ГОВЬ ДАХЬ ХУРДНЫ УГШИЛ НЬ ШАНХАЙН ХЭЦ БОЛ ХЯТАД ДАХЬ ЕВРОП НЬ ШАНХАЙ ХОТ ЮМ БАЙНА.
Манай Дэл Хөнжилийн уулын зэргэлдээ Өмнөговийн нутагт Шанхайн хэц гэж сунаж тогтсон их хяр байдаг. Говь нутагтаа алдартай нутаг. Зүүн талд Галшарын, баруун талд Тэсийн голын, өмнө талд Говь Шанхын хурд гэж ярьдаг тэр нутаг. Шанхайн хэцийн тухай яривал сонирхолтой юм маш олон бий. Энэ удаа эртний танил Шанхайн хэцийн тухай биш түүний “амьдаа” болох өмнөд хөршийн Шанхай хотын тухай товч дурдая. Яагаад гэвэл Шанхайн хэц дээгүүрээ давж нисээд Хятадын Шанхай хот болон Номхон дөлгөөн далайн эргийн манан татсан цэнхэр хязгаараар хэсэг амарч аялж яваад ирлээ.Номхон далай эрэг дээрх Шанхай хот бол 18-р зууны буурал европын лүглийсэн лүглийсэн нүнжигтэй чулуун хүрэн барилгууд, хан үндэстний халуун ханзтай шавар тагзнууд, хятадын үндэсний төрөл бүрийн соёлын өвөө яг тэр чигээр нь хадгалсан түүхийн дурсгалт сүм хийд, уран барилгын цогцолбор, өндрөөрөө дэлхийд нэг, хоёрт ордог дээд үзүүр нь үүлэн цаана байдаг тэнгэр баганадсан өндөр цамхагууд, дэлхийн хэмжээний экспо үзэсгэлэнгүүд ээлж дараалан гарч байдаг хэдэн арван км талбайтай асар том манайхаар бол “Мишээл экспо” төвүүд, дэлхийн урлагийн одууд бүтэн жилээр очерлон тоглолтоо хийдэг нүсэр том “UB палас”-ууд зэрэг түмэн шидийн гайхамшиг цогцолсон хот юм байна. Дэлхийн хамгийн олон хүнтэй хот, дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн 2 нь энд байдаг, дэлхийн хамгийн том Диснейлэнд энд байдаг гээд дэлхийд хамгийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой юм олон байдаг гэнэ. 18-р зуунаас европын хөгжил хүч түрэн орж ирсэн тул хятадын европ гэдэг бололтой. Өнгөц харахад одоо ч гэсэн хүн ардад нь ихэмсэг, эрхэмсэг, хямсагардуу европ хүний төрх, зарим аж амьдралд нь хятадуудаас арай өөр европ маягийн соёл давамгайлсан хэвээр байдаг болуу гэж харагдсан. Хот болоод хүн ардынхаа энэ европжсон энэ давуу талаа аялал жуулчлалд хятад хүний ухаанаар ашигласан нь харагдаж байв. Шанхайд очсон хүн Лондон, Дубай, Бээжинг нэг дороос үзсэн мэт сэтгэгдэл төрдөгч байж магадгүй.
Юм үздэгээс гадна шопинг хийдэг жуулчдыг хэрхэн татах аргаа бас л мэргэн олсон олон юм харагдсан. Дэлхийн бүх төрлийн брендийн сүлжээ бүгд байдаг тэр нь харьцангуй хямд юм. Дууриалган хийдгээрээ өмнөд хөршийнхөн маань дэлхийд алдартайг бид мэднэ. Ганц хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартай дууриамал бренд барааны том дэлгүүр /манай Нарантуул шиг шахуу/ байдаг юм байна. Гаднаас ирсэн бараг жуулчин болгон тэнд очдог бололтой. Чанар хийц донж маяг нь брендтэй яг адилхан боловч харьцангүй хямд тэдгээр бараа шажигнатал гүйдэг бололтой юм билээ. Ер нь Шанхайд бараа харьцангүй хямдхан гэнэ.Миний хувьд спортын бренд барааны олон улсын сүлжээ дэлгүүрээр ороод манай энд ирдэг ориг бараа арай л үнэ ихтэйг мэдэрсэн.
Дэлхийн болоод хятадын хамгийн олон хүнтэй хот гэнэ. 20 гаруй сая хүнтэй энэ хотод дотоод гадаадын жуулчид өдөрт хэдэн зуун мянгаараа ирж очиж байдаг юм байна. Жуулчдын гудамжинд нь хөл тавих зайгүй битүү байнлээ. Бээжингээс 30 минут тутам онгоц нисэх юм. Зорчигчийн тийм их урсгалтай хот Хятадад байхгүй гэж гэсэн. Гадаад дотоод 2 онгоцны буудалтай тэр 2 буудлаас онгоц 10 минутын зайтайгаар очерлон нисэх юм. 10 жил явсан машин явуулдаггүй тул бүх машин нь манайхаар шинэ, ихэнх мотоцикл нь цахилгаан болчихсон, хотдоо 5 давхар замтай, газар доороо 3 давхар метротой гэнэ. Бичвэл нүд бүлтийлгэж чих дэлдийлгэсэн сонирхолтой юм зөндөө зөндөө.
Арав хоногт Шанхайн аравны нэгийг нь хальт хараад ирлээ. Хуучны хятадуудын оромж байсан эдүгээ түүхийн дурсгал болон үлдсэн шавар тагзанд нь ч шагайж үзлээ,орон орны баячуудын хүүхдүүд болох шаавай залуус, шанган охид хөшилдсөн таван одтой буудалд нь ч хонож үзлээ, хөдөөны тариачдын эгэл амьдралыг нь ч үзлээ, хамгийн өндөр цамхаг дээр нь ч гарч үзлээ, 1027 арал бүхий том нуурын зах дээрх жуулчины баазад нь ч очиж үзлээ.
Ингэж явахад ганц юм тодоос тод харагдсан нь хятад орны хөгжил ч хол тасарчдээ гэж бодогдсон шүү. Сүүлийн аравхан жилд ядуучуудаа яаж дээш татсан тухай шагшин магтдаг нь үнэн юм байна гэдгийг нүдээр харав. Наад зах нь гэхэд хөдөө 400 гаруй км явахад тааралдсан бүх айл хоёр ба түүнээс дээш давхар хаустай байв. Араваадхан жилийн өмнө ийм хаус нүдний гэм байсан гэнэ.
Ингэж явахад манай Улаанбаатарт хуулч аваад хэрэгжүүлчихмээр хялбархан аятайхан юмнууд захаас аван тааралдаж байв. Эдгээрээс гудмаар дүүрэн эзэнгүй зогсох дугуйнаас гар утасны апалкейшины тусламжтайаар дуртай хүн түүнийг авч унаад дуртай газраа хүрээд түүнийг гудманд "хаячихдаг" гэх мэт сонирхолтой юмнуудаас дараа сонирхуулъя.
Б.Батмөнх
2016-11-11-11-11-11сек
No comments:
Post a Comment