Tuesday, July 5, 2016

ШАРАВ ЗУРХАЙЧИЙН ТУХАЙ ХУУЧ ЯРИА
Дундговь аймгийн Өлзийт сумын Тагтын 3-р багийн нутагт байсан Хөнжлийн Далайн хийдэд зурхайч Увшийн Шарав гэж нутаг орондоо нэртэй сайн зурхайч байжээ. Тэрвээр хэлмэгдүүллийн үед хийдийн чухал хэрэгтэй ном судруудыг уул хаданд нуун авч гарчээ. Сүүлд 1950-иад оны үед Гандан хийдийн хамба Эрдэнэбилэг /Эрдэнэпил/ гэгч лам зориуд машинтай ирж Шарав зурхайчын нуусан ховор номуудыг Гандан хийдийн ховор номын сан хөмрөгт бүртгэн авчээ.Тэр хамба, Шарав зурхайчын бүтээсэн зурхайн номуудыг үзээд “Лав зуун жилдээ зөрөхгүй хуанли байна” хэмээн ихэд олзуурхан магтаж байсан гэдэг. Тэр нэртэй сайн зурхайчын тухай домог гэмээр яриа олон байдгаас энд нэгийг дурдая.
Нэгэн зун Өлзийтийн өмнө талын нутаг ихэд гандаж булаг ус хатан ширгэж хүн бүр л хур бороо хүсэн тэнгэр өөд ширтэх болжээ.Тэгтэл Далайн хийдийн хувилгаан лам Сэд, зурхайч Шарав хоёр бороо оруулах ном уншин лус аргадаж байгаа сураг гарчээ. Нэгэн өдөр Далайн хийдээс холгүйхэн байдаг “Есөн хайлааст”-ын аманд хийдийн бүх лам хуврагууд нийлж шагай харвах зар тарж гэнэ. Хийдийн лам хувагуудаас эхлээд,ойр хавийн хашлага сум нийлүүлдэг бүхэн цуглан хоёр өдрийн турш уухай хадаан лус баярлуулах ном уншиж байтал хоёр дахь өдрийн үдээс хойш ширүүн бороо асгаж эхэлсэн тул шагайчид олбог дэвсгэрээ ч бүрэн авч чадалгүй үерт авахуулжээ.Нутгийн олон тийнхүү хур бороо орж ган тайлагдсан явдлыг дээрх хоёр ламын эрдэм чадалтай холбон ярьцгаасаар байдаг ажээ.
Жич: Энэ хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын өвөө юм.
Б.Батмөнх.

No comments:

Post a Comment