Tuesday, July 5, 2016

ЭР ХҮНИЙ ЖАРГАЛ ЭЗГҮЙ ХЭЭР 

гэдгийн учир начир.
/Энэ үйл явдлаар хийсэн кино дэлхийд шуугиан тарьж Оскарт нэр дэвшиж байв/
Эрчүүдийн тухай "Эр хүний жаргал эзгүй хээр", “Эр хүний 13 мэх”,” Эр хүн зоригтой бол чоно ... алдана”, “Эрийг бүү бас далайг бүү янд” гэх мэт өвөг дээдсээс үлдсэн олон хэллэг байдаг. Эдгээр нь бүгд сонирхолтой адал явдлаас улбаалсан домогтой байдаг.
"Эр хүний жаргал эзгүй хээр"-ийн тухай товч өгүүлсүү. Үүнийг эр хүн орчин ахуйгаасаа түр холдож хээр ганцаараа байх нь жаргалтай байх мэт ойлгодог ярьдаг.
Гэтэл энэ хэллэг гарсаны түүх нь 1990-ээд оны эхээр хийгдсэн оросын алдарт “Уурга” киноны үйл явдал.
Монголчууд эмээ өвөө,ээж аав гээд олуулаа нэг гэрт хонох үед гардаг нэг хүндрэлийг хосууд хээр очиж уургаа гозойлгон дохио өгч байгаад амжуулчихдаг уламжлалтай байж. Хоёр морь нь чөдөртэй хажууд нь уурга гозойж байвал тэр хавиар яваа хүмүүс тийшээ дөхдөгүй соёлтой байж. Энэ үйл явдалаас үүдэн “Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг үг гарсан юм гэнэлээ.
Дашрамд “Уурга” кино хийсэн сонирхолтой түүхээс товч сонирхуулья.
Оросын алдарт найруулагч Никита Михалков 90-ээд оны эхээр энэ сонирхолтой сэдэвээр манайтай хамтарч кино хийхээр хүсэлт тавихад манай дээдчүүд пүү паа юун хоцрогдсон юм сөхдөг юм, юун үүл борооны явдал гээд зад загнаад хөөгөөд явуулав.
Михалков хятадад хүсэлт тавьсан. Ардчилал хөгжсөн хэмээгдэж буй манай дэргэд жинхэнэ хаалттай нийгэмтэй тэд бүүр ч зөвшөөрөөгүй. Дэлхийд үнэлэгдэх маш чухал сэдэв олсон Михалков хятадыг хулхидан байж киногоо хийсэн. Орос жолоочийг малчин өвөр монгол хүн аварсан тухай бартимтат киноны зураг авна гэж заль хэрэглэсэн гэдэг юм. Тиймээс уг киноны зарим нь хэсэг баримтат кино маягтай болсон. Ингэж бүтсэн "Уурга" кино гарсан өдрөөсөө дэлхийд шуугиан тарьж Оскарт дэвшээд аман хүзүүдсэн төдийгүй дэлхийн киноны бүх шагналыг хуу хамсан. Хятадтай хамтарсан гээд хятадын киноны нэрийг дэлхийд мандуулсан, харин монгол амаа бариад хоцорсон. Яг киноны хийцийн хувьд сайн кино биш боловч бидний ярьдаг “Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг үйл явдал Н.Михалковыг мандуулсан нь үнэн. Тэр одоо дэлхийн хэмжээний том кино найруулагч болсон.
“Уурга” тухайн үедээ дэлхийн бүх том кино театрт гарсан гэдэг юм билээ. Би тухайн үед Үйлдвэрчний соёлын төв ордонд үзэж байсан санагдана.
90-ээд оны эхээр Монголын тухай “Уурга” кино дэлхийд шуугиулж байсан нь үнэн.
Кинонд эзгүй хээр жаргасан эрд тоглосон өвөр монгол жүжигчин Баяр Франц хүнтэй суугаад франц иргэн болсон бол Пагма нэрээр тоглосон жаргал эдлүүлдэг эмэгтэй болох өвөрлөгч дуучин Бадамаа манай СУИС-ийг төгсөөд өвөр монголын алдарт дуучин болсон зэрэг энэ киноны тухай сонирхолтой түүх зөндөөн бий.
Оскарт монголчуудын нэр орсон “Уурга”, Бямбасүрэнгийн “Ингэн нулмис”, Сергей Бодровын “Монгол” кинонууд бүгд монголоос өөр орнуудын нэр дээр нэр дэвшсэн юмдаг.
Нүүдэлчин монголчуудын өвөрмөц заншилыг сүүхээтэй нэг нь авч ашиглан “чулуу болгоод” дэлхийн од болсон миний мэдэх нэгэн түүх ийм ажгуу.
Эр хүний жаргал эзгүй хээрээсээ хадуураад талийж өглөө зогсоё, уншсан танд баярлав.
Б.Батмөнх
2016-02-17

No comments:

Post a Comment