Tuesday, July 5, 2016

МОНГОЛД АНХ УДАА ХАДНЫ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРНА.
"ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ" ҮЗЭСГЭЛЭН 2016-05-27-НЫ БААСАН ГАРГИЙН 11 ЦАГТ ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОНЫ БАРУУН ТАЛЫН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ.
Танилцуулга.
Хүн төрөлхтний түүх, соёл, бичиг үсгийн хосгүй нандин өвийн тэнгэрийн доорх нээлттэй нэгэн галарей бол хад болгон дээрээ соёлын дурсгалтай Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уул болно. 
Дэл уул нь хэдэн мянгаар тоологдох хадны сийлмэл зургаас гадна эртний хүмүүсийн ул мөр болох чулуун болон хүрэл зэвсгийн үлдэгдэл, булш, оршуулга, эртний бичгийн нандин өв зэрэг олон зүйлийг багтаасан соёлын цогцолбор хүрээлэн юм.
Дэл уулын хадны зургийн судалгаа 1960-аад оноос Оросын эрдэмтэн /Хуучнаар Зөвлөлтийн/ А.П.Окладников, Монголын эрдэмтэн Н.Сэр-Оджав, Д.Дорж нар Дэлийн хойно орших Тагт багийн арын хадны зургаас эхлэсэн бөгөөд 1969 онд Э.А.Новгородова, Д.Дорж нар, 1987 онд Д.Хүүхэнбаатар, Т.Санжмятав, 1988 онд В.В.Волков, Д.Хүүхэнбаатар, Т.Санжмятав нар нутгийн байгаль хамгаалагч Д.Нацаг гуайн хамт хүрлийн үеийн 32 хүнтийн буган хөшөөт дөрвөлжин булшийг малтан шинжилж, хашлаганы зургийг буулган авчээ. 1990 оноос МУИС-ийн Түүхийн ангийн оюутнууд профессор Д.Хүүхэнбаатарын удирдлаган дор багш Санжмятавын Бат-Эрдэнийн хамт Монголын түүх, соёлын дурсгалтай танилцах дадлагыг хийх болжээ.
Энэ цагаас хадны зураг, бичгийн дурсгалын судалгаанд оюутнууд идэвхтэй оролцох болсон юм. 1995 онд Түрэгийн үеийн руни үсгийн I бичээсийг оюутан Ю.Болдбаатар уншиж тайлсан бол III дурсгалыг Д.Хүүхэнбаатар, Ю.Болдбаатар, II, IY, Y бичээс мөн Жирмийн худгийн бичээсийг Ц.Баттулга нар уншиж судалсан байна. Түүнчлэн гэрийн сууцны зургийн талаар И.Жанболот, Жигмэддорж, Баатархүү нар, цэргийн аяны тухай Б.Батсүрэн, Д.Хүүхэнбаатар нар эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ. Мөн доктор Д.Сүхбаатар Дэл уулын хадны зургаар сургалтын баримтат кино, гэрэл зургийн цомог гаргасан байна.
Д.Цэвээндорж, Н.Батболд нар 2005 онд “Дундговь аймгийн Дэл уулын Билүүний хадны зураг” нэгэн сэдэвт бүтээлийг анхлан гаргажээ.
Сүүлийн жилүүдэд БСШУЯ-ны харъяа Соёлын өвийн төв, Дундговь аймгийн музейтэй хамтран Дэл уулын хадны зургийг бүртгэж баримтжуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.
Дэл уул нь хадны зургийн түүхэн дурсгалаас гадна дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир зэрэг ан амьтантай, эмийн олон төрлийн ургамалтай монголын говь хээрийн бүсийн өвөрмөц экосистем бүрдсэн нутаг юм.
Өнөөдөр эртний өвөг дээдсийн үлдээсэн соёлын үнэт өвөө танин мэдэхийг хүссэн үзэгч та бүхэнд ЮНЕСКО болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “ХАДАНД МӨНХӨЛСӨН УРЛАГ: Түүх, Ойллого, Ярилцаан” олон улсын хурлын үйл ажиллагааны хүрээнд Монгол нутаг дахь мянга мянган хадны зургийн төлөөлөл болгон Дэл уулын хадны зургийн дээжсээс энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна.
Дэл уулын хадны зургийн өвөрмөц ертөнц таны
Оюуны мэлмийг улам бүр нээх болтугай.
Бичээчийн Батмөнх.

No comments:

Post a Comment