Thursday, December 8, 2016

ЛАНГАНЫ МӨНХБАЯР: 
ДЭЛ УУЛАА ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ ХАДГАЛЖ ҮЛДСЭН НОМ Л ГЭЖ БОДДОГ.

/Хэсэглэн авав/
Ланганы Мөнхбаяр гэдэг энэ бүсгүй Дундговь аймгийн музейг 26 жил удирдаж байсан хүн. Дундговь аймгийн музейг хамгийн олон жил удирдаж монголын музейн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан хүн. Л.Мөнхбаяр гуайтай ярилцсан сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна.
Сэтгүүлч Т.Отгонтуяа.
2016 он.

- 2006 онд байх аа, Дэл уулын дурсгалыг бүртгэж, пайз хатгаж байсныг санаж байна. Нэлээд сайн судлагдсан дурсгал гэж боддог. Одоо харин судлаачид хадгалалт хамгаалалтыг сайжруулах талаар чухалчлан ярьдаг болжээ?
- Тийм, 2006 онд аймгийн Засаг дарга санхүүжилт шийдэж өгснөөр манай музей Дэл уулын зураг дүрсийг тоолсон юм. Тэгээд багцалж пайзалсан. Хамгаалах л гэсэн нэг алхам байсан л даа. Тун яаралттай хамгаалах дурсгал бол яах аргагүй Дэл уул мөн.
-Ер нь музей Дэл уулыг хэдий үеэс анхааралдаа авсан байдаг вэ?
- Намайг музейд ажилладаг болсон болохоор ч тэр үү, хадан дээр зурсан амьтны зураг дүрс манай Өлзийтөд их байдаг, тэр чамд хэрэг болохгүй юу гэж аав маань байн байн хэлдэг байсан юм. Тагтын хаданд тийм зураг байдаг гэж дуулсан гэхэд зөвхөн Тагт биш Дэлийн хад тэр чигээрээ хадны зурагтай шүү дээ гэнэ.Тэгээд Дэл уулын зургийг очиж үзэхсэн гэж бодож байх тэр үед, 1986 онд юмуу даа, эрдэмтэн Д.Хүүхэнбаатар, түүхийн хүрээлэнгийн Т.Санжмятав нар ирдэг юм байна. Тэд хадны зурагтай газар хаана байдаг вэ гэж сураглахад нь Дэл уулыг ааваараа заалгаад дагуулж явсан юм. Тэр үед манайхны хамаатан Нацаг гэдэг ахынх Дэл уулын Шар хошуу гэдэг газар нутаглаж байсныг аав зааж өгөөд, Нацаг ах дээрээ л оч. Нацаг ах чинь цааш нь заагаад өгнө гэсэн юм. Ингээд хоёр эрдэмтний хамтаар Дэл ууланд анх очиж байсан даа. Тэгж бүтэн нэг өдөр ажиллахад Т.Санжмятав гуай нэлээд олон зураг буулгаж авсан юм. Тэгээд хойтон жил нь МУИС- ын түүхийн ангийн оюутнууд ирж, Дэл уулын зургуудыг бүртгэж эхэлсэн. Дэл уул өргөөшөө 15, уртаашаа 70 гаруй км үргэлжилдэг юм шүү дээ. Тэрний 45 км нь манай аймгийн нутагт оршиж байдаг.
Дэл уулын хадны зургийг тэгж анх бүртгэж авсаны дараа 1990- ээд онд түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалалтад авах тухай засгийн газрын тогтоол шинэчлэгдэн гарч, түүнд Дундговь аймгийн 21 дурсгалт газрыг хамгаалалтад авсаны нэг нь Дэл уул байсан. 