400 ШҮЛЭГ ЦЭЭЖЭЭР УНШДАГ ЯРУУ НАЙРАГЧ
НОРОВЫН ГАНТУЛГА.
Намрын дунд сарын шинийн арван долоонд Долгорын Нямаа, Норовын Гантулга, Мишигийн Цэдэндоржийн дотно анд Говь-Алтайн Ядамцоо багшийн хүү Амарсанаа бид хэд Цагаан суварга, Дэл Хөнжилийн нутгаараа аялав. Бид хэд Цагаан суваргын гайхамшигийг биширч, Дэл уулын хадны зургаар нүдээ хужирлаж, аргал янгиртай нь тааран хийморио сэргээж, Нямаа ахын төрсөн бууцан дээр бөглөө мулталж, Хонгор хайрханд мөргөж, Хэвтээ босоогийн агуйнуудаар шургаж, Мандалговийн олон хөшөөг тоолж, бороо дагуулж ирлээ хэмээн нутгийнханд магтуулж сайхан явсаан.
Бид хэдийн хамгийн их хийсэн ажил буу халах. Яриагүй сэдэв үлдээгүй байх. Энэ ажлын хамгийн гол тоглогч Гантулга.
Гантулга бол сэтгүүл зүйн гал тогоонд ажиллаж буй тал талын өргөн мэдлэгтэй, гайхалтай ой тогтоолттой гуч шүргэж яваа залуу яруу найрагч. "Сайн бичдэг нь авдаг юм бол би авна" гэж аархаж явсаар хорин хэдтэйдээ “Болор цом” хүртсэн хүн.
Бичвэл бичдэг, ярьвал ярьдаг, наргивал наргидаг, сэвбэл сэвдэг, савбал савдаг зэрэг монгол эр хүнд байдаг бүх араншин түүнд байгаа болтой юм билээ.
Бөх моринд нугасгүй, сүүлийн арван жилийн улсын наадмын бүх насны морьдын айргийн тав болоод шөвгийн найман бөхийг түгдрэлгүй тоочдог эр. Зохиолчид, улс төрчид, олны танил болсон урлаг соёлын алдартнуудыг бүгдийнх нь нэрийг овогтой нь хэлж чадна тэр.
10-р анги төгсөхдөө 400 гаруй шүлэг цээжээр уншдаг байсан одоо 500 орчим болж байхаа гэж байнлээ.
Мөн нэг бахархууштай сайхан чанар нь тэр ахмад хүмүүст туйлын хүндэтгэлтэй ханддаг явдал. Тангадын, Дөнгөтийн, Бөхийн, Шаравын Пунцагийн, Бавуугийн, Готовын зэрэг овогтой олон ахмад зохиолчидыг тэр учиргүй хүндлэнэ, магтана биширнэ. Ямар сайндаа "Бөхөн шарын тэмдэглэл" номын нээлтэнд нь ихэнх ахмад зохиолчид цугласанд тэдний нэг нь "Зохиолчдын хорооны ахмадын хуралд бид хэд ингэж бөөнөөрөө цуглаагүй шүү" гэж байсан тухай Нямаа ах ярьсан.
Тэр монголоороо аялах дуртайн дээр ихэнх ахмад зохиолчдын төрсөн нутагт очиж үзсэн, тэр нутгийнх нь тухай сонирхолтой нийтлэл бичдэг юм билээ. “Бөхөн шарын тэмдэглэл” номонд нь дандаа тийм нийтлэл орсон байв.
Өдөр тутамын сонинд ажилладаг сэтгүүлчийн хувьд төр, засгийнханд чамгүй үнэлэгддэг болтой Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нартай гадаадын хэд хэдэн оронд явсан тухайгаа хуучилж байв.
Төрсөн нутаг Булганы Хишиг-Өндөрийн Арцын Улаан хад, Хөшөөтийнхөө тухай ярихаар нүд нь сэргээд дуу нь өндөрсөөд 3D-гээс илүү хурц тод өнгөөөр нүдэнд харагдтал ярина. Төрсөн нутаг, адуучин аав Норов, ээж Туяа нарынхаа тухай ярьсны дараа тэр илт сэргээд ирнэ. Зохиолч уран бүтээлч тэгээд залуу хүнд байдаг дэврүүн романтиик зан түүнийг тойроогүй.
Дэл уулан дээрээс алсад цэнхэртэх Дэлгэрхангайн уулыг харчихаад "Дооровын Дэлгэрхангайн уулыг Долгорын Нямаагийн Дэл уулан дээрээс харлаашдээ би ямар азтай юм бэ" гээд алга хавсран залбирч байхавдээ. Ингэж хэлэхэд нь Нямаа ахын сэтгэл хөдлөж Горькийн утга зохиолын дээдэд явахад Дашдооров ямар их тус дэм болсон тухай нүдэндээ нулмистай хүүрнэж байв.
Гантулга Төрийн соёрхолт Нямаагийн төрсөн нутгаар зорчисон тухай нийтлэл бичих юм гэсэн. Тэндээ тодорхой бичих байхаа.
"Уулсын сэтгэлгээний тэлэлт" хэмээх шүлгээр "Болор цом" хүртсэн Гантулга хэмээх эрхэм дүү үнэхээр тэлсээр, тэрэлсээр яваа буцалсан эрч хүчтэй, халгиж цалгисан яриа хөөрөөтэй мундаг залуу юм билээ. Түүнийг би дандаа магтаж явдаг юм, энд бас жаахан магтчихлаа, сайхан боллоо.
Б.Батмөнх.
2015-11-11
No comments:
Post a Comment