БИ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЫН МАЛЧНЫ ГЭРТ
ТӨРСӨН СҮҮЛЧИЙН ХҮМҮҮСИЙН НЭГ.
Төрийн шагналт зохиолч Долгорын Нямаагийн "Тэнгэрийн хаяа" дурдатгалын номыг судлаачид, эрдэмтэд "энэ ном бол нүүдэлчин монголчуудын сүүлчийн тэмдэглэл мөн" гэсэн үнэлгээнд хүрсэн юм билээ.Тэр номонд монголчуудын нүүдлийн амьдралыг 3D өнгөтөөр нүдэнд харагдаж, ой тойнд буутал бичсэн байдаг. Зохиолч өөрөө гэхэд бага сургуулийн 4 жилийг 4 өөр газар суралцаж төгссөн, яагаад гэвэл сум нь малчдаа дагаад байнга нүүж явдаг үе байж.
Сүүлчийн гэдэг үгнээс үүдэн надад нэгэн сонирхолтой бодол төрснөө товч дурдсу.
Тавиад оны сүүлч, жараад оны эхэн үеийнхэн малчны гэрт төрсөн сүүлчийн монгол хүмүүс.
Жишээ нь би Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын Авдрангийн хар овооны бууцанд төрсөн хүн.
Өвөг дээдэс минь олон үеэрээ нутаглаж байсан тэр бууцан дээр очоод энэ миний төрсөн газар гээд өөрийгөө огшоогоод зогсож байхад сайхан л байдаг юм.
Уул усаа шүтэж ирсэн монгол хүний нэг бахархал ч юм шиг санагддаг.
Цэвэр газар шороон дээр унаж, худгийн цэвэр усаар угаалгаж, жинхэнэ цэвэр агаараар амьсгалж эхэлсэн азтай ч юм шиг санагддаг.
Жараад оноос хөдөөд эхэлсэн соёлын довтолгоон төрөх эхчүүдийг сум, бригадын эмнэлэгт төрүүлдэг болсноор малчны гэрт хүүхэд төрөх нь бараг больсон юм билээ.
Иймээс бидний үеийнхэн бол аргалын цэнхэр утаа бургилсан малчны гэрт төрсөн сүүлийн хүмүүс болох бизээ.
Бичээч Батмөнх.
2015-01-08
No comments:
Post a Comment