Sunday, July 3, 2016

НУТАГТАА ОЧООД АРГАЛЬ, ЯНГИР ХАРАХААР ХИЙМОРЬ СЭРГЭДЭГ.

Зарим хүмүүсийн хийморь чоно харж сэргэдэг бол минийх Аргал юмуу Янгир харахаар сэргэдэг юм.
Аргаль, янгир бол үнэхээр сүрлэг сайхан амьтан, уулан дээгүүр дүүхэлзэн давхиад давахыг харахаар хамаг юм огшдог. Эвэр тууруу нь ямар агуу том гэж санана.
Нутагтаа очих болгондоо хэрэг болгож Дэл уулын Баруун билүүний хярд гарч эдгээр сайхан амьтадыг хардаг юм. 
Дэл ууланд 2014-2015 онд хэд хэд очихдоо аргал, янгиртай таарч л байсан. Хол явах хүүхдээ явахаас өмнө хэрэг болгож очиж харуулсан.
Ер нь хол удаан явах хүн нутгийн уул хайрхандаа мөргөж адис аваад рашаан уснаас нь хүртчихээд явах хэрэгтэй юм шиг санагддаг.
Манай нутагт хар сүүлт зээр бол зам дагуу сүрэгээрээ явж л байдаг. Түүнийг манай нутагт Сүүлт гэж нэрлэдэг юм. Өндөр өндөр дэгдээд, хол хол харайгаад хар хурдаараа чавхдахаараа бас л гоё амьтан.
Цагаан зээр бол заримдаа хэдэн зуугаараа, заримдаа хэдхэн харагдаж байдаг.
За тэгээд үнэг, туулай, хярс, огтоно зурам, алагдаахай гээд байхгүй амьтан байхгүй. Шүлүүс хэмээх амьтан нэг хэсэг байсан одоо алга болсон гэсэн.
Манай нутагт таван хошуу малтай айлыг "мал малын захтай айл" гэдэг, түүн шиг манай Дэл уул бол амьтан, амьтаны захтай гайхамшигтай сайхан нутагдаа.
Бичээчийн Батмөнх.
2016-04-08

No comments:

Post a Comment