ДЭЛ УУЛРУУГАА ЯВААД ИРЛЭЭ.
"ЭкоАзи"ийн Ц.Адъяасүрэн, ЮНЕСКО-гийн Н.Уртнасан, Байгаль орчны А.Намхай нарыг ирэнгүүт СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал доктор Д.Уранчимэг, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор П.Байгаль, тэнхимийн эрхлэгч доктор Батсайхан ОХУ-ын хоёр судлаачдын хамт Дэл ууланд очоод ирлээ.Зунаасаа илүү сайхан байдаг говийн налайсан намарлуу гарч байгааг хэлэхүү, өглөө хотод цасгүй дулаахан байсныг хэлэхүү хөнгөн шингэн хувцастай гарцгааваа бид хэд. Төв аймаг өнгөрөөгөөд хэрэг бишдэж нэвсийсэн зузаан цас, толь шиг болсон мөсөн зам биднийг угтав. Энэ цас, ийм зам хоёр Хулд өнгөрч байж дуусаад намрын говьтой арай хийж залгав.
Дэл уул сайхан байнаа. Говийн шаргал нар ээгээд л, намрын бороонд ногоо нь хэнзлээд л, аргаль янгир хадаар нь дүүлээд л, хүн малынх нь зоо тэнэгэр сайхан байна.
Адъяасүрэн докторын таанууд энэ өвөрмөц нутгаа хурдан хамгаалалтад авахуул, хадны зурагтай бусад газраас Дэл уул ийм ийм онцлоготой гээд жишээ татан ярьсны маргааш газар дээр нь очоод харахад байгаль орчны мэргэжлийн хүний нүд арай өөр байдгийг мэдрэв.
Намрын дулаан өглөө хотоос халууцаж шахуу гарсан бид хэд гараад цас мөс дундуур туучсаар говийн халуун намартай золгож Баруун билүүний туурин дээр очиж гурав хонолоо.
Дэл уулын гайхамшиг, хадны зургийн ид шидийг олон түмэнд болон болон дүрслэхийн сургуулийн оюутануудад бодит байдлаар нь харуулахаар гадаадаас хэрэг болгон ирсэн орос товаришууд болон дүрслэхийн багш нарын ажил хэрэг маш амжилттай сайхан бүтсэн. Миний хийх юмсан гэж мөрөөдөж явсан нэгэн төслийн эхлэл тавигдсан.
Цагтаа хэдэн зуугаар тоологдох лам нар бужигнан номын уншлага цуурайтан амьдрал буцалж байсан Баруун билүүний хийдийн хойт овоон дээр өглөө гарахад хажуудах хадны зураг нарны гэрэлд гялалзаж, хойд ард нь аргаль янгир бэлчиж, урд аманд нь хөгшин хайлаас лүглийж, урд амных нь хадан хясаан дундах булгийн ус шоржигнон урсаж байгаа өвөрмөц ертөнцийг намар оройхон үзэх гоё юм билээ. Алтан хөрсөн хөрсөн дээр нь чарлан чарлан унаад ариун дагшин усаар нь угаалгаж, рашаан мэт булгийн усаар нь ундаалж , алт эрдэнэс холилдсон бүтэцтэй чулуугаар нь тоглож, дэлхийн данслагдахаар яригдаж эхэлсэн хадны зургаар нь оюуны мэлмийгээ нээсэн миний бие Дэл ууландаа очоод хэд хонохоор хамаг эд эс арьсан дороо багтахгүй болтлоо сэргэх шиг болдог юм. Сая бас л тэглээ.
Миний саваагүйтэж сонирхдог юмны нэг нь уран зураг. Уран зургийн үзэсгэлэнг алгасахгүй үздэг. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр "Орон зай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон. Шууд хэлэхэд зураг сонирхох болсон шалтгаан хар багаасаа хадны зураг үзэж хүн болсных.
Хадны зургийг түүхэн талаас археологи талаас судлахаас гадна урлаг ялангуяа уран зураг талаас нь судлаасай гэж хүсч явдаг. Тиймээс ч энэ хавар гаргасан хадны зургийн үзэсгэлэнгээ монголын урдаа барьдаг зураачдыг хэрэг болгон урьж үзүүлсэн. Доктор Дулам Дэл уулын хадны нэгэн зургийг зургийг бүхэл бүтэн бүжиг болгож амилуулсан. Зураач Тэнгисболд хадны зургаар хийсэн уран бүтээлээ АСЕМ-ын төлөөлөгчид болох 30 гаруй орны төр засгийн тэргүүнд хэрэг болгож үзүүлсэн. Хадны зураг судлах том төслийг Монголчууд эхлүүлж олон улсын хэмжээнд зарласан. Монголын хадны зурагийн судлаачид сонирхогчид нэгдэж эхэлсэн. Удахгүй монголын хадны зураг “хаданд гарна”.
Тиймээс дүрслэх урлагийн чиглэлийн хүмүүс явахаар нь дуртай нь аргагүй газарчилсан юм. Гурав хоногийн хугацаанд 3000-5000 гаруй объектоос 300 гаруйг үзэж зураг авч ба бус юм хийсэн байх манай хамт явсан нөхдүүд. Дүрслэхийн сургуулийн хоёр багшийн нэг доктор Батсайхан. Тэр бараг мартагдах шахсан ширмэл ширдэгний хээг /манай нутагт дуглуур гэдэг/ урлаг талаас нь судлаж докторын зэрэг хамгаалсан сонирхолтой нэгэн байсан. Ширдэгэн дээрх хээ болоод түүнийг ширж /оёх/ бүтээх, мөн түүнийг хэрхэн хэрэглэх нь тэр чигтээ урлаг юм билээ. Дэл уулын хадны зураг Батсайхан докторын судалгааны ажилд том олз болж байгаа бололтой байсан. Сонирхолтой нь хивсэнд шахуулаад хэрэглээнээс гаран мартагдах шахаж байсан дуглуур эргээд мода-нд орж байгаа юм билээ. Дэл уулын хадны зурагаар амилсан дуглуур монголоор нэг тархахад гайхах юмгүй болсон. Батсайхан доктор надад Дэл уулын соёлыг хэрхэн гаргаж ирэх, яаж дэлгэрүүлэх талаар болоод олон чухал зөвлөгөө өгөөд цаашид хамтран ажиллахаар болсон.
Хадны зургийг урлаг талаас нь судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан Пүрэвсүхийн Байгаль гэж үе залгамжилсан зураач бүсгүй явсан. Алдарт “Мандухай цэцэн хатан” "Мөнхтэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураач Төрийн шагналт зураач Пүрэвсүх асаны охин. Мөн л сонирхолтой уран бүтээлч, судлаач, эрдэмтэн, багш залуухан цоглог эмэгтэй. Түүний уран бүтээл болоод эрдэм шинжилгээ судалгааны чиглэл нь бас л хадны зурагтай холбоотой юм билээ. Дэл уулаас мөн л бөөн олз олж байгаа бололтой байсан.
Иймэрхүү аялал нэгийг хийгээд ирлээ. Техникийн жижиг саатал, цас мөс, хальтиргаа гулгаа байсан ч бүх юм жин тан бүтсэн. Уулаасаа Дэл уул болон Дэл уулынхан очсон хүмүүсийг алгаа тосч аваад ажил төрлийг нь бүтээгээд буцаадаг юм.
Б.Батмөнх
2016-10-15
No comments:
Post a Comment