21 газрын 16 нь аймгийн хамгаалалтад орж, Дэл уулын баруун, зүүн билүүний хадны зураг улсын хамгаалалтад багтсан юм. Дэл уулын дурсгалыг нарийвчлан бүртгэх ажлыг МУИС- ын түүхийн ангийн оюутнууд хийсэн бол дахин бүртгэлийг 2006 онд манай музей хийж, үүнд аймгийн Засаг дарга тодорхой хэмжээний санхүүжилт шийдэж өгснөөр дурсгалуудыг пайзжуулсан юм. Нийтдээ 3000 гаруй дүрслэлийг тоолж бүртгэсэн. Дэл уул бол Монголын хамгийн том хадан зургийн дурсгал гэж боддог. Хүний нөхөн үржихүйг тодоор дүрсэлсэн дүрслэлүүд их бий. Хүүхэд хөтлөөд явж байгаа, барилдаж байгаа, бүжиглэж байгаа, морин дээрээс нум сум харваж байгаа дүрслэлүүд тэр ч байтугай монгол гэрийг хүртэл дүрсэлсэн байдаг.Тэмээний дүрснүүд ч бий.Үнэхээр гайхалтай даа. Дэл уул маань номын хуудас шиг сонин тогтоцтой. Дээшээ харсан ширхэгтэй.Тэр ширхэг дээр дүрсэлсэн зургууд юм шүү дээ. Өчүүхэн ч хөндөж гэмтээж болохгүй тийм нарийн дурсгал юм. Дэлхийн түүхийг хадгалж үлдсэн ном л гэж боддог юм, Дэл уулаа.
-Дундговь аймгийн нутагт тэгтлээ сайн судлагдаж чадаагүй, судлаачдын анхаарал хандаасай гэхээр ямар газар байдаг бол?
-Миний бодлоор Дэлгэрхангай уул сайн судлагдаагүй гэж боддог. Уулын баруун аманд хадны цөөн хэдэн зураг бий. Тэрнийг л бүртгэсэн байдаг. Уул тойрсон хэдэн булш хиргисүүр байдаг боловч ухагдчихсан гээд нэг их анхаараагүй байдаг. Мөн Баянжаргалангийн Зараагийн уул судлууштай газар. Манай Дэл уулын дурсгал их сайн судлагдсан. Гэхдээ тэнд олон шивээнүүд бий. Шивээ гэдэг нь өндөрлөг орой дээр барьсан цэргийн харуулын байр л даа. Дэл уулыг 13 шивээтэй гэдэг. 13 шивээ нь бие биеэ харж байдаг юм гэнэ лээ гэж аав ярьдаг байсан. Түүхчид үүнийг судлаагүй байгаа. Магадгүй, Монголын их цэрэг дамжиж өнгөрдөг байсан ч юм билүү гэж би таамагладаг юм. Дэл уулан дундуур Хөх өндөр гэж даваа бий. Ар руугаа огцом буусан.Тэнд бослогон овоотой. Тэр 13 дугаар зууны овоо байх. Шивээг бол 13- 14 дүгээр зуунд л барьж байсан гэдэг. Тэгтэл зүүн тийш явахаар Баянжаргалангийн нутагт Чингисийн хүрээ гээд их цэрэг буудаллаж байсан байж болохоор хааш хаашаа 100 метр орчим дөрвөлжин хашлагатай хүрээ бий. Аймаг, сумын хамгаалалтад авсан газар л даа. Тэр хүрээний хойд өндөр уулан дээр бас шивээ байдаг. Гэх мэтээр бодоход Чингисийн их цэрэг морилж байсан нутгууд байх аа гэж дотроо таамаглан боддог. Мөн Эрдэнэдалай сумын нутагт байдаг Чингисийн суудал хадыг бас судалж үзүүштэй. Чингисийн суудал хад гэж тойрсон чулуун хашлагатай. Чулуун ханан дээр хээтэй. Хээг сайн тодруулбал их гоё дүрслэлтэй. Дурсгалт зүйлд л бүртэж авсан уу гэхээс судлагдаагүй байдаг. 
Энэ мэт нэрлэвэл нэлээд хэдэн анхаарал татах газар Дундговь аймагт бий.
2016-11-25

No comments:

Post a Comment