1930-ААД ОНЫ АРДЫН БОСЛОГО 1980-ААД ОНЫ “ИНЭЭМСЭГЛЭЛ” ХАМТЛАГ ХОЁРЫН ХОЛБОГДСОН СОНИРХОЛТОЙ ТҮҮХ.
80-аад онд ИНЭЭМСЭГЛЭЛ гэж Монголын эстрад урлагт өвөрмөц шинэ төрхтэй нэгэн хамтлаг байв.Тэдний дуу хоолой тунчиг сонсголонтой байсныг бидний үеийхэн бүгд мэднэ. "Солонго", "Амьдрал үргэлж сайхнаараа", "Намрын инээмсэглэл", "Би цас ороход дуртай" зэрэг гоё дуунууд байв. Одоо ч зарим дууг залуу дуучид өөрийнхөөрөө дуулж тэр нь хит болсоор байгаа тул тэр дуунууд сайн дуунууд байсан хэрэг.
Долгион, Оюундэлгэр, Энхбаяр, Ганболд, Ганхуяг, Пүрэвдорж, Цогдэлгэр нар байсан санагдана. Одоогийн олны танилаас Долгион, Сувдаагийн хүү Ганхуяг нар ордог. Манай нэртэй мундаг мундаг хамтлагуудаас кантри болоод мөн жинхэнэ барууны өвөрмөц стилээрээ эрс ялгагдаж байсны нууц нь тэнд байсан хэн ч эс анзаарах нэгэн хүнээс болж байсныг хүмүүс төдийлөн анзаардаггүй анзаарсан ч ярьдаггүй юм. Чухам яагаад тэгдэг нь бүү мэд. Энэ тухай цухас дурдая.
Тэр хүн бол 30-аад оны ардын бослогоор Өмнөговиос өвөр Монголоор дамжин Энэтхэгрүү дүрвэн гарсан монгол хүний хүүхэд, түвд ээжтэй, Энэтхэгт төрж өссөн, түвд монголын эрлийз, унаган хинди, англи хэлтэй, 70-аад оны эхээр монгол хэлийг огт мэдэхгүйгээр монголд ирсэн, Хөгжим бүжгийн сургуулийг нэлээн юм болж байж төгссөн, хөгжмийн төрмөл авьяастай дуучин Цогдэлгэр хэмээгч байсан юм. Тэр гоё дуулдаг, зохиосон хөгжим нь өвөрмөц өнгө аястай байв. Миний сая дээр нэр дурдсан дуунуудын ихэнхийн аяыг тэр зохиосон юм билээ. Яах аргагүй гаднын өнгө оруулсан тэр дуунууд тухайн үедээ хит болж байсан, одоо ч зарим нь хит хэвээр байгаа. Тухайлбал “Амьдрал үргэлж сайхнаараа”, Солоонго солоонго гэж эхэлдэг "Солонго" зэрэг дуунууд.
"Инээмсэглэл" хамтлагийг олны дунд алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг бол яах аргагүй Цогдэлгэр байсан.
Дашрамд сонирхуулахад яг түүн шиг хувь тохиолоор гадаадад төрж өсөөд 70-90-ээд онд эргэж ирсэн мэдэх мэдэхгүй олон хүмүүсийн сонирхолтой түүх байдаг. 90-ээд онд манай гадаад харилцаа өргөжин тэлж МУ-ын төрийн тэргүүн баруун европ болон америкаар явах, гадаадын төр, засгийн тэргүүнүүдийг хүлээн авахад унаган англи хэлтэй Чанравын Бүрэнбаяр ажиллаж байсан. Бүрэнбаяр бол яг Цогдэлгэртэй адил хувь тохиолтой хүн.
Б.Батмөнх.
No comments:
Post a Comment