Thursday, December 8, 2016


МИНИЙ НАГАЦ БИЧЭЭЧИЙН ДҮГЭР
Манай Дүгэр ах бол сонирхолтой намтартай, хийсэн бүтээсэн юм ихтэй, техникийн өндөр сэтгэлгээтэй, олон түмэндээ нэр хүндтэй, хавь ойрынхондоо нөмөр нөөлөгтэй сайхан хүн. Дэл уулаас төрсөн мундагчуудын нэг мөнөөсөө мөн.
Дүгэр ах 50-иад оны эхээр бага сургууль төгсөөд хөдөө эхийнхээ дэргэд 15 настай байхад нь Өлзийт сумын дарга нь "бичиг үсгийн чадвар сайтай хүүхэд" хэмээн үнэлж Бригадын зарлага хэмээх ажилд авснаар ажлын гараагаа эхэлж МХЗЭ-ийн үүрийн дарга, кино механикч зэрэг ажлыг сумандаа 10-аад жил хийжээ. Дараа нь аймгийн Соёлын хэлтэс сумдын кино механикчидийн дундаас Дүгэр ахыг “техник сэтгэлгээ сайтай юм” хэмээн аймагт татан авч аймгийн хэмжээний киноны ажлыг хариуцдаг Кино техникч гэдэг ажлыг хариуцуулжээ. Энэ ажлыг 11 жил хийгээд 80 гарсан өндөр настай эхийнхээ хажууд амьдрах "хувийн томилолт"-оор Өлзийт суманд очиж Тагт бригадын усан сангийн жолоочоор ажилласнаас хойш Өлзийт сумандаа 20 жил жолооч хийсэн хүн.
Дүгэр ах хүүхэд байхаасаа эхлэн эдүгээ хүртэл гэр ахуйн өргөн хэрэглээний төрөл бүрийн техник, хэрэгслийг засварлах ажлыг сайн дураараа хийж олон хүнд тус хүргэсэн буянтай нэгэн.
1950-иад оны унадаг дугуйнаас эхлээд орчин үеийн өнгөт телевиз хүртэл айлд байдаг бүх техник хэрэгслийг засна л гэж үзнэ. 80 гарсан хэдий ч одоо оёдлын машин засаад л сууж байдаг юм.
Киног зөвхөн шөнийн цагт үздэг байсан 1970-аад онд гэрэлтэй нөхцөлд кино үзэх нөхцөл бүрдүүлсэн "Өдрийн дэлгэц" хэмээх шинэ бүтээл санаачилж тэр нь Шинийг санаачлагчдын улсын хэмжээний уралдаанд 2-р байр эзэлж байв. Энэ уралдааны тэргүүн байр эзэлсэн шинийг санаачлагч нь хожим Хөдөлмөрийн баатар болсныг бодоход энэ уралдаан том уралдаан байсан юм билээ. 
Зах зээл эхэлж бараа таваар ховордсон 90-ээд онд Дүгэр ахын хийсэн малын тамга, ямааны сам, галын хайч, хазаарын амгай, зуух яндан зэрэг ахуйн хэрэглээний 10 гаруй төмөр бүтээгдхүүнүүд болоод барааны саван, шахмал түлш зэрэг нь нутгийн иргэдэд нэн их эрэлт хэрэгцээтэй байсан үе бий. Ямар сайндаа "Өлзийтэд Дүгэрийн хийсэн галын хайчыг бариагүй хүүхэн байхгүй, хийсэн самаар нь самнуулаагүй ямаа байхгүй" гэсэн наргиа гарч байхав. Барааны саванг өөрийн сумаас гадна зэргэлдээх сумынхан захиалгаар авч "Дүгэрийн саван" гэж нэрлэгдтэлээ түгж байсныг нутгийнхан одоо ч ярьдаг. 
90-ээд онд Дүгэр ахын хийсэн савангаар хувцсаа угаагүй хүүхэд Өлзийт суман дээр лав байхгүй байх. 70-аад оны эхээр хөдөө байхдаа Тагт бригадын төвийг цахилгаан гэрэлтэй, сумын төвтэй холбоо барьдаг радио холбоотой болгож улаан буланг нь үлгэр жишээ тохижуулан тэнд соёлын олон арга хэмжээ зохиогддог болгож байсан.
Дүгэр ах уран гартайгаас гадна урлагийн олон талын авъяастай хүн. Аймгийн Соёлын хэлтэст ажиллаж байхдаа "Шуурганаар төөрөгсөд" , "Нанзадынхан", "Хувьсгал" зэрэг драмын жүжгүүдэд дүр бүтээж, аймагт тавигдсан хэд хэдэн томоохон концертуудад оролцож, дуулсан дуу нь монголын радиогоор хүртэл явж байсан удаа бий.
Би сургуульд сурч байхдаа Дүгэр ахынд 8 жил суусан ба ер нь эднийд сургуулийн 11 хүүхэд сууж байсан юм билээ. Дүгэр ах хүүхдэд их хайртай хүн. Дүгэр ахынд намайг анх суусан жил нэгэн яралзсан цагаан шүдтэй сайхан инээдэг эгч мөн тэр айлд ирж суусан юм. Тэр хүн бол Дүгэр ахтай минь 50 гаруй жил хамт амьдарсан амьдралынх нь хань Сумъяа эгч байсан юм. Сумъяа эгч бол ажилсаг, хурдан түргэн хөдөлгөөнтэй, бусдад хүндэтгэл үзүүлж цайлах дайлах, хүний өөрийн хүмүүст байгаа юмаараа хувь хишиг хүртээх дуртай сайхан хүн. Сумъяа эгч аймаг, сум, бригадын эрүүл мэндийн байгууллагад олон жил ажиллаж хүний амь ч аварч, хүүхэд ч эх барьж авч байсан, Эрүүлийг хамгаалахын ажилтны улсын зөвлөлгөөнд оролцож, сумын депутатаар хоёр ч удаа сонгогдож байсан хүн.
Дүгэр ах, Сумъяа эгч хоёр маань эдүгээ 80 гаран насыг зооглоод Дундговь аймгийн төвд хүү Отгон-Эрдэнхийнхээ хажууд эрүүл эрүүл саруул сайхан амьдарч байна. 
Нмйан настайгаасаа эхлэн найман жил нэг гэрт сууж, ная гартал нь эргэж тойрч байдаг нагац ах, бэр эгч хоёрынхоо тухай товч дурдахад ийм болой.
Та хоёр минь урт насалж удаан жаргаарай.
Бичээчийн Батмөнх
2016-09-03



No comments:

Post a Comment