Tuesday, July 5, 2016

ДУРДАТГАЛ БИЧИХ ХЭРЭГТЭЙ.
Дурдатгал бол хувь хүний хувийн амьдралын тухай байхаас гадна тухайн цаг үеийн хөгжил дэвшил болон байр байдал, хүмүүсийн ахуй амьдрал, ажил төрөл гээд олон зүйлийг яг бодитоор бичсэнээрээ уншихад их урамтай бөгөөд сонирхолтой байдаг. 1920-1940-өөд оны монголчуудын амьдралын тухай 
армийн генерал Батын Дорж гуайн дурдатгалд бичсэн шиг тод дүрслэгдсэн нь үгүй. Дурдатгал болгон онцлоготой бөгөөд зарим дурдатгалын ном олон түмэнд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Тухайлбал Элэгний хэмээгдэх Гавъяат эмч, доктор М.Шагдарсүрэнгийн “Сэтгэл гэгээрэсэй” гэдэг ном миний мэдэхээр хамгийн олон удаа дахин хэвлэгдсэн. Шаагаа эмч залуу цагт өөрт нь ухаангүй дурлаж явсан нэгэн эмэгтэйн тухай оруулсан байдаг бол “нүүдэлчин монголчуудын тухай үүнээс сайн бичигдсэн ном байхгүй” гэж судлаачдад нэгэн дуугаар үнэлэгдсэн зохиолч Долгорын Нямаагийн дурдатгалд хөдөөгийнхөн нүүдэл хийх гэдэг ямар хүнд хэцүү ажил болохыг, сая хэвлэгдсэн Лувсангийн Хөсрий гуайн номонд говийн хүмүүсийн хүн чанар ямар агуу болохыг нүдэнд харагдтал бичсэн байдаг. Боловсролын системийн багш нар дотроос эзэмшсэн мэргэжилдээ бүтээлч хандахын сонгодог жишээ болсон Ардын багш Далхсүрэнгийн Төмөр Tumur Dalkhsurenөөрийнхөө болон ахан дүү нарынхаа тухай дэлгэрэнгүй дурдатгалыг цуваралаар бичиж олон түмэнд хүргэж байдаг. Түүний номыг үзэж байхад энэ хүн бол жинхэнэ Ардын багш хүн байна даа гэж ойлгогддог. 
Ер нь хүн болгон хэзээч давтагдашгүй өвөрмөц нэгэн ертөнц. Өөрийн үзсэн харсан болоод мэддэг юмаа хойч үедээ үлдээх нь хүмүүн бидний үүрэгч байж мэднэ. 
Хүн болгон дурдатгалаа бичих хэрэгтэй. Гэхдээ ном бичих хэцүү ажил. Заавал уран сайхны өндөр түвшинд гэхгүйгээр өөрийнхөө хэмжээнд бичээд сайхан хэвлүүлээд үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн үлдээсэн ч болмоор юм шиг санагддаг. 
Залуучууд ч гэсэн нас тогтохын хирд нэг сайхан дурдатгал бичинэ дээ гэсэн бодол тээж зохих бэлтгэл хийж байх хэрэгтэй. 
Жич: Дурдатгалын нэгэн номны дотроос сонирхолтой санагдсан хоёр нүүрний зургийг оруулав.
Б.Батмөнх

No comments:

Post a Comment