ТАГНУУЛ БА БАДАРЧИН
Энэ сонирхолтой зургийг хараад бадарчингийн тухай жижигхээн зүйл бичихээр шийдэв. Хоёр мод тулсан, хавчиг үүрэг үүрсэн орох оронгүй тэнэмэл ламыг бадарчин гэдэг.
Эдүгээ бидний үед тэдний тухай +18-ын хэдэн онигоо, “Бадарчин баярлах болоогүй”, “Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар....” гэх мэт хэдэн хэлц үг үлджээ.
Буддын шашин дэлгэрэх үеэс эхэлсэн бясалгах, буян хийх, ном сурах зэрэг нэрийн дор дэлгэрсэн энэ Бадарчин хэмээх үзэгдэл цаанаа олон учир начиртай байжээ.
Тухайлбал ийм нэрийн дор янз бүрийн хүмүүс гадаад дотоодруу хил давдаг байж, тухайлбал бидний мэдэх харгис Дамбийжаа баруун хилээр бадарчин маягаар цааш нааш хил нэвтэрч байсан тухай түүх байдаг. Өөр бас бус нэр алдартай зарим хүмүүс ийм арга хэрэглэж байжээ.
Мөн харилцаа холбоо, ялангуяа тагнуулын тусгай холооны үүргийг гүйцэтгэдэг байсан. Манжийн үед монголд ирсэн Шведийн худалдаачин Ларсен хэмээгч монголд холбооны ганц хэрэгсэл байхгүй мөртлөө мэдээлэл гайхалтай хурдан тархаж байсанд маш их гайхсан байдаг. Тэр үеийн холбоо нь бадарчин, улаач хоёр байж.
Нэгэн үе тагнуулын хамгийн өргөн сүлжээ нь хавчиг бадарчин байсан тухай түүх эдүүгээ ил болжээ. Бадарчин-тагнуул бэлтгэдэг тусгай сургууль саяхан болтол Нийслэл хүрээнд байсан юм гэсэн.
Бадарчингийн тулсан хоёр мод, нэг ширхэг хавчиг үүргэвч бол жирийн эд биш байв.
Насан туршдаа хээр ганцаар явах хүнд юу эс таарахав. Айлын зуудаг нохой, хээрийн чоно ирэхэд 2 модоороо нэг ширвэхэд чоно нохой нам үхдэг тухай хууч яриа байдаг. Тэд зодооны биеэ хамгаалах тусгай чадвар эзэмшсэн тул зодуулсан, дээрэлхүүлсэн, чоно нохойд бариулсан тохиолдол байдаггүй байжээ.
Мөн тэд хүнийг яаж аргалах, залилах, хууран мэхлэх ухаан эзэмшсэн байдаг байв. Бидний сонссон +18-ын онигоо гэхэд л дандаа тэдэнд чадуулж гэргийгээ юмуу насанд хүрсэн охиноо “алдсан” байдаг. Тэднийг яаж ч “асман лам” гэж ад үзээд үзээд дөнгүүлчихдэг л байсан тухай домог түүх зөндөө байдаг.
”Үг олдож, үхэр холдов” гэсэн хэлц үг, хар ус хүнд өгдөгүй учир начир зэрэг бадарчингаас гаралтай өчнөөн үг хэллэг, түүх домогбайдаг.
Б.Батмөнх.
No comments:
Post a Comment