнхаа төлөө амиа ч хайрлахгүй зүтгэж яваа малчин Батбуянгийн хүүхэд насны сонирхолтой дурсамжийг гэргий А.Дуламсүрэн нь ярив. “Хадам ээж минь надад нэг удаа хэлж байсан юм. Манай Батбуян угийн малд их дөртэй хүүхэд. Батбуян, Батмөнх хоёр сургуулиасаа ирэхээрээ ах нь шууд гэр рүүгээ гүйж байхад Батбуян малын хот руу л явдаг хүүхэд байсан. Тэгэхээр багийн малын хүн болох тавилантай хүүхэд гэж хадам ээж минь нэг удаа ярьсан” хэмээн бидэнд хуучилсан юм. Хичээлээсээ ирээд л малын хот руу зүглэдэг байсан хүү байгаль хамгаалагч болоод зогсохгүй өөрийн хүүгээ ч байгаль хамгаалагч болгожээ. Түүний хүү бол бидэнд газарчилсан Б.Бадрах гэдгийг бид Батбуянгийнд ирсэн хойноо мэдсэн. Аавыгаа хуулсан юм шиг дуурайсан энэ залуу Эко-Ази их сургуулийн магистрын хоёрдугаар курсийн оюутан. Өөрийн хүсэл сонирхолын дагуу байгаль хамгаалагч болохоор шийдэж, мэргэжлээрээ суралцаж байгаа тухайгаа бидэнд хэлсэн юм. Тэр Дэл уул, Цагаан суваргыг хамгаалж байгаа Өлзийт сумын улсад данстай ганц байгаль хамгаалагч. Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн зан араншин нөлөөлдөг гэдэг. Тэгвэл Бадрахын амьдралд аав нь өөрийн биеэр үлгэр дуурайл болжээ. Бадрах хүүхэд ахуй цагаа идэвхтэн байгаль хамгаалагчийн гэрт өнгөрөөсөн нь түүнийг эргэлт буцалтгүйгээр байгаль хамгаалагч гэдэг эрхэм мэргэжлийг сонгоход хүргэсэн байна. Бадрах “Миний аав идэвхтэн байгаль хамгаалагч 16 жил хийсэн. Тухайн үеийн ойн цагдаа байсан юм шиг л санагддаг. Байгаль хамгаалагчийг төрийн албан хаагч болгоогүй байхад идэвхтэн байгаль хамгаалагч хийсэн. Одоо бол төрийн албан хаагч болсон” гэв. Өлзийт суманд Бадрахаас гадна гурван идэвхтэн байгаль хамгаалагч ажилладаг.
Тус сум нь газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа нэгдүгээрт, улсын хэмжээнд тавдугаарт ордог. Түүнээс одоогийн байдлаар нийт газар нутгийнхаа 60 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч чаджээ. Бидний аялсан Дэл, Хөнжлийн уул, Цагаан суварга нь аймгийн тусгай хамгаалалтад байдаг. Түүнээс болж уул уурхайн компаниуд алт олборлох зэргээр газар нутгийг нь сүйтгэх болсонд Бадрах залуу байгаль хамгаалагчийн хувьд тун эмзэглэдэг тухайгаа бидэнд хуваалцсан. Одоо харин түүний чин хүсэл гэвэл Дэл, Хөнжлийн уулаа улсын тусгай хамгаалалтад оруулах гэнэ. Хэрвээ Дэл уулыг улсын тусгай хамгаалалтад авбал хамгааллын зэрэглэл өсч, уул уурхайн зөвшөөрөл нэг ч компанид олгохгүй болох ажээ. Говийн алдарт Цагаан суварга дээр албан бус тоогоор жилд 7000 гаруй гадаадын болон дотоодын жуулчин ирдэг гэсэн. Түүнтэй залгаа Дэл ууланд Монголын улаан номонд орсон аргаль, янгир, хар сүүлт нутаглахаас гадна олон төрлийн эмийн ургамал ургадаг юм билээ. Түүнээс гадна тус ууланд Монголын төдийгүй дэлхийн түүхийг хадгалсан хадны зураг оршин буй. Тиймээс энэхүү уулыг улсын тусгай хамгаалалтад авах нь Монголчуудын дэлхийн өмнө хүлээх үүргийн нэг мөн гэлтэй.
