ДЭЛ ХӨНЖИЛИЙН УУЛЫН ДУНД БАЙДАГ
АЛАГ ЗАНДАНГИЙН АГУЙН ДОМОГ
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уул, Хөнжил уулын дунд Хонгор хайрхан /Баянхайрхан/ гэж нутгийн арт түмэнтом ухаа уул байдаг бөгөөд энэ уулын баруун хойт ар дээр “Алаг зандан”-гийн агуй хэмээх нэгэн агуй байдаг.Уг агуй нь үүдэн хэсэгтээ багахан майхны хэр зайтай бөгөөд түүнээс цааш салаалсан,хүн элгээрээ мөлхөж орохоор хоёр жижиг амтай юм. Түүгээр дотогш орвол жижиг дөрвөн ханатай гэрийн хэр зайтай болдог. Энэ агуй яагаад “Алаг зандан-гийн агуй хэмээн нэрлэгдсэн талаар ийм домог байдаг.
Эрт дээр үед Сайн ноён хан аймгийн нэгэн шилийн сайн эр урд зүгээс олон адуу хөөж яваад нэхүүлүүдэд гүйцэгдэхийн даваан дээр Хонгор хайрханы дэргэдэх Завагийн ууланд байдаг хадан таг (Эгц ханатай хадан хүрээ)-т адуугаа хашчихаад өөрөө Хонгор хайрханы агуйд орж нуугджээ.
Нэхүүлүүд нар шилийн сайн эрийг тэр хавьд байна гэдгийг мэдэж байсан учир тэнд хэдэн хонгоор саатан түүнийг эрж хайх болжээ.
Нутгийн малчид шилийн сайн эрд нууцаар хоол унд зөөх зуураа нэрийг нь асуувал тэр миний нэрийг Алагзандан гэдэг гэж хэлжээ. Нэхүүлүүд шилийн сайн эрийг нутгийнхан нуугаад байгааг мэдэж түүнийг зааж өгсөн хүнд их хэмжээний шан хөлс өгнө хэмээн зарлажээ. Гэвч нутгийхан зааж өгсөнгүй.
Гэтэл авах нэгэн шуналтай эр нэхүүлүүд дээр очиж “Алагзандангийн нуугдаж байгаа газрыг би зааж өгөе” гэжээ. Баттай сураг сонссон нэхүүлүүд Алагзанданг барихаар бүгдээрээ Хонгор хайрханыг зорьж гэнэ.
Сайн эр нэхүүлүүд ирж байгааг холоос хараад агуйгаасаа гарч нуугдан явсаар адуун дээрээ очиж адуугаа гаргаж туугаад арилж өгчээ. Нэхүүлүүдийг очиход агуйд хэн ч байгаагүй тул нөгөө шуналт эрийг худлаа хэлэв хэмээн нэвширтэл нь ташуурдаж орхиод нутгаадаа буцжээ. Түүнээс хойш тэр агуйг “Алаг зандан”-гийн агуй хэмээн нэрлэх болсон домогтой ажээ.
Б.Батмөнх
2016-03-13
No comments:
Post a Comment