Wednesday, December 21, 2016


БҮТЭН САЙНЫ ОРОЙ ЮУ ҮЗНЭЭ
Хүмүүст үгүйлэгдэхээр юм хийнэ гэж энэ дээ. Манай 100 гаруй, гадаадын хэдэн зуун теле сувгаас монгол хүнд наалдсан ганц сайн юм хийж чадлаа Гачууртын Чинбатынхан. Энэ шоунд ноднин элдэв чулуу төмөр хангир янгир хийлгэсэн Дарханы нэг гайхалтай хөдөлмөрч дуу хөгжмийн багш хэдэн жижигхэн шавьтайгаа, энэ жил бас нэг хоолойны өвөрмөц тембертэй дуучин залуу ялсан нь үнэн боловч тэдний цаана дахиад хэд хэдэн ялагч байсныг дурдах гэсэн юм. 
Дэлхийн хэмжээний шоуг яг тэр чигээр дууриаж хийж чадсанаараа МОНГОЛ HD телевизийн хамт олон, түүнийг удирдсан Гачууртын Чинбатын Номин хоёр бас ялчихсан. Багийн бүрэлдэхүүн 600 хүн гэдэг том тоо шүү. 
Энэ 5 сард Монгол ТВ дээр хүнтэй уулзахаар 10 цагт очиход жижүүрээс өөр ганц ч хүнгүй байсныг асуухад бүгд Авьяаслаг монголчуудын бичлэгэнд явцгаасан шөнөөс нааш ирэхгүй гэхээр нь энүүгээрх ажлаа яадаг юм гэсэн чинь "Манай үндсэн ажил телевиз шүү" гэж жижүүр ам тагласан.
Саяын нэг тоглолтыг манай гэрийнхэн үзсэн чинь 16 цагт ороод 23 цагт гарч ирсэн. Тэнд нөгөө /АМ/ тоглолтоо үзээд дараа нь кино үзээд, концерт үзээд, хоол идээд, сугалаа сугалаад, дахин ТВ бичлэгээ үзээд, шууд бичлэгт нь ороод гэх мэтээр бөөн ажил болдог юм байна. Тэднийх үнэхээр гайхалтай зохион байгуулж байна гэж толгой сэгсэрсээр ирцгээсэн. Нүсэр ажил болдог бололтой. Universe Best Songs-ыг эс тооцвол нийтийг хамарсан урлагийн шалгаруулалт бараг явахаа байсан энэ цаг үед 4-80 настануудын унаган авьяасыг нээх гэсэн ганц оролдлого байлаа. Гачууртын Чинбатын монголчуудын төлөө хийсэн том хөрөнгө оруулалт, үүнийг Монголчууд үнэлэх ёстой. Цааш үргэлжлээсэй билээ. 
Ийм шоунд оролцогчоос гадна шүүгчид чухал үүрэгтэйг манайханд ойлгуулав. Шүүгчийн сонголт зөв байсан шүүгчид сайн байсан. Дөрвөн шүүгч авьяастныг шилэн сонгохоос гадна шоуг шоу болгоход гарамгүй ажилласан. 
Ганц үг ганхийхгүйгээр хийл тоглодог Дээгий урлагийн өндөр мэдрэмжтэйгээс гадна хүн өөрийнхөөрөө байхын гайхамшгийг үзүүлсэн, нэвтрүүлгийн текст уншихаас бусдыг мэдэхгүй Чимгээ ямар агуу эмэгтэй вэ гэдгийг харуулсан, насаараа урлагийн тогоонд түлэгдтэлээ чанагдсан Чукагийн юмны мөн чанарыг ухаж ойлгох чадвар сайтайгаа үзүүлсэн, бацаануудыг голдуу хуйлруулдаг үглээ дуучин Пуужин Баяраа орчин үеийн залуучууд ямар мундаг болсныг баатарлагаар хамгаалж гарч чадсандаа энэ шоуны бас нэг ялагч боллоо тэд. Ийм олон сайхан ялагчтай, ийм олон сайхан авьяастантай, ийм олон сайхан үзэх ярих юм элбэг дэлбэг сайхан шоу боллоо. Баярлалаа Гачууртын Чинбат, баярлалаа ялагчид, баярлалаа үзэгчид.
Бичээчийн Батмөнх
2016-12-12

No comments:

Post a Comment