Дэлхийн түүхийг цээжээрээ хамгаалсан үе дамжсан баян “харамчийнхан”-ны түүхийг дурсахад ийм байна. Эцгээс хүүд уламжлагдан үлддэг монгол ёс заншлаа дээдлэн үлдсэн Батбуянгийнхны гэр бүлээр бахархахгүй байхын аргагүй. Ийнхүү орчин цагт ч “харамчийнхан” буу бариад дайнд мордохгүй ч эх орон, нутаг усаа үе дамжин хамгаалсаар байна. Бид идэвхтэн байгаль хамгаалагч Батбуянгийнхаас гарч Дэл, Хөнжил уулыг холбосон Хөөврийн хөндийг сонирхов. Энд ховордсон ургамлын тоонд аль хэдийнэ эрэмбэлэгдсэн заг эх нутгийнхаа намуухан салхинд бүүвэйлэгдэн сагсайн ургажээ. Ингээд бид дэргэдээс нь улсад нэрд гарсан олон арван урлаг соёл, утга зохиол, хөдөлмөрийн гавъяат цолтнууд төрж гарсан Баянхайрханд мөргөж, их хотын зүг хүлгийн жолоо залсан.
ЭРГЭЖ ИРНЭЭ ДЭЛ УУЛ МИНЬ.
Энэхүү аялал маань богинохон ч хорвоогийн сайн сайхан бүхэнтэй танилцуулсан гайхамшигтай аялал байлаа. Энгийн бүхнээс агуу зүйл эхэлнэ гэдэг дээ. Говийн шаргал элсэн дунд ертөнцийн гайхамшиг, хүний дээд нуугдан байдаг ажээ. Аргагүй биз хүн эндээс үүсч, ертөнц эндээс эхэлсэн юм хойно. Говийн байгаль үзэсгэлэнтэй, говийн хүний сэтгэл баян байхгүй гээд ч яах вэ. Баяртай говийн ганц “харамчийнхан” минь. Дараа уулзахын ерөөл өргөе. Баяртай Дэлхийн өвийг нандигнан хадгалсан Дэл уул минь. Дэлхийн уулыг дэлхий хамгаалалтдаа авах цагт чамайг дахин сурвалжилж уулзъя.
Н.Батзаяа
2016 он.


ДЭЛХИЙД МАНДСАН ТОМ САРЫГ ДЭЛ УУЛАН ДЭЭРЭЭС ХАРЖ БАЙЛАА
Өнөө шөнө нүсэр том сар тэргэл гарна гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх..
2014 оны 9 сард мөн тийм том сар гарч байсан юм. 
http://www.mglnews.mn/content/read/51595.htm
Яг тэр мөчид би Готовын Аким, Гомбожавын Гонгоржав гэдэг Монголын хоёр том сэхээтэнтэй Дэл уулан дээр хамт явж байж таарч билээ.
Баруун Билүүний амнаас буруу харсан хас тэмдэгний зураг олж бөөн баяр болоод дараа нь Дэл уулын хэдэн сайхан тэмээтэй тааралдаж түүнтэй зурагаа татуулаад харуй бүрий болж байхад цааш хөдлөн Сухайн хөтлөөр давах мөчид тухайн үед тэр том сар мандсан юм. Бидэнтэй нутгийн малчин Батбуян Ганбаа нар хамт явж байсан юм. /Сайн камерны цэнэг дууссан тул муухан камераар авсан зургаа оруулав/
Дараа нь Аким гуай Дэл ууланд аялсан тухай замын тэмдэглэл бичиж номондоо оруулсан байсан. Сайхан дурсамж зураг хоёр үлдсэн юм.
Дашрамд дуулгахад өнөө шөнө гарах "супер" сар 19 цагт мандаад 21 цаг 53 минутанд хамгийн томоор харагдах юм гэсэн.
