ДУНДГОВИЙН ӨЛЗИЙТ СУМЫН НУТАГ ДАХЬ АЛДАРТ ЦАГААН СУВАРГЫН ДОМОГ ОРШИВОЙ
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг орших Цагаан суварга хэмээх, хол ойрын хүмүүсийн сонирхлыг татдаг байгалийн хосгүй нэгэн бүтээл болсон газар байдаг.Цагаан суварга нь олон сая жилийн туршид хур бороонд урсан угаагдаж,элдэв нүх хонгио,ховил жалга үүссэн долоон давхар байшингийн хэр өндөр,шаварлаг ханан хясаа юм. Ёроолд нь очоод өөдөө харсан хүн дээрээс унахвий хэмээн сүрдмээр, энд тэндээс нь онгойн харлах агуй хонгионоос нь юу гараад ирэх бол хэмээн аймаар тийм л газар болно.
Энэ сүрлэг хайрхантай холбоотой олон сонин домгоос нэгийг толилуулъя.
Эрт урьд цагт Цагаан суварга хайрханы ёроолд нэгэн ядуу өвгөн хүүтэйгээ хоёул амьдардаг байжээ. Тэднийх ганц морь, арваад ямаанаас өөр мал хөрөнгө гэх юмгүй ядуу айл байсан учир хүү нь ганц нэг аргал янгир намнаж түүгээрээ амь зуудаг байжээ. Өвгөний хэдэн ямаа хайрханы ёроолын жалга судаанд ургасан ногоонд идээшлэн орой өөрсдөө гаднаа ирдэг байж гэнэ. Гэтэл нэг орой ямааных нь нэг дутуу иржээ. Түүнээс хойш өдөрт л нэг ямаа нь алга болоод байдаг болжээ. Өвгөн,явуулын чоно хайрханы жалганд нуугдаад ямаанаас минь идээд байна гэж бодоод үлдсэн хэдэн ямаагаа өөрөө хариулдаг болжээ.
Өвгөн нэгэн орой гэртээ ирээд хүүдээ “Миний хүү одоо эрийн цээнд хүрлээ. Аавыгаа бурхан болохоор хань ижилтэй болоорой. Надаас хойш хэдэн ямаагаа өсгөж олон болгодог юм шүү” хэмээн захиж гэнэ. Түүнийг сонссон хүү нь “Энэ аав бурхан болох гэж байгаа хүн шиг хойдох урдахаа захиад байгаа нь ямар учиртай юм бол?” хэмээн гайхан бодоод ааваасаа “Та яагаад гэнэтхэн ийм юм яриад унав аа?” хэмээн асуувал аав нь “Аав нь удахгүй бурхны оронд явна. Өнөөдөр өмнөхөөсөө арай дээр хөөрсөн. Маргааш бараг явчих байх. Түүнээс амжиж хүүдээ хэлэх захих юмаа хэлж байна” гэж гэнэ. Хүү аавынхаа “Дээр хөөрсөн” гэсэн үгэнд ихэд гайхан эргэлзсэн учир маргааш учрыг нь олъё хэмээн бодоод дахиж юм асуусангүй. Маргааш нь хүү анд явлаа гэж хэлээд нум саадгаа аван морджээ.Тэр хол явалгүй морио жалганд тушиж орхиод хайрханы орой дээр гарч, юу болохыг харахаар хясааны эгц ирмэгийг өнгийн хэвтжээ. Удалгүй эцэг нь хэдэн ямаагаа туусаар хайрханы ёроолд ирж нэгэн эрэгний сүүдэрт суув гэнэ. Хүү нилээд удаан харсан авч онцын юм мэдэгдсэнгүйд залхуу нь хүрч эхэлжээ. Тэгсээр унтаж орхисон байжээ. Хүү сэрээд доош харвал эцэг нь газраас нилээд дээр агаарт сарвалзан хөөрч байна гэнэ.Хүү гайхан доош ахиулан харвал эгц хананы дунд хэрд байгаа том нүхнээс ботгоны толгой шиг толгойтой амьтан цухуйж харагдав гэнэ.
Ахиулан харвал тэр амьтны толгой хайрс наранд гялалзан харагдах нь аварга том могой болох нь илэрхий байжээ. Аварга могой амаа ангайн эцгийг нь сорж байгааг мэдээд хүү бэлдэж очсон нум сумаа авч могойн толгойг харватал түчигнэсэн их чимээ гарч хонгионоос тоос шороо бужигнаад чимээгүй болж гэнэ. Түүнээс хойш өвгөн ч нисэхээ больж, ямаа нь ч хорогдохоо байсан гэдэг.
Суварга хайрханы ирмэгээс доош харахад үнэхээр аварга том могой хоргодож байсан байж магадгүй гэмээр том том цооног нүхнүүд харагддаг юм. Тэнд очоод энэ домгийг бодоход нээрэн аварга могой гараад ирэхвийдээ гэмээр санагддаг бөлгөө.
Бичээчийн Батмөнх.
No comments:
Post a Comment