Tuesday, July 5, 2016

БАЯРЛАЛАА ЖАНЦАННОРОВ ГУАЙ АА, ТАНСАГ АЯЛГУУГААР 
ЧИХ МЯЛААСАН ЯВДАЛД.
Агуу Жанцанноровыг өчигдөр орой гэр бүлийнхэнтэйгээ очиж сонслоо.Хэддэхээ ч сонсож байгаа юм бүү мэд тоо алджээ, бараг тоглолт бүрийг нь үзсэн байх. Тэсэн ядан хүлээсэн тоглолт маш сайхан болсон.
Түүний шинэ уран бүтээлийг гурван цаг чилийтэл сонслоо. Нөгөө л цаанаа нэг монгол ханхалсан, уран тансаг, уянгалаг бөгөөд сүрлэг бадрангуй сайхан хөгжимөө туурвижээ. Монголын үзэсгэлэнт их говь, Мэнэнгийн үлэмж их тал, түүхт Халхгол гэсэн сэдэвээр хэдэн сайхан бүтээл туурвижээ. Гайхалтай.
......
Энэ тоглолтонд үзэгчид сэтгэл өндөр байсан. Анх ороход үүдэн дээр зарж байгаа түүний шинэ хуучин 10 гаруй CD-г авч байгаа нь цөөхөн байсан бол тоглолт тарахад дугаарлаад зогсчихсон авч байсан. Энэ бол тоглолт хүмүүст хэрхэн хүрсний нэг л үнэлгээ.
......
“Оюу эрдэнийн говь” хэмээх зөвхөн нэг хэсэг нь гэхэд 40 гаруй минут үргэлжилж байгаа юм. Түүний тухай зохиогч нь сайхан тайлбарлаад, ард нь сайхан зураг гаргаад, хөгжимчид чадварлаг хөгжимдөөд , гадаадны нэртэй дирижёр маш чадварлаг удирдахаар 40 минут бол бараг багадаж байнлээ.
.......
Нэгдгээр хэсэг нь ГОВЬ,хоёр дугаар хэсэг нь Мэнэнгийн ТАЛ, болон Халхгол.
Говь бол миний төрж өссөн нутаг, зүрх сэтгэлээс минь мөнхийн чангааж байдаг нутаг. Мэнэнгийн тал, Халх гол хоёр бол миний 1970-аад онд Газар зохион байгуулагч гэдэг мэргэжил эзэмшээд хамгийн эхэлж очиж ажиллаж байсан маш дурсамжтай нутаг. Тийм болохоор ГОВЬ, ТАЛ хоёрын тухай яриа, хөгжим хоёр миний сэтгэлд илүү ойр байв.
........
Морин хуурчид, морин хийлчид хоёрыг өөд өөдөөс харуулж суулгаад дунд нь төгөлдөр хуур, цаад талд нь ятга ёочин болоод үлээвэр хөгжимчид, түүний ард нь нөгөө гоё дуугардаг цохилбор хөгжимүүд гэсэн өвөрмөц тавилттай байв. Тэд үнэхээр гайхалтай сайн тоглосон. Бүүр гайхалтай шүү.
Италиас залагдаж ирсэн Роберто гэгч удирдаач удирдахыг ёстой үзүүлэх шиг болсон.
........
Хэдхээн чанартай дууг чанартай хэдхээн чанартай дуучид дуулсан.
Монголын дуурийн нэрийн хуудас болсон дуучин Ариунбаатар гадаадаас 2 шинэ дууг нь дуулах гэж ирсэн байв. Дуучин Уянга мөн хоёр шинэ бүтээлийг нь их шахуу хугацаанд буюу 7-хон хоногт бэлтгэж дуулсан гэнэ. Зохиогч түүнийг “аваргууд бол аваргууд л байдаг юм байна” гэж өргөмжилж байнлээ. Тэр үнэхээр сайн дуучин гэдэг нэрээ сайн авч гарсан. Өсч яваа залуу дуучин Төрмандах мөн 2 дууг нь дуулсан. Олон залуу дуучдаас Жанцанноровт үнэлэгдэхийг бодоход тэр үнэхээр өсч яваа хэрэг. Ямарч байсан Төрмандахын карьер өчигдөр оройноос эхлээд нэг шатаар шууд өссөн.
......
ГОВЬ, ТАЛ-ыг сонсож байхад Жанцанноровын аялгуу бол чихэнд чимэг болон сонсогдохоос гадна хүний дотоод сэтгэлийг /зүрх сэтгэл ч гэдэг/ хөгжөөн баясгаж цэнгүүлдэг, утга уянгийн сайхан хэмнэлээр уяраадаг, байгальд байдаг уран тансаг яруу сайхан өнгөөр чимэглэн будаж гэрэлтүүлдэгээс гадна хүний сэтгэлд амгалан тайван амьдрахуй хийгээд төгс оршихуйн гайхамшигийг ухааруулдаг юм байна гэж бодогдлоо. Хөгжим ингэж хүний сэтгэлд хүрэх урлагийг агуу Жанцанноров бол агуу эзэмшсэн хүн байнадаа гэсэн бодол төрж суулаа.
Танд баярлалаа , дахиад сайхан сайхан бүтээл олон олныг бүтээн туурвиарай, дараагийн тоглолтыг чинь үзнээ Жанцанноров гуай аа.
Б.Батмөнх.

No comments:

Post a Comment