Бичээчийн Батмөнх
2016-11-14-ний 18 цаг 30 минут



ЭНД ТЭНДГҮЙ БАЙХ ЭЗЭНГҮЙ ДУГУЙН УЧИР.
Шанхайд ийм дугуй энд тэндгүй зогсож байгаа. Хэнч үүнийг унаад хаа ч хүрч болдог юм байна.
Унаа хэрэг болсон хүн гар утсан дээрх тусгай апалкейшны тусламжаараа 700 төгрөг /2 юань/мөнгөө тушаана, гар утсанд дугуй ойрхон хаана байгааг заагаад нууц код ирнэ, тэр кодоор дугуйны түгжээг гаргаад унаад жирийчихнэ, ажлаа дуусаад дугуйгаа хаа ч хамаагүй орхино. Ердөө л энэ.
Нэг сэргэлэн эр Startup /гарааны бизнес/-д төсөл бичээд л эхлүүлсэн юм гэнэлээ. Явган дугуй өргөн хэрэглэдэг урд хөршийн хэрэглэгчдэд таалагдсан үйлчилгээ гэсэн. Аягүй бол удахгүй гудмаар нь нөгөө цахилгаан мотоцикл нь тэгээд зогсож байж мэднэ.
Машин түрээсэлдэг барууны орнууд машинаа иймэрхүү маягаар онгоц, галт тэрэгний буудал дээр эзэнгүй орхидог болсон байна гэсэн. Гадаадаас ирсэн зочин интернетээр урьдчилан гэрээ хийж төлбөрөө төлөөд буудал дээрээс машинаа унаад явдаг гэсэн.
Б.Батмөнх.



ГОВЬ ДАХЬ ХУРДНЫ УГШИЛ НЬ ШАНХАЙН ХЭЦ БОЛ ХЯТАД ДАХЬ ЕВРОП НЬ ШАНХАЙ ХОТ ЮМ БАЙНА.
Манай Дэл Хөнжилийн уулын зэргэлдээ Өмнөговийн нутагт Шанхайн хэц гэж сунаж тогтсон их хяр байдаг. Говь нутагтаа алдартай нутаг. Зүүн талд Галшарын, баруун талд Тэсийн голын, өмнө талд Говь Шанхын хурд гэж ярьдаг тэр нутаг. Шанхайн хэцийн тухай яривал сонирхолтой юм маш олон бий. Энэ удаа эртний танил Шанхайн хэцийн тухай биш түүний “амьдаа” болох өмнөд хөршийн Шанхай хотын тухай товч дурдая. Яагаад гэвэл Шанхайн хэц дээгүүрээ давж нисээд Хятадын Шанхай хот болон Номхон дөлгөөн далайн эргийн манан татсан цэнхэр хязгаараар хэсэг амарч аялж яваад ирлээ.
Номхон далай эрэг дээрх Шанхай хот бол 18-р зууны буурал европын лүглийсэн лүглийсэн нүнжигтэй чулуун хүрэн барилгууд, хан үндэстний халуун ханзтай шавар тагзнууд, хятадын үндэсний төрөл бүрийн соёлын өвөө яг тэр чигээр нь хадгалсан түүхийн дурсгалт сүм хийд, уран барилгын цогцолбор, өндрөөрөө дэлхийд нэг, хоёрт ордог дээд үзүүр нь үүлэн цаана байдаг тэнгэр баганадсан өндөр цамхагууд, дэлхийн хэмжээний экспо үзэсгэлэнгүүд ээлж дараалан гарч байдаг хэдэн арван км талбайтай асар том манайхаар бол “Мишээл экспо” төвүүд, дэлхийн урлагийн одууд бүтэн жилээр очерлон тоглолтоо хийдэг нүсэр том “UB палас”-ууд зэрэг түмэн шидийн гайхамшиг цогцолсон хот юм байна. Дэлхийн хамгийн олон хүнтэй хот, дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн 2 нь энд байдаг, дэлхийн хамгийн том Диснейлэнд энд байдаг гээд дэлхийд хамгийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой юм олон байдаг гэнэ. 18-р зуунаас европын хөгжил хүч түрэн орж ирсэн тул хятадын европ гэдэг бололтой. Өнгөц харахад одоо ч гэсэн хүн ардад нь ихэмсэг, эрхэмсэг, хямсагардуу европ хүний төрх, зарим аж амьдралд нь хятадуудаас арай өөр европ маягийн соёл давамгайлсан хэвээр байдаг болуу гэж харагдсан. Хот болоод хүн ардынхаа энэ европжсон энэ давуу талаа аялал жуулчлалд хятад хүний ухаанаар ашигласан нь харагдаж байв. Шанхайд очсон хүн Лондон, Дубай, Бээжинг нэг дороос үзсэн мэт сэтгэгдэл төрдөгч байж магадгүй. 
