ШАНХАЙН ТЭМДЭГЛЭЛ
Машин.Үйлдвэрээс гараад арван жил болсон машиныг явуулдаггүй тул манайхаар бол бараг шинэ машинууд байна. Тоос шороо байхгүй, зам нь сайн болохоор муу машин, муухай машин тэнд алга. Америк япон герман зэрэг машинуудын үйлдвэрүүд бүгд хятадад байдаг тул гаднаас машин оруулдаггүй гэнэ. Буруу талдаа рультай машин хориглодог юм байна. Эко буюу цахилгаанаар явдаг машин олноор үйлдвэрлэн хэрэглээнд гаргасан байна. Энэ машинд төрөөс олон талын хөнгөлөлттэй, үнэ нь хямдхан, зардал багатай тул хүч түрэн орж ирж байгаа гэсэн. Шанхайн машины дугаар авахад машинаасаа илүү буюу бараг 30 шахам саяар авдаг гэсэн. Ойролцоох хотуудынх нь арай хямд гэсэн. Энд жип машин тун цөөн, ялангуяа манайхны хонины морь шиг эдэлдэг 100, 105, 200 “ховрын бараа” юм билээ.
Зам.
Хотдоо 4 давхар замтай, газар доогуураа 3 давхар метротой, хотын төвийн гол доогуур хэд хэдэн нүхэн замтай, хурдны зам нь хот дотроо гэхэд хэд хэд байдаг билээ. Замын чанар энтэр бол ярих юм байхгүй. 25 сая хүнтэй хэдэн зуун мянган машинтай гэхэд замын түгжрэл тун бага юм билээ. Түгжирсэн ч таг зогсохгүй зугуухан явчих юм. Хөдөөний зам нь бол бүүр гайхалтай. 400 км явахад зам бараг муруйгаагүй яагаад гэвэл замд уул байвал нүхлээд гол байвал гүүр тавиад, хонхор байвал шороо овоолж тэгшлээд тойрно өгсөнө уруудан , хазайна муруйна гэсэн ойлголт байхгүй ёстой шулуун замын жигд хөдөлгөөнөөр жирийлгэчихнэ. Дээд хурд нь 120 боловч 130-тай явж байхад хажуугаар сүн сүн хийж өнгөрөөд байхыг бодоход тэндхийн машин “нисдэг” бололтой юм билээ.
Сургууль.
Шанхайд сургууль олон гэнэ. Харвардаас дутахгүй дэлхийн шилдэг ч бий гэнэ, манай хувийнханаас доогуур ч юм байдаг гэсэн. Хүмүүсийн яриаг сонсож байхад хүүхдээ тийш явуулах гэж байгаа эцэг эхчүүд нилээн сайн судлах хэрэгтэй юм байнадаа л гэж бодсон шүү. Тэнд очсон хүүхэд янз бүрийн л юм сурах хаалга нээлттэй байдаг бололтой юм билээ.
Дугуй ба мотоцикл.
Азийнхны нийтлэг жишгээр дугуй мотоцикл хоёр элбэг юм. Гэхдээ ард түмний амьдрал дээшилсэн тул машин авах нь ихэссэн гэнэ. Яаж хөл залгуулдаг юм болдоо гэмээр улаан зэв болсон ямбий дугуй, хамаг юмыг нь скочоор битүү ороосон мотоцикл шуу юм, бараг л алтан бүрмэл шахуу тансаг зэрэглэлийн чамин гоё дугуй мотоцикл гээд тэнд байхгүй юм алгаа. Мөн л нөгөө эко-г дэмжээд цахилгаан мотоцикл элбэгшиж. Тийм мотоциклд зориулаад тусдаа зам тавиад өгчихсөн, үнэ нь хямд, хаа ч цэнэглэх боломж бүрдүүлсэн, засвар үйлчилгээ нь хямд гээд төрөөс нь олон хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Мотортой мотоциклыг бол зөвхөн машин замаар явна, дүрэм зөрчвөл өндөр торгуультай гээд аль болох түүнийг шахаж байгаа бололтй.
Дэлгүүр.
Дэлхийн бүх брендийн дэлгүүр байдаг гэсэн. Жуулчдад зориулсан машингүй гудамж нь тэр чигээрээ брендийн дэлгүүр чихээтэй байв. Хүлээн зөвшөөрөгдсөн дууриамал брендийн зөвшөөрөгдсөн том зах байна. Аль ч зах, төрөлжсөн дэлгүүр нь манай Нарантуулаас том бололтой. Аль ч дэлгүүрийн худалдагч нар дандаа мисс, мистер байх юм. Тэдний зан ааль хайлсан тугалга гээд манайханд авмаар их байнлээ.
Хоол.
Азийн орнууд тус тусдаа хоолны өндөр соёлтой, тэдний л нэг. Орчин үеийн хүн ардын эрэлт хэрэгцээ, хэв шинж, ялангуяа эрүүл хооллолт гэдэг юмтай уялдаад эдний хоол нилээн өөрчлөгдсөн шинжтэй. Нэгд ногоо хоёрт далайн амьтан, гуравт тахианы мах өндөг, дөрөвт гахайн мах гэх мэт дараалалтай юм. Хүний биед ямар хоол хамгийн сайн бэ гэдгийг тун сайн боддог бололтой. Давс, өөх, гурил, чихэр, хурц амтлагч чухал биш болжээ. Харж байхад өглөө гэртээ юм хийж идэдгүй гэнэ, гадуур хоолох нь цаг хэмнэхээс гадна бараг хямд тусна гэж байсан. Хоол идэж байх үедээ шингэн бараг уухгүй, зарим газар аяга ч байхгүй. Өвөр монгол хоолны газар гэж нэрлэгдсэн Монгол үндэсний хоолны том ресторан байна. Тэнд хийц маяг амт чанар нь яг манайхтай ижил биш боловч монгол үндэсний хоол бүгд байна, тэр ресторанд дүүрэн хүнтэй байв. Харахад яг бидний хийдэг хоолтой адил боловч амт чанараа энэ хоолыг хэн идэхэв гэдэгтэй нилээн сайн зохицуулсан байв. Сонирхолтой нь ямар тогооч юугаар ямар хоолыг яаж хийж байна гэдэг нь шилний цаана бүгд ил байх юм. Дандаа залуучууд, хоол бэлтгэх гэж ёстой гялалзуулж байнаа.
Б.Батмөнх
2016 он
No comments:
Post a Comment