Saturday, July 16, 2016

ДЭЛ, ХӨНЖИЛИЙН УУЛЫН ДОМОГ
Уугуул нутагтаа Угалз ноён гэж зард гарсан сэхлүүн нэг өвгөн түшмэл уудам говиор нутагладаг байсан юм. Адуу мал ихтэй, албат зарц олонтой болохоор ажил үйл хийдэггүй, айл хэсч, авгай хүүхэн эргүүлдэг шар сэмжилсэн өвгөн байсан гэнэ. Өл буурал толгойтой, өндөр их настай болсон ч тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон авааль эхнэрээ хөгшрөв хэмээн нутаг нугынхаа аль дөнгүүр гэсэн залуу бүсгүйчүүлд сээтэн хаян явах болжээ. Даан ч цаад бүсгүйчүүл нь түүнийг тоодоггүй байж. Чингэж байтал алс холын Алтай нутагт хасын цагаан шүдтэй, харсан хүний нүд гялбам царайлаг Хонгор гэдэг нэртэй хосгүй хөөрхөн бүсгүй байдгийг холын хүнээс сонсч дээ. Өөрийнхөө нутгийн бүсгүйчүүлд гологдсон өвгөн түшмэл Хонгор хүүхнийг хатнаа болгох гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж гэнэ. Тал талын ажилд зарагдаж явдаг Тахир гэдэг хиагаа нүдийг нь бүлтэртэл гоёогоод, сайхан морь унуулаад, алс холын Алтайруу алдар нь түгсэн хөөрхөн Хонгорыг авч ир гэж илгээсэн ажээ. Тахир хиа Хонгор хүүхнийг хонон өнжин гуйсан ч цаадах нь халгаасангүйд арга барахдаа буцаж ирж. Угалз ноён хилэгнэж, учир зүггүй аашилж, “Унхиагүй муу мануухай, уран арга хэрэглэсэнгүй” гэж өөд уруугүй зэмлэж, толгой тархигүй загнасанд айж балмагдсан Тахир хиа үзэсгэлэнт бүсгүйнд дахин очиж,
Сайхан төрсөн манай ноён
Санахын эрхэнд таныг таалаад байна.
Саруул ухаанаар тунгаан бодож,
Сайн хань нь болж өгөөч.
Ухаантай төрсөн манай ноён
Угаас таныг таалаад байна.
Учрахын тавилан хайрлаач гэж
Уужим сэтгэлээсээ хүсээд байна гэж уран шүлэг хэлэн, аргадаж нэг үзэж, учирлаж нөгөө ятгасаар Хонгор бүсгүйн сэтгэлийг холбируулан, холын говьруугаа аваад буцаж дээ. Сортоотой төрсөн Хонгор бүсгүй адуун сүргийнхээ сор болсон шанхан дэлтэй хоёр сайн хар морийг хослуулан унаж, өдөржин шөнөжин довтлогосоор өнөө өвгөн ноёны гэрийн барааг харжээ. Угалз ноён улаан халзтай өргөөнийхөө үүдэн тушаа авааль муу хөгшнөөрөө өгөр буурал толгойгоо атгуулан, амьтай амьгүйн хооронд сууж байж гэнэ. Үүнийг харсан Хонгор хүүхэн үйлсгүй муугаар мэхлэгдсэндээ гутарч санаагаар ихэд унаад:
Авсан суусан хатантай байж
Алтайгаас намайг дууддаг нь юу билээ.
Азай буурал толгойтой байж
Аригхан намайг дуудаг нь юу билээ.
Өргөдөг тэтгэдэг хатантай байж
Өчүүхэн намайг дууддаг нь юу билээ.
Өгөр буурал толгойтой байж
Өөдөсхөн намайг дуудаг нь юу билээ.
Яваад буцаад харина гэхэд
Ямар нүүр байх билээ.
Ямбий энэ өвгөн төгцөгтэй
Яалаа гэж суух билээ.
Улсын нүдэнд муугаа ч үзүүлэхгүй
Улцан халзан ноёнд ч очихгүй
Уугуул суугуул нутагтаа ч буцахгүй
Уул овоо болж хувирсан минь дээр гээд ганзаглаж ирсэн хөнжлөө урдуураа ороож, өмсөж явсан дээлээ хойгуураа тунтраад, унаж ирсэн шанхан дэлтэй их, бага хоёр морио хоёр талынхаа ууланд хөөж явуулаад суучихсан нь Хонгор уул буюу одоогийнхоор Баянхайрхан уул болчихсон гэнэм. Урд хойт хоёр уулыг нь Хөнжил, Дээл гэж нэрлэх болж. Угалз ноён Буурал хочтой уул болоод тэртээ зүүн урд хөхрөн сүүмэлзэх болсон гэнэ. Шанхан дэлтэй хоёр морины нутаглах болсон хоёр уулыг Их Шанхат, Бага Шанхат гэх болжээ. Тэр хоёр хурдан хөлгийн удам угшил одоо болтол уламжлагдан, Шанхайн хэцийн хурдан морьд гэж нутаг усандаа алдаршсан гэнэ. Шанхат гэдэг нэр он цагийн уртад Шанхай болон хувирч, Дээл гэдэг нэр Дэл болон агшсан гэнэ. Ийнхүү Дэл, Хөнжилийн уулын хооронд Хонгор уул үзэсгэлэн төгөлдөр бөмбийх болж, Буурал угалз уул тэртээ зүүн урдаас нь “сүүрс алдан” харж байх болсон гэнэ ээ.

Бичээчийн Батмөнх тэмдэглэв. 
2016 он.

No comments:

Post a Comment