Юм үздэгээс гадна шопинг хийдэг жуулчдыг хэрхэн татах аргаа бас л мэргэн олсон олон юм харагдсан. Дэлхийн бүх төрлийн брендийн сүлжээ бүгд байдаг тэр нь харьцангуй хямд юм. Дууриалган хийдгээрээ өмнөд хөршийнхөн маань дэлхийд алдартайг бид мэднэ. Ганц хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартай дууриамал бренд барааны том дэлгүүр /манай Нарантуул шиг шахуу/ байдаг юм байна. Гаднаас ирсэн бараг жуулчин болгон тэнд очдог бололтой. Чанар хийц донж маяг нь брендтэй яг адилхан боловч харьцангүй хямд тэдгээр бараа шажигнатал гүйдэг бололтой юм билээ. Ер нь Шанхайд бараа харьцангүй хямдхан гэнэ.Миний хувьд спортын бренд барааны олон улсын сүлжээ дэлгүүрээр ороод манай энд ирдэг ориг бараа арай л үнэ ихтэйг мэдэрсэн. 
Дэлхийн болоод хятадын хамгийн олон хүнтэй хот гэнэ. 20 гаруй сая хүнтэй энэ хотод дотоод гадаадын жуулчид өдөрт хэдэн зуун мянгаараа ирж очиж байдаг юм байна. Жуулчдын гудамжинд нь хөл тавих зайгүй битүү байнлээ. Бээжингээс 30 минут тутам онгоц нисэх юм. Зорчигчийн тийм их урсгалтай хот Хятадад байхгүй гэж гэсэн. Гадаад дотоод 2 онгоцны буудалтай тэр 2 буудлаас онгоц 10 минутын зайтайгаар очерлон нисэх юм. 10 жил явсан машин явуулдаггүй тул бүх машин нь манайхаар шинэ, ихэнх мотоцикл нь цахилгаан болчихсон, хотдоо 5 давхар замтай, газар доороо 3 давхар метротой гэнэ. Бичвэл нүд бүлтийлгэж чих дэлдийлгэсэн сонирхолтой юм зөндөө зөндөө.
Арав хоногт Шанхайн аравны нэгийг нь хальт хараад ирлээ. Хуучны хятадуудын оромж байсан эдүгээ түүхийн дурсгал болон үлдсэн шавар тагзанд нь ч шагайж үзлээ,орон орны баячуудын хүүхдүүд болох шаавай залуус, шанган охид хөшилдсөн таван одтой буудалд нь ч хонож үзлээ, хөдөөны тариачдын эгэл амьдралыг нь ч үзлээ, хамгийн өндөр цамхаг дээр нь ч гарч үзлээ, 1027 арал бүхий том нуурын зах дээрх жуулчины баазад нь ч очиж үзлээ. 
Ингэж явахад ганц юм тодоос тод харагдсан нь хятад орны хөгжил ч хол тасарчдээ гэж бодогдсон шүү. Сүүлийн аравхан жилд ядуучуудаа яаж дээш татсан тухай шагшин магтдаг нь үнэн юм байна гэдгийг нүдээр харав. Наад зах нь гэхэд хөдөө 400 гаруй км явахад тааралдсан бүх айл хоёр ба түүнээс дээш давхар хаустай байв. Араваадхан жилийн өмнө ийм хаус нүдний гэм байсан гэнэ. 
Ингэж явахад манай Улаанбаатарт хуулч аваад хэрэгжүүлчихмээр хялбархан аятайхан юмнууд захаас аван тааралдаж байв. Эдгээрээс гудмаар дүүрэн эзэнгүй зогсох дугуйнаас гар утасны апалкейшины тусламжтайаар дуртай хүн түүнийг авч унаад дуртай газраа хүрээд түүнийг гудманд "хаячихдаг" гэх мэт сонирхолтой юмнуудаас дараа сонирхуулъя. 
Б.Батмөнх
2016-11-11-11-11-11сек

ДЭЛ УУЛАНД МОД ТАРЬЖ БАЙНА
Намрын сэрүүн унасан энэ өдрүүдэд Дэл ууланд хэрэг болгон очиж, сэтгэл гарган чацаргана, бургас, хайлаас зэрэг 400 гаруй модны суулгац суулгаж байгаа Сампилын Адъяабаатар андын хийж буй ажил энэ байна. /Байгаль хамгаалагч Бадрахын өнөөдөр Дэл ууланд түүнтэй очиж уулзан авсан зургийг оруулав/ 
Адъяабаатар сүүлийн жилүүдэд олон газар мод тариж байгаа юм билээ. 
Харин энэ удаа Дэл ууланд хийж байгаа ажил нь өөрийн чин хүслээр мөн ямар нэгэн ашгийн төлөө бус ихэвчлэн хувийн хөрөнгө оруулалтаар хагас мянга шахам тооны мод суулгах ажлыг хийж байгаа нь нутгаа гэсэн үнэнхүү сэтгэлийн илрэл юм.
Нутгаа гэсэн чин сэтгэлтэй нутгийн эрхэм анд Адъяабаатарт их баярлалаа. Амжилт хүсье.
/Түүнийг хотод ирсэн үед сэтгэлийн үгийг нь та бүхэнд дамжуулах болно/
Б.Батмөнх
2016-10-18



УУЛЗАЛТ
Ах дүү хүмүүс нас ахих тусам эцэг эх, ахан дүүс, хань ижил, үр хүүхэд, нутгийн өвгөд хөгшид зон олон, төрөлх нутаг орныхоо тухай ярьж хөөрөх, хуучлах юм нь улам их болдог бололтой. 
Бага насаа Дэл ууланд нэг гэрт өнгөрөөсөн энэ хоёр хүн нэг уулзахаараа ярих юм нь барагдахгүй юм билээ. 
Дэл уулын Зүүн Билүүнд 2016 оны 10 дугаар сард.




НУТГАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮНД БАЙГАЛЬ ХИШИГЭЭ ХАРАМГҮЙ ХҮРТЭЭДГИЙН  ЖИШЭЭ ЭНЭ БАЙНА.
2016 оны 8-р сард Дундговийн Өлзийт сумын Дэл, Хөнжилийн хоёр уулын дундах нэгэн жалганаас урд хөршид 1911 онд үйлдвэрлэгдсэн эдгээр мөнгөн зоос, ембүү олдсон юм. Жалганд булаатай байсан нь олон жилийн үеийн усны элэгдлээр гарч ирсэн юм билээ. 
Далан өвөлжөөт гэдэг Хөнжилийн уул бол хуучин нийгмийн үед олон арван малчид багтаж ядаж байсан газар. Цагийн аясаар одоо тэнд гарын арван хуруунд багтах тооны айл байдаг.
1980-аад оноос хойш ийш тийшээ огт нүүлгүй Хөнжилийн ууланд ТАСРАЛТГҮЙ байгаа нэр бүхий хоёрхон айл байгаа. Тэр хоёр айлын нэг айлынх нь эзэнд эдгээр ембүү, мөнгөн зоос олдсон юм. Эдгээрийг олдох яг энэ үед тэнд бусад газраас ирсэн 20 гаруй айл байснаас зөвхөн тэр айлын эзэнд олдсон нь сонирхолтой тохиолдол. Зоос олсон айлын эзэн говийн хүний уужуу сайхан сэтгэл гаргаж хавь ойрынхоо айлуудад мэдэгдэж тэр хавийн айлууд хувааж авцгаасан юм билээ.
Зоос олсон айл бол долоон хүүхэдтэй манай амидаагийнх буюу Батмөнхийнх /манай нутгийнхан Батмөнх хүүхнийх гэдэг/. Тэдний айл бүрд найман оронтой тоо / 00 000 000/ бүхий төгрөг оногдсон бол тэр хавьд байсан Дэл Хөнжилийн айлууд доод тал нь долоон оронтой /0 000 000/ тоо бүхий төгрөгтэй тэнцэх зоос олсон гэсэн. Дэл Хөнжил нутгаа шүтэх үзлээр өвчилсөн би энэ явдалд их баяртай байгаа.
Ер нь иймэрхүү нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүмүүст байгаль дэлхий хишгээ харамгүй хүртээдэг тохиолдол урьд өмнө манай нутагт нэг биш удаа гарч байсныг мэдэх юм.
Эдгээр зоос ембүү нь түүх соёлын үнэт эдлэлд үл тооцогдох эд бөгөөд манай нутагт түр байрлаж байсан гадаадын иргэн нутаг буцахдаа нууж орхисон хэмээн үзэж байгаа юм билээ.
/Ориг зураг нь/
Б.Батмөнх.
2016-10-16






ОРОН ЗАЙГАА АЛДААГҮЙ "ОРОН ЗАЙ"
Би Дэл Хөнжилөөс Богдхан уулын ар дахь Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхорт ирээд яг 40 жил болж байна. 
Мөн Монголын зураач урчуудын үзэсгэлэнг 40 дахь жилдээ үзэж байна.
Сүүлийн 25 жил тасралтгүй гарч байгаа үзэсгэлэн бол "Орон зай". Энэ бол Дүрслэхийн сургуулийн багш нарийн уран бүтээлийн уламжлэлт үзэсгэлэн.
Янз бүрийн нэртэй уламжлалт үзэсгэлэнгүүд гардаг байсан бараг бүгд цагийн эрхээр алга болсон. 
Харин "Орон зай" бол орон зайгаа алдаагүй үлдсэн ганц үзэсгэлэн байх.
Дэл ууланд хамт явсан Дүрслэх дизайн сургуулийн захирал Доржсүрэнгийн Уранчимэгийн урилгаар Дэл уулаас ирсний маргааш "Орон зай"-н нээлтэнд оролцлоо.
Дэл уулын хадны зургийн үргэлжлэл шууд "Орон зай"-д үргэлжилж байв. Өнөөгийн уран зурагт хадны зургийн хэв маяг, донж агуулга тэр чигээрээ харагддаг. Энэ удаа тийм л байнлээ.
Саяын үзэсгэлэнгээс онцгой таалагдсан зураг бол Д.Батмөнхийн "Төвөргөөн". Эзэнтэй нь ярилцмаар байсан ч тэр гадаад явсан байв. Мөн Ө.Гандуламын "Гүнжийн сүм", Дэл ууланд сая хамт явсан П.Байгалийн "Хас оршихуй", О.Энхтайваны "Булан", Ц.Цэгмэдийн "Юндэн зэрэг олон зургууд таалагдсан. Мэргэжлийн биш сонирхогч миний нүдээр харахад шүү.
Алдарт зураач Амгалан гуайн алдарт "Жаахан шаргын нутгаар" зургийг харахад сайхан байлаа. Ойрд хараагүй байж.
Хэд хоногийн өмнө +18-ын тухай нэгэн сонирхолтой урьд өмнө огт гарч байгаагүй содон шинэлэг төрлийн үзэсгэлэн гарсан. Түүнийг үзээд сэтгэгдлээ бичмээр байсан боловч арай зориг хүрээгүй. Урлаг талаасаа уул нь сонирхолтой байсан.
Нээлтээ хийсний маргааш нь хаагдсан гэж сонссон. Зарим нь ч арай л биш юм байх нь байсан шүү ккк.
Б.Батмөнх.