Wednesday, December 21, 2016

ХҮНТЭЙ САЙХАН МЭНДЛЭХЭД 

САЙХАН ЭНЕРГИ ИРДЭГ
Монголчууд мэндийн сайхан үг солилцдог уламжлалтай ард түмэн. Таньдаг таньдаггүй ямар ч улсууд уулзахаараа хоорондоо дандаа “сайхан өвөлжиж байна уу, танайхан сайн уу, бие хаа сайн уу, ажил төрөл сайн уу гэх мэт дандаа САЙН, САЙХАН гэсэн үг орсон бэлгэдэлтэй сайхан үгээр мэнд усаа мэдэж яриа хөөрөө өрнүүлдэг. Одоо монголчууд мэндлэхээ больсон. Ялангуяа төв суурин газрын хүмүүс бид таньдаг бол мэндэлдэг, таньдаггүй бол огт мэндлэхээ больсон. Үүнийг бид хотжилттой холбоод танихгүй хар мянган хүнтэй хэнтэй нь гэж мэндлэх юм гэж ойлгодог. Гэтэл үгүй юм байна.
Швейцарийн тухай нэгэн анд ноднин ингэж хуучилсан надад. Швейцарчууд гайхалтай найрсаг, тааралдсан хүн болгонтой мэндэлнэ, таньдаг хүнтэйгээ уулзаад салахдаа баярлалаа баяртай гэхээс гадна өдрийг сайхан өнгөрүүлээрэй , үдшийг сайхан өнгөрүүлээрэй, шөнө сайхан амраарай, сайн яваарай, сайн... сайхан...тэгээрэй ингээрэй гэсэн ерөөлийн болон талархлыг үгийг үнэн сэтгэлээсээ дахин дахин хэлдэг гэнэ. Үйлчилгээний газраар ороход тэдний худалдагч, үйлчлэгч, ачигч хэн байдаг юм бүх хүмүүс нь орж ирсэн бүх хүмүүст сайн байна уу, танд баярлалаа гэдэг үгийг залхтал нь хэлдэг гэв. Эхлээд түвэгтэй санагдаж байснаа сүүлдээ сурчхаад мэндлэхгүй, талархахгүй бол сонин санагдах маягтай болдог гэнэ. Зарим улс оронд нь өглөө гараад тааралдсан хамгийн эхний хүнтэй найрсаг сайхан мэндэлбэл өдрийн ажил сайхан бүтдэг, эсвэл хүнтэй сайхан мэндлэхэд сайхан энерги ирдэг гэж үздэг юм гэнэлээ гэж сонсож байсан.Үүнийг сонссоноос хойш өглөө гараад эхэлж таарсан хүнтэйгээ толгой дохин мэндэлсээр байгаад байрныхаа ихэнх хүмүүстэй танихгүй ч гэсэн мэндтэй болсон шүү. Болмоор л юм билээ.
Б.Батмөнх

No comments:

Post a Comment