Sunday, July 17, 2016

ИЖИЙ МИНЬ
Өнөөдөр ээжийгээ баярлуулах өдөр гэнэ. 
Би эмээгээ ижий, ээжийгээ Хумгаа ижий гэдэг байв. 
Манай нутгийн залуучууд манай ээжийг Хумгаа гэж авгайлна. Миний багад манай нутагт ээж гэдэг үг огт сонсогдодгүй хүмүүс ээжийгээ ижий гэж дууддаг байв. Анх сургуульд суухаар аймгийн төвд ирж байж ээж гэдэг үгийг анх сонсож байв.
Ээж, ижий, ээжий гэдэг үгнүүд бол их сонсголонтой, их уянгалаг, их уян зөөлөн мэдрэмж төрүүлсэн, их эгшиглэнтэй их гоё үг. 
Амьдралын минь аз жаргалтай мөчүүдийн нэг бол яах аргагүй ижийтэйгээ хамт байсан тэр цаг хугацаа. Сайхан байждээ.
Ижий минь 16 настай намайг алс хол явахад өөрийн ариун дагшин усаараа гарыг минь булхаад магнайд минь хүргээд явуулж байсан. Би одоо болтол алзахгүй сайн яваа.
Миний ижий бол говийн эгэл бүсгүйчүүдийн нэгэн байсан.
Алдартны өлгий гэгддэг алдарт Дэл, Хөнжлийн хярд насаараа мал малласан хүн. Улаанбаатар цор ганц удаа ирж байсан.
Ижийнхээ тухай дурсвал дэндүү гэгээн сайхан олон юм байдаг. Тийм дурсамжийг нэг гэрт өсч торнисон ах дүү улсууд болоод гэр бүлээрээ цугласан үедээ ярилцах сайхан юм билээ.
Өнөөдөр ижийгээ баярлуулах, ижийгээ дурсах билэгтэй сайхан өдөр байна. Ертөнцийн бүх ээжүүдэд аз жаргал хүсье.
Бичээчийн Батмөнх

No comments:

Post a Comment