Thursday, December 8, 2016

ДЭЛ ХӨНЖИЛ ХЭМЭЭХ ЯГ ТӨРСӨН НУТАГ УСААРАА ДУУДУУЛСАН ИЙМ ДУУЛИАНТАЙ, ШУУГИАНТАЙ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙХЫГ АНХ УДАА ХАРЖ БАЙНА.
/“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлтэн дээр Төрийн шагналт, СГЗ, зохиолч Д.Нямаагийн хэлсэн үг/
Би Улаанбаатар хотод ирээд 60 дахь жил, Москвагийн Горькийн Утга зохиолын дээд сургууль төгсөж ирснээс хойш 50 дахь жил болж байгаа хүн. Энэ хугацаанд Дэл Хөнжил хэмээх яг төрсөн нутаг усаараа дуудуулсан энэ арга хэмжээ шиг дуулиантай, шуугиантай арга хэмжээ болж байхыг анх удаа харж байна. Манай нутгаас Ардын жүжигчин Дагийранзаас эхлээд алдар цуутай, урлагийн мастерууд, авьяастнууд олон хүн төрсөн. Тэд янз бүрийн арга хэмжээнд оролцож олны өмнө гарч байсан ч Дэл Хөнжил, Дэл уулын хадны зураг гэж гэж нэрлүүлж явсан удаагүй. Би яах аргагүй Дэл Хөнжил гэдэг нутгийн хүн.
Манай нутгийг гадаад дотоодын түүхч эрдэмтэд олон жилийн өмнөөс сонирхож судалж ирсэн юм билээ. Оросын эрдэмтэн Волков 1959 онд эртний судлалын ажлаар манай нутагт очоод дараа нь “Монголд эртний судлалаар хамгийн найдвар тавьж болох газар бол Дундговь аймаг байна шүү” гэж бичсэн нь Сэр-Оджав гуайн номонд байнлээ. Тийм маягаар эрдэмтдийн анхаарал татсан төрсөн нутгийг минь олон нийтийн анхааралд хандуулж байгаад баяртай байна. Нутгийн минь уулсыг энэ музейд оруулаад ирсэн юм шиг, нутгийн минь уулс нүдэнд бодитоороо харагдаж байгаа юм шиг сайхан байна. Тэр нутагт өссөн төрсөн багадаа хурга хариулж явсан хүний хувьд энэ сайхан үзэсгэлэнг санаачилсан, зохион байгуулсан нутгийн дүү нартаа болон үзэсгэлэнд ач холбогдол өгч ирж нээж өгсөн ЕТГ-ын дарга Цагаан нарт өвгөн ах нь талархал илэрхийлж байна.
2016-05-27

No comments:

Post a Comment