ТАВ ДАХЬ ҮЕЭ ҮЗСЭН ИЖИЙ,
ДӨРВӨН ИЖИЙГЭЭ ҮЗСЭН ХҮҮ.
Дундговийн Өлзийт суманд Дэл, Хөнжил гэж өвөрмөц хоёр жижгэвтэр уул бий.
Энэ хоёр уул орчмоос арав шахам МУ-ын гавъяат цолтон, нэг ардын жүжигчин, нэг Төрийн шагналт зохиолч, нэг Улсын баатар, нэг Ерөнхий сайд, нэг Улсын арслан бөх төрсөн алдар цуутны өлгий нутаг.
Энэ нутагт байдаг олон миен айлын нэг нь "Баянхүүхэнүүдийнхэн”. Эднийхэнд сайн эмч, багш ч олон бий, сайн малчин ч олон бий, бурхан ухаантай уран дархан ч бий, угалз хатгадаг уран үйлчин ч бий, Монголын төрийг жолоодож явсан сэхээтэн ч бий, Дэл Хөнжилийн уулаа олон арван жил нүд салгалгүй манаж байгаа байгаль хамгаалагчид ч бий.
Эднийхэн өндөр дээд үеэсээ эхлэн удам судраараа өндөр насалдаг хүмүүс. Өөрөөсөө доош 4 үеэ үздэг азай буурал, 4 эхийгээ үздэг азтай эрхэм тийм ч элбэг биш байдаг бол харин эднийхэнд тийм тохиолдол байдаг.
“Баянхүүхэнүүдийхэн”-ний Сундуйн Увш өөртэйгээ таван үе буюу өөрөөсөө доошх дөрвөн үеэ /4 дахь үеийг хуланц гэдэг болтой/ үзсэн азтай буурай. Түүний охины охины охины хүү /ач гуч гэдэг хэллэгээр ачанцар юмуу, юу гэдгийг мэдэхгүй байна/ Жуужаагийн Эрдэнэбулган бол дөрвөн ижийгээ үзсэн азтай нэгэн.
Дөрвөн үеэ үзсэн хүн мөнхөрдөг /урт насалдаг гэсэн үг байх/, хувьтай хүн хуланцаа үзнэ, азтай хүн ачанцараа үзнэ, дөрвөн эхээ үзсэн хүн сайн явдаг гэж ярьдаг. Үнэн байх. Яагаад гэвэл миний 96 насалсан эмээгийн төрсөн эгч, бидний Ажаа хэмээн авгайлдаг байсан Увш эмээ 93 насалсан.
Дөрвөн ижийгээ амьд сэрүүн, энх тунх байхыг үзсэн азтай хүү болох Эрдэнэбулган нь хууль зүйн ухааны доктор, профессор цолтойгоор монголын толгой хуульчид болох С.Нарангэрэл, И.Дашням /хоёулаа гавъяат хуульч, доктор, профессор/ нарын удирдаж байсан МУИС-ын Хууль зүйн дээд сургуулийг эдүгээ удирдаад / http://lawschool.ws.mn/c/1 / явж байна.
Сайхан удам судар, сайхан буурай, сайхан өндөр нас, сайхан ээжүүд, сайхан хүү, азтай сайхан тохиолдол.
Бичээчийн Батмөнх.
2016-10-05
No comments:
Post